Японы ерөнхий сайд Санаэ Такаичи өчигдөр (2026.01.13) Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёныг өөрийн төрөлх хот болох Нарад хүлээн авч, хоёр орны дээд хэмжээний уулзалтыг эхлүүлсэн. Энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг тогтвортой болгох зорилготой бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж буй талаар хэлэлцэх юм. Мөн бүс нутаг дахь дипломат үйл ажиллагааны явцын нэг хэсэг гэгдэж байна. Ли Жэ Мён долоо хоногийн өмнө Хятадад айлчилсан. Эл үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин Сөүлтэй илүү ойр дотно харилцахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Өмнөд Солонгос болон Япон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус хоёр орны удирдагч нар хамтын ажиллагаагаа улам сайжруулах чиглэлд санал нэгджээ. Дээд хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Ли хоёр орны хүнд хэцүү түүхэн цаг үеийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч, ирээдүйн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон. "Бид амаргүй цаг үеийг даван туулж, өнгөрсөн үеийн зовлонтой туршлагыг хуваалцаж байгаа ч Солонгос, Японы харилцаа хэвийн болсноос хойш 60 жил өнгөрч байна. Дараагийн 60 жилийн шинэ бүлгийг эхлүүлж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт онцгой утга учиртай юм” гэж тэрбээр хэлжээ.
Японы ерөнхий сайд Такаичиг түүний хэлсэн үгийг дэмжиж буйгаа илэрхийлэн, хоёр улсын олон арван жилийн хамтын ажиллагаа, харилцааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг онцолсон. “Бид энэ оныг ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалаас эхлэн Солонгос, Японы харилцаа илүү өндөр түвшинд хүрэх жил болгохыг хүсч байна” гэж тэрбээр хэлсэн байна. Ингэснээр, Өмнөд Солонгос, Японы удирдагч нар дэлхийн даяар хурцадмал байдал нэмэгдэж байхад хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдлыг онцолсон гэж шинжээчид үзжээ.
Ерөнхийлөгч Ли мөн Сөүл, Токио хоорондын нягт уялдаа холбоо урьд өмнөхөөсөө илүү чухал гэж хэлсэн байна. Тэрбээр “Энэхүү төвөгтэй, тогтворгүй олон улсын дэг журамд Солонгос, Японы хамтын ажиллагаа илүү сайн ирээдүй рүү тэмүүлэхийн хэрээр юунаас ч илүү чухал болж байна. Төвөгтэй, хэцүү, тав тухгүй талууд бас бий. Сайн ажиллаж байгаа зүйлийг дэмжиж, бэрхшээлийг нямбай зохицуулснаар бид илүү сайн ирээдүй рүү гар гараасаа хөтлөлцөн урагшилж чадна гэдэгт би итгэж байна” гэж мэдэгдсэн аж.

Японы ерөнхий сайд Такаичи хоёр орны стратегийн харилцаа, холбооны чухлыг онцолж, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад гар нийлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Эхний өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа холбогдох албан тушаалтнууд хэвлэлийн бага хуралд оролцсон. Эл үеэр Такаичи 2025 оны аравдугаар сард ерөнхий сайдын албан тушаалдаа орсноос хойш хоёр орны удирдагч нар гурав дахь удаагаа уулзаж буйг албаныхан дурджээ.
Удирдагч нар өнгөрсөн жил Кёнжү хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болон Өмнөд Африкт болсон "G20" дээд хэмжээний уулзалтын үеэр богино хугацаанд уулзаж байсан.
Нара нь Японы ерөнхий сайдын төрөлх хот, улс төрийн тойрог гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Ли өнгөрсөн оны аравдугаар сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Такаичид төрөлх хотод нь уулзалт зохион байгуулах санал тавьсан аж. Японы ерөнхий сайд гадаадын төрийн тэргүүнийг өөрийн сонгуулийн тойрогт урих нь ховор юм. Улмаар энэхүү уулзалт нь Нара хотод болсон анхны дээд хэмжээний уулзалт билээ. Японы хуучин нийслэл хотуудын хамгийн эртнийх нь болох Нара нь Солонгос, Японы хоорондох түүхэн, бэлгэдлийн газар бөгөөд 1500 гаруй жилийн түүхтэй соёл, дипломат харилцааг тусгасан чухал ач холбогдолтой юм. Хоёр орны удирдагч тус бүс нутгийн хамгийн алдартай соёлын өвийн газруудын нэг болох Буддын шашны сүм Хорю-жид зочлохоор төлөвлөж байна. Дараа нь Ли Японд хийх хоёр өдрийн айлчлалаа өндөрлөж, Осака зэрэг Кансай бүс нутгийн солонгос үндэстнүүдтэй уулзаж, гэртээ харих болно.
УРТ ХУГАЦААНЫ ТҮҮХ, ЭМЗЭГ ХАРИЛЦАА
Япон, Солонгосын хойг хоорондын соёл, шашин, улс төрийн харилцаа нэн эртний түүхтэй. Гэхдээ 1910–1945 онд Япон улс Солонгосыг колоничилж байсан үеийн маргаан одоог хүртэл хоёр орны харилцаанд олонтоо саад болж ирсэн. Дараа нь 1965 онд хоёр улс харилцаагаа хэвийн болгох гэрээ байгуулж, Япон улс Өмнөд Солонгост 500 сая ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлсэн бөгөөд дайны үеийн нөхөн төлбөрийн асуудлуудыг бүрэн шийдсэн аж. Гэвч дайны үеийн албадан хөдөлмөр, бэлгийн боолчлол зэрэг түүхэн асуудлууд олон арван жилийн турш хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлсөөр иржээ.
Сүүлийн жилүүдэд Хятад, АНУ-ын өрсөлдөөн эрчимжиж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр урагшилж буй зэрэг нийтлэг сорилтуудын улмаас Япон, Өмнөд Солонгосын харилцаа аажмаар сайжирч эхэлсэн юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли "NHK" телевизэд өгсөн ярилцлагадаа, “Бид түүхтэйгээ шударгаар нүүр тулж, хамтран ажиллаж болох салбаруудад нэгдэн, ирээдүй рүү хамтдаа урагшлах ёстой. Энэ бол Японы ард түмэнд хүргэхийг хүсэж буй миний мессеж” гэжээ. Ерөнхий сайд Такаичи аюулгүй байдлын хатуу байр суурьтай улстөрч гэдгээрээ танигдсан. Мөн ерөнхийлөгч Лигийн Хойд Солонгос, Хятад руу илүү хэлбийх болов уу гэсэн таамаглал эхэндээ Япон, Өмнөд Солонгосын харилцаанд болгоомжлол төрүүлж байв. Гэсэн ч Такаичи болон Ли нар харилцаагаа сайжруулахын төлөө хичээж байна.
Такаичи өмнө нь Японы дайнд амь үрэгдсэн 2.5 сая хүнийг, түүний дотор дайны гэмт хэрэгтнүүдийг хүндэтгэдэг Ясукуни сүмд тогтмол очдог байсан. Энэ нь тус улс Солонгос болон Хятадад дайны цагт үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгааг харуулж байна гэж шүүмжлүүлдэг байв. Харин өнгөрсөн жил Японы ялагдсан өдөр болон намрын баярын үеэр тус сүмд Такаичи очиж, мөргөл үйлдээгүй байна. Оронд нь шашны тахил өргөжээ. Улмаар шүүмжлэлд өртөх нь арай багассан юм.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны удирдагч нар түүхэн маргаантай асуудлуудыг төдийлөн хэлэлцэхгүй. Харин 1942 онд Японы баруун хэсэгт орших далайн доорх уурхайн ослоор амиа алдсан 180 ажилчин, тэдний дотор албан хүчээр ажиллаж байсан 136 солонгос хүний шарилыг илрүүлэх хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хэлэлцэж магадгүй. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара өнгөрсөн жил тухайн газраас олдсон зарим шарилд ДНХ шинжилгээ хийх асуудлыг хоёр тал хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн юм.
3,595.72




















































Нэргүй 2026-01-14 202.126.90.194
ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА.ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.
Нэргүй 2026-01-14 66.181.161.19
ЯПОНЧУУД ИРГЭДИЙГ НЬ ХУЛГАЙЛЖ УСАН ХИЛ ДОТОР НЬ ОЛОН УДАА ЦӨМИЙН ПУУЖИН ТУРШСАН ХОЙД СОЛОНГОСЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ХЯТАДТАЙ СӨРГӨЛДӨХ. БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН БААСААР БААЖ БАЙДАГ.