Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас хориглосон бодис илэрсэн есөн бөхийн нэрийг зарлажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба, Архангай аймгийн арслан Д.Төрбаяр, Баянхонгор аймгийн сумын заан Ц.Болдбаатар, Дорнод аймгийн начин С.Цогтсүмбэр, Өмнөговь аймгийн сумын заан Б.Сундуйжадамба, Төв аймгийн заан Э.Гантөмөр, Төв аймгийн начин Э.Чойням нараас допинг илэрчээ.
Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар зүйлд “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, гурван алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлжээ.
Сорьц цуглуулах ажиллагааг Допингийн хяналтын ажилтны хоёр өдрийн сертификаттай сургалтад хамрагдсан, тухайн аймаг, дүүргээс томилогдсон цагдаа, тагнуулын байгууллага болон Нэгдсэн эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн бөгөөд сорьцуудыг тухайн өдөр нь Улаанбаатар хот дахь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МҮДЭБ)-д зориулалтын температур хадгалах, лацтай тээврийн сав ашиглан хүргүүлсэн.
Сорьцуудыг 2025 оны зургадугаар сарын 6-ны, долдугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Герман Улсын Дрездены спортын анализ болон спортын биохимийн институт /Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany/-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан.
WADA-гаас итгэмжлэгдсэн лабораториос гаргасан шинжилгээний хариуг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/ болон Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-д нэгэн зэрэг албан ёсны цахим шуудангаар ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасны дагуу тэмцээний үеэр допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс хууль, дүрмийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг албаныхан мэдэээллээ.

Д.МЯГМАРДОРЖ
3,595.72






















































БӨХ 2026-01-13 59.153.114.117
Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж
Зочин 2026-01-13 59.153.113.232
Допинг бол үндэсний бөхөд хавтгайрсан хэрэглээ, нарийн яривал допинггүй бөх байхгүй, байх ч үндэс байхгүй, бага цолтнууд, залуу бөхчүүдэд бол багш, дасгалжуулагчид бүүр системтэйгээр хэрэглүүлдэг, угаасаа ч тэрийг нь хэрэглэхгүйгээр дээшээ гарч ирэх ямар ч боломжгүй