Хөлбөмбөгийн менежер гэж хэнийг хэлэх вэ? Багийн ахлах дасгалжуулагч болон менежер гэх албан тушаалууд ердөө л нэр төдий ижил утгатай мэт санагддаг байсан боловч сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харахад үгүй бололтой. Энэ сард л гэхэд Хаби Алонсо, Рубен Аморим, Энцо Мареска гэсэн Европын гурван том багийг удирдаж байсан эрхмүүд ажлаасаа халагдав.
Мареска л гэхэд Премьер лигийн арваннэгдүгээр сарын шилдэг дасгалжуулагчаар тодорч мандаж явсан нэгэн. Гэтэл арванхоёрдугаар сарын тааруу үр дүнтэй тоглолтуудаасаа болж ноосоо тушаав. Мареска болон клубын удирдлагуудын харилцаа огцом муудаж, нэгэндээ итгэх итгэл, дэмжлэггүй болжээ.
Нөгөө талд Манчестер Юнайтед клуб Аморимд хангалттай хугацаа, боломж өгч, эцсийг нь хүртэл харсан. Гэтэл Челсигийн шийдвэрийг дагасан гэлтэй удаа ч үгүй итгэж байсан Аморимоо явуулав.
Сир Алекс Фергусон 2013 онд багийг орхисноос хойш Юнайтедад дасгалжуулагч тогтсонгүй. Челсигийн хувьд ямар ч сайн дасгалжуулагч байсан хэсэг хугацаанд л уруудахад сольдог уламжлалтай.
Том, хүлээлт ихтэй багуудыг удирдана гэж амаргүй. Тааруу үр дүн ажлаас халагдах гол хүчин зүйл болно. Одоогийн дасгалжуулагч, менежерүүд ч хүссэн тоглогчдоо авчрах, хүссэн арын албаа бүрдүүлэх эрх мэдэлгүй байгаа нь гайхмаар.
Фергусон, Венгер гэсэн томчууд Лигийн менежерүүдийн холбооны уулзалтын үеэр өөрсдийнхөө талаар ярихдаа багийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог, шийдвэр гаргахад нөлөөлдөг гэдгээ хэлж байв. Тухайн үед Венгер "Менежер бол клубын хамгийн чухал хүн. Хэрэв тийм биш юм бол баг тааруу тоглоход яагаад халагддаг юм бэ?" гэж байв.
Харин Фергусоны хувьд Алан Көрбишли, Кевин Киган нарыг багаасаа өөрсдийн хүсэлтээр явсанд баяр хүргэж байв. Учир нь Вест Хэм болон Ньюкасл Юнайтед клубууд тэдний үгийг үл тоон тамирчдыг нь зарж байсан юм. Энэ бүх үйл явдал 2008 онд тохиосон юм.

Дээрх үйл явдлаас хойш 18 жилийн хугацаанд ахлах дасгалжуулагч нар багийнхаа менежментийн ажилд оролцох нь улам багасч, тамирчин элсүүлэх, судалгаа шинжилгээ, скаут хийх зэрэг ажлыг өөр хүмүүс хариуцах болжээ.
Одоогийн Английн Премьер лигт менежер гэх албан тушаалтантай тав клуб бий. Тэд бол Арсенал, Эвертон, Манчестер Сити, Кристал Палас болон Лийдс Юнайтед.
Эдгээр дундаас Микел Артетагийн түүх сонирхолтой. 2019 оны төгсгөлд Арсенал клуб Унай Эмериг халж, түүнийг авчирсан. Ингэхдээ ахлах дасгалжуулагч гэж танилцуулж байв. Тэгвэл 2020 оны есдүгээр сард түүний албан тушаалыг менежер болгожээ. Багийн эздийн зүгээс Артетаг ирээдүйн төлөвлөгөөнийхөө гол чиглүүлэгч, удирдаач гэж үзсэн хэрэг.
Өнөө үед клубууд богино хугацааны амжилт гэхээсээ илүүтэйгээр урт хугацааны өөрсдийн гэсэн спортын дэд бүтэц, үзэл санааг бий болгохыг зорьдог болсон. Ийм клубууд менежер эсвэл ахлах дасгалжуулагч богино хугацаанд ажиллуулна гэж төлөвлөдөггүй.
Лигийн менежерүүдийн холбооны мэдээлснээр нэг менежерийн нэг клубдээ ажиллах хугацаа дунджаар 1.42 жил байгаа аж.
Гэхдээ зарим ахлах дасгалжуулагчийн нөлөө менежерийнхээс хол илүү гэнэ. Жишээлбэл, Астон Виллагийн ахлах дасгалжуулагч Эмеригийн багийнхаа удирдлагуудад үзүүлж буй нөлөө, үг албан тушаалд нь хэтийджээ. Бараг л Эмеригийн хэлсэн, хүссэнээр бүх зүйл болдог гэх.

Тэгвэл Челсигийн дасгалжуулагчид эздээсээ ямар ч дэмжлэг авдаггүй. Мареска хүртэл дэмжлэг дутагдаж, хувцас солих өрөөний уур амьсгалаа алдаж байна гэж ил цагаан хэлээд амжсан. Лондоны цэнхэр багийн жолоог "BlueCo" гэх хамтрал эзэмшиж буй. Тэд Марескагаас өмнө Томас Тухель, Маурисио Почеттино нарыг үдсэн. Одоо өөрсдийн таньж мэддэг Росеньор гэх залууг авчирсан билээ.
Челси спортын таван захиарлтайгаас гадна бие даасан эмнэлгийн багтай. Энэ эмнэлгийн багийн дүгнэлтэд үндэслэж дасгалжуулагч шийдвэр гаргана. Нөгөө талаараа хэнийг тоглуулах эсэхийг эмч нар шийднэ гэсэн үг. Дасгалжуулагч зөвхөн тэдний үгийг л сонсох эрхтэй. Түүнчлэн Челсигийн дасгалжуулагч тоглолт бүрийн дараа удирдлагууддаа тайлан тавьдаг учиртай. Иймэрхүү хэцүү журамтай учир баргийн дасгалжуулагч удаан тэснэ гэдэг хэцүү.

Мареска дасгалжуулагчийн албаа өөрөө бүрдүүлж, Лэйстер Ситигээс зургаан хүнээ авчирч байлаа. Харин Росеньор Страусбургээс гурван хүнээ авчирч, залуучуудын багийн дасгалжуулагч Калум МакФарланыг дэвшүүлжээ. Ерөнхийдөө Марескагийн авчирсан зургаан хүн бүгд түүнтэй хамт багийг орхижээ.
Харин Юнайтедад ийм тодорхой дэг журам гэх зүйл бараг л үгүй байв. Тус баг 2021 он хүртэл спортын захирал, техникийн захирлаа томилж чадаагүй байсан. Мөн Аморим клубын түүхэнд менежер бус ахлах дасгалжуулагч гэж танилцуулагдсан анхны хүн гэнэ. Тус багийн спортын захирал Жэйсон Уилкокс дасгалжуулагчийн ажилд хөндлөнгөөс оролцдоггүй гэж өөрийгөө зөвтгөөд амжсан.
Менежер гэдэг цолыг өөрөө хүртдэг юм
Багтаа хүссэн тоглогчоо элсүүлнэ гэдэг дасгалжуулагчдын гол зорилго. Өөрийн удирдлага, стратегид төгс зохицох нэгнийг тэд үргэлж хайдаг. Өнгөрсөн зун Челсигийн хамгаалагч Леви Колвилл гэмтэж, дасгалжуулагч Мареска түүнийг орлох шинэ төвийн хамгаалагч хүссэн. Багийн удирдлагууд хариуд нь дотоод нөөц бололцоогоо ашигла гэжээ.
Гэтэл Артета багтаа Микел Мериног авчрах гэж багийн удирдлагуудтайгаа нэгийгээ үзсэн. Удирдлагууд нь Мериногийн ур чадварт эргэлзэж, хэтэрхий өндөр үнэтэй байна гэтэл Артета нэхсээр байгаад санасандаа хүрсэн.

Клубын скаутууд болон менежерүүдийн хамтын ажиллагаа маш сайн байх ёстой. Тухайн дасгалжуулагчийн тактик, системд төгс тохирох нэгнийг л скаутууд хайж, тив дэлхийг тойрдог байсан цаг саяхан. Гэтэл одоо дасгалжуулагч болон скаутуудын уялдаа холбоо, харилцаа алсарч, дасгалжуулагчид ч өөрсдийн хүссэн скауттайгаа хамтран ажиллах боломжгүй болжээ. Өнөөгийн скаутууд дасгалжуулагчийн арга барилд таарах тоглогчийг бус багийн удирдлагуудад таалагдах нэгнийг л хайх болсон.
Менежер болохыг хүсдэг ахлах дасгалжуулагчид юуны өмнө өөрсдийгөө батлан харуулах ёстой. Урт хугацааандаа багийг амжилтад хөтөлж чадна гэдгээ харуулсан тохиолдолд багийн удирдлагуудад бүхий л эрх мэдлийг нь өгдөг жамтай. Бусдаараа бол гарт байгаа "модоороо" тоглоомыг дуусгана. Менежер болсон хойно л "газраас" мод солих, өөрийнхөөрөө тоглох эрхээ эдэлнэ.
Гвардиола бол орчин цагийн шилдэг менежер. Зөвхөн баг удирдаж дасгалжуулахаас гадна менежерийн ажлаа тун сайн хийж, багийнхаа бүхий л дэд бүтцийн асуудлыг шийддэг нэгэн. Манчестер Ситигийн бүх насны академийн багууд түүний тактикаар хөлбөмбөг тоглож, удирдлагууд нь түүний үгийг сонсдог.

Түүний араас одоо Артета ийм соёлыг Арсеналд суулгаж, эхнээсээ үр шимээ хүртэж байна. Удахгүй Эмери Астон Виллад өөрийн эрх мэдлээ тунхаглах гэж буй. Гэтэл Мареска болон Аморим нар өөрсдийгөө менежер болж чадна гэдгийг харуулж чадсангүй. Удирдлагууд нь боломж, хугацаа өгсөнгүй.
Гагцхүү Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перес л өөрийнхөө толгой дээр ямар ч тоглогч, дасгалжуулагчийг гаргаж байгаагүй хатуу самар.
3,548.92






















































Холбоотой мэдээ