Өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагууд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагууд

Өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагууд

Ньюс агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Өсвөр насны охидын жирэмслэлт тэдний бэлгийн боловсрол ямар түвшинд байгаа, хүүхдүүдэд тулгардаг асуудал түүнийг хэрхэн шийдэж болох зэрэг сэдвийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөрийн клиникийн эмч  Г.Оюундарьтай ярилцлаа

Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал тулгамдсан асуудал болж үүнд хаа, хаанаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж эмч нар сануулсаар байна л даа. Ер нь охид эрт жирэмсэн болж байгаагийн цаана нь бэлгийн боловсрол дутмаг, ар гэрийн хайхрамжгүй байдал гэх мэт олон шалтгаан байна. Мэргэжлийн хүний хувьд анзаарахад ямар шалтгаан түгээмэл ажиглагдаж байна вэ? 

10-19 насны хүүхдүүдийг өсвөр нас гэсэн ангилалд хамруулж авч үздэг. Гэхдээ өсвөр насны охидын жирэмслэх насыг 15-19 нас гэж ангилж авч үзэж статистик мэдээлэл гаргадаг. Үүний цаана 10-15 насны охидын төрөлтийн мэдээ статистик тоонд орохгүй яваад байгаа юм. Энэ насны охид жирэмслэхгүй, эрсдэл байхгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, өсвөр нас эрт эхэлдэг болсон. Охидын сарын тэмдэг эрт ирдэг болсон. Тиймээс 10-15 настай охид жирэмсэн болоод ирж байна. Тэр дундаа 10,11,12 настай хүүхдүүд жирэмсэн болоод манай клиникт ирж байна. Өчигдөр гэхэд л 12 настай охин жирэмсэн төрөх хугацаа нь дөхчихсөн ээжтэйгээ хамт ирсэн. Тухайн ээж "Охиноо жирэмсэн гэдгийг мэдээгүй. Хүүхдээ таргалаад байна гэж бодсон чинь охин маань жирэмсэн болсон байж,  өөрийгөө ч жирэмсэн гэж мэдэхгүй байгаа. Хүүхдэдээ яаж хэлэх вэ” гээд хүрээд ирсэн. Үүнээс харахад томчууд 10-15 настай хүүхдээ жирэмсэн болчихно гэж төсөөлдөггүй. Ингээд энэ асуудлыг анхаарахгүй орхиод байгаа юм болов уу гэж харж байна.

-Хүүхэд өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг төрөх хүртлээ мэдэхгүй байх боломжтой гэж үү?

-Хүүхэд битгий хэл ээж, аав нь төрөх хүртэл нь мэдэхгүй, анзаарахгүй байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд л бол хүүхэд байдаг. Ядарч сульдаж байгаагаа анзаардаггүй. Биедээ өөрчлөлт орж байгаагаа мэдэхгүй байх тохиолдол байна. Тэгэхээр эцэг, эх охидоо маш сайн анзаарч, анхаарал хандуулж байх ёстой. Манайд 10, 11 настай жирэмсэн охин ирж байсан. Тэр хүүхдүүд болон гэр бүл нь жирэмсэн гэдгийг нь мөн л мэдээгүй байсан.

-Эцэг, эхчүүд хүүхдээ дандаа жоохноор нь харж жирэмсэн болно, болгочихно гэж бодож, энэ талын мэдлэг, мэдээлэл дутуу өгдөг ярилцдаггүй байдал нь асуудлыг даамжруулаад байна уу?

-Охид өсвөр насандаа жирэмсэн болж байгаа нь ганц тухайн хүүхдийн асуудал биш. Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл дутмаг эцэг, эхчүүд энэ асуудлаар хүүхэдтэйгээ ярьж зөвлөдөггүй, хүсээгүй бэлгийн хавьталд орох, хүчирхийлэлд өртөх гээд маш олон шалтгаан үүний цаана бий. Дээрээс нь манай эцэг, эхчүүд өөрсдөө бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол маш дутмаг. Мэддэг байлаа ч хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүй. Асуудал үүссэний дараа “Манай хүүхэд ингэсэн байна, тэгсэн байна” гэдэг. Түүнээс хүүхдэдээ тулгарч болох асуудлыг урьдчилан сэргийлэх тал дээр анхаарал хандуулдаггүй нь тэдний хандлагаас харагддаг. Хүүхдээ дагуулаад ороод ирдэг, манай энэ ингээд байна гэнэ, тэгээд байна гэнэ гэж хэлдэг. Тэгээд хүүхдээс нь асуумж асуугаад хүүхэд нь хариулж байх явцад  “Чи хэзээ тэгсэн юм. Өө тэгээд байгаа юм уу, өмнө нь өвддөг байсан юм уу” гэдэг. Харин хүүхэд нь “Би танд хэлсэн шүү дээ” гэдэг. Энэ мэт харилцан яриа манай өрөөнд өрнөдөг.

Эндээс манай ээж, аавууд төдийлөн хүүхдэдээ цаг гаргаж ярилцдаггүй, анхааралтай сонсдоггүй нь ажиглагддаг. Дээрээс нь таны хэлснээр би хүүхдээ арай ч ингэнэ гэж бодсонгүй, үнэхээр гомдож байна гэдэг.

Бас нэг асуудал нь орж ирээд хүүхдээ үзүүлэхдээ "Өөр эмч байхгүй юу, чи залуу хүн юугаа мэддэг юм" гэдэг. Энэ хандлагаас нь намайг битгий хэл хүүхдээ ч ойлгохгүй байх нь аргагүй юм байна л гэж бодогддог.

Өсвөр насандаа төрөхөд төрөх явцад, цаашлаад ээж болоход ямар асуудал тулгарч байна. Дээрээс нь ямар ямар эрсдэлүүд бий болдог вэ?

-Насанд хүрээгүй үедээ төрснөөр олон эрсдэлийг дагуулна. Өсвөр насны охидын умай, өндгөвчний үйл ажиллагаа дөнгөж жигдэрч эхэлж байдаг. Төрлөө гэж бодоход жин багатай хүүхэд төрдөг. Цаашлаад дутуу төрөх эрсдэлтэй. Эх өөрөө даралт ихсэх, манас таталтын урьтал болдог. Мөн төрсний дараа сэтгэл гутралд өртдөг, амьдралын хэв маяг, амьдралын чанар боловсролд гэх мэт маш олон сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Ер нь өсвөр насандаа буюу 14, 15 настай төрлөө гэж бодоход хүүхдийн хүүхэд нас тэнд дуусдаг. Үеийнхэнтэйгээ тоглож наадаж, сурч боловсрох, үерхэж нөхөрлөх насандаа ээж болоод суучихаар маш харамсалтай байгаа биз.

Төрөх болон үр хөндүүлэх сонголтын алийг нь ч сонгосон байлаа гэсэн бүх асуудал дуусчихгүй. Цаашид маш олон асуудлууд урт хугацаанд үргэлжилдэг. Манайд ирж байгаа хүүхдүүдийн болон эцэг, эхчүүдийн дийлэнх нь үр хөндүүлье гэдэг бол цөөн тохиолдолд ярилцаж шийдсэн хүүхдээ төрүүлнэ, хяналтад оръё гэж ирдэг. Нэгдүгээрт, тэдний хүссэнээр шууд үр хөндөлт хийхгүй. Төрөх байсан ч, үр хөндүүлэх байсан ч хамгийн түрүүнд жирэмсэн эхийг үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулсны дүнд  үр хөндүүлж болох эсвэл төрүүлж болох эсэхийг шийднэ. Үр хөндүүлснээр цаашдаа үргүй ч болж болзошгүй. Энд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь жирэмслэлтээс хамгаалж мэдэхгүй байна. Жирэмсэн болоод хаана хандахаа мэдээгүй гэж хариулдаг.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЭДИЙН ЗАСАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ А.ЦАГААНХҮҮТЭЙ 2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

-Монгол Улс шинэ оноо эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалтайгаар угтлаа. Оны эхнээс л улсын төсөв тодотгох асуудлыг хөндөж байна. Таны хувьд 2026 оны улсын төсөв болоод эдийн засгийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ оны улсын төсвийг ярихын тулд 2025 оны төсвийг дүгнэх нь зүйтэй байх. Өнгөрсөн 2025 оны эдийн засгийн нөхцөл байдал маш муу байлаа. Төсвийн орлогоо хэт өндрөөр төлөвлөсний улмаас он гараад л улсын төсөв тодотгох тухай ярьж эхэллээ. Тодруулбал, тонн тутмын нүүрсний үнээ 90 орчим ам.доллараар төсөөлж байсан бол өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 70 ам.доллар хүртэл буурсан байна. Үүний улмаас, оны төгсгөлд улсын төсөв тасрах хүртэл гажуудал гарлаа. Парламентын гишүүд сандал суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ оны улсын төсвийг огт хэлэлцэлгүй ажлын сүүлийн долоо хоногт амжиж баталсан төдий боллоо. Улсын төсөв батлахтай зэрэгцээд тодотгол хийх шаардлагатай гэдэг асуудал ч хөндөгдөж байв. Харин энэ оны улсын төсвийг ярихдаа гадаад болон дотоод нөхцөл байдлаар нь ангилж тайлбарлая.

Ер нь дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

Гадаад нөхцөл байдлын хувьд, 2026 он гараад л дэлхий даяар бужигналаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбоотой “шок”-ууд дэлхий даяар ойрын хэдэн жилдээ үргэлжлэх нь тодорхой байна. Олон улсын зах зээл дээр зэсийн үнэ 9100 ам.доллар, алтны үнэ 4000-5000 ам.доллар, нүүрсний үнэ 70 ам.доллартай байна. Монголын эрх баригчид нүүрсний үнийг 80 ам.доллараар төлөвлөсөн.

Миний хувьд, улсын төсвийг бодохдоо ганцхан нүүрсний үнэ гэхгүйгээр Монгол Улсад хэрэгтэй бараа таваарын үнийг онцолж хардаг. Монголчууд, нүүрсний үнэд их ач холбогдол өгдөг ч үнэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар авч хэлэлцэхээр олон улсын нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл орж, өөрчлөх боломж огт байхгүй. Монгол Улс дэлхийн нүүрсний зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй нийлүүлэлтийг хийдэг.

Өөр зүйлс дээр жишээлэхэд, Монгол Улс хуурай сүүний хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор оруулж ирдэг. Олон улсын зах зээл дээр хуурай сүүний үнэ 2564 ам.долларын үнэтэй байна. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж буй шингэн сүүний үнээс даруй 25 хувиар хямд байгаа юм. Элсэн чихэр гэхэд олон улсын зах зээл дээр 500-600 ам.долларт хэлбэлздэг бол одоо 427 ам.доллар буюу дундаж үнээсээ буурсан.

Мөн дэлхийн бүх түүхий эд, материалыг хэмждэг газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр тогтворжиж, 55-60 ам.долларт хэлбэлзэж байна. Газрын тосны үнэ цар тахлын үеэр 70-80 ам.долларт хүрч байлаа. 

-Харин дотоод нөхцөл байдлын хувьд?

Монгол Улс 2026 онд 36 их наяд төгрөгийн орлого олно гэж анх төлөвлөсөн. Гэтэл хамгийн хэцүү асуудал нь 2026 оны улсын төсвийн зардал нь 33 их наяд орчим гэж гарна гэж төсөвлөсөн байна.

-Засгийн газар энэ онд нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад бонд гаргана. Түүгээр улсын төсвийн алдагдал хийгээд өр төлбөрийн асуудлаа зохицуулна гэж байгаа, чадах болов уу?

-Төр өрийн менежмент дээрээ ажиллах хэрэгтэй. Эхний алхам бол өрийг дахин нэмэгдүүлэхгүй байх. Гэтэл миний сонссоноор НЗДТГ өнгөрсөн жил 500 сая ам.долларын бонд босгож, Монголбанкинд хадгалуулсан. Үүний цаана Монгол Улсын өр нэмэгдэж, хүү давхар бодогдож байгаа. Тэгэхээр Засгийн газар тухайн төсөлдөө зориулсан бондоо шууд босгооч ээ. Илүүдэл мөнгөө дотооддоо менежмент хийгээч ээ. Бид дангаараа өр тавихаасаа илүү гадаадын компанитай  хамтран бонд босговол зээлжих зэрэглэл ч сайжирч хүүгийн түвшин буурна. Өрийн менежмент маш чухал. Энэ асуудалдаа анхаарахгүй бол Монголын эдийн засагт дефолт болоход маш ойрхон байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

МОНГОЛЫН КРИМИНОЛОГИЧДЫН ХОЛБООНЫ СУДЛААЧ С.НОМЫНБАЯСГАЛАНТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА.


-Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад өнөөдөр 34 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацааны ололт, амжилт юу вэ?

-Монгол Улс 1992 онд ардчилсан маягийн Үндсэн хуулиа баталсан. Иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох, олон намын тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ бүхэн шинэ Үндсэн хуулийн ололт амжилт гэж болно.

-Монголчууд ардчилсан маягийн Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, өмчтэй болох гэх мэт олон амжилт бий. Гэвч өнөөдөр бусад хуулиар хүний эрх, эрх чөлөөгөө зөрчөөд байна шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн амин сүнс хэрэгжихгүй байна гэж хардаг. Та судлаачийн хувиар юу хэлэх вэ?

-Бид өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гадаад улсын хуулийг маш ихээр импортоор авсан. Өөрөөр хэлбэл, импортоор маш олон онолыг авсан гэсэн үг. Орчуулгын хуулиудыг шууд хуулж хэрэглэсэн. Энэ 30 жилийн хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаа үндсэндээ гаднын онолын туршилтын туулай болсон. Үүнээс улбаалаад монгол хүнд, монгол нийгэмд тохирсон, нийцсэн монгол загвар гэж байхгүй болов. Уул нь монголын соёл, уламжлал, ёс заншилд нийцсэн хүн төвт эрх зүйн үзэл санааг өнөө үед бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаа, түүний агуулгад нийцсэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах соёл, ухамсар эрх зүйн хувьд болон улс төрийн хувьдаа ч бүрэн төлөвшиж чадаагүй.

Үндсэн хууль батлагдаад 30 гаруй жил болсон гэж байгаа ч эрх зүйн шинжлэх ухааны хувьд маш богинохон хугацаа гэсэн үг. Хууль тогтоогч хууль, тогтоол баталж байгаа боловч асуудлыг үндсээр нь бүрэн гүйцэд бус харин зүгээр түр зуурын шинжтэй косметик засвар хийчихдэг.

-Ялангуяа Түгжрэлийн хууль, Агаарын бохирдлыг бууруулах албадлагын арга хэмжээнүүд иргэдийн эрхийг зөрчсөн?

-Дугаар хязгаарлалт ч ялгаагүй иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн.

-Миний мэдэхээр улстөрчид нэг том асуудал үүсэхээр Үндсэн хууль, Цэц рүү хамаг бурууг өгөөд, тогтолцооны гажиг яриад, сүүлдээ иргэд эрхэлсэн болоод дуусдаг шүү дээ. Эдгээрийг яагаад Үндсэн хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байна вэ? 

-Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд гуай “Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм биш. Үндсэн хуулиар зарчим тодорхойлно” гэж хэлсэн байдаг. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санааг тайлж уншин, тодорхойлоод, хууль батлах асуудал гэсэн үг. Гэтэл нөгөө хууль тогтоогчид маань Үндсэн хуулийн үзэл санааг буруугаар тайлж уншин, тодорхойлж ойлгоод, алдаа гарвал Үндсэн хууль руу чихээд байгаа юм. Өөрсдөөсөө алдаагаа түлхдэг. Энэ нь би түрүүн хэлсэнчлэн, хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хуулиа дээдлэх соёл, ухамсар эрх зүйн хувьд болон улс төрийн хувьдаа ч бүрэн төлөвшиж чадаагүйг харуулна.

-Монгол Улс Үндсэн хуульд бичсэн шиг парламентын засаглалтай, Ерөнхийлөгчийн засаглалтай, бүр эсвэл Засгийн газар нь засаглаад ч байгаа юм шиг ойлгомжгүй болчихсон. Жишээ нь, өнгөрсөн жил Үндсэн хуулийн зарчим ярьсаар байгаад олон нийтийн толгойг эргүүлж орхисон. Та алийг нь засаглаж байгаа гэх вэ?

-Энэ бол зөвхөн өнгөрсөн жилийн асуудал биш. УИХ-ын дарга нь Улсын дээд шүүхийн шүүгч нартай албан юм уу, албан бус нь мэдэгдэхгүй золголт хийдэг. Урьд өмнө нь ч болж байсан явдал. Өнгөрсөн 2024 онд гэхэд УИХ-ын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын санал гэж ойлгогдох санал тавьж байх жишээний. Мөн 2025 онд УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд мөн л ажлын санал гэж ойлгогдохоор албан бус санал маягийн зүйл тавиад, нөгөө хүн нь ажлаа өгсөн, тодруулбал УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал шүү дээ. Энгийн логикоор бодож үзэхэд, Үндсэн хуулийн шүүхийн шүүгч болох Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал тавих нь өөрөө хэр зохистой вэ, цаашлаад энэ мэт саналыг бусдад нь ямар нэгэн байдлаар ил эсвэл далд байдлаар тавих, тавьж болох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юу гэх мэт хариултгүй асуултууд цөөнгүй хоцров. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиа дээдлэх соёл тогтоогүй гэдгийг дахиад хэлье. Мөн ялангуяа сүүлийн хэдэн жилд хууль тогтоох үйл ажиллагаа төрийн гурван өндөрлөгийн тоглоомын талбар болчихов уу гэж би хувьдаа харж байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР /ЦЕГ/-ЫН ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д.БУДЗААНААС ТОДРУУЛЛАА


Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Хүүхэд ямар хэрэгт түлхүү өртөж хохирогч болж байна?

-Монгол Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 30 орчим хувиар өссөн үзүүлэлт 2024 онд гарч байсан бол урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд буурсан гэж үзэж болно.  Тухайлбал, хүүхэд хохирсон гэмт хэрэг 2025 онд 18 хувиар, хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг 17.2 хувиар буурсан. Хүүхэд хохирч байгаа гэмт хэргээс дөрвөн төрлийн гэмт хэрэг 80 орчим хувийг эзэлж байна. Нэгдүгээрт, зам тээврийн осол гэмтэл бүртгэгддэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн орчин, явган хүний гарц дээр автомашинд мөргүүлэх, шүргүүлснээр амь нас, эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирч байгаа хэргүүд гарч байна.

Нөгөө талдаа аялал жуулчлалын улиралд хэвтээ, босоо тэнхлэгийн замд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт автомашинаар зорчиж явахдаа хурд хэтрүүлснээс осол гаргаж, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохирох хэргүүд үйлдэж байна. Хоёрдугаарт, халаасны хулгайн гэмт хэрэг. Хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ өөрийн эд зүйлсээ бусдад алдах тохиолдол бүртгэгддэг. Харин ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд халаасны хулгайн хэрэг эсрэгээрээ буурсан.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 900 орчим сургуулиудад 2100 хяналтын камер байршуулсан учраас халаасны хулгайн гэмт хэрэг, үе тэнгийн найз нөхдийн дээрэлхэлт буурсан.

Гуравдугаарт, танхайрах, зодолдох гэмт хэрэг. Дөрөвдүгээрт бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг орно. Ахуйн хүрээнд эцэг, эх нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэх гэмт хэрэг,  цахим сүлжээгээр өсвөр насны хүүхэд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр хүнтэй танилцах, уулзаад бэлгийн хүчирхийлэгчийн хохирогч болох хэргүүд нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах шаардлага байна.

-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүд сураггүй болсон тухай мэдээлэл гарч, эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байна. Өсвөр насны хүүхэд гэрээсээ төөрнө гэж байхгүй л болов уу, гэрээсээ дайжсан нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Өсвөр насны хүүхдүүдийн тухайд тэгж ойлгож болох юм. Цагдаагийн байгууллагад оршин суугаа газраасаа хүүхэд алга болсон дуудлага мэдээлэл жилд дунджаар 1000-1500 орчим бүртгэгддэг. Алба хаагчид дуудлага мэдээллийг хүлээн авч 1-3 цагийн дотор төөрсөн, алга болсон хүүхдүүдийн 90 орчим хувийг олж ар гэрийнхэнд нь аюулгүйгээр  хүлээлгэн өгдөг. Харин өсвөр насны буюу шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхэд гэрээсээ өөрөө явдаг. Тухайн хүүхдийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хамгийн багадаа 12 удаагийн дуудлага, дээд талдаа 30-40 дуудлага мэдээлэл өгдөг. Энэхүү дуудлага мэдээллээс авч үзвэл оршин суугаа газраасаа алга болсон гэх мэдээлэл байдаг.

Ямар шалтгааны улмаас үүссэн дуудлага мэдээлэл болохыг шалгаж үзэхэд өсвөр насны хүүхэдтэйгээ харьцах гэр бүлийн гишүүдийн харилцаа болон бэлгийн хүчирхийлэл, дарамт шахалтын улмаас хүүхэд гэрээ орхиж явсан байдаг.

Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжлийг бага наснаас нь зөв суулгаж өгөх шаардлагатай бөгөөд хүүхдэд тавих хараа хяналтаа цаг үедээ тааруулж сайжруулах шаардлагатай. Цагдаагийн байгууллагын хувьд гэрээсээ зугтсан хүүхдүүдийн жагсаалтыг гаргаж аймаг, дүүргийн гэр бүлийн харьяа байгууллагад хүргүүлж хариу арга хэмжээг цаг алдахгүй авдаг.

-Хүүхэд өөрт аюул тулгарахад, мөн хүчирхийлэлд өртвөл Хүүхдийн тусламжийн 108 төвд мэдэгддэг болжээ. Тусламжийн төв рүү хүүхэд холбогдсон даруйд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Хүчирхийлэлд өртсөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийснээр хүүхэд хамгаалах байрт хүргэж өгдөг.

Ярилцлагын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-17 172.58.243.28

Төрийнхөө толгойд Орчин цагийн өндөо боловсролтой хүн сонгож тавихгүй болохоор дэмий бна оо !!!
Багабанди гэж нэг ТМС-ээр эхэлсэн нөхөр, тэгээд техник кумын Баттулга, Цэргийн ТМС-ийн Хүүк нтр ч нэг л явц муутай бна шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж