”Үнэн үгийг хүргэх нь хамгийн чухал”

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

”Үнэн үгийг хүргэх нь хамгийн чухал”

Ардчилсан эмэгтэйчүүдтийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Хэдэн сарын өмнө  гар нь сойлттой, гадагш ойр зуурхан нөхөртэйгээ гардаг байсан тэрбээр одоо урьдын гялалзуур төрхөндөө эргэж оржээ.

-Нэг хэсэг завсарлах юм байх гэж бодтол Ц.Оюунгэрэл гэдэг нэр улс төрд дахиад дуулдаж эхэллээ. “Одоо бие зү­гээр үү,  ажлын ачаалал дааж чадна биз, нөхөөр” гэсэн хатуу­хан асуулт хурал дээр за­рим хүнээс дуулдаж байсан. Ин­гэхэд улс төрд эргээд нух­луулахад бэлэн үү?

-Ямар ч гэсэн өнгөрсөн таван сарын хугацаанд хан­галттай эмчилгээ хийлгэлээ. Хурдан хугацаанд онош тог­тоож,  аль ч ажилд эргэж ирж болох сайн хэмжээнд эмчилж илаар­шуулж өгсөн эмч нартаа их баярлалаа. С.Баяр дарга бид нар их ойролцоо ажлаасаа чө­лөө гуйсан шүү дээ. С.Баяр дарга Ерөнхий сайдаас чөлөө­лөгдөж байсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлө­хийн ажлаас чөлөө хүссэн. С.Баяр дарга эдгэрээд ажилдаа ор­сон. Би бас эдгэрээд ирлээ. Ху­рал дээр асуулт тавьсан эмэгтэйчүүддээ би ингэж ха­риул­сан. Одоо улс төрдөө зүт­гэхэд бэлэн.

-Сайхан амарч тэнхэрмээр байна гэж байсан хүн яагаад энэ том сонгуульд өрсөлддөг билээ. Улс төргүй сууж чадах­гүй татагдаад байсан хэрэг үү?

-Эмэгтэйчүүдийн даргад өр­сөлдөөд үзье гэсэн бодол аль өнгөрсөн жил л надад бай­сан. Ноднин  манай намын эмэг­тэйчүүд чуулганаа  хийе гэж байснаа Ерөнхийлөгчийн сон­гуулийн өмнө Б.Дэлгэрмаа дар­гыг солихгүй гэсэн зарчмын ший­дэлд хүрч энэ сонгуулийг хойшлуулсан юм.  Ерөөсөө чуул­гантай гэж сонсоод гэнэт­хэн сэтгэл хөөрөөд л ороод ир­сэн юм биш. Тэгээд ч тэнхэрч амж­сан гэдгээ сая хэллээ.
Хугацаа их байсан болохоор энэ ажлыг авбал би юу хийх вэ, эмэгтэйчүүд Ардчилсан намд юу бүтээж чадах вэ гэж бүтэн жил эрэгцүүлсэн гэж хэлж болно. Тэгж удаан бодсон хө­төл­бөртэй байсан болохоор он­цын бэлтгэл шаардалгүй сон­гуульд орлоо.

-Тийм байх аа, нэлээд чам­бай бэлтгэсэн хөтөлбөр ха­рагд­сан. Хэзээ амжуулав гэж бодсон шүү. Хөтөлбөр сай­тайдаа ардаа фракцтай бүс­гүйчүүдийг ялах шиг болсон?

-Харин тийм. Миний дэв­шүүл­сэн мөрийн хөтөл­бө­рийг эмэгтэйчүүд маань маш сайн дэмжиж хүлээж авлаа. Би юу хийхийг зорьж ирэв гэвэл улс төрд, төрийн бодлогод эмэг­тэй­­чүүдийн байр суурийг зарч­мын хувьд олноор, илүү үнэ цэнэ­тэйгээр оруулж ирэхийг л хүссэн.

-Эрт үед хаан ухааныг ха­тан ухаанаар түшүүлдэг, тэр хоёрыг салгадаггүй бай­сан гэдэг. Арга билиг салж болдоггүй гэдэг байх аа. Эмэг­тэйчүүдийн санаа бодол төрд дутахаар ер нь яадаг вэ?

-Төрийн шийдвэр эмэгтэй­чүүдийн оролцоогүй гарснаас бо­лоод нийгэм, эдийн засгийн үр дагавар нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадууд дээр дэндүү хатуу тус­даг. Нийгэм ч хатуу болж байна гэсэн дүгнэлттэйгээр би хувь­даа сонгуульд өрсөлдсөн. Үнэ­хээр арга билиг салбал бол­доггүй гэдгийг бид өөрсдөө тө­рийн бодлогоос өдөр тутам мэдэрч суугаа. Адгийн наад зах нь зүгээр эргэн тойрноо харъя л даа. Өндөр өндөр бай­шин барихаараа дарга нар улс орон хөгжиж байна гэж боддог. Гэтэл тэр өндөр бай­шингуудад нүүгээд очиж бай­гаа айлууд бүгд машинтай. Машин тавих газартаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд хүү­хэд тоглуулах, хөгшдөө нар­луулах, биеийн тамир хийх газ­раа анзаардаггүй. Тайван алх­чих явган зам ч байхгүй. Иймэр­хүү амьдралын чанаргүй бөөгнөрөлийн хорооллууд бий болж байна. Социализмын үед бол хорооллуудыг олон ол­ноор нь бөөгнөрүүлээд бос­го­чихдог байлаа. Яагаад шаваа­ралдуулаад бариад болоод бай­сан бэ гэвэл иргэд нь ма­шин­гүй байсан. Гараажийн газ­рын хэрэг байсангүй. Тухайн өмч­гүй нийгэмдээ л тохирсон хороол­лууд байлаа шүү дээ. Гэтэл өнөө­дөр яг тэр өмнөх хуучин сэтгэлгээгээрээ хувийн өмчтэй, баяжих бололцоотой иргэдэд зориул­сан хорооллуудыг бос­гож байна. Ойр ойрхон газрууд зааж өгсний балгаар наад зах нь замын хөдөлгөөнөө ч, эрүүл мэндээ ч зохицуулж дийлэхээ больж байна. Хүүхдээ эрүүл өсгөх орчин, хүүхдэдээ энэрэн­гүйн үзэл суулгах энэ тэр бол байхгүй болсон. Хүүхэд хичээл­дээ очих гэж хоёр цаг, буцаж харих гэж дахиад хоёр цагийг түгж­рэлд, өмхий утаан дунд  өнгө­рөөж байна. Даалгавраа хийх, өөрийгөө хөгжүүлэх цаг тэр хэрээр багасч байна. Явган хүний замгүй, маш аюул­тай болохоор бага насны хүүхэд гүйгээд хичээлдээ очих боломжгүй. Машинаар хүргэе гэхээр бөөн түгжрэл.  Нийтийн тээвэр ч ялгаагүй. Түүнээсээ болоод нийгэм бөөн хэрүүл хараал, буу шийдэмдээ тулж байна. Тэр надаас түрүүлж газар авлаа, энэ надаас том машинтай,  олон өрөө байшинтай боллоо  гэсэн өмч хөрөнгийн маргаанд живлээ. Нийгэм ч дагаад хүмүүнлэг байхаа больчихож байгаа юм. Ингээд ирэхээр ний­гэм маш аюултай тогтворгүй болдог. Амьдралын чанаргүй бол­дог.
Африкийн замаар явах уу, Европын замаар урагшлах уу. Баялагтай орнуудад ийм хоёрхон зам л харагддаг. Жендэрийн тэгш байдалгүйгээр, эмэгтэйчүүдийн тэр хатан ухаангүйгээр хууль гаргаад байвал аюултай муу тал руугаа  маш хурдан орно. “Замын уулзвар дээр байна” гэж хүн болгон ярьдаг болж. Гэтэл буруу тийш эргэх гээд эгнээгээ буруу эзэлчихээд л зогсч байна даа, бид.

-Эгнээгээ зөв барих гэвэл яах хэрэгтэй вэ?

-Жендэрийн тэгш байдлыг л нэн даруй төрийн бодлого шийдвэрт тусгах ёстой. Хүйсийн тэгш оролцоогүйгээр газар хуваарилж, хөгжлийн бод­логоо эмэгтэйчүүдгүй тодор­хойлсноос болоод хүүхдийн талбайд газар олгохоосоо урь­таж машины зогсоол боддог бол­сон. Шат шатанд эмэгтэй хүн дуугарч байж амьдрал чанартай болдог юм. Амьдралын чанар сайтай, өндөр хөгжилтэй ор­нуу­дад шийдвэр гаргах бүх төв­шинд эмэгтэйчүүд тэгш оролцож байдаг. Ер нь аль нэг хүйс хаа нэг газар давамгайлаад ирэхээр тоглоомын дүрэм хар­гис хатуу болдог номтой. Улс төрд жендэрийн бодлогын өөрч­лөлт хийх гэж л энэ ажилд ор­лоо л доо.

-Холбооны ажлаа юунаас эхлэх вэ. Бас удсан, туршла­гатай холбоо шүү дээ?

-Эхлээд 19 хүний бүрэл­дэхүүнтэй удирдах зөвлөлөө сон­гоно. Зөвлөлдөх хорооны хурлаа энэ  бямба гаригт хийхээр товлочихсон. Эмэгтэйчүүдийг дэмжих сан гэж байгуулна. Энэ санд түшиглэж эмэгтэй улстөрчдөө дэмжиж, сургаж, боловсруулна. Хөрөнгө босгох ажлыг идэвхтэй хийнэ. УИХ-ын 2012 оны сонгуульд намаас баримталж орох мөрийн хөтөл­бөрт шууд өөрсдийн саналыг тусгуулах чиглэлээр ажиллана. Энэ ажлыг шууд эхэлнэ гэж бодож байгаа. УИХ-аар хэлэл­цэж байгаа Жендэрийн тэгш байдлын тухай гэх зэрэг хуу­лиу­дад ч санал бодлоо тус­гуу­лах чиглэлээр ажиллана. Ма­най эмэгтэйчүүд бодлогын өр­гөн фронт дээр, зарим нь бод­логоо боловсруулж, зарим нь нөлөөллөө өргөжүүлж ажил­лана.

-Ардчилсан нам нэлээд адар­маатай нам. Хуучин олон намын буурин дээр үүс­сэн болохоор фракц, лидер олонтой. Эмэгтэйчүүдийн хурал дээр ч  фракцуудын нөлөө­лөл, эрэгтэй улстөрч­дийн нөлөө цухалзаж бай­сан. Гэхдээ фракцгүйгээр тэр­гүүнээ шийдлээ л дээ. Эмэгтэй гишүүд тэгэхээр илүү эрүүл байна гэж сая харагдав уу?

-Фракц намын хуучин цөм гишүүд дунд байгуулагддаг жамтай. Үг, санаа нийлдэг тэр хүрээндээ бий болдог. Гэтэл улс төрийн нам гэдэг “амьтан” бол өөрөө тэлж, өргөжиж, нийгэмд өсч байдаг. Фракц бол улам хумигдаж, илүү бүлэрхэг болж байдаг. Энэ хоёр хандлага байнга зөрчилдөж явдаг. Нам тэлж олон гишүүнтэй болмоор байхад фракц хумиг­даж, явцуурч, зөвхөн хэдэн танилынхаа хүрээнд үйл­чилмээр болдог. Энэ хоёрын зөрчил дундаас нам нь хэр зэрэг тэлсэн юм, хэр олон гишүүнтэй болсон юм. Эсвэл фракцуудад баригдсан цөөн хэдэн гишүүн­тэйгээ хэвээрээ байгаа юм уу гэдэг шалгуур гарч ирдэг. Ардчилсан эмэгтэйчүүдийн хур­лаас харахад Ардчилсан нам өнөөдөр тэлсэн юм байна. Фракц гэж явцууралгүй өргөн хүрээнд ажилладаг юм байна. Нэгэнт тэлсэн учраас өмнөх жижиг бүлэглэлүүдээрээ битгий яв гэж тушааж байна гэсэн ийм л дүр зураг харагдлаа.

-Ардчилсан нам МАХН-тай стандарт бус Засгийн газарт орсноос болж баруу­ны хандлага нь зүүн тийш хэлбийлээ. Алтангадас фракцад эрх мэдлээ атгууллаа. Хэсэг бүлгээрээ хуваагдлаа гэсэн яриа гадуур зөндөө байна. Дотор нь байгаа хүний хувьд юу ажиглагддаг вэ?

-Манай нам үнэхээр дээр хэлдгээр адармаатай нам л даа. Эрх барихаараа нэг зовлонтой, эрх мэдэлгүй үлдэхээрээ нэг зовлонтой. Дангаараа засаг барихаараа нэг зовлонтой, эвсч хамтрахаараа бас нэг зов­лон­той. Энэ бол улс төрийн намын өөрийн хувь тавилан юм даа. Дотоод зөрчлөө харин эрүүл саруулаар давах л ёстой. Фракцад атгуулна уу, яана гэдэг эрүүл саруул ухаанаас шалтгаална. Стандарт бус Зас­гийн газарт орох шийдвэрээ Ардчилсан нам эрх мэдэл бүхий гишүүдийнхээ дийлэнхийн сана­лаар гаргасан. Ардчилсан нам бол ард түмний юу хүсч байгааг төрийн бодлогод оруулах үүрэгтэй нам. Тийм болохоор боломж олдож байхад Засгийн газраас татгалзах эрхгүй. Эмэгтэйчүүдийн байгууллага ч ялгаагүй, эмэгтэйчүүд юу хүсч байгааг намынхаа мөрийн хөтөлбөрт багтаах үүрэгтэй. Эмэгтэйчүүдийн байр суурь хаана дутаж байна, тэнд үгээ хүргэх ёстой байгууллага.

-Шинэ ажлаа аваад на­мын­хаа удирдлагатай уул­заж амжсан уу. Юу хэлж байна?

-Манай намд олон нийтийн байгууллага хариуцсан хэлтэс байдаг. Намайг ажлаа авахад бараг шөнө болж байсан. Маргааш нь хэдийгээр бүтэн сайн өдөр таарсан ч хариуцсан хэлтэс маань ажиллаж байсан. Хэлтсээрээ дамжуулаад нмын­хаа удирдлагатай уулзах хүсэл­тээ илэрхийлсэн. Тэгээд дөнгөж сая Н.Алтанхуяг даргатай уулзаж мөрийн хөтөлбөр, бүтэц зохион байгуулалт, намын мөрийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд яаж хамтарч ажиллах талаараа танилцууллаа. Намын дарга бидний саналыг маш их дэмжиж хүлээж авлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гадаадад яваа юм байна. Баяр хүргэсэн мессэж ирүүлсэн. Монголд очингуутаа уулзана гэсэн. Намын аппаратын хүрээнд ажиллахад ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн хариуг намын удирдлагуудаас авсан болохоор сэтгэл өег байна.

-УИХ-ын 2012 оны сон­гууль дөхөж улс төрд халуун үе эхлэх гэж байна. Эмэгтэй нэр дэвшигчдээ үүнд бэлтгэхэд юу хийх вэ?

-Энэ бол манай хамгийн гол ажил. Зүгээр л  “Чи нэр дэвшинэ шүү, өөрийгөө бэлтгээрэй” гэх биш, эмэгтэйчүүдийнхээ дэв­шүүлж байгаа бодлого, агуулга, санаа зовж байгаа зүйлийг  хамт дэмжих бүрэн цогц асуудал ярих гэж байна. Үүнийг намын удирдлага таашааж, дэмжиж хүлээж авсан. Эмэгтэй нэр дэв­шиг­чид өөрийн гэсэн бод­логотойгоо хамт орж ирнэ гэд­гийг талархаж хүлээж авч байна лээ. Эмэгтэйчүүдийн дуу хоолой дутагдаж байгаа бодлогын чиглэл бүрээр баримт бичгүүд бэлтгэе гэж бодож сууна. Анхан шатанд байгаа эмэгтэйчүүдэд маань дэмжлэг хэрэгтэй байна.

-Ардчилсан намд сайн сайн улстөрч эмэгтэйчүүд байж байгаад сүүлийн үед өөр салбар хөөгөөд чимээ тас­рах чигтэй боллоо. УИХ-ын гишүүн асан  Б.Дэлгэрмаа, О.Энхтуяа, Ч.Отгонбаяр, Р.Нарангэрэл, Ү.Наранцэцэг гэдэг ч юм уу. Тэдэнтэйгээ эргэж холбогдож их улс төрд татах, шинэ эмэгтэйчүүддээ туслуулах ажил хийх үү?

-Нэгэнт лидер байсан, их улс төрд орон зайгаа эзэлж байсан эмэгтэйчүүд аливаа нэг нэмэлт дэмжлэггүйгээр өөрс­дөө хэзээ ч түрээд ороод ирэх боломжтой. Тэдний хүчийг ашиг­­лах төлөвлөгөө ч байна. Тийм ажлыг олон талаар хийнэ. Шат шатанд шинэ залуу болов­сон хүчин бэлтгэхэд тэд  хүчтэй нөөц болно. Чиглэл чиг­лэлийнхээ бодлогод тэднийг урьж оролцуулахыг хүсч байгаа.

-Бодвол МАХН дотор болж байгаа үйл явдлыг ажиглаж байгаа байх. Бага хурлаа хийлээ. Их хурлаа товлолоо. Намынхаа нэрийг солихоор ярьж байна. Ардчилсан нам МАХН-тай Засгийн газарт хамтарч байгаа ч сөрөг хүчин болохоор дотоод нүүдлүүдийг нь харж л байгаа байх. Энэ талаар Ардчилсан нам дотор юу ярьцгааж байна. Ардчил­сан нам ч ийм юм хийх  хэрэг­тэй юм байна гэсэн харь­цуулалт мэдээж байгаа даа?

-Яг ойрын өдрүүдэд бид мөрийн хөтөлбөрөө цэгцлэх, 2012 оны сонгуульд яаж бэлтгэх гээд хийх ажил их байсан болохоор нэг их хүч тавьж МАХН-ын бага хурлыг нарийн анзаарсангүй. Хувийн бодлоо хэлэхэд аль аль нам 2012 он ойртож байна шүү гэдгийг мэдэрч байгаагийн л дохио ирж байна. Аль ч нам шинэчлэгдэж, амьтай байх ёстой. Монголын төрд залуу халаа бэлтгэдэг хүний нөөцийн институц нь улс төрийн нам шүү дээ. Намууд шинэчлэгдэж, зөв голдирол руу орохгүй бол төрийн бодлого хэзээ ч зөв болохгүй.
Ардчилалд шилжээд 20 жил болоход МАХН дотор үгээ хэлэх эрх чөлөө бас дулимаг л байна. Гартаа цаас барилгүй шууд микрофонд эрүүл саруу­лаар ярьдаг хүний тоо тийм ч олшрохгүй хэвэндээ. Шинээр улс төрд орогсод нь аялдан дагалдаж байгаад албан тушаал авахаа л бодохоос биш яг  манай Ардчилсан нам доторх шиг хурлын уур амьсгалыг үзүүлэхгүй байна гэж бид хоорондоо ярьж л байдаг.
Манай эмэгтэйчүүдийн хурал нэлээд ил тод, эрх чөлөө­тэй, ширүүн болсон болохоор ч тэр юм уу, яг манай хурлын дараа хийсэн МАХН-ын бага хурлыг  хөндлөнгөөс харахад нэг тийм баярын хурал шиг л юм боллоо шүү дээ. Ширүүн хурал, баярын хурлаас гарах шинэчлэлтийн үр дүн, үзүүлэлт өөр өөр байх л даа. Нэгэнт ардчилалд ороод 20 жил болсноос хойш ардчиллын соёлыг өөриймшүүлэх хэрэгтэй еэ гэж харагдаад байдаг юм.

-Гэхдээ МАХН залуу үеэ сайн бэлтгэдэг, үе үеийн төлөөл­лийн харьцааг төр, засагт сайн зохицуулж байр­шуулдаг шүү дээ. Танай эмэг­тэйчүүдийн хурал дээр ч жишээ гарч л байсан.Ард­чилсан нам залуу үеэ дээш татахдаа хойрго, хэдхэн лидер тэднийгээ доош дараад суудаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Ардчилсан намд орон ну­тагт эрх авч, бүрэн ганцаараа засгийн эрхийг барьж, засаг төрд олон хүн байршуулах боломж олдож байсангүй. МАХН-ын эрх мэдэлдээ дулдуйдаж шат шатанд байршуулсан боловсон хүчин бол Монголын төр, засагт ажилладаг хүний нөөцийн дийлэнх нь. Тэгэхээр олон хараг­далгүй яах вэ дээ. Хэрэв манай намын залуусыг өөдөө гараасай гэж хүсч байгаа бол манай залуучуудад орон нутагт саналаа өгөх хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн манай намын залуусыг дандаа унагадаг. МАХН гарч ирдэг. Тэгэхээр мэдээж МАХН-ын залуучууд л эрх мэдэл эдэлнэ шүү дээ. Манай нам сайхан залуустай. Тэднийг гаргахсан гэж бодож л байгаа бол тэдэнд саналаа өг л дөө, сонгогчид оо.

-Хамтарсан Засгийн га­зарт цаашдаа Ардчилсан нам байна, байхгүй, удахгүй энэ бүрэлдэхүүнээс гарах гэж байна гэсэн “бор шувуу” нисдэг болжээ. Улстөрч хүний­хээ итгэл үнэмшлээр үүнийг юу гэж үздэг вэ?

-Үүнийг Хамтарсан Засгийн газрыг анх байгуулсан хүмүүс л шийдэх байх даа. Тэд хэзээ хамтрах цаг дууслаа гэж үзэх юм. Хэзээ хүртэл хамтаръя гэж бодох юм. Гаргасан шийдвэртээ итгэл үнэмшил сайтай, шийд­вэрээ гаргасан хүмүүс л үүнийг хэлнэ дээ.

-УИХ-ын Сонгуулийн тухай, Жендэрийн тэгш байд­лын тухай гээд хойшлоод байгаа хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж бат­­­луулахын тулд танай эмэг­тэйчүүдийн байгууллага юу хийх вэ. Намрын чуулганыг өнгөрөөвөл хуульд гар хүрэх хугацааг үндсэндээ алдана. Эмэгтэйчүүдийн квот ч эргэл­зээтэй байна?

-Түүнд нөлөөлөл үзүүлнэ. Гэхдээ урьд нь бол 73 эрэгтэй гишүүн минь ээ, бодож үзээч дээ гэж гуйдаг байсан. Одоо бол гуйлтыг өөр юмтай хослуулна даа.

-Юутай хослуулна гэж?

-Олон нийтийн нөлөөлөлтэй хослуулна. Жендэрийн тэгш бай­дал­гүйгээс эдийн засаг, ний­гэмд юу болчихоод байгааг үнэнээр нь харуулна. Үнэн үгийг эрх баригчдад хүргэх бол хамгийн үнэтэй бэлэг, тусламж юм. Үнэнийг хэлэхгүй бол ний­гэм сайхан болоод байна гэж ихэнх улстөрч харалган бодоод сууж магадгүй. Гэтэл амьдрал дээшлэх биш, байшин барилга олширч байна. Амьдралын ча­нар доошилж байна гэдгийг үнэнээр нь хэлэх цаг болсон.

-Жендэрийн тэгш байдал шийдвэр гаргах төвшинд ал­дагд­санаас болоод УИХ-д 73 төлөөлөлтэй атлаа эрчүүдийн асуудал асар их доошилсон байна. Дундаж наслалт эмэг­тэйчүүдээс доогуур, ажил­гүйдэл, архидалтад өрт­сөн, ганц бие эцгүүдийн бай­дал өрх толгойлсон эмэг­тэйчүүдийнхээс дор ч гэдэг юм уу. Эмэгтэйчүүдийн улс тө­рийн оролцоо сайжирвал энэ байдал дээрдэж, нийгэмд эерэг хандлага нэмэгдэх боломжтой гэж санагддаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Үнэн, үнэн. Нөгөө талаас нийгмийн давхаргын төлөөлөл ч их алдагдсан байна. Аль ч нийгэмд хөрөнгөлөг, дундаж, ядуу давхрага гэж байна. Ма­най ядуу, дундаж давхарга хүн амын бараг 95 хувь байхад хө­рөн­гөлөг нь тав хүрэхгүй хувьтай байгаа. УИХ-ын ги­шүүд дандаа хөрөнгөлөг давх­­рагын төлөөлөл болсон. Хүн амын тавхан хувийн төлөө­лөл парламентад биднийг төлөө­лөөд байж байна. Үлдсэн 95 хувийн төлөөлөл тэнд суудаггүй учраас нийгмийн асуудал бараг хэлэлцэгдэхгүй, халамж амлах төдийгөөр өнгөрөөд байна.

-Хөрөнгө багатай хүн суух ч боломжгүй юм чинь?

-Харин тийм. Боломжгүй. Улс төрд хүнийг мөнгөөр хэмжиж гаргаад байх юм бол хөрөнгөлөг хүмүүсийн асуудал илүү яригдана. Мөнгө, хөрөнгө харгалзалгүй сонговол доод давхрага төлөөлөлтэй болно гэдгээ сонгогчид бас мэдэх хэрэгтэй байна. Оюутолгой, Тавантолгойд ажлын байр олноор бий боллоо л гэнэ. Үнэндээ эмзэг давхрагын хүмүүст энэ хүртээлгүй байна. Пар­ламент бол төлөөллийн ардчиллын байгууллага. Нийг­мийн бүх давхрагын төлөөлөл байх ёстой.

-Гэтэл улс төрийн намууд хөрөнгөлөг хэсгийн төлөөл­лөө л илгээнэ шүү дээ, УИХ-д?

-Ардчилсан нам, ялангуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­­боо дундаж давхрагын тө­лөө­лөл УИХ-д байгаасай гэж хүсч байна. Мөнгөтэйдөө мөн­гө­тэй, байхгүйдээ байхгүй тийм иргэдийн, эмэгтэйчүүдийн тө­лөө­лөл тэнд хэрэгтэй байна.

-Тэр бүтэх үү?

-Бүтнэ гэдгийг манай эмэг­тэйчүүдийн хурал харууллаа шүү дээ.

-Том улс төр тэс өөр, нэг намын эмэгтэйчүүдийн бай­гууллага бас өөр. Ядаж нам зүгээр нэг дундаж гишүүнээ УИХ-д илгээж чадна гэж үү. Гэрээ зассан нь төрөө засна аа л гэнэ биз?

-Том улс төрд хүлээж ава­хуулахын төлөө явна даа. Илгээж чаддаг болгоно. Үүнд манай эмэгтэйчүүдийн бай­гуул­лага хүчтэй нөлөөлж чад­на гэж бодож байна. Тийм тө­лөөлөл нэр дэвшээд очиход баячуудтай харьцуулаад ийм тийм гүүр барих хөрөнгөгүй, том машингүй гээд буцаачихвал дахиад УИХ-д зөвхөн бая­чуу­дын эрх ашиг түлхүү хамгаа­лагдана. Сонгогчид үүнийг ойл­гох цаг болсон. Ирэх 2012 оны сонгуульд сонгогчид маань арай илүү билгийн нүдээр намуудад, нэр дэвшигчдэд хандана гэдэгт итгэж байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж