Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өчигдөр /2025.01.15/ уулзаж, үүрэг даалгавар өглөө. Уулзалтын үеэр орон нутгийн Засаг дарга нар тулгамдаж буй өөрсдийн "зовлонг" ярьж, зарим асуудлаа шийдүүлэхээр болов. Тэд орон нутаг дахь улс төрийн томилгоо, бие даасан эрх мэдэл, газар, эрчим хүч, тендер гээд олон асуудлыг хөндсөн юм.
"АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧ АВААРЫН БАЙДАЛТАЙ БАЙНА"

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:
-Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурлаа зарласан. Үүнтэй холбоотойгоор дулааны станцын бүтээн байгуулалтын ажил бүрэн зогссон. Засгийн газраас одоо шинэ тендер зарлах болов уу гэдэг хүлээлттэй байна. Сүхбаатар аймаг нэг хэсэг уурын зуухгүй байсан бол энэ жил 2-3 уурын зуухыг шинээр засч, тоноглохоос гадна 10 МВт-ын дэд станцын хажуугаар таван уурын зуух ажиллаж байна. Аймгийн урд хэсэг аваарын байдалтай энэ өвлийг өнгөрүүлж байна. Тиймээс бид ирэх жил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар аймагтаа 70 МВт дулааны станцыг барихаар газрын асуудлыг нь шийдвэрлэж байна.
Ний нуугүй хэлэхэд, Монгол Улсын хууль эрх зүйн орчин нь аймаг, орон нутгийн удирдлагуудыг ажил хийлгэхгүй байна.
Би бол таван жил аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Засгийн газрын түвшинд яригдсан асуудлууд ажил хэрэг болж шийдэгдэх нь маш удаан байна. Хотод ирэх болгонд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, босоо томилгооны асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж, ярьдаг. Энэ асуудлууд одоо хүртэл шийдэгдээгүй байна.
"ОРОН НУТАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР МАШ БАГА"
Булган аймгийн Засаг дарга О.Пүрэв-Очир:
-Аймаг, орон нутаг орлогоо нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, хувийн хэвшлүүдийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх тал дээр саналаа хэлж, богино хугацаанд шийдвэрлэх шийдлийг хэлэлцлээ. Булган аймгийн хувьд "Булганы сэргэлт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Ер нь аймаг, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт бусад аймагтай харьцуулахад маш бага байдаг. Үүнийгээ дагаад ажлын байр маш бага байна.
Өнгөрсөн жилээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, байгалийн аялал жуулчлал болон ухаалаг хөдөө аж ахуйг нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Малчин, тариаланчдынхаа түүхий эдүүдийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг асуудалд анхаарна. Тийм учраас ирэх гуравдугаар сард хөрөнгө оруулалтын форум зохион байгуулахаар төлөвлөж байна.
"ОРОН НУТАГ ДАХЬ ХАЛААЛТЫН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДОХ ЭРСДЭЛТЭЙ"
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун:
-Аймаг, орон нутгийн эрх мэдэл болон бие даасан байдлыг нэмэгдүүлж, төсвийн орлого нь давсан бол орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг ярьж байна. Газрын асуудлаас гадна халаалт дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй 10 гаруй жил болж байгаатай холбоотойгоор орон нутаг дахь халаалтын компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Үүн дээр шийдэл гаргаж өгөх асуудлыг хөндлөө. Жишээлбэл, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийг хэрэгжүүлж байсан ч БНСУ-ын компани дампуурлаа зарласан. Уг бүтээн байгуулалт 2024 онд 40 хувьтай гацсан. Ийм станц баригдах гэж байгаа болохоор аж ахуйн нэгжүүд өөрсдийн халаалтын зуухаа шинэчлэхгүй, хүлээлтийн байдалтай байна. Хэрвээ энэ бүтээн байгуулалт дуусвал үр ашиггүй зардал гаргана гэдэг байдлаар аймгууд халаалтаа шийдэж чадахгүй байна. Манай аймгийн хувьд энэ жил тэрийг харалгүйгээр халаалтын зуухнуудаа шинэчилж, хог шатаан дулаан боловсруулдаг зуухыг барьж байна. Тэгэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна.
"ОРОН НУТАГТ 26 АГЕНТЛАГ БАЙГАА Ч 8-ЫГ НЬ ЗАСАГ ДАРГА ТОМИЛДОГ"
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Орон нутагт олон асуудал тулгамдаж байна. Засгийн газраас энэ бүхний суурь шинэчлэлийг ярилцана гэдгийг онцоллоо. Орон нутгийн татаас харилцан адилгүй байгаа. Өнөөдөр орон нутгийн татаас нэмэгдээд байгаа боловч нөгөө талдаа сургууль, цэцэрлэгийн засварыг Боловсролын сайдын багцад тусгадаг байсан бол аймаг мэддэг болсон. Мөн дулаан, цахилгаан, устай холбоотой зардлууд Эрчим хүчний сайдын төсөвт тусгагддаг байсан бол аймаг орон нутаг руугаа шилжсэн. Тэгэхээр нэг талдаа бүх асуудал бэрхшээл нь аймаг орон нутаг дээрээ үлдээд, нөгөө талдаа орон нутгийн татаас нэмэгдээд байгаа юм шигээр харагдаж байна.
Орон нутагт 26 бие даасан агентлаг байгаа боловч наймынх нь удирдлагыг аймгийн Засаг дарга томилдог. Үлдсэн албан тушаалтныг агентлагийн дарга нар болон сайдууд томилдог. Ийм жишиг тогтсон. Энэ босоо томилгооны асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, шийдэх нь зүйтэй байна. Орон нутгийн удирдлагуудын олон жил ярьсан асуудлыг шийдэхэд анхаарч байгаад баяртай байна.
"БАРИЛГА БАРЬЖ, ЗАМ ТАВИХ ХАЙРГА ДАЙРГАА ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВДАГ"

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр:
-Энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ой тохиож байна. Тийм учраас ойдоо зориулан 50 ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Газартай холбоотой асуудлууд гарч байна. Манай аймаг газар нутаг багатай, өмчлөх эрхийн буюу иргэдэд олгох ёстой 0.07 га газрыг олгох ямар ч боломжгүй байгаа. Засаг дарга нарын зүгээс Засгийн газар сумын газрыг өмчлөх асуудлыг шийдвэрлэж байна. Үүнээс гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудал орон нутгийн ажлыг явуулахад хүндрэл учруулж байна. Орон нутагт барилга барих, зам тавих буюу хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхэд хайрга, дайрга ихээр ашиглах шаардлагатай болдог. Энэ тусгай зөвшөөрлийг Засгийн газар, салбарын яамнаас шийдэж байгаа эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх хэрэгтэй. Шийдвэрлэлтийн хугацаа урт байна. Манай аймаг гэхэд Улаанбаатар хотын бетон зуурмагийн м.куб үнээс хамаагүй өндөр өртгөөр зэргэлдээх аймгуудаас худалдан авдаг. Барилгын стандартад нийцсэн хайрга, дайргыг Дархан-Уул аймгаас худалдаж авахад давхар тээвэрлэлтийн зардал нэмэгддэг. Эдгээр асуудлыг шийдэж өгөх саналыг хөндөж байна.
"ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААСАА БОЛЖ АТГ-Т ДУУДАГДМААРГҮЙ БАЙНА"

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
-Бид зөвхөн гарын үсэг зурж, гэрээ байгуулснаараа худалдан авах ажиллагааг хийдэг мэтээр ойлгодог. Хэрэв төрийн албан хаагч юм уу, үнэлгээний хороо нь худалдан авах гэрээг хийж байгаа бол гэрээгээ өөрсдөө байгуул. Бид тэр гэрээг байгуулах ямар хэрэгтэй юм бэ. Бид гэрээг байгуулснаараа ажлынхаа тал хугацаанд Авлигатай тэмцэх газарт шалгуулж байна. Хоёр худалдан авах ажиллагааны нэг нь шүүхээр хянагдаж байна. Тэр болгонд бид АТГ-т очиж байгаа. Гэтэл яг тэр худалдан авах ажиллагааг зохион байгуулсан таван хүн л байдаг.
Тэр хүмүүс хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Тендер худалдан авалт хийдэг үнэлгээний хороогоо мэргэшсэн төрийн албан хаагч нар болгож, том бүтэцтэй болго. Хариуцлагаа өөрсдөө хүлээдэг, хараат бус байлга. Тэр таван хүний гаргаж ирсэн үнэлгээний хороогоор би гэрээ байгуулж байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ.
Хоёрт, бид "Сүү" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тендер зарлаад хүссэн сүүгээ хүүхдүүддээ авч өгч чадахгүй байна. "Сүү" ХК-ийн сүү хүүхдийн эрүүл мэндэд нийцэж байгаа учраас энэ сүүг авчих юмсан гэж горьдоод байгаа боловч тендерт орж ирсэн нэг "дурак"-ийн сүүг хүчээр авч байна. Тэгээд нөгөө сүүнээс болж эцэг, эхчүүдэд загнуулаад сууж байна. Бид хуулиа дагаж ажлаа хийснийхээ үр дүнд загнуулаад л сууж байна. Энэ хуулиа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Хэн нэгэн цүнх баригчийн худалдан авалтыг хийхийн тулд тендер зарлаж, бид өмнөөс нь хариуцлага хүлээмээргүй байна.
"НЭГ СУРГУУЛЬ БАРИХАД 3-4 ЖИЛ БОЛЖ БАЙНА"

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:
-Халаалт дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гарснаар 21 аймагт асуудал үүсэж байна. Зарим аймгуудын хувьд нийгмийн даатгал, татварын өрөндөө баригдчихсан байдалтай байна. Дулаан хуваарилах төвүүд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд нь 8-10 тэрбум төгрөгийн өртэй болчихсон. Энэ нь цаагуураа дулааны үнэ нэмэхгүй хатуу барьснаас болж энэ салбарт цаашдаа ажиллах боловсон хүчингүй болж байна. Ахмад настнууд нь тэтгэвэртээ гарч чадахгүй боллоо.
Зээл авч чадахгүй, өр ихтэй байна. Манай аймаг сумдын дулаан хуваарилах төвүүдээ хувийн хэвшил рүү шилжүүлсэн.
Төрөөс зуухны, шугамын асуудлыг шийдүүлэхгүйгээр өөрсдөө авч явж байна. Гэтэл дулааны үнэ нэмэхгүй болсонтой холбоотойгоор буцааж төрд өгөх асуудлыг хөндөж байна. Мөн дээрээс нь цэвэрлэх байгууламж дээр ажилладаг ажилчдын цалин мөнгө хүндрэлтэй болж байна. Он дамжин хэрэгжих бүтээн байгуулалтын асуудлууд байна. Нэг сургууль барихад 3-4 жил болж байна. Хувийн хэвшилтэй хамтарвал нэг жилийн дотор барих боломжтой.
3,548.92






















































Нэргүй 2026-01-16 59.153.114.85
Монгол засаг болбоос Улаанбаатарын л асуудлыг л шийдэж чадна. орон нутгийг бол хаясан. осолдохгүй л тэнд хүмүүс амьдарч байгаа учраас л нулмисан шүлсээ л өгдөг байх. Орон нутагт эрх мэдэл өгөөд эхлэнгүүт нөгөөдүүл нь бараг тусгаар тогтнох гээд шаачихна. Ёстой учир нь олддоггүй бантан болчихсон засагтай байна даа маниус
Нэргүй 2026-01-16 66.181.189.23
10 аймгийн дулааны станцын ажил урагшгүй байгаа нь сайд Чойжилсүрэнтэй шууд холбоотой.
Нэргүй 2026-01-16 202.126.90.150
Дундговь юун хог шатаах, бас тэндээсээдулаан гаргах… Дахиварыг авдаг газар нь тушаана, барилгын хог шатахгүй. Цаана нь Хошного арчсан цааснаас өөр шатах хог байх уу…
. 2026-01-16 43.242.243.10
дарханы дарга сайн ажиллаж байгаа шүү, ажил хийдэггүй хүн шүүмжлүүлдэгүй
Нэргүй 2026-01-16 202.179.15.130
Орхон аймгийн засаг дарга хуулиа сайн уншаарай.
зайлцгаа 2026-01-16 202.70.37.221
энэ Дархан, Эрдэнэт ийн засаг дарга нар ямар ичих нүүргүй энд сууж байна. Замаа хар пидда, цасаа ч олигтой хусаж чадахгүй байж. Сайхан 2 эгнээ зам бөөн юм болж барьсан, одоо нэг эгнээ нь битүү цас мөс
Нэргүй 2026-01-16 66.181.168.8
21 дүгээр зуун гараад техник технологи хөгжчөөд одоо болтол цахилгаан, дулаанаа шийдээгүй уурын зуухтайгаа зууралдсан арчаагүй улс бол манайх. Энэ хэдэн дарга сэтэртэй ажилаа мэддэггүй зориглоод хийх сэтгэлгүй хоолны савуудыг зайлуулж орчин үеийн шинэ залуусыг гаргамаар байна. Хувийн хэвшлийг дэмжээд өгвөл наад асуудлыг чинь жилийн дотор шийдчих чадалтай компани, аж ахуйн нэгжүүд зөндөө байгаа шүү. Нэг л асуудал ярьсан хүмүүс юу ч чадахгүй зайлцгаалдаа та нар
Нэргүй 2026-01-16 202.55.188.82
АЦС, УЦС уран эсэргүүцдэг улсууд аргалаа түлээд хөлдөж үхэх гээд байж байгдаа