Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Намрын эхэн сарын энэ өдөр 15 дахь удаагаа төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө толгой бөхийлгөн цэцэг өргөж, 15 дахь удаагийн харууслын үг хэлж байна.

Энэ өдөр ч мөн хоолойгоо шахан, царайгаа барайлган байж, албаны үгээ хэлнэ биз. Харин хэлмэгдсэн хэмээх хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй. Өнөөдөр хэлмэгдэгсдийн сүнс дахин нэг нутгаа эргэж, үр хүүхэд нь өмнөх жилүүдийн л адил талийгаачдынхаа зургийг барин хөшөө, суваргыг нь зорино. Хэчнээн ч жил энэ өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байгаа билээ, бид. Өнөөдөр орой ч гэсэн тэдний зүрх зүсэм үг телевиз болгоноор гарч, цөхрөшгүй гомдлоо дахиж нэг нэхнэ. Магад хэлмэгдлийн хар шуургыг биеэр мэдэрсэн үр сад нь  ч цөөрсөн байгаа биз. Харин тэднийг бүртгэж, нөхөн олговор төдийхнийг олгох ажил өнөө хэр нь дуусаагүй л байгаа. Хэдэн үеэр мартамгүй хэлмэгдлийн сүүдэр бүдгэрэх нь үгүй. Гэтэл аймшиг бүдгэрээгүй байхад дараагийн аймшиг биднийг тоссоор байгаа бус уу.

Нэг ч гэсэн хүний ирээдүйг харлуулахгүй, нэг ч гэсэн хүүхдийн нулимсыг гарздахгүй байхын төлөө бид ардчилсан нийгмийг сонгосон. Гэвч айдсын хар хүлээсэнд баглуулах вий гэсэн айдас бас бүдгэрээгүй л байна. Хоёрхон жилийн өмнө монголчуудыг аймшигт автуулсан үймээн самууны учиг тайлагдаагүй, тасарсан таван халуун амины нэхэл татраагүй байна. Магад тэд өнөөдөр бас таван халуун амины дурсгалд зориулан хөшөө босгох алга дарам газраа гуйгаад л өмөлзөж зогсч байх. Ийм байхад бид тэртээх 1937 оны хэлмэгдэл гэж матрын нулимс унаган, хүлцэн зогсох ёстой гэж үү? 

Төсөрхөн нийтлэлч Баабар 1937 оны аймшгийг хэлмэгдүүлэлт бус аллага гэж үзэхэд буруутах зүйлгүй гэж хэлсэн байна лээ. Нээрээ ч хэдэн мянган хүний амь насыг тасалсан аймшигт шуургыг хэлмэгдүүлэлт гэж нэрлээд, дараачийн цуст хядлага гарч болзошгүй байгаа цан хэнгэрэгийг сонсохгүй байж болох уу?  Тэр бол хэдэн зуун залуусыг баривчлан хорьж, таван хүний амийг бүрэлгэсэн хэргийг шүүн хэлэлцэж чадахгүй байгаагаар тод сонсогдож байгаа айдас билээ.
Бүү март, мартвал сөнө гэсэн Баабар эрхмийн үгийг дахин ишилж, хэлмэгдүүлэлтийн сүүдэр дахин бүү дайраг гэж сануулсуу.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж