Иранд засгийн газрын эсрэг жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилсэн эмх замбараагүй байдлын хөлд үрэгдэж 5000 гаруй хүн нас барсан гэх тооцоолол гарчээ. Гэхдээ зарим хэвлэлд нас барагсдын тоог 3000 гаруй гэж мэдээлсэн бол зарим нь даруй 12 мянга давсан гэж мэдээлж байна. Интернет үйлчилгээ тасалдсан байгаа тул нас барагсдын тоог эцэслэн гаргахад амаргүй байгаа аж.
Тэгвэл энэ үймээн самуунтай цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж "Монголчууд Перстэй хамт" гэсэн агуулгатай жиргээ "Х" платформд оруулжээ. Тэрбээр "МОНГОЛЧУУД ПЕРСТЭЙ ХАМТ. 13 дугаар зуунд ч, энэ 21 дүгээр зуунд ч адил. СОЁЛТ ИРГЭНШИЛТ НИЙГЭМ ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮРТЭХ ЭРХТЭЙ" гэж жиргэсэн байна. Түүний жиргээ өнөөгийн Иранд шуугиан тарьж, олны анхаарлыг татаад байна.
Википедиа хуудаснаа мэдээлснээр, эртний Перс буюу өнөөгийн Иран улс нь өрнө Азид дэндүү ноёрхож байсан бөгөөд баруун хил нь Грек, Ром, дорно зүгт Арал тэнгис, Инд мөрөн хүрдэг байжээ.
Эртний Монгол Улс болон Персийн эзэнт гүрэн нь Евразийн хамгийн нөлөө бүхий соёл иргэншил байсан. Газарзүйн байршил, амьдралын хэв маяг, улс төрийн бүтэц зэргээрээ ялгаатай ч аль аль нь бүс нутагтаа чухал үүрэг нөлөөтэй улсууд байв.
Монголчуудын 1219-1258 оны хооронд Ойрхи Дорнод болон Төв Азид Исламын улсуудын эсрэг хийсэн гурван аян дайны үр дүнд Перс нутаг дахь Монголын төр буюу Ил хаант улс үүсгэн байгуулагдаж байв.
Ил хаант Улс нь 13-14 дүгээр зууны үеийн Монголын эзэнт гүрний доторх дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.
Ил хаант улсыг үүсгэн байгуулснаараа монголчууд Персэд дотоодын тэмцлийг нь намжааж, худалдаа, эдийн засгийг нь дэмжин, соёл, шинжлэх ухаан, шашны эрх чөлөөг нь хангаж өгсөн гэдэг. Тухайлбал, Монгол эзэнт гүрний түүхийг перс хэлтэй түүхчид бичиж байсан нь баримтаар нотлогддог хэмээн Википедиад мэдээлжээ. Ил хааны захиалгаар Рашид ад-Дин гэх перс түүхч Монголын эзэнт гүрний түүхийг “Jāmiʿ al-Tawārīkh” нэртэйгээр бичүүлсэн аж. Үүний зэрэгцээ тухайн цаг үед Перс нутгаар дамжсан худалдаа, наймаа нэмэгдсэн бөгөөд Ил хаад бүс нутгийн шуудан, татвар, захиргааны системийг шинэчилж, тогтвортой байлгаж байсан нь нутгийн иргэд, худалдаачдад ашигтай байсан гэдэг.

3,548.92








































Холбоотой мэдээ