Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 10

Есдүгээр сарын 10-ны тэмдэглэлт өдөр

Ид уль-фитр

Рамадан сар дууссаны дараах лалынхны хоёр дахь том баяр болох Рамадан сарын сайхан өдрүүдтэй салах ёслол болсон Ид уль-фитр (Рамадан Байрам, Ураза Байрам) ёслолоор лалын шашинтнууд угаалга үйлдээд сүмд мөргөл хийсний дараа зочин гийчнээ гэртээ урин дайлдаг. Мөн энэ өдөр тэд ядуу хүмүүст өглөг өгдөг ажээ. Хөгшдөө эргэн тойрохоос гадна эцэг өвгөдийнхөө шарилыг эргэдэг. Бурхандаа хандан тэдний хувь тавиланг хөнгөлж өгөхийг хүсэн маани уншдаг.

Амиа хорлохтой тэмцэх олон улсын өдөр

Жил бүрийн энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Амиа егүүтгэхтэй тэмцэх олон улсын эвсэл хамтран (International Association for Suicide Prevention) Амиа хорлохын эсрэг олон улсын өдрийг (World Suicide Prevention Day) тэмдэглэг.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхийд жилдээ нэг сая орчим хүн амиа хорлож байна. Суицид бол даяарчлалын хамгийн эмгэнэлтэй асуудлын нэг юм. Дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнөөр амь үрэгдэгсдээс олон хүн энэ гунигт замыг сонгож байна. Суицитийн тохиолдлоор өндөр хөгжилтэй орнууд тэргүүлдэг бөгөөд Японд гэхэд л жил бүр 30 мянган хүн амиа егүүтгэдэг. Харин Латин Америк болон исламын орнуудад амиа хорлолт харьцангуй бага гардаг. Африкт хэдий хэмжээний хүн амиа хорлодог талаар мэдээлэл байхгүй байна.
 
Өдрийн ишлэл

“Жинхэнэ урлагт хаалганы цаана байгаа хүүхдийн тэрэг шиг дайсан байхгүй”
(Америкийн нийтлэгч, зүйр цэцэн үгийн мастер Сирип Коннолли 1903 оны энэ өдөр төржээ)
Бусад ишлэлээс: “Уран зохиол гэдэг нь хоёр удаа уншигдахыг, сэтгүүл зүй гэдэг нь нэг удаа уншигдахыг хэлнэ”
“Хэрэв бурхад таныг мөхөөхөөр шийдсэн бол тэд танд найдвар байна гэж итгүүлдэг”
“Бид бүгд л өөрсдийн “би” гэсэн харанхуй шоронд бүх насаараа хоригдогсод”
“Эрэмдэг зэрэмдгээ нуудаг шигээ аз жаргалаа нуух хэрэгтэй” “Залуудаа бид хүмүүст их итгэдэг, харин хөгшрөөд бодит байдалдаа итгэх нь их болдог
“Урлаг бол ой санамж, харин ой санамж нь дахин амссан хүслэн юм”
“Хөршүүд муу хэлнэ гэдгээс болоод олон хүн амиа егүүтгэхээс татгалздаг”
“Залхуу хүмүүс ямар ч авъяастай байсан ч өөрийгөө хоёрдугаар зэргийн санаа бодолд оруулдаг бөгөөд хоёрдугаар зэргийн найз нөхөдтэй байдаг”

Үйл явдал

Аврагч Христийн сүмийн барилгын ажил эхлэв

1839 он: Аврагч Христийн сүмийг 1812 оны эх орны дайнд амь үрэгдсэн оросуудын дурсгалд зориулан босгосон. 1812 оны арванхоёрдугаар сарын 21-нд I Александр хаан Москвад энэ сүмийг босгох тунхагт гарын үсгээ зурсан байна.
Барилгын зураг төслийг хийхээр олон цуутай уран барилгачид өрсөлдсөнөөс хаантан Витбергийн зургийг сонгосон байна. 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд сүмийн шавыг тавьсан байна. Анх сонгосон газрын хөрс хэтэрхий бат бэх байсан, мөнI Александр. Нас барсан зэргээс болж энэ ажлыг хойшлуулж байв. 1832 онд  I Николай хаан уран барилгач Тонын зураг төслөөр уг сүмийг бариулахаар зарлиг буулгаад Кремлиэс холгүй газар барихаар болов.  Тэнд байсан Алексеевын хийдийг буулган нураасан юм.
Аврагч Христийн сүмийн барилгын ажил эхлэх ёслол 1839 оны есдүгээр сарын 10-нд болсон ч барилгын ажил 44 жил орчим үргэлжилсэн байна. Оросын тэр үеийн шилдэг суутнууд сүмийн ажилд оролцсон юм. Оросын алдартай зураач Суриков, Кошелев, Крамской, Васнецов, Бруни нар сүмийн чимгийг хийсэн байлаа. Нүүрэн талын баримлуудыг Клодт, Рамазанов, Логановский нар бүтээсэн байлаа.
Аврагч Христийн сүм нь зөвхөн шашных ч биш түүхэн дурсгалын газар. Эх орныхоо төлөө амь үрэгдэгсдийн нэрсийг сүмийн хананд бичин мөнхөлсөн байв. Оросын эзэн хаан III Александрыг хаан ширээнд залах ёслолоор 1883 оны тавдугаар сарын 26-нд сүмийг аравнайлсан байна. Түүнээс хойш сүмд байнга мөргөл уншлага хийж байлаа. Мөн сүмд хаан ширээнд суух ёслол, бүх ард түмний баяр, ойг тэмдэглэж иржээ. Оросын нийгмийн амьдралд энэ сүм соён гэгээрлийн төв нь болсон байлаа. Сүмд номын сан нээж, аялал, аян хийж, цугларсан буяны хандивыг ядууст зориулж байв.
Коммунистууд 1931 оны арванхоёрдугаар сарын 5-нд сүмийг дэлбэлж, 1958 онд буурин дээр нь “Москва” гэх усан санг нээсэн байлаа.
Орчин үеийн Орос уг сүмийг өмнөх зураг төслөөр нь сэргээн босгох ажлаа 1994 онд эхлүүлээд 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд сүсэгтэн олондоо нээжээ. 2000 оны нэгдүгээр сарын 6-7-нд шинэ сүмд анхны уншлага хийв. Тэр жилийнхээ наймдугаар сарын 19-нд хамба лам нар сүмээ аравнайлжээ. Аврагч Христийн сүмийн түүх нь олон зууныг дамжиж, Оросын эзэн хаад, Оросын Үнэн алдартны шашны дээд хүрээ болон энгийн олон хүний хувь тавилантай бүхэлдээ холбоотой байлаа.

Анх удаа согтуу жолоочийг торгожээ

1894 он: Согтуугаар машин барьж явсан гээд цагдаагийн торгосон дэлхийн анхны жолооч нь Жорж Смит гэх англи хүн байлаа. Тэрбээр согтуугаар машин жолоодож яваад айлын байрны хаалга мөргөсөн байв. Эвдэрсэн хаалгыг тэрээр нэг фунтаар засуулж байжээ.

“Герника” эргэн ирэв


1981 он: Алдарт зураач Пабло Пикассогийн нэртэй зураг “Герника” зураачийг нас барснаас хойш найман жилийн дараа Испанид буцан иржээ. Баскуудын Герника хотыг фашист Германы онгоцнууд 1937 оны дөрөвдүгээр сард бөмбөгдөн устгасан үйл явдалд уг зургийг зориулан зуржээ. Тэр үеэр хотын 1000 иргэн амь үрэгдсэн юм. Уг зургийг зураач Испанид ардчилал тогттол хадгалуулахаар Нью-Йоркийн орчин үеийн дүрслэх урлагийн музейд 1939 онд өгчээ. Испанийн дарангуйлагч Франко 1967 онд тус оронд улс төрийн зарим нэг эрх чөлөөг бий болгоод уг зургийг эргүүлэн авахаар шаардсан боловч Пикассо зөвшөөрөөгүй юм. Франкогийн үхлийн дараа Испанид ардчилал тогтсон учир түүнийг Мадридын Прадогийн музейд буцаан өгчээ. Харин баскууд уг зургийг Бильбао дахь Гуггенхаймын музейд өгөхийг шаардаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж