"Ерөнхий сайдын томилгоо хүртэл Үндсэн хуулийн зарчим зөрчсөн"

"Ерөнхий сайдын томилгоо хүртэл Үндсэн хуулийн зарчим зөрчсөн"

"Ерөнхий сайдын томилгоо хүртэл Үндсэн хуулийн зарчим зөрчсөн"

Монголын Криминологичдын холбооны судлаач С.Номынбаясгалантай Үндсэн хуулийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад өнөөдөр 34 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хугацааны ололт, амжилт юу вэ?

-Монгол Улс 1992 онд ардчилсан маягийн Үндсэн хуулиа баталсан. Иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох, олон намын тогтолцоог нэвтрүүлсэн. Энэ бүхэн шинэ Үндсэн хуулийн ололт амжилт гэж болно.

-Монголчууд ардчилсан маягийн Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, өмчтэй болох гэх мэт олон амжилт бий. Гэвч өнөөдөр бусад хуулиар хүний эрх, эрх чөлөөгөө зөрчөөд байна шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн амин сүнс хэрэгжихгүй байна гэж хардаг. Та судлаачийн хувиар юу хэлэх вэ?

-Бид өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гадаад улсын хуулийг маш ихээр импортоор авсан. Өөрөөр хэлбэл, импортоор маш олон онолыг авсан гэсэн үг. Орчуулгын хуулиудыг шууд хуулж хэрэглэсэн. Энэ 30 жилийн хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаа үндсэндээ гаднын онолын туршилтын туулай болсон. Үүнээс улбаалаад монгол хүнд, монгол нийгэмд тохирсон, нийцсэн монгол загвар гэж байхгүй болов. Уул нь монголын соёл, уламжлал, ёс заншилд нийцсэн хүн төвт эрх зүйн үзэл санааг өнөө үед бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хууль тогтоох үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаа, түүний агуулгад нийцсэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах соёл, ухамсар эрх зүйн хувьд болон улс төрийн хувьдаа ч бүрэн төлөвшиж чадаагүй.

Үндсэн хууль батлагдаад 30 гаруй жил болсон гэж байгаа ч эрх зүйн шинжлэх ухааны хувьд маш богинохон хугацаа гэсэн үг. Хууль тогтоогч хууль, тогтоол баталж байгаа боловч асуудлыг үндсээр нь бүрэн гүйцэд бус харин зүгээр түр зуурын шинжтэй косметик засвар хийчихдэг.

Нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрээр өөр нэг хуулийн харилцааг орхигдуулдаг, эсвэл зөрчдөг. Бид Үндсэн хуулиараа үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан гэж ерөнхий ярьж байгаа боловч энэ нь салбарын маш олон хуулиар баталгаажих ёстой. Тухайлбал, Эрүү, Иргэн, Хэвлэл мэдээллийн салбарын хуулиудад үг хэлэх эрх чөлөөг бататгах ёстой. Гэвч хуулиа бүтнээр буюу системчлэн харж цогцоор нь батлахгүй болохоор эрх зүйн зохицуулалтын хийдэл үүсдэг. Хийдэл иргэнийг хохироох асуудал маш их байгаа. Мөн өмчлөх эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Тодруулбал, Түгжрэлийн тухай хуулийг 2023 онд баталсан. Түгжрэлийн хуулийг дагалдуулан маш олон хуульд косметик засвар хийсэн. Тэдгээр нэмэлт, өөрчлөлт өмчлөх эрхэд маш ихээр халдсан. Ганцхан жишээ хэлэхэд, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүргэхдээ сүүлд бүртгүүлсэн үнийг бууруулахүй гэдэг заалт оруулснаар сүүлийн хэдэн жил иргэд үл хөдлөхөө худалдан борлуулах эрхгүй болсон. Түгжрэлийн тухай хуулиар Улаанбаатар хотын асуудлыг шийднэ гэж баталсан боловч дагалдах бусад хуулиудын зармын үйлчлэл нь 21 аймаг, 334 сумын иргэдийн өмчлөх эрхэнд халдсан. Хуульд косметик засвар хийснээр ингэж иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхүүд зөрчигдөж, Үндсэн хуулийн хэрэгжилт доголдох нөхцөлүүд бий болдог. Энэ мэтчилэн маш олон жишээ бий.

-Ялангуяа Түгжрэлийн хууль, Агаарын бохирдлыг бууруулах албадлагын арга хэмжээнүүд иргэдийн эрхийг зөрчсөн?

-Дугаар хязгаарлалт ч ялгаагүй иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн.

-Миний мэдэхээр улстөрчид нэг том асуудал үүсэхээр Үндсэн хууль, Цэц рүү хамаг бурууг өгөөд, тогтолцооны гажиг яриад, сүүлдээ иргэд эрхэлсэн болоод дуусдаг шүү дээ. Эдгээрийг яагаад Үндсэн хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байна вэ? 

-Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд гуай “Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм биш. Үндсэн хуулиар зарчим тодорхойлно” гэж хэлсэн байдаг. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санааг тайлж уншин, тодорхойлоод, хууль батлах асуудал гэсэн үг. Гэтэл нөгөө хууль тогтоогчид маань Үндсэн хуулийн үзэл санааг буруугаар тайлж уншин, тодорхойлж ойлгоод, алдаа гарвал Үндсэн хууль руу чихээд байгаа юм. Өөрсдөөсөө алдаагаа түлхдэг. Энэ нь би түрүүн хэлсэнчлэн, хууль тогтоох үйл ажиллагаанд Үндсэн хуулиа дээдлэх соёл, ухамсар эрх зүйн хувьд болон улс төрийн хувьдаа ч бүрэн төлөвшиж чадаагүйг харуулна.

-Монгол Улс Үндсэн хуульд бичсэн шиг парламентын засаглалтай, Ерөнхийлөгчийн засаглалтай, бүр эсвэл Засгийн газар нь засаглаад ч байгаа юм шиг ойлгомжгүй болчихсон. Жишээ нь, өнгөрсөн жил Үндсэн хуулийн зарчим ярьсаар байгаад олон нийтийн толгойг эргүүлж орхисон. Та алийг нь засаглаж байгаа гэх вэ?

-Энэ бол зөвхөн өнгөрсөн жилийн асуудал биш. УИХ-ын дарга нь Улсын дээд шүүхийн шүүгч нартай албан юм уу, албан бус нь мэдэгдэхгүй золголт хийдэг. Урьд өмнө нь ч болж байсан явдал. Өнгөрсөн 2024 онд гэхэд УИХ-ын дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын санал гэж ойлгогдох санал тавьж байх жишээний. Мөн 2025 онд УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд мөн л ажлын санал гэж ойлгогдохоор албан бус санал маягийн зүйл тавиад, нөгөө хүн нь ажлаа өгсөн, тодруулбал УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал шүү дээ. Энгийн логикоор бодож үзэхэд, Үндсэн хуулийн шүүхийн шүүгч болох Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал тавих нь өөрөө хэр зохистой вэ, цаашлаад энэ мэт саналыг бусдад нь ямар нэгэн байдлаар ил эсвэл далд байдлаар тавих, тавьж болох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юу гэх мэт хариултгүй асуултууд цөөнгүй хоцров. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиа дээдлэх соёл тогтоогүй гэдгийг дахиад хэлье. Мөн ялангуяа сүүлийн хэдэн жилд хууль тогтоох үйл ажиллагаа төрийн гурван өндөрлөгийн тоглоомын талбар болчихов уу гэж би хувьдаа харж байна.

Үе үеийн УИХ-ын дарга нар Үндсэн хуулийн шинжтэй байгууллага, бүр сүүлдээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд албан болон албан бус байдлаар ажлын санал тавьдаг болсон.

Энэ байдал яван явсаар бүр сүүлдээ нийгэмд энэ мэт үйлдлүүд хэвийн байх л зүйл болж үлдэв. Мөн түүнчлэн 1992 оны Үндсэн хуульд оруулсан 2000, 2019 болон 2022 оны нэмэлт, өөрчлөлтүүдээр баталгаажсан Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулиар тогтоосон шалгуурыг 2025 оны зургаадугаар сард болсон Ерөнхий сайдын томилгоо зөрчсөн. Өнөөдөр Монгол Улс парламентын засаглалтай гэж хэлж, ярьж бичдэг боловч яг одоо үнэн хэрэг дээрээ гүйцэтгэх эрх мэдлийн засаглалтай болчихсон юм уу гэж асуух хэмжээнд хүрээд байна. Тэр нь өнгөрсөн хугацааны улс төрийн нөхцөл байдлаас тодорхой харагдана.

-Тэгвэл Та Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хуулийн зарчмын дагуу томилогдсон Ерөнхий сайд мөн гэж хэлэх үү?

-Миний хувьд 2025 оны зургаадугаар сард Монгол Улсын нэр бүхий иргэнийг Ерөнхий сайдаар томилж байгаа нь Үндсэн хуулийн 1.2, 29.1, 39.1 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээд зарчим алдагдсан гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл, Үндсэн хуульд оруулсан 2000, 2019, 2022 оны нэмэлт, өөрчлөлтүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэдэг үзэл санаа тусгагдсан.

Үүнийг ч Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор 2022 онд баталгаажуулсан. Эдгээр зүйлүүдийг зөрчин Ерөнхий сайдын томилгоог хийсэн нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, агуулгад төдийгүй цаашлаад Монгол Улсад Үндсэн хууль засаглаж байна уу, аль эсвэл нам засаглаж байна уу гэдэг асуулт тавихад хүргэсэн байна.

Давхар дээл гэж ярьдаг. Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн 30 жилд энэ асуудлаар маш олон зөрүүтэй шийдвэр гаргасан. Цэцийн түүхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийж болно, болохгүй гэдэг зөрүүтэй олон шийдвэр байна. Үндсэн хуулийн Цэц олон талтай шийдвэрүүд гаргаад байгаа нь Цэцэд эргэлзээ төрүүлдэг?

-1992 онд Үндсэн хуулийг батлахдаа Шарль Монтескийн “Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл харилцан тэнцвэртэй бие биедээ хяналт тавина” төрийн эрх мэдэл хуваарилах онолын үзэл санааг авсан. Гэтэл 2000 онд Үндсэн хуулийн 29.1-т нэмэлт өөрчлөлт оруулахдаа, УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн байж болно гэдэг агуулга тусгасан. УИХ 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг 2000 онд зарчмын шинжтэйгээр өөрчлөгдсөн. Улмаар 2000 оноос хойш 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх хүртэл давхар дээлтэй явсан. Тэгвэл 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр 2000 оны алдааг засах гэж оролдсон. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийхэд тоон хязгаарлалт тавьж өгсөн онцлогтой.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэдэг хязгаар тогтоосон. УИХ ингэж засах оролдлогыг хийхдээ 2000 оны нэмэлт өөрчлөлт болох Үндсэн хуулийн 29 дүгээр 1 дэх хэсэгт огт өөрчлөлт оруулаагүй байдаг.

Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц 2022 онд маргаан шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтцээ зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон тогтоол гаргасан. Уул шийдвэрийн үндэслэлд УИХ-ын гишүүдийн тоог нэмж болох талаар дурдаад энэ нь УИХ өөрт нь хадгалагдаж байгааг онцолсон байдаг. Үүнээс улбаалан Засгийн газар бүрэлдэхүүнээрээ Улсын Их Хурлын гишүүд байхаас гадна 76 гишүүнийг 126 гишүүн болгох үндэслэл нь болж өгсөн онцлогтой.

-Өөр нэг сонирхолтой асуулт байгаа нь Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эсэхийг Үндсэн хуулийн Цэцийн оролцоотойгоор Үндсэн хуулийн аргаар хийх боломжтой гэх байр суурь илэрхийлэх хүмүүс байдаг. Үүнд одоогийн тоглоомын гэж болох Засгийн газрын үүрэг гүйцэтгэж болно шүү дээ?  

-2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгоно гэж заасан. Тухайн үед Үндсэн хуульд энэ нэмэлт өөрчлөлт оруулахдаа, яарч сандран, тооцоо судалгаа сулхан, дутуу дульмаг зүйл их байхад механикаар баталж байсан болов уу гэж би хардаг. Маш богино хугацаанд хийсэн өөрчлөлт шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 2027 онд дахин нэр дэвших боломжгүй.

Хэн нэгэн улстөрч санаачлаад, Үндсэн хуулийн өөрчлөлт хийлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгчид тэр нэмэлт өөрчлөлт үйлчлэхгүй. Х.Баттулга Ерөнхийлөгч өөрчлөлтийн гадна үлдсэн практик бий. Гэхдээ хэн нэгэн Үндсэн хууль зөрчихгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Улс төрч нарын шийдвэр, үйл ажиллагаа нь ашиг сонирхлоос ихээхэн хамааралтай байдаг тул энэ талаар шууд хэлж мэдэхгүй байна.

 -Та сүүлийн хэдэн жил хувь судлаачийн хувиар Үндсэн хуулийн цэцийг ажилтай байлгаж байгаа хүн гэдэг нэр хоч зүүдэг болсон. Одоогийн Хот тосгоны тухай хууль бас Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзэж байна?

-УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Энэ өдөр хууль батлагдахтай зэрэгцээд УИХ-аас Хот байгуулах тухай 72 дугаар тогтоолыг 2024 онд баталсан. Нэг өдөрт хууль, тогтоол баталсан. Энэ нь Үндсэн хууль дээдлэх зарчимтай зөрчилдсөн гэж үзээд байгаа. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Хот, тосгоны эрх зүйн байдал, зохион байгуулалтыг хуулиар тогтооно гэж зааж өгсөн. Энэ дагуу батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хот байгуулахад тавигдах шаардлагыг холбогдох эрх бүхий субъект хэрэгжүүлэх ёстой. Гэтэл тэдгээр шаардлагыг хэрэгжүүлэх боломжийг холбогдох этгээдүүд олголгүйгээр шууд хот байгуулсан нь алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Ингэснээр төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой гэх зарчим үүгээр зөрчигдөх болсон байна.

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-01-13 203.169.50.8

Тэгээд хуулиа срөөсөө хэрэгжүүлж чадаагүй хийсвэр з?йл батлаад байсан хэрэг үү? тэгсэн мөртлөө ард иргэдэд айхтар үйлчилээд байдаг шүү? онигоо онигоо их хурлынхаа

Avatar

Нэргүй 2026-01-13 202.126.90.181

Yu unen ter unen

Avatar

Нэргүй 2026-01-13 66.181.182.41

Сайн байна нэгч гэсэн бурууг олж харж хэлж чаддаг хүн байгаа нь яамайда одоо Хууль зөрчсөн Зандагаа гэрт нь хариулах цаг болжээ

Avatar

сонгогч 2026-01-13 202.9.46.141

МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ МОНГОЛ БОЛОВ…………..

Avatar

ХУУЛЬЧ 2026-01-13 202.9.47.76

КРИМИНОЛОГЧ ХҮН ҮНДСЭН АЖЛАА САЙН ХИЙЖ СУР .,,,БИТГИЙ ИХ МЭДЭГЧ БОЛЖ ХАДУУРЧ ШҮҮХЧ , ПРОКУРОР БОЛОХ ХЭРЭГҮЙ ,,,,,, ТЭГЭЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ТАНГАРАГ ӨРГӨӨД УЛСЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛ АЛБАН ТУШААЛ .БИДНЭЭС УРЬТАЖ АВДАГАА БИТГИЙ МАРТ.

Avatar

Зочин 2026-01-13 150.228.177.155

1 д хууль маш муу гарч бна, мердвел гамшиг болох хууль гаргаж бна. 2-л ямап ч хяналтгуй болчихлоо, тер тэг зогсолтонд орсон!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж