"S&P 500": 2026 оны төлөв ямар байх вэ?

"S&P 500": 2026 оны төлөв ямар байх вэ?

"S&P 500": 2026 оны төлөв ямар байх вэ?

Хөрөнгийн зах зээлийн "S&P 500" индекс сүүлийн гурван жил дараалан хоёр оронтой өсөлт үзүүлсэн байна. "Wall Street"-ийн олон шинжээч 2026 онд ч зах зээл өсөлтөө үргэлжлүүлнэ гэж үзэж буй. Гэсэн хэдий ч өсөлтийн хэмжээний талаар санал зөрж байна. Энэ талаар "NEWS" агентлагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


"Bank of America" 2026 оны эцэст индексийг 7,100 пунктэд хүрнэ гэж таамаглаж байгаа нь ойролцоогоор дөрвөн хувийн өсөлт юм. Харин "Deutsche Bank" илүү өөдрөг байр суурьтай байгаа бөгөөд индекс 8,000 пунктэд хүрч, бараг 17 хувиар өснө гэж үзэж байна. Түүхэн жишээгээр, "S&P 500" нэг жилд 15 хувиас дээш өссөн тохиолдолд дараа жил нь дунджаар 8 орчим хувийн өгөөж үзүүлдэг байна. Гэхдээ зах зээл өсөхөөсөө өмнө түр хугацаанд уналт үзүүлэх нь элбэг.

АНУ-ын хувьцааны зах зээл 2025 онд худалдааны тариф, геополитикийн хурцадмал байдал, хиймэл оюун ухааны хөөсрөлт, Төв банкны хараат бус байдлын талаарх маргаан зэрэг олон эрсдэлийг үл харгалзан өссөн юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зарласан өндөр тарифын улмаас "S&P 500" индекс бараг 19 хувиар унасан. Гэсэн хэдий ч худалдааны зөрчил намжсаны дараа хурдан сэргэж, жилийн турш 39 удаа шинэ дээд түвшинд хүрч, нийтдээ 16 хувиас дээш өсөлт үзүүлжээ.

Учир нь технологи болон "AI"-тай холбоотой хувьцааны өсөлт, худалдааны хурцадмал байдал намжсан явдал, Холбооны нөөцийн сан (Fed) хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, компаниудын ашиг орлогын өсөлт зах зээлийг дэмжсэн байна.

Fed энэ онд ч мөн хүүгээ дахин бууруулна гэх олон нийтийн хүлээлт, компаниудын тогтвортой ашиг орлого зах зээлийн эерэг төлөвийг хадгалж байна. Гэвч эрсдэлүүд байсаар байна. Дональд Трампын "Fed"-ийн даргад хэнийг томилох нь тодорхойгүй байгаа байдал, геополитикийн хурцадмал асуудал, тарифын бодлого, мөн хувьцааны өндөр үнэлгээ нь зах зээлийн өсөлтөд саад учруулж болзошгүй. Улмаар зарим шинжээч сүүлийн жилүүдийнх шиг өндөр өсөлт дахин давтагдана гэдэгт эргэлзэж байна. "Goldman Sachs"-ийн дэлхийн хувьцааны зах зээлийн ахлах стратегич Питер Оппенхаймер “2026 онд хувьцааны зах зээл эерэг үзүүлэлтүүд гарах ч 2025 оныхоос бага өгөөжтэй байж магадгүй” гэж мэдэгджээ.

"S&P 500" индекс сүүлийн гурван жил дараалан хоёр оронтой өсөлт үзүүлсэн

2026 ОНД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭХ ШАЛТГААНУУД

Хөрөнгө оруулагчид 2026 онд АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлтөө үргэлжлүүлнэ гэж үзэж байна. Тэдний гол найдвар нь хиймэл оюун ухаан (AI) болон АНУ-ын эдийн засгийн тогтвортой байдал юм. Шинжээчдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан нь компаниудад шинэ өсөлтийн боломж нээж, ашиг орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж байна.

АНУ-ын эдийн засаг тогтвортой хэвээр байж, "AI"-д суурилсан өсөлт нь хөрөнгө оруулалт болон ашгийн өсөлтийг хурдасгаж байгааг "JPMorgan Chase" онцолсон байна.

Технологийн салбарын нэр хүндтэй шинжээч, "Wedbush Securities"-ийн судалгааны хэлтсийн тэргүүн Дан Айвс 2026 оны шилдэг хувьцаануудаар "Nvidia", "Microsoft", "Apple", "Tesla" болон "Palantir"-ийг нэрлэжээ. Зарим шинжээч өнөөгийн зах зээлийг 1990-ээд оны технологийн өсөлттэй харьцуулж, хувьцааны үнэ цаашид ч өсөх боломж ихтэй гэж үзэж байна. Мөн "Fed" 2026 онд хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нь хувьцааны үнийг дэмжих хүчин зүйл болж байна.

Түүнчлэн "Dow Jones" индекс "Nasdaq"-ийг давж эхэлсэн нь зах зээлийн өсөлт зөвхөн технологи, "AI"-аар хязгаарлагдахгүй, бусад салбар руу тэлж байгааг илтгэж байна.

Инфляц тогтвортой, хүү буурах чиг хандлагатай, компаниудын ашиг орлого өсөж байгаа нь хувьцааны зах зээлд хамгийн таатай нөхцөл бүрдүүлж байна гэж "US Bank Asset Management"-ийн хувьцааны зах зээлийн ахлах стратегич Терри Сандвен хэлжээ. Хэдийгээр хувьцааны үнэ өндөр, "AI" хөөсрөлт үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа ч компаниудын ашиг орлого өсөж байгаа нь тийм ч ноцтой асуудал биш гэж "Fundstrat"-ийн шинжээч Сингх хэлэв. Тэрбээр “Эдийн засаг тогтвортой хэвээр байгаа бөгөөд өндөр орлоготой хэрэглэгчдийн зарцуулалт багасах шинж хараахан ажиглагдаагүй байна” гэжээ. "Yardeni Research"-ийн ерөнхийлөгч Эд Ярдени 2026 оны эцэст "S&P 500" индекс 7,700 пунктэд хүрч, бараг 12.5 хувиар өснө гэж таамаглаж байна. Тэрбээр эдийн засаг болон компаниудын ашиг орлого тогтвортой байх бөгөөд томоохон уналт эсвэл “баавгайн зах зээл” үүсэх магадлал 20 хувиас хэтрэхгүй гэж үзжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж