Италийн хойд нутаг Милан болон Кортина д’Ампеццо хотуудад ирэх хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд 25 дахь удаагийн өвлийн олимп болно. Дэлхийн 90 орны цас, мөсний шилдэг 2900 гаруй тамирчид 16 спортын 116 багц медалийн төлөө өрсөлдөх учиртай. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ ирэх олимпоор олны анхаарлыг татаж буй тамирчдыг танилцуулж байна.
Микаела Шиффрин

Уулын цанын хамгийн эзэрхэг тамирчдын нэг бол Микаела. Дэлхийн цомын таван удаагийн аварга тэрбээр олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай. Түүнчлэн Шведийн цаначин Ингемар Стенмаркийн 86 түрүүтэй амжилтыг эвдэж, бүх цаг үеийн рекордыг шинэчлэн тогтоосон. 2024 оны сүүлээр ноцтой бэртсэн түүний хувьд 2025 онд гайхалтай байлаа.
Линдси Вонн

Өвлийн олимпын бэлгэ тэмдэг болсон тамирчдын нэг. Өдгөө 41 настай түүний хувьд 2019 онд зодог тайлсан ч 2024 онд их спортдоо эргэн ирсэн. Уулын цанын бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг тэрбээр дэлхийн аваргаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн олимпын наадмаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ.
Михо Такаги

15 насандаа Япон улсаа төлөөлөн 2010 оны олимпод оролцож байсан Михо өдгөө дэлхийн шилдгүүдийн нэг болжээ. Тэшүүрээр хурдалдаг тэрбээр олимпоос долоон медаль хүртсэний хоёр нь алт, дөрөв нь мөнгө.
Алиса Лю

Хятад гаралтай америк уран гулгагчийн хувьд 16 насандаа зодог тайлж олон хүнийг алмайруулсан. Угтаа тэрбээр 2019 онд 13 насандаа АНУ-ын аваргаар тодорч, хамгийн залуудаа энэ амжилтыг үзүүлсэн тамирчин болж байв. Тухайн жилдээ дөрвөлсөн лутц үсрэлтийг гүйцэтгэсэн анхны америк тамирчин болсон. Харамсалтай нь "энгийн" охин байхыг илүүд үзэж, 2022 оны олимпод долдугаар байр эзэлснийхээ дараа мөсөн талбайгаас холдсон. Гэхдээ 2024 онд эргэн ирж, одоо хоёр дахь олимпдоо орох гэж байна.
Илья Малинин

Эцэг эх нь ЗХУ-д төрж, Узбекистаны нэрийн өмнөөс гулгадаг байсан бол Илья өөрөө АНУ-ыг төлөөлдөг. Анхны олимпдоо орох гэж буй тэрбээр уран гулгалтын хамгийн хүнд үсрэлт гэгддэг дөрвөлсөн акселийг гүйцэтгэсэн цорын ганц эрэгтэй тамирчин гэгддэг. Мөн долоон удаа дөрвөлсөн үсрэлтийг цэвэр гүйцэтгэсэн цор ганц тамирчин.
Эйлин Гу

Хятадын өнөө цагийн залуу оддын нэг. 2022 оны өвлийн олимп Бээжинд болоход Гу цанын чөлөөт үзүүлбэрээр 18 насандаа хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Түүнд АНУ-ыг төлөөлөх боломж байсан ч Хятадыг илүүд үзсэн. Стенфордын оюутны хувьд уулын цанын чөлөөт үзүүлбэрийн төрөлд олимпын аварга болсон хамгийн залуу тамирчин, өөрийн төрөлдөө нэг олимпоор гурван медаль хүртсэн анхных болсон юм.
Сидни Кросби

Хоккейн спортын амьд домог. 2005 онд NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигт элсэн орсон цагаасаа хойш олон амжилтыг эвдсэн нэгэн. Питтсбург Пингвинс багийнхаа хамтаар Стэнли цомд гурван удаа түрүүлж, Канадын шигшээ багтайгаа 2010 болон 2014 онуудад алтан медаль хүртсэн. 2018 болон 2022 онуудад NHL-ийн тамирчид олимпод оролцоогүй ч энэ удаад эргэн ирнэ.
Хлоя Ким

2018 онд 17 насандаа олимпын аварга болсон Ким 2022 онд ч алтан медаль хүртсэн. Харин одоо гурав дараалан алтан медаль хүртэж, снөүбордын түүхэн анхдагч болохоор бэлтгэж байна. Тэрбээр 2022 оны олимпын дараа спортоосоо хэсэг завсарлаад эргэн ирсэн.
Каори Сакамото

Өмнөх олимпоос хүрэл медаль хүртсэн япон уран гулгагч түүнээс хойш гурав дараалан дэлхийн аваргад түрүүлж, 2025 онд мөнгөн медаль хүртсэн. Мэдээж Оросын тамирчдын эзгүйд боломжоо ашиглаж, дэлхийд гурав түрүүлэв. Одоо олимпын аварга болох эсэхээ шийднэ.
Арианна Фонтана

Италиас төрөн гарсан хамгийн алдартай тамирчдын нэг. Өдгөө 35 настай тэрбээр олимпын шорт трейкийн уралдаанаас 11 медаль хүртсэний хоёр нь алт. Энэ удаад эх орондоо медалийн тоо, ялалтын буухиагаа үргэлжлүүлэхийг зорьж байна. Өмнөх олимпоос гурван медаль хүртсэн Арианна энэ удаад дахин гурван медаль хүртвэл хамгийн олон олимпын медальтай итали тамирчин болох алдарт Эдоардо Мангиароттигийн амжилтыг эвдэнэ. Туялзуур сэлэмчин, домогт Эдоардо Мангиаротти таван олимпоос 13 медальтай.
Йоханнес Клаебо

Өнөө цагийн гүйлтийн цанын спортын нүүр царай бол Йоханнес. 2016 оноос хойш дэлхийн цомд өрсөлдөж эхэлсэн 29 настай норвеги залуу нийт 187 гарааныхаа 105-д нь түрүүлж, таван удаа дэлхийн цомын аварга болжээ. Харин олимпоос таван алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон.
Франческо Фридрих

Бобслей спортын хоёр болон дөрвөн хүний төрөлд сүүлийн хоёр олимпоос дөрвөн алтан медаль хүртээд буй герман залууг энэ жил ч дахин алтан медаль хүртэнэ гэсэн хүлээлт бий. Дэлхийн аваргын тухайд 2011 оноос хойш ноёрхож байна. 2013 оноос хойш алтан медалиас өөр медаль бараг л авч үзээгүй явна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-16 66.181.189.146
гайхалтай
Нэргүй 2026-01-16 103.229.122.135
атаархмаар юм, хүний хүүхдүүд лаг юмаа
yujc 2026-01-16 50.147.160.114
zasrgyi xuglursun davtagdax