АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэль улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж, ерөнхийлөгчийг нь баривчилсан билээ. Энэхүү дуулиантай ажиллагааныхаа араас хэд хэдэн улсад анхааруулга хүргүүлсний нэг нь Куба.
Тэрбээр Ням гаригт /2026.01.11/ “Х” хаягаараа жиргэхдээ “Куба олон жилийн турш Венесуэлийн мөнгө, газрын тосоор амьдарсан. Хариуд нь Куба улс Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчийг аюулгүй байдлын үйлчилгээгээр хангасан. Одоо цаашид тийм юм байхгүй. Одоо Венесуэльд тэднийг хамгаалах АНУ бий. Дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс. Одоо ахиад Куба руу явуулж байдаг мөнгө, газрын тос гэж байхгүй. Тэд хэтэрхий оройтохоосоо өмнө хэлэлцээ хийх хэрэгтэй гэдгийг би сайтар сануулъя” гэсэн юм.
Энэхүү жиргээтэй зэрэгцээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог Кубын ерөнхийлөгчөөр томилно гэх цуу яриа хүртэл дэгдээд амжжээ. Консерватив тоймч Марк Тиссен “Кубын дэглэм Эйзенхауэраас хойш бүх цаг үед тогтвортой оршсон. Дональд Трамп энэ гинжин хэлхээг тасалбал ямар нэгэн юм болохгүй гэж үү?” гэж жиргэсний дараа эл цуу яриа гарсан юм.
Тэгвэл үнэн худал нь үл мэдэгдэх янз бүрийн мэдэгдэл, цуу яриануудын дараа Кубын удирдагч Мигель Диас-Канел ам нээлээ. Тэрбээр мөн Ням гаригт “Бидний юу хийхийг хэн ч заахгүй” гэж жиргэжээ.
Куба улс газрын тосоор баялаг Венесуэль улсаас эдийн засгийн хувьд хамааралтай олон жилийг үдсэн. Гэвч Трампын цэргийн тусгай ажиллагаа болон АНУ, Венесуэль хоорондын газрын тосны шинэ хэлэлцээ Кубыг аль ч үгүй хоосон үлдээж магадгүй болоод байна. Тодруулбал, Венесуэль улс АНУ-д 30-50 сая баррель хэмжээтэй газрын тос нийлүүлэхээр төлөвлөж байна. Тэр их газрын тос Куба ч юм уу өөр улс руу бус зөвхөн АНУ руу гарна гэсэн үг.
Трампын Венесуэль ажиллагааны үеэр Кубын 32 иргэн амь үрэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Мигель Диас-Канел мэдэгдэл хийхдээ “Куба улс түрэмгийлэл үйлддэггүй. Харин АНУ л 66 жилийн турш түрэмгийлж байна. Бас бид хэнийг ч заналхийлдэггүй. Зөвхөн сүүлчийн дусал цусаа хүртэл эх орноо хамгаалахад бэлддэг, бэлэн байдлаа хангадаг” гэжээ.
Мөн “Бүх зүйлийг, тэр байтугай хүний амийг хүртэл бизнес болгож хувиргадаг хүмүүст манай улсыг буруутгаж, шүүмжлэх эрх үгүй” гэж хэлжээ.
Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес өмнө нь “Бид АНУ-ын хөндлөнгийн оролцоогүйгээр эдийн засгийн түншүүдээсээ шатахуун импортлох бүрэн эрхтэй” гэж хэлж байв. Мөн Куба улс Венесуэлийн газрын тос, мөнгийг аюулгүй байдлын үйлчилгээгээр сольж авдаг гэх Трампын мэдэгдлийг үгүйсгэсэн юм. “АНУ зөвхөн Кубаар тогтохгүй дэлхийн бөмбөрцгийн тэн хагасын, цаашилбал, бүх дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй гэмт хэрэгтэн, давуу эрхтэн шиг аашилж байна” гэж тэр хэлжээ.
Трамп “Air Force One” онгоцноос сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Кубатай яриа хэлэлцээний шатанд явж байгаа гэсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Тэрбээр аргагүй эрхэнд ороод эх орноо орхин гарсан куба хүмүүсийн асуудлыг онцгойлон хэлэлцмээр байгаагаа дурдсан байна.
Куба улс 1961 оноос хойш "нэг улс, нэг нам" зарчимд суурилсан социалист улс төрийн системтэй явсан. Энэ тогтолцоо, дэглэмийг өөрчлөхийг АНУ эртнээс нааш хүсчээ.
Кубын дэглэмийг өөрчлөх гэсэн Трампын хүсэл эрмэлзлийг дэмжиж буй гол хүмүүсийн нэг бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио. Куба цагаачийн хүү Рубио АНУ-ын улс төрд тогтвортой байр сууриа олсоор өнөөдөр Трампын баруун, эсвэл зүүн гар гэж хэлэхэд ч хилсдэхээргүй нэгэн болсон.
Тэгвэл болж буй үйл явцад Куба улсын иргэд янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байна.
Иргэн Паола Перез “Бид АНУ, Венесуэлийн харилцааг буруутгахгүй. Гэсэн ч тэдний харилцаа бидэнд асар их нөлөөлөөд байна. Шийдэл олох ёстой гэдгээ Трамп сайн мэдэж байгаа. Зүгээр ингээд л Кубыг авчихаж болохгүй шүү дээ” гэжээ.
Харин иргэн Луис Алберто Жименез “Кубын газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулна гэх Трампын заналхийллээс айхгүй байна. Би угаасаа бэлтгэлтэй байгаа болохоор аль ч утгаараа айхгүй байна. Куба хүмүүс бүх зүйлд бэлэн, ямар ч нөхцөл байдал үүссэн, бүх зүйлд бэлтгэлтэй байгаа” гэжээ.
“Reuters” агентлагт байр сууриа илэрхийлсэн гурав дахь иргэн Мариа Элена Сабина “Хохирч байгаа хүмүүс нь ард түмэн. Тиймээс томчууд шийдвэрээ гаргах ёстой. Арал дээр аливаа хомсдолуудыг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энд тог цахилгаан алга, газ алга, шингэрүүлсэн газ алга. Ер нь юу ч алга. Венесуэль, аль эсвэл Мексикээс илгээдэг байсан газрын тос хааччихав?” гэжээ.
3,548.92






















































Зочин 2026-01-13 59.153.113.232
Эцсийн эцэст Куба өөрөө л буруутай, олон жилийн турш оросын бууны нохой болж явсныхаа горыг л амсаж байгаа хэрэг, хэн хэнд нь халгүй төвийг сахисгээд өөрийн бодолтой явсан бол юу гэж ийм юм болох, одоо оросууд кубын төлөө юу ч хийхгүй ш дээ, хийе ч гэсэн чадахгүй
зочин 2026-01-13 66.181.187.73
олон жил кубийг амeркууд эдийн засгийн хоригт байлгаж ядууруулж эзэлж авах юм ярьдаг янк санаа гэж аюултай
Нэргүй 2026-01-13 66.181.182.41
Улсаа ядууруулж доройтуулсан куба комунистуудыг тусгай ажилгаанд оруулсан нь дээрдээ Оросыг Украйд ухнатаж байх хооронд
зочин 2026-01-13 66.181.160.78
:Дэлхийн Банкны гаргасан 24 оны жагсаалтаар Куба чинь биднээс баян юм байна лээ
ДНБ Куба 95 р байр ( 8920 $ ) ..Монгол 127р байр ( 4950$ ).. Монголчууд бид чинь 40, 50 жил хоригт байгаа улсаас ядуу юм байна шдээ Ичмээр юмаа …
ЗАНДАНШАТРАА..!!!…. ИЧИХГҮЙ БАЙНА УУУУУ.. ???…
Нэргүй 2026-01-13 103.212.162.42
манай улс мөн ялгаагүй эдгээр улс шиг бусдын хөлд үрэгдэх вий. Эдэн шиг болохгүйн тулд юуны өмнө аж ахуйн нэгж компаниудыг нэн даруй жинхэнэ утгаар нь хувьчилж эзэнтэй болгох гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүний тул татварын тоог бууруулах төрд ажиллагсдын тоог бууруулж хувийн компанид ажиллагсадад адил тэгш үйлчилгээ үзүүлэх газрын тос боловсруулах үйлдвэрээ яаравчлахыг нэн даруй хийх хэрэгтэй…
И 2026-01-13 103.212.117.21
куба, Венесуэл , Хойд Со, Станууд г.м нэг хүний дарангуйлалын засаглалтай улсууд ядахнаа Орос, Хятад шиг болмоор юм.