Байгалийн тансаг балгасан тал

Байгалийн тансаг балгасан тал

Байгалийн тансаг балгасан тал

Архангай аймгийн Өндөр-Улаан сум.

Хув цагаан үүлс тэнгэрт эрхлэн хөвөлзөж, урь ялдам салхи хаа нэг сэвшээлэхэд, дэл сул модод нэг нааш, нэг цааш найгана. Энэ давтамж бүр нь эгээ л театрын тайзан дээр үйлдэл зөрөлгүй бүжиглэж буй бүжигчид мэт урамтай харагдана.

Сэтгэл уярааж, харц уясан энэ газрыг Балгасан тал гэцгээх нь балар эртний балархай булшнуудыг зүйж холбосон нэр гэлтэй.

Үүр цүүр манхайж үес үесхэн болжмор, бялзуухай шулганан жиргэлдэж өглөөг дуудна. Нар дэгжихтэй зэрэгцэн "Сэрээрэй, сэрээрэй нөхөд өө! цайгаа уугаад, ажилдаа гараарай" гэж дуудах археологичийн үгс хур нойрондоо дарагдсан хүн бүхнийг сэрээх нь аль ч сэрүүлгээс нэмэртэй. Бүгд босоцгоож өглөөний цайгаа ууцгаана. Өтгөн хар цай, өөхөн тосонд хайрсан боорцог, ялимгүй давс нь ихэдсэн зутангаа идэж, ажлын талбай руу ачааны машины арын бүхээг дээр зогсож явцгаана. Ай яасан сайхан бэ. Салхи бүрийг дайж, байгалийн гоёос бүхнийг сонирхон сонжиж цэнхэр, шар, улаан, ягаан цэцэгсийн өнгийг тоолсоор ажлын талбар дээр бууцгаана. Хүрз, тэрэг, савакаа авцгааж өмнөх өдрийн ажлаа үргэлжлүүлэн малтлагаа хийцгээнэ.

"Хүннүгийн үеийн энэ булшнаас юу ч гарч ирж болно, юу ч гарахгүй байх ч магадлалтай" гэж ярих археологчдийн яриа ажиллаж буй хүмүүсийн сонорыг татна. Энэ яриаг сонссон хүмүүс урамшсан уу гэмээр борви бохис хийлгүй ажилласаар, нар хэвийлгэж үд дундална. Үдийн цайндаа орох болжээ. Тос даасан торгон цагаан гурилтай цуйванг хэн нь түргэн идэхээ уралдаж буй мэт л амаа ололгүй идэцгээнэ. Эргээд л ажилдаа орцгооно. Ам, ажил, сэтгэл гурваараа шигшигдсэн хүмүүс энд цуглажээ. Бүгд л эх түүхийг минь батлах эд өлгийн зүйл олон олдоосой гэж хүсэмжлэх нь сайхан.

Гэгээ хумигдаж энэ өдрийн ажил дуусах болжээ. Эргээд л машиныхаа тэвшин дээр зогсож ирсэн замаараа буцацгаана.Буцах замдаа ой ухаанаа бас л энэ хангайд алдчихна.Байгалийн тансаг гэдгийг бол бахдаад ханашгүй. Бахархам сайхан нутаг юм аа. Өө хэчнээн амгалан бэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-15 202.9.40.121

Их сайхан нийтлэл бичжээ. Уншаад тэнд яваад оччихсон юм шиг л сайхан санадлаа. Байгалийн үзэсгэлэнтэй нутаг юм байна. Архангайн Өндөр-Улаан суманд энэ зун заавал очиж хэд хоног хөдөө хээр ой дунд амарна. Ийм сайхан хүнд сонирхолтой танин мэдэхүйн ач холбогдолтой нийтлэл их бичиж байгаарай. Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж