
FIA буюу Олон улсын авто спортын холбооны удирдах зөвлөл уржигдар Парис хотноо хуралдаж, “Феррари”-гийн “багийн тушаал өгсөн” гэх хэргийн талаар хэлэлцлээ. Өнгөрсөн долдугаар сарын 25-нд Германы гран-при уралдааны үеэр Фелипе Массагийн уралдааны инженер Роб Смедли тэргүүлж явсан нисгэгчдээ, Алонсо чамаас хурдан байна гэж хэлсний дараа Масса хурдаа сааж, Фернандо Алонсо уралдааныг түрүүлж, дуусгасан юм. Энэ нь багаас уралдааны дүнд нөлөөлөхгүй байх “Формула 1”-ийн дүрмийг зөрчсөн нь илт явдал болсон юм. Тус гран-пригийн дараа “Феррари” багийг 100 мянган ам доллараар торгосон шийдвэрийг Парис хотноо өчигдөр хуралдсан эрхмүүд хэвээр үлдээсэн байна. Хуралд “Феррари”-гийн босс Стефано Доменикалли, хуульчидтайгаа оролцсон аж. Түүнийхээр “Феррари” яг Массаг байраа тавьж өг гэсэн үг хэлээгүй учраас дүрэм зөрчөөгүй гэнэ. Уг нь бүгд л Масса Алонсод байраа тавьж өгснийг харсаар байсан юм.
Олон улсын авто спортын холбоо Алонсогийн ялалтыг цуцлах, эсвэл “Феррари”-гийн оноог хасах гэх мэтийн олон шийтгэл оноож болох байсан ч үндсэн хоёр багийн нэгийг ингэж шийтгэхгүй нь анхнаасаа л тодорхой байв. Уг нь “Феррари” 2002 онд түрүүлж явсан Рубенс Баррикелог Михаэль Шумахерт хожигдох тушаал буулгасны дараа Олон улсын авто спортын холбооноос багаас уралдааны дүнд нөлөөлөхийг хориглосон шийдвэр гаргаж байсан билээ.