Хүйтэн арлын төлөөх халуун хэлэлцээ

Хүйтэн арлын төлөөх халуун хэлэлцээ

Хүйтэн арлын төлөөх халуун хэлэлцээ

Цаг цөвүүн болжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Лхагва гаригт /2026.01.14/ Дани, Гренландын Гадаад хэргийн сайд нарыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Тэдний ярианы гол сэдэв бол дэлхийн хамгийн том арал болох Гренландын ирээдүй.

Гренландын нийслэл Нүүк хотын гудамж дахь урсдаг зарлалын самбар дээр "Трамп", "Гренланд", "бүрэн эрхт байдал" гэсэн үгс бүхий өгүүлбэр урсана. Та гренланд хэл мэддэг эсэхээс үл хамааран энэ самбарт ямар учиртай мэдээлэл урсаад буйг ойлгоно.

Трамп амар хялбар, хүнд хэцүү ямар ч хамаагүй аргаар Гренландыг авах хүсэлтэй гэдгээ илэрхийлсээр байна. Венесуэль ажиллагааны дараа Гренландын ард иргэд түүний үгийг тоглоом шоглоом гэж хүлээж авахаа больчихлоо. Байдал илүү ноцтой болж, тал талд түгшиж эхэллээ. Лхагва гаригийн уулзалтын үр дүнг хүлээх нь хэдэн сар жил мэт зарим хүнд санагдаж байгаа аж.

Гренландын ард иргэдийн байр суурийг сонсвол: 

Амели Зееб: Би Дональд Трампыг хоёр чихээ зөв ашиглаач гэж уриалмаар байна. Их сонс, бага ярь. Биднийг худалдаанд гаргаагүй. Манай улсыг зарж борлуулах гээгүй байна.

Сивинссок Раск: Манай улс бие даасан бөгөөд зохион байгуулалт сайтай болж, худалдагдахгүй байгаасай гэж хүсч байна.

Мариа: Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж байна. Бидэнд ийм анхаарал хэрэггүй гэх аж.

Гэвч Гренландыг анхаарах олон улсын чиг хандлага тийм амар өөрчлөгдөхгүй л болов уу. Яагаад гэвэл энд зөвхөн Гренландын ирээдүй бус илүү том геополитикийн ашиг сонирхол яригдаж байгаа юм. Гренландын маргаан НАТО-ийн гишүүн орнууд болох Дани, АНУ-ыг хооронд нь сөргөлдүүлж байна.

Гренланд бол Данийн хагас автономит нутаг дэвсгэр юм. Данийн ерөнхий сайд Метте Фредериксен "Хэрвээ АНУ арлыг хүчээр хяналтдаа авбал Атлантын далай дамнасан батлан хамгаалахын эвслийн төгсгөл ирэх болно. Европ хэдэн 10 жилийн турш аюулгүй байдлаа тус эвсэлд найдаж ирсэн билээ" гэсэн юм.

Гренландын асуудал АНУ, Европын харилцаанд ч сөргөөр нөлөөлнө. Үнэндээ АНУ, Европын харилцаа Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш хэдийнэ сэвтээд эхэлсэн билээ. Гэсэн атлаа Европын удирдагчид Украинд энх тайвныг тогтоох хүчин чармайлтдаа түлхэц болгох үүднээс Трампыг хажуудаа байлгахыг хүсч байна.

Трампын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс Гренландыг хяналтдаа авахыг хүсч байна. Хэрвээ АНУ авахгүй бол Хятад, ОХУ авах аж.

Энэ тал дээр Европын зарим гүрэн АНУ-тай санал нэг байгаа бололтой. Их Британи, Герман тэргүүтэй зарим улс Арктикт НАТО-йин байр суурийг нэмэгдүүлэх санал боловсруулахаар хичээж байна.

"Данийн энэ хэсэгт илүү сайн хамгаалалт хэрэгтэй гэх АНУ-ын санаа зовнилтой бид санал нэг байна. Бид зүгээр л Гренландын аюулгүй байдлыг сайжруулалцахыг хүсч байна" гэж Германы канцлер Фридрих Мерц хэлсэн билээ. Германы нөөцийн цэргийн холбооны дарга Патрик Сенсбург мөн ижил санал гаргасан бөгөөд "Европын нэг бригадыг Гренландад аль болох хурдан байрлуулах хэрэгтэй. Герман улс энэ ажилд онцгой ач холбогдол өгөх болно. Германы арми Арктикийн хүнд нөхцөлд цэргүүдийг сургаснаар стратегийн давуу тал олж авах болно" гэжээ.

Чухам хэдэн цэрэг, ямар байршилд гэх зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй ч хэлэлцээр урьдчилсан шатандаа явж байгаа бололтой.

Балтын тэнгисийн ёроолоор тавьсан кабелийг хамгаалах зорилготой "Балтын харуул" ажиллагаа байдаг. Энэ загвараар "Арктикийн харуул" ажиллагаа явуулах саналыг талууд гаргажээ. Балтын тэнгис ч тэр, Арктик ч тэр эрчим хүчний хоолой, интернетийн кабель гээд усан доогуурх дэд бүтэц ихтэй. Хайбрид довтолгоонд эмзэг эдгээр дэд бүтцээр өдөр бүр хэдэн тэрбумаар тоологдох ам.доллар урсдаг гэхэд болно.

НАТО-ийн хэвлэлийн төлөөлөгчөөр хамгийн удаан хугацаанд ажилласан Оана Лунгеску "Арктикт илүү их зүйл хийж болно. Их Британи, Герман улсууд цэргээ байршуулахгүй байлаа ч бүс нутагт сургуулилалтаа эрчимжүүлж, өргөжүүлж болно. ОХУ Украинд түрэмгийлснээр Арктик НАТО-ийн стратегийн тэргүүлэх чиглэл болсон" гэсэн юм.

Гренланд нь газар зүйн байршлын хувьд АНУ, Канад, ОХУ, Европ бүгдтэй нь хамааралтай.

Pituffik Space Base

АНУ анх дэлхийн хоёрдугаар дайны үед Гренландын стратегийн ач холбогдлыг ойлгожээ. Нацист Герман Дани улсад довтолсны дараа Гренландыг эзлэхээс нь сэргийлэхийн тулд АНУ тус арлыг эзлэн байрлаж байв. Сүүлд нь АНУ Гренландыг худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн ч Копенгаген зөвшөөрөөгүй аж. Удалгүй хоёр улс НАТО-гийн үүсгэн байгуулагч гишүүд болж, 1951 онд Гренландад цэргийн баазаа хадгалж, хүссэн хэмжээгээрээ цэрэг оруулах боломжийг АНУ-д олгосон батлан ​​​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан.

Гренланд бол АНУ, Оросыг холбох хамгийн дөт зам дагуу байрладаг арал. Тиймээс пуужингийн довтолгооноос хамгаалах гол түлхүүр болдог. ЗХУ задран унасны дараа АНУ Гренланд дахь байр сууриа эрс сулруулсан бөгөөд зөвхөн нэг цэргийн баазаа л үлдээсэн.

Гэхдээ Трамп үнэхээр аюулгүй байдлын асуудалд анхаарсан уу гэдэг өнцгийг зарим шинжээч гаргаж ирсэн юм. Германы Маршаллын сангийн хүндэт судлаач Иан Лессер хэлэхдээ " АНУ-ын хувьд Номхон далайн хойд хэсэг нь Гренландаас илүү ач холбогдолтой бүс нутаг. Берингийн хоолойн тэхий дунд хоёр жижиг арал бий. Өвлийн цагт тэр арлууд руу АНУ, Оросоос алхаад л хүрэх боломжтой. Том Диомед нь Оросын мэдэлд, Бага Диомед нь АНУ-ын Аляска мужид байдаг. Гэтэл Трамп Аляскаас илүү Гренландад анхаарал хандуулаад байгаа нь эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой юу гэж санагдаж байна" гэжээ.

АНУ аль нэг улсын тусгаар тогтнолд заналхийлэлгүйгээр асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Тухайлбал, НАТО Гренландын батлан хамгаалалтыг бэхжүүлж, АНУ хөрөнгө оруулалт хийж болно. Эцсийн мөчид юу болох нь тааварлашгүй ерөнхийлөгч Трампаас л хамаарна. "Хэрвээ тэр Гренландыг хүчээр авна гэвэл АНУ чөлөөт ертөнц байхаа болино" гэдгийг шинжээчид хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-15 203.98.76.9

Солиотой, шуналтай хүмүүсийн үе эхэлж байна.

Avatar

Зочин 2026-01-15 203.98.76.9

Хэрэв Америк авахгүй бол Орос, Хятад хоёрын аль нэг нь авна гэнүү? Трампыг бол улс төрч биш, бүр улс төрийн зүтгэлтэнч биш ашиг хонжоог зоосны нүхээр хардаг зөнөж байгаа наймаачин өвгөн гэж тодорхойлж болно. Өнөөдрийг хүртэл газар нутгийн хувьд ялангуяа том гүрнүүдийн хувьд ямарч маргаангүй тайван явж ирсэн жишэг үгүй болж хэн хүч чадалтай нь хүссэнээ авдаг зэрлэг жунглийн дүрэм хэрэгжиж эхлэх нь. Энэ нь Атлантидийн сүйрэл шиг юманд хүргэх нигууртай. Бүгд бод. Солиотой, шуналтай хүмүүсийн үе эхэ

Avatar

BODOO 2026-01-15 103.229.123.136

Зөнөг өвгөн

Avatar

Нэргүй 2026-01-15 59.153.115.124

АНУ Монголчуудад оршин суух виз буюу ажлын виз ба ногоон карт олгохыг энэ сарын 21-нээс зогсооно гэж байна.

Avatar

Зочин 2026-01-15 203.98.76.9

Тэр бузраар яах гэсэн юм. Горький нэгэнтэй Америкт очоод шар шуламын хот гэж нэрлэж байсан нь оносон үг байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж