“Багш та алган дээр од тавьдаг шидтэн” хэмээсэн урьд
цагийн сайхан шүлэг байдаг билээ. Гэтэл орчин цагт энэ шүлгийн утга аль хэдийнэ
алдагдчихаж. “Хичээл эхлээд удаагүй байна. Тэгсэн мөртлөө манай ангийн багш
биднээс номны мөнгө, анги тохижилтын мөнгө гээд аваад л байх юм” гэж Сүхбаатар
дүүргийн нэгэн сургуулийн сурагч ярьж билээ. Энэ хүүхэд үнэндээ “гүнзгий” ангид
сурдаггүй. Хичээл эхлээд найм хонож
байхад энэ хүүхэд багшдаа 50 мянган төгрөг атгуулаад амжжээ. Харин бодит байдал
дээр багш нар хичээлээ яаж хичээл заадаг тухай өнгийгөөд нэг үзье. Бага ангийн
нэгэн багш самбар дээр гараад хэдэн мөр бичүүлнэ. Самбар дээр бичсэн зүйлийг нь
хүүхдүүдээс асууна. Самбар дээр бичсэнийг нь яг хэлбэл сайн байна. Утгыг нь
алдагдуулахгүйгээр хэлбэл жаахан зөрж байна гэхдээ муугүй гэсэн үнэлгээ өгөх.
Нэг ёсондоо багшийн хэлсэнийг хэлж байвал “А”, өөрийнхөөрөө хэлж байвал “В” дүн
тавьдаг тогтолцоо үйлчилж байна гэсэн үг. Хичээлийн нэг өдөр ч өнгөрч
хүүхдүүдэд даалгавараа өгнө. Харин өнөөдрийн заасан хичээлээс юу сурсныг нь
лавлаж асуудаг багш нар цөөхөн байгаа нь харамсалтай. Маргааш нь даалгавар
шалгахдаа тухайн сурагч алдсан байвал ангийнхных нь нүдэн дээр “эргүү,
мангар”-аар нь дуудаж загнана. Эсвэл даалгавар хийгээгүй хүүхдийг ямар
шалтгааны улмаас хийгээгүйг нь асуухгүй мөртлөө янз бүрийн шийтгэл өгөх. Энэ
үзэл зөвхөн бага ангийн багш нарт байна уу гэвэл бас үгүй. Яг л бага ангидаа байсан
шиг самбар хуулдаг, хуулсныг нь асуудаг багш нар “дунд”, “ахлах” ангийнханд ч
байна. Ийм л бурангуй тогтолцоо хамгийн эрүүл байх ёстой боловсролын салбарт
тэр дундаа дунд сургуулийн багш нарт “гүн, бат” суучихжээ. Хамгийн гол нь дунд
сургуульд сурч байгаа хүүхдүүд энэ наснаасаа төлөвшлөө олдог гэдгийг мартаж
боломгүй.
“Манай ангид гурван хүүхэд байсан юм. Ангийн багшийн элдвээр
хэлэхийг нь тэвчиж чадалгүй сургуулиасаа гарсан. Нэг нь одоо сургуульд
явдаггүй. Дахиж тэгж хэлүүлэхээс айдаг гэнэ лээ. Нөгөө хоёр нь өнчин болохоор
багшийн нэхэх мөнгийг нь өгдөггүй байсан юм. Уг нь хичээлдээ гайгүй байж
байгаад, сурлага нь муудсан л даа. Даанч багш давтлага энэ тэрд хамруулдаггүй
байсан” гэж дээр багшийнхаа тухай мэдээлэл өгсөн сурагч хариулсан юм. Багш
хүний жинхэнэ үүрэг нь мөнгө авахын төлөө биш, эрдэм, мэдлэгээ сурагчдад
түгээдэг л баймаар. Сургууль завсардалтыг нийгэмтэй холбож үзэх нь бий. Гэтэл
сургууль завсардалтын гол шалтгаан нь “багш” нар байгаа юм биш
биз.
Тэгвэл одоо гадны багш нар ямар байдгыг сонирхоё. Тэнд
“би бол сурагчийн багш” гэдэг үзэл үйлчилдэг. Өөрөөр хэлбэл “шавь” төвтэй
сургалт зонхилдог. Европын багш нарын ёс
зүйн кодод “Сурагчийг ангийнхных нь өмнө элдэв нэр, хоч өгч, гутаан доромжилж
болохгүй” гэж заасан байдаг учир тэнд багш нь зөвлөгчийн үүргийг гүйцэтгэдэг.
Хамгийн гол нь хичээлийн идэвхийг нь сайжруулахын тулд сургуульд сурч байгаа
хүүхэдтэй хичээлийнх нь дараа заавал уулздаг тогтолцоог барууны орны сургуулиуд
дотоод зохицуулалтдаа оруулаад өгчихсөн байдаг. Тэгэхээр тэнд “багш” гэдэг
хүний үнэ цэнэ мэдэгдээд ирж байгаа юм. Ёс зүйн кодод орсон бас нэг зүйл нь
“Хэрвээ багш ямар нэгэн авлига авч байгаа нь баримтаар илэрсэн тохиолдолд
багшлах эрхийг 25 жилээс бүх насаар нь хасна” гэсэн зохицуулалтыг хийж өгсөн нь
боловсролын хуульд нь тусгалаа олсон байдаг. Гадны орнууд чадалтай багш нараа
сайн цалингаар тогтоож байдаг бас нэг тогтолцоотой. Тэгэхгүй бол өөр сургууль ч
юм уу, манайх шиг томоохон компанид орох тохиолдол саяхныг хүртэл байсан юм.
Одоогоос хэдэн жилийн өмнө Англи багшийн мэргэжлийг сонгож байгаа
хүүхдүүдийн босго оноог чангалж, цалинг нь зохих хэмжээгээр нэмсэн явдал
гарсан. Тэндхийн багш нар авлига авахааргүй цалинтай, хүн доромжилж, нэр хоч
өгөхгүй боловсролтой байж чаддаг болсоор уджээ.
Барууны орнууд биднээс хөгжлөөрөө хэтэрхий их түрүүлээд
явчихсан байж болно. Тэгвэл одоо бидний муулах дуртай Африк тивийн Нигер улсын
багш нар ямар байдгыг сонирхоё. Нигерийн сургууль бидэн шиг тохьтой орчинд
хичээл нь ордоггүй. Зүгээр л дээврийг нь сүрлээр битүүлсэн овоохойд л хичээл нь
ордог. Багш нар нь хүүхдүүдийнхээ бүх зовлонг нь мэддэг, тийм учраас зөвлөгч нь
байж чаддаг. Нийгэм нь угаасаа хүнд учраас багш нар ньтийм байхаас өөр аргагүй.
Ямар хичээл заадаг вэ? гэхээр харилцааны хамгийн энгийн элементийг заадаг байх
юм. Багш даалгавараа тэр өдөртөө л өгөхгүй бол “гэр”-тээ очоод хийх ямар ч
боломж байхгүй учраас тэр дор нь л өгөөд шалгачихна. Муу хийсэн сурагчаа
манайхан шиг загнаад байхгүй. Хамгийн гол нь тэндхийн багш нар ихэвчлэн сайн
дурынхан байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэдэнд цалин байхгүй. Гэхдээ л багш
хүнийхээ үүргийг гүйцэтгэдэг. Цалингүй хэрнээ авлига ч авдаггүй гэх. Бидний
хамгийн хоцрогдсон гэж бодож явдаг Африкийн багш нар нь харин биднээс
сэтгэлгээгээрээ аль хэдийнэ түрүүлээд явчихаж.
Баруун ч гэлтгүй, дорнын орнуудын сургуульд “шавь төв”-тэй
сургалтын систем үйлчлээд удаж байна. Гэтэл манайд “би л багш” гэсэн үзэл
үйлчлээд аль хэдийнэ 90 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Уг нь бид 20 жилийн өмнө
ардчилсан нийгэмд шилжсэн сэн. МУБИС-ыг “багш” мэргэжлээр төгссөн оюутнуудын 50
хувь нь л мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 50 хувь нь өөр
чиглэлээр ажилладаг байх юм. Ихэнх нь худалдагч, зөөгч, гайгүй нэг нь том
компанийн ня-бо, маркентингын албанд ажиллаж байна. Тэгэхээр бидний хүүхдүүдэд
ер нь ямар хүн хичээл ороод байна аа. Хэдэн жилийн өмнө манай арван жилийн
түүхийн багш Ватерлоогийн тулааныг Македоны Александр удирдсан гэж андуураад
онигоо болж байсан юм. Хэрвээ ийм багш нар одоо болтол байгаа бол харамсалтай л
байна. МУИС-ын социологийн тэнхимийн багш “Бусад тэнхмийн оюутнууд ямар байдгийг
мэдэхгүй. Уг нь суурь боловсролын гэрчилгээн дээрээ дүүрэн “А” дүнтэй хүүхдүүд
байгаа юм. Гэхдээ хүнтэй мэндэлж чаддаггүй хүмүүс их байна. Ямар сайндаа бид
эхний хэдэн өдрийн хичээлийг зөвхөн үүнд зориулж байхав дээ” гэж байсан юм.
Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Кембрижийн
стандартыг хэрэгжүүлнэ гэж зарласан. Уг нь сайхан хөтөлбөр. Гэхдээ багш нарыгаа
боловсруулахгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Багш нар нь хэрвээ
одооных шиг байгаа нөхцөлд мянган Кембриж, Оксфорд байгаад нэмэргүй баймаар.
Тэгсэн мөртлөө арван жилийг арван хоёр жил болгоод, түүнд нь зориулж сурах
бичиг “үйлдвэрлээд” байгаа нь хачирхалтай. Бид хөгжил удаан байна гэж ярих
дуртай. Тэгвэл багшлах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр шинэтлэлт хийж,
хариуцлагын тогтолцоог нь нэмээд өгчихвөл хөгжлийн хурд түргэсэх вий.
Багш өнөөдөр юу гээд хэлчих бол, маргааш хэдэн төгрөг
нэхэх бол, би даалгавраа зөв хийж байгаа болов уу гэж бидний хүүхдүүд санаа
зовох ёстой юу?
Ардын хүүхдэд “мэдлэг”-ээ түгээж байгаа ардын багшдаа
баярлалаа!
Б. Болорсүх