Мароккогийн 50 жил ба Брахимын паненка

Мароккогийн 50 жил ба Брахимын паненка

Мароккогийн 50 жил ба Брахимын паненка

AFCON 2025 буюу 2025 оны Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээний финал орон нутгийн цагаар өчигдөр/2026.01.18/ боллоо. Марокко улсад жил дамнан үргэлжилсэн тивийн аваргын төлөө эзэн орон Марокко болон Сенегалын шигшээ багууд тунав. Үнэхээр мартагдахааргүй, гайхалтай басхүү гунигтай түүхэн тоглолт өрнөсөн.

Сенегалын шигшээ баг түүхэндээ 2021 онд л ганцхан удаа Африкийн аварга болж байсан бол Марокко 1976 онд мөн ганц удаа аварга болсон түүхтэй.

Өөрөөр хэлбэл, хэн нь хоёр дахь удаагаа тивдээ манлайлах вэ гэдэг тоглолт болсон. Мароккогийн довтлогч Брахим Диазад 50 жил цом хүлээж буй ард түмнээ баярлуулах сайхан боломж тохиосон ч ашиглаж чадсангүй.

Диаз энэ удаагийн Африкийн цомд гайхалтай тоглож, таван гоол оруулсан. Түүнгүйгээр Марокко энд хүрэхгүй байлаа.

ЮУ БОЛСОН БЭ?

Хоёр баг 90 минутын турш бие биенийхээ хаалганд гоол оруулж дийлээгүй. Улмаар шүүгч тоглолтын төгсгөлд найман минутыг сунгаж тоглуулсан. 97 дахь минут эхлэхтэй зэрэгцэн Сенегалын хамгаалагч Эль Хаджи Милик Диуф өөрийн торгуулийн талбайдаа Брахим Диазыг унагааж, торгуулийн цохилт "бэлэглэчихсэн".

Дээрх үйл явдлаас өмнө шүүгч Сенегалын оруулсан гоолыг тооцоогүй. Гоолыг нь тооцоогүйд мөн эсрэг багт нь торгуулийн цохилт заасан учир Сенегалын тамирчдын уур бухимдал буцалж, талбайг орхин гарсан. Энэ үед Садио Мане багийнхаа залуусыг зоригжуулан эргүүлэн талбайд оруулж ирсэн юм.

Сенегалын тамирчид шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, хоёр багийн тамирчид хоорондоо маргалдаж, нийт 17 минутыг өнгөрөөв. Ингээд 114 дахь минутад Брахим Диаз торгуулийн цохилтоо гүйцэтгэх боломж олдсон ч гоол оруулж чадсангүй. Түүний хөнгөхөн цохилтыг Сенегалын хаалгач, цагтаа Челсигийн хамтаар мандаж явсан Менди хаасан.

Финалын тоглолтын эцсийн мөчид паненка гүйцэтгэнэ гэдэг баргийн тоглогчоос гарахгүй эр зориг билээ.

Ийнхүү тоглолтын үндсэн цаг дуусаж, нэмэлт цаг гарав. Нэмэлт цаг эхлээд удаагүй байхад Сенегалын Папе Гуйе гоол оруулж, Мароккогийн ард түмнийг хямраав. Энэ гоолоос удаа ч үгүй Брахим Диаз сэлгээнд сууж, алдаагаа засаж чадсангүй.

Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа "Диаз торгуулийн цохилтоос өмнө бодох маш их хугацаа гарсан нь түүнийг сандаргасан байх. Одоо бид болсон зүйлийг өөрчилж чадахгүй. Тэр ингэж л цохихыг сонгосон. Бид ирээдүйгээ харах хэрэгтэй" гэжээ.

Харин Мароккогийн хагас хамгаалагч Хассн Качлул ярихдаа "Брахим Диаз энэ үдшийг олон шөнө хар дарж зүүдлэх байх" гэв.

ПАНЕНКАГИЙН ТҮҮХ

Паненка цохилтыг анх 1976 оны Европын аваргын финалд Антонин Паненка гэх хүн дэлхий нийтэд танилцуулж байлаа. Тухайн үеийн Чехословак улс Баруун Германыг торгуулийн цохилтоор хожиход Паненка хаалгачийг үсрэхийг хүлээж, бөмбөгийг хаалганы төв рүү хөнгөхөн хөөргөөд цохичихсон хэрэг. Үүнээс хойш энэ цохилтыг түүний нэрээр нэрлэж, паненка гэх болсон.

Хамгийн алдартай нь 2006 оны дэлхийн аваргын финалд Францын Зинедин Зидан Италийн хаалагч Жианлуижи Буффоны хаалганд паненка гүйцэтгэж байсан.

Садио Мане, Николас Жексон, Менди, Сарр тэргүүтэй Сенегалын хөлбөмбөгчид хоёр дахь удаагаа тивийнхээ аварга боллоо. Энэ удаад эзэн орон Марокког ард түмнийх нь өмнө буулган авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж