М.Нарангэрэл: “GoMongolia” брэндийг нэвтрүүлэхэд салбараараа идэвхтэй оролцсон

М.Нарангэрэл: “GoMongolia” брэндийг нэвтрүүлэхэд салбараараа идэвхтэй оролцсон

М.Нарангэрэл: “GoMongolia” брэндийг нэвтрүүлэхэд салбараараа идэвхтэй оролцсон

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын албаны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэлээс Go Mongolia төслийн ач холбогдлыг тодрууллаа.


-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар санаачилж, УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын сайд байхдаа гардан хэрэгжүүлсэн “Go Mongolia төсөл жуулчдын тоог анх удаа 800 мянгад хүргэсэн. Аялал жуулчлалын олон улсын байгууллагууд ч манай улсыг дээгүүрт эрэмбэлсээр байна. Сая гэхэд UN манай улсыг аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр зарласан нь тухайн үед баталсан хууль эрх зүйн болон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн үр дүн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Манай салбарт 2016 оноос л хойш олон улсын аялал жуулчлалтай хөл нийлсэн бодлогын шинэтгэлийг хийе гэж ярьдаг байлаа. Аялал жуулчлалын салбарыг дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай гээд салбарын мэргэжилтнүүдийн санаачлага гарч, ажлын хэсгүүд байгуулагдаж л байсан. Үе үеийн сайд нар Аялал жуучлалын тухай хуулийг батлуулна гэдэг байсан ч ажил бололгүй олон жил өнгөрсөн. Бид ер нь батлагдахгүй юм байна даа л гэж боддог болсон байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын үед өөрийн танхимын сайд нартай аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаа тулгамдсан асуудлуудын талаар өргөтгөсөн хурлууд хийж тулгамдсан зүйлсийг нэгтгэж аваад хуулийг шинэчлэх ажлын хэсгийг дахин байгуулсан. Аялал жуулчлалын салбар бол бусад салбар шиг биш маш олон салбар нэгдэж нийлж байж хөдөлдөг салбар гэдгийг манай салбарынхан сайн ойлгуулж чадсан байх. Ингээд мөн мэргэжлийн холбоодоор хуулийн ажлын хэсгийг бүрдүүлж хуулийн ажлын хэсгийг байгуулж бид хуулиа УИХ-аар амжилттай батлуулсан. Энэ хууль маш олон бизнесийн боломжийг нээж өгсөн. Сайн уншаад судалвал энэ салбарт байх ёстой тогтвортой хөгжлийн бодлого, статистик дата мэдээлэл, гадна дотны хөрөнгө оруулалтын орчин, хүний нөөцийн сургалт судалгаа, орон нутгийн удирдлагын хийх зүйлс, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч, хил орчим, аялал жуулчлалын бүс, аялал жуулчлалын салбарын засаглалын тогтолцоо, аюулгүй байдал, даатгал, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх,  мэргэжлийн үнэ цэн гэсэн олон ойлголтуудыг шигтгэж өгсөн гэж хардаг. Мөн хамгийн чухал нь аялал жуучлалыг дэмжих жилийн хүрээнд гарсан төрөөс үзүүлэх НӨАТ, ААНОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтүүд, гарааны бизнес, эко ариун цэврийн байгууламж, шинэ бүтээгдэхүүн технологи нэвтрүүлсний хөнгөлөлт чөлөөлөлт гээд ёстой нэг хүслийн жагсаалтыг  дагах 16 хуулинд нь хүртэл оруулж хамтад нь УИХ-аар батлуулж өгсөн. Одоо энэ хуулийн үр дүнгээр салбар төрөөс хөнгөлөлттэй зээл авах гээд Засгийн газрын тогтоол батлагдаад явж байна.Мэдээж зарим зүйлсийг бид цааш илүү боловсронгуй болгоод явах боломж одоо ч нээлттэй байгаа. Энэ тогтолцоог сайн угсарч өгсөн. Тухайлбал, Ерөнхий сайд ахалдаг Аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хороо гээд бүтэц байна. Бид энд салбарын төлөөллөөс гадна салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс бусад яамдын сайдуудын хамт шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн энэ хороог ахлах үүрэгтэй. Холбогдох яамдын сайд нар Аялал жуучлалын талаар хамтран бодлого боловсруулж шийдвэр гаргахад оролцоно. Энэ бол засаглалын хувьд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг манай салбарт шинэ түвшинд гаргаж ирсэн. Бусад яамд бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг ойлгоход маш том хөшүүрэг болсон. Тухайлбал, визний хөнгөлөлт, чөлөөлөлт, цахим виз мөн агаарын тээврийн либериалчлал, монгол улсыг нэгдсэн өнгө төрхтэйгээр сурталчлах зэрэг нь манай улсыг гадаад талдаа ч нэг бодлого барьж эхэлснийг харуулсан. Гадны аяллын агентууд илт сонирхож эхэлсэн нь жуулчдын тооны бодит өсөлтөөс өнөөдөр харагдаж байна. Энэ салбарт улс төрийн манлайлал дутагдаж байсныг харуулсан. Ковид цар тахал бол монгол улсыг аялал жуулчлалын салбарын өрсөлдөөнд хэрхэн зөв бодлого явуулж салбараа сэргээх бодлогыг нь бусад улстай харьцуулах нэг шалгуур байсан.

-Ковидын өмнөхнөөс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аялал жуулчлалын салбарт онцгой анхаарна гэж мэдэгдсэнийг санаж байна. Ингэж мэдэгдээд чамгүй олон ажил хийснийг нь таны өгсөн мэдээлэл баталж байна. “Go Mongolia эхлээд хэдхэн жилийн дараа Монгол Улс түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээж авсан байх аа?

-Тэгсэн. Яг ковидын дараа сэргээх богино хугацааны стратегийг манай аялал жуулчлалын салбарынхан өөрсдөө сууж боловсруулаад Засгийн газарт өгч байсан. Ерөнхий сайдтай уулзах гэж бид маш олон удаа ковидын тест хүртэл өгч байлаа. Гурван жилийн хугацаанд ингэж сэргээнэ гэсэн яг л хэрэгжсэн. Хөл хорионы үеэр хүртэл “Club house”-аар яаж нэг сая жуулчин авах вэ гээд л хэлэлцүүлгүүдийг тасралтгүй хийсэн. “Хилээ нээ бидэнд итгэ” аялал жуучлалын салбарынхан бид саналаа нэгтгэлээ гэж танилцуулахад үнэхээр тухайн үеийн засгийн газар итгэж зоригтой нээж өгсөн.Бидэнд тодорхой хэмжээнд айдас байсан. Олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс эхлээд л хүн амын эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүй яах бол гээд. Гэхдээ Засгийн газар нь кабинетаараа сайдууд дэмжсэн нь аялал жуулчлалын салбарт сэргэлт авчрах том алхам болсон.

-Тухайн үед батлагдсан хууль эрх зүйн болон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн төлөвлөгөөг сайтар гаргаж, үндэс суурийг зөв тавьж, сайн ажилласан нь өнөөдрийн Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ололт, амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ч.Номин сайд  бодлогын баримт бичгийг нь зөв гаргаж өгөхийн төлөө хичээж ажилласан гэж би хувьдаа үздэг. 2023 оноос хуулиа батлахад Засгийн газрын гишүүний хувьд энэ ажлуудын эхлэлийг тавьсан байсан. Манай салбарынхан ч өөрсдөө ч бодлого төлөвлөлтөө гадна дотны зөвлөх байгууллага, мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаач, бизнесийнхэнтэй нийлж урт хугацааны болон бодлогын чанартай шинэчлэлийн ажлыг тууштай дэмжээд явах нь зөв гэж шийдсэн байсан. Хурал ихэдлээ л гээд байсан ч үнэндээ Монгол Улсыг яаж энэ эрчээр нь дахин “rebrand” буюу цоо шинэ өнгө төрхтэйгээр гаргаж ирэх вэ гэдэг дээр бусад яамдтай хамтарч ажилласан. Ковидын дараах сэргээх стратегийн дараа цаашид эдийн засагтаа өгөөжтэй байх, монгол улсыг хоногшуулах бодлогын баримт бичгийг боловсруулах зайлшгүй эрэлт хэрэгцээ байсан уу гэвэл байсан. Ажлуудаа хувааж аваад л бүгд дор бүрнээ ажилласан байх. Бидний хувьд салбараа цэгцлэх, нэгтгэх, санал бодлыг нь төр засагт хүргэх, алдаа оноонуудыг гаргаж өгөх, цаашид бизнесийн орчноо эрүүл болгох зэрэг ажлуудаа илүү анхаарч байсан бол аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хороо бодлогын баримт бичгүүдээ тухайн үеийн Засгийн газрын сайдууд, үндэсний хороодууд хариуцаад ажилласан.

Энэ бүхний үр дүн UN-ийн “World Tourism Barometer” тайлангийн 2025 оны үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсан.

Тодруулж хэлбэл, Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээрээ дэлхийн улсуудаас 15-т жагссан талаар болон бусад ололт амжилтанд чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ үр дүнг бид зөвхөн мэдээ төдийгөөр харахгүй байгаа. Олон улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг олон тур агентууд жуулчдаа хаашаа аялуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргахад л энэ статистик хангалттай нөлөө үзүүлж чадна. Ер нь ийм судалгаа мэдээний хувьд бид өөрсдийгөө  гаргаж олон улсад үнэлэхгүй л дээ. Энийг хөндлөнгийн олон судалгааны үр дүнгээр хэмжиж гаргаж ирж байгаа. Экспертүүд саналаа өгнө, жуулчдын бодит сэтгэгдлийн динамикийг харгалзаж үзнэ. Зүгээр л манайх сайн байсан гэхээр өө тийм байна гэж гаргадаггүй том судалгааны үр дүн юм. Энэнд төр засагтай хамт манай салбарынхан өөрсдөө үнэхээр их хичээж ажиллалаа гэж бид хардаг. Энэ хуулийн шинэчлэлээ хир хурдан хүлээж аваад нэгдэж нийлж байгаа нь энэ үзүүлэлтийн том шалгуурын нэг.

“Go Mongolia” үндэсний брэнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн ололт, амжилтанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт сонсогддог. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач?

-Монгол Улсыг сурталчлах бол манай аялал жуулчлалын салбарын хамгийн чухал үүрэг байдаг. Бидэнд брэндийг батлуулахаас өмнө хэд хэдэн удаа танилцуулж байсан. Бид “Go Mongolia” үндэсний брэндийг аялал жуулчлалын салбартаа хэрэглэх, сурталчлах үүргийг Засгийн газраас тогтоолоор хүлээж авсан. Энэ бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, улсаа сурталчлах ажлаа, брэндингийг хоногшуулах үйл ажиллагаанд салбараараа идэвхитэй оролцсон.

Мөн Монгол Улсаас гарч байгаа аяллын бүхий л брошур, танилцуулгуудаа “Go Mongolia” брэндээр илэрхийлснээс гадна Олон улын үзэсгэлэн экспонуудад байршуулж, контентуудаа байршуулсан.

Энэ муу боллоо гэсэн шүүмжлэл одоогоор бидэнд салбарын зүгээс ирээгүй. Хаанаас авч хэрэглэж болох вэ гэж асуудаг. Бид брэнд бүүкийг хэрэглэх зааврыг өгдөг. Хамгийн гол нь хүн бүр өөр өөрийн өнцгөөр энийг хийхэд өндөр зардал гардаг тул нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шийдвэр бол зөв байсан. Гадаад дахь сурталчилгаа хийх зардал бол үнэхээр өртөг өндөр байдаг тул төр хувийн хэвшил хоёр энэн дээр хамтрахаас өөр аргагүй байдалд байдаг. Ганц жуулчны салбар биш соёл, спорт, экспорт, хүний эрх, ардчилал гээд олон салбар ашиглахад наалдацтай байсан. Ер нь төр нь нэг зүйл бариад хувийн хэвшил нь өөр өөр өнгө төрхөөр сурталчлаад байвал маркетинг хоногшуулалтан дээр алдаа гарахаас эхлээд улсын нэгдсэн бодлогыг гадагшаа тодорхойлж чадахгүй. Манай энэ брэндээр хийсэн хэд хэдэн үзэсгэлэнгийн стэнд шилдэг өнгө төрхтэй бүүтний дизайны шагналуудыг авч байсан. Жил дараалан ч авсан тохиолдол байна.

Уялдаа холбооны хувьд гадаадад Монголын маань талаар харсан “Go Mongolia” always- moving  уриа нь зочныг ирэхэд нь онгоцны буудлаас нь эхлээд л бүхий л үйлчилгээний газар, такси, автобус, бэлэг дурсгал, сурталчилгааны самбарууд дээр байсан нь илүү хоногшиход дөхөм байсан байх. Мөн Монгол орны талаарх жуулчдын видео, блог, зураг, хаш таг дээр энэ үгээр тэмдэглэж бичсэн нь бас үр нөлөөтэй байсан. Мөн шинэ сэргэлтийн бодлого гэдэг утгаараа урагшил, өөдөө тэмүүл гэсэн нь уриалсан идэвхжүүлсэн урам өгсөн агуулгатай нь хурдан нийцсэн байх.

Бусад улсууд ч гэсэн үндэстнээрээ улсаараа нэг л уриа үг хэрэгжүүлж авч явдаг. Amazing Thailand, Incredible India, Nihao China, Visit Uganda. Энэ стандартуудаас бол манайх гажаагүй.

Ер нь томоохон сурталчилгаа, медиа компаниуд, зөвлөхүүд Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалдаа анхаараад байгааг хараад манайх руу одоо ч холбогдсоор байгаа. Бидэнд олон төрлийн санал тавьсаар л байгаа. Тэгэхээр бид тэдний анхааралд нь орсон гэсэн үг.

-Монгол Улс 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, салбарын эдийн засагт эхлэх хэмжээг 4 тэрбум ам.долларт хүргэхийн тулд бид хэрхэн ажиллах вэ?

-Бид 2 сая жуулчин хүлээн авахын тулд Монголыг яг хэн сонирхох уу, тэд нарт ямар аяллаа хэрхэн хүртээмжтэй зарах уу гэдэг дээрээ судалгааны үр дүнгүүдийг харж шийдвэр гаргаж ажиллана. Иймд 2030 он хүртэлх аялал жуулчлалын салбарын стратегийг BCG-тэй хамтран олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан байгаагаа хэрэгжүүлэх 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу ажиллах, “Go Mongolia” үндэсний брэндийн сурталчилгаа, коммуникацийн хөтөлбөрийг олон улсын түвшинд болон улсынхаа хэмжээнд далайцтай хэрэгжүүлэхийн тулд ССАЖЗЯ ямар бодлого барьж ажиллахаа яаралтай салбарынханд чиглэл өгөх шаардлагатай байна.

Монгол Улс 2030 он гэхэд байгаль, адал явдал, түүх соёлын өв, амарлихуйн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэгч улс болохоор төлөвлөж байна. Жил бүр 2 сая жуулчин хүлээн авч, одоогийнхоо тоон үзүүлэлтийг гурав дахин нэмэгдүүлж, аялал жуулчлалын салбараас эдийн засагт оруулах хувь нэмрийг үлэмж нэмэгдүүлэхийг зорьж байна.

Монгол Улс байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц газар нутаг, соёлын баялаг өв, нүүдэлчдийн ёс уламжлалдаа тулгуурлан, сэтгэл татам, жинхэнэ орчныг мэдрэхийг хүсэж буй аялагчдын заавал очиж үзэх газар болох болно.

Монгол Улс энэхүү алсын хараанд хүрэхийн тулд аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлж, зам, тээврийн холболтоо сайжруулж, байгаль орчин, өв соёлоо хослуулсан тогтвортой аялал жуулчлалын сайн туршлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон нутагт эдийн засгийн үр өгөөж хүртээхэд анхаарч ажиллана. Маркетинг, бодлогын шинэчлэл, олон улсын түншлэлд оруулах стратегийн хөрөнгө оруулалт нь дэлхийн аялал жуулчлалын салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болно.

Аялал жуулчлалын өсөлтөө дэлхийн шилдэг туршлагатай уялдуулснаар Дэлхийн Эдийн Засгийн Форумын аялал жуулчлалын хөгжлийн индекс зэрэг олон улсын аялал жуулчлалын үнэлгээнд сайн үр дүн үзүүлж, дээгүүр байр суурь эзлэхийг эрмэлзэж байна. Монгол Улс сайтар боловсруулсан хамтын ажиллагааны арга барилаа ашиглан, жуулчдад сонирхолтой адал явдал, соёлын гүн гүнзгий эрэл хайгуул, утга агуулгаар дүүрэн аяллуудыг санал болгодог тэргүүлэгч газар болон хөгжих болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-01-16 213.120.231.5

та нар жуулчин татьяа гэвэл модон жорлонгоосоо юуны түрүүнд салах хэрэгтэй.Гадны байтугай дотоодын мань мэт үүнээс чин болоод аялж чадахгүй байна шүү.

Avatar

Наранцэцэг 2026-01-16 149.40.62.30

Гаргасан зардхлахсаа илүү орлого олсон Одоо ч орлогоо олоод явж байна Юу нь буруу юм бэ Номин маш сайн ажилсан

Avatar

Нэргүй 2026-01-16 103.57.95.89

тэнэг юм ярихаа больно уу эднийх gomgl гээд мөнгө үнэгүй цацдаг юм чинь амархан мөнгө олох юм байна гээд залгаж байгаашдээ

Avatar

Зочин 2026-01-16 59.153.113.232

Монгол, Хятадаас өөр явах газаргүй болсон хэдэн орос, хэрэгт дуртай хэдэн Хятад, Солонгос ирсэнийг л жуулчин гээд байх шиг, кк

Avatar

Нэргүй 2026-01-16 89.40.182.196

2019 онд Оросоос 146,783 жуулчин ирсэн, 2024 онд 255,000 болж 110,000-аар өссөн. Жуулчин ч гэж дээ, дайнаас зугатаж яваа хөөрхий Орос иргэд. Гэтэл манай жуулчдын тоо 800,000+ давлаа гэж хөөрцөглөөд байх юм. Тоонуудаа задалж хараачээ, Өмнөд Солонгосоос 2019 онд 103,379 жуулчин ирсэн, 2024 онд 120,000 хүрсэн, тийм ч их өсөөгүй. АНУ/Европоос жинхэнэ жуулчид чинь ирдэг, 2019 онд 27,000+ хүн ирж байсан бол 2024 онд 16,000+ болж буурсан… Ерөнхий тоо биш, тоонуудаа задалж чанарыг нь хар!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж