
2001 оны 9-р сарын 11….
Иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалсан 19 алан хядагч АНУ-ын улс төр, эдийн засгийн төвүүдийг устгахаар төлөвлөснийхөө дагуу тэдгээр хүчирхэг техникүүдийг зэвсэг болгон ашиглаж дайралт хийлээ. Онгоцны жолоодлогыг гартаа авсан алан хядагчяид 9-р сарын 11-ний өглөөний 8 цагийн үед эхний хоёр онгоцыг Нью Йоркийн ихэр хоёр цамхаг буюу Дэлхийн худалдааны төвийн барилга руу чиглүүлсэн байна. Овор хэмжээ томтой, шатахууны чамгүй нөөцтэй явсан хоёр онгоцны дайралт байгаа онож тэнгэр баганадсан барилгуудыг мөргөн дэлбэрсэн юм. Ихэр цамхаг хэсэг хугацаанд хуйларсан гал дөлөнд автан шатаж, утаан дунд сүндэрлэсээр байсан ч хоёр цаг орчмын хугацаанд тогтсоны эцэст хоорондоо 13 минутын зайтай нуран унасан билээ. Энэ хооронд тэсэхийн аргагүй гал дөлөнд хайрагдаж,утаанд нь хордож байсан хүмүүс асар өндөр дээрээс үсрэн амь алдаж байсан эмгэнэлт дүр зургийг Нью Йоркийн иргэд зүрхээ шимшрүүлэн дэргэдээс нь харж байлаа. “Зөвхөн кинон дээр эсвэл хар дарсан зүүдэнд л ийм зүйл харж болох байсан” гэж ярих америк бүсгүйн харцнаас түүний чухам юу харсныг өөрөө ч мэдрэх шиг болсон гэдгээ нэгэн сэтгүүлч ярьж байжээ. Тэрээр хэлэхдээ, “Ярилцагч эмэгтэйн харцыг хараад л түүний мэдэрсэн аймшиг миний биеэр тархах шиг болсон. Хамаг үс минь босоод ирэх шиг, ямар нэг ангал руу хамтдаа унаж байх шиг санагдсан” хэмээн хэлжээ. Ихэр цамхагийг үнсэн нурам болгосон дайралтад худалдааны төвийн барилга дотор байсан дэлхийн 70 гаруй улсын нийт 2000 гаран иргэд амиа алдсан байдаг.
Барьцаалж авсан дараагийн онгоц Арлингтон дахь АНУ-ын батлан хамгаалах яамны төв болох Пентагоны барилгыг мөргөн сүйрсэн юм. Пентагоны барилгад ихээхэн эвдрэл учирсан бөгөөд барилгыг сэргээн засварлахад нэг жил шаардагдаж байсан аж. Харин дөрөв дэх онгоцны хувьд зарим зорчигч болон нисэх багийнхан барьцаалсан алан хядагчидтай тэмцэлдсэний эцэст алан хядагчдын зорьсон цэгт хүрэлгүй Пенсильван муж дах хөдөө хээр газарт унасан байна. Харамсалтай нь онгоцны зорчигчид, нисэх багийнхнаас нэг ч хүн амьд гараагүй юм. Сүйрсэн онгоцнуудад сууж зорчигчид гар утас болон онгоцны танхим дахь утсыг ашиглан ар гэрийнхэн болон ойр дотнын хүмүүс, холбогдох албаныхан руу ч залган холбоо барьж байсан бичлэгүүд агаарын тээврийн компаниудад үлдсэн байдаг. Тэд болж байгаа үйл явдлыг дүрслэхийн зэрэгцээ тусламжхүсэн яаралтай дугаар 911 рүү залгахыг хүртэл гуйж байсан гэдэг. Гэвч тэдэнд хэн ч тус болох боломжгүй байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн билээ. Тэднийг оролцуулаад террористуудын гэмт үйлдлээс болж нийтдээ 2977 хүн нас барж, 6000 гаран хүн гэмтэж шархаджээ.
Зорчигчдын сүүлчийн үгс
Бетти Оон: Американ Эйрлайнз компанийн 11-р нислэгийн зорчигч эмэгтэй. Тэрээр нислэгийн бүртгэлийн албаны ажилтнуудтай онгоцны арын хэсэг дэх утсаар 25 минутын турш холбоо барьжээ. Тэрээр” Би 12.. биш ээ, 11-р нислэгийн зорчигч байна. Нисэгчийн бүхээгийн утас хариулахгүй байна. Бизнес ангиллын хэсэгт хэн нэгэн хутгалуулсан байсан.Тэнд амьсгалахын аргагүй байна. Хэн нэгний ямар нэг юм нь болохоо байсан байх аа. Би энэ арын хэсэгт сууж байна…Тэд ирлээ. Би эргээд ярья “ гэх зэргээр ярьсан байна. Американ Эйрлайнз компанийн бүртгэлийн албаны бичлэг хийх лимит дөрөвхөн минут байдаг тул сүүлийн хэсэг нь үлдээгүй байна. Түүний яриа 9-р сарын 11-ний 8: 45-д тасалдсан байдаг. Яг энэ цаг мөчид түүний сууж явсан онгоц Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийн хойд талын барилгыг мөргөн цөмлөж, дотор нь бөөн гал дөл улалзуулан шатаж эхэлжээ.
Питер Хэнсон: 175-р нислэгийн зорчигч. Тэрээр 9-р сын 11-ний өглөөний 9 цагийн үед гэрийнхэнтэйгээ утсаар холбогджээ. Тэрээр, “ Аав аа, энд байдал маш муу болж байна. Онгоцны үйлчлэгчийг хутгалчихсан. Тэдэнд хутга бас өөр зэвсэг ч байгаа байх…. Тэд тэсрэх бөмбөгтэй гэж байна.. Зорчигчид суудлаасаа шидэгдэж бие нь муудацгааж байна. Онгоц маш сонин хөдөлгөөн хийгээд байх юм… Нисэгч жолоодож байна гэж бодохын аргагүй юм… Бид нэг тийшээ доошлоод байна…Ямар нэг байшинг чиглэж байх шиг….Санаа бүү зовоорой.. Аав аа, үнэхээр ингэх гэж байгаа бол энэ бүхэн хурдан дуусах байх….бурхан минь, бурхан минь…” Яриа өглөөний 9:03-т тасарчээ. Энэ мөчид Питерийн сууж явсан онгоц Дэлхийн худалдааны төвийн өмнөд талын цамхагийг мөргөж дэлбэрсэн байна.
Си Си Лилль: Американ Эйрлайнзын 77-р нислэгийн Боеинг 757 онгоцны зорчигч эмэгтэй. Тэрээр нөхөр лүүгээ залган уулга алдаж, “ Яана аа, онгоц доошоо унаж байх шиг байна ш дээ..” гэж хэлжээ. Нөхөр нь түүнээс “ Юу болоод байна аа” гэж асуухад нь эмэгтэй айж бачимдсан хоолойгоор , “Тэд доошоо буух гээд байх шиг байна аа… Үгүй ээ, тэд албаар онгоцыг хамраар нь мөргүүлэх гээд байна….Тэд яг тэгэж байна.. мөргөлөө…мөргөлөө “ гэж хашгирсаар яриа тасалджээ. Утасны цаанаас олон хүний хашгирах, орилолдох чимээ гарч байснаа гэнэт салхи исгэрч байх шиг дуу гараад холбоо тасарсан байна. Нью-Йоркийн цагаар өглөөний 9:43-т Лиллийн сууж явсан онгоц Пентагонын барилгын ханыг цөм мөргөн дэлбэрэв.
Тодд Бемер: 93-р нислэг үйлдэж байсан онгоцны зорчигч. Тэрэээр 9-р сарын 11-ний 10 цагийн орчимд танил эмэгтэйтэйгээ утсаар ярилцаж онгоцыг нь барьцаалсан гэж хэлээд, тэсрэх бөмбөг бүхий дээрэмчид рүү “үсрэн” орохоор бэлдэж байна” гэж хэлжээ. Ингэснээрээ алан хядагчдаас онгоцны удирдлагыг авахыг чармайна гэж байсан аж. Тэрээр, “Бид ямар нэг юм хийхээр завдаж байна.Би энэ бүхнийг ингээд л өнгөрөөж чадхгүй гэдгээ мэдэж байна “ гэжээ. Зорчигч утсаа салгалгүй орхисон бөгөөд түүний хэн нэгэнд “ За залуус аа бэлэн үү, алив явцгаая” гэж хэлэх дуулдаж байж. Удалгүй аймшигтай орилж хашгирах дуу чимээ сонсогдож эхэлжээ. Хэн нэг эмэгтэйн” Ээ бурхан минь” гэж хашгирах, “Бурхан минь туслаач” гэж чарлалдах дуу гарсаар байжээ. Тодд Бемерийн гар утас 09:59 минут хүртэл залгаатай байжээ.Яг энэ мөчид түүний сууж явсан онгоц Пенсильванийн нутагт газар мөргөн сүйдэж байв.
Алан хядагчдын атгаг санааны золиос болсон зорчигчдын ар гэрийнхэн тэдэнтэй холбоо тасарсныхаа дараагаар 911 гэсэн дугаар луу олноороо залгаж шаардлагатай мэдээллийг уламжилж байсан нь маргаангүй. Гэвч тэдний хэн нь ч утасны энэ дугаар алан хядагчдын хорон санааны бас нэгэн бай болсныг анзаараагүй биз. Террористууд өөрсдийн үйлдсэн аймшигт хэрэг явдлыг байнга сануулж байхын тулд 9-р сарын 11-ний өдрийг сонгож авсан гэх мэдээлэл бий. Өөр бусад олон мэдээлэл байдаг ч энэ бүхэн тийм чухал бил үү…Бараг гурван мянган хүн амь үрэгдэж мөн өөр олон мянган хүний аминд хүрсээр байгаа дайныг эхлүүлсэн энэ аймшигт хэрэг явдлын тухайд ямар мэдээлэл нь чухал бол…Магадгүй маргаашнаас АНУ-ын Нью Йорк хотод эхлэх “ 9-р сарын 11-ний хэрэг явдлаас хойш дэлхий хэрхэн өөрчлөгдсөн бэ” нэртэй хуралдаан үүнд хариу өгч магадгүй л юм.
М.Наст