Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг өнгөрсөн онд /2025.10.1/ шинэчлэн батлуулсан. Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчилсэн юм. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 2026 оны нэгдүгээр сараас живхний мөнгө олгохоор болсон байна.
Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяраас тодруулахад "Шинэчлэн батлагдсан журмын дагуу байнгын асаргаа, халамж шаардлагатай хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд жилд 600 мянган төгрөг олгохоор болсон.
Урьдчилсан байдлаар зайлшгүй өдөр тутамдаа живх хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй 2500-3000 хүүхэд байгаа статистик гарсан. Уг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамрагдахаар 902 хүүхэд хүсэлтээ илгээсэн байна.
Живхний үнийн хөнгөлөлтөд хамрагдах нэрсийн жагсаалтыг эхний байдлаар аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс гаргасан. Нэг талаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрд олгоно гэж ойлгож болохгүй юм. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн байгууллагын комиссын шийдвэрээр живх зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүүхэд төрөөс үзүүлж байгаа мөнгөн дэмжлэг юм. Хүүхдийн комиссын шийдвэртэй эцэг, эх асран хамгаалагч өөрийн сонгосон байгууллагаас нэхэмжлэх эсвэл худалдан авсан баримтыг үндэслэн олгох юм. Мөн иргэн бичиг баримтаа ehalamj.mn цахим систем эсхүл өөрийн асран хамгаалагч нь биеэр сум, хорооны ажилтанд очиж хүсэлтээ өгч болно"гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 15 мянга орчим хүүхэд байдаг бөгөөд байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ар гэрт 484 мянган төгрөгийг тусламжийг жилд нэг удаа олгож байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх хүрээнд сар бүрд 20 мянган төгрөгийн олгож ирсэн юм.

3,548.92






















































Холбоотой мэдээ