Зохион байгуулалт сайжирсангүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Зохион байгуулалт сайжирсангүй гэв

Дисковер Монголиа-2010 хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Уг бага хуралд оролцсон гадаад дотоодын төлөөлөгчдийн сэтгэгдэлийг сонсов.

“Черчилл” ХХК-ийн захирал Барри Эванс:

-Манай компани чанар, стандартын талаар зөвлөгөө өгдөг компани. Яг үнэндээ “Дисковер Монголиа”-гийн зохион байгуулалт тийм ч сайнгүй байна. Бид чанарыг эрхэмд үздэг. Гэтэл энэ бага хурлын зохион байгуулалт урьд өмнөх жилүүдээс сайжраагүй бөгөөд чанар гэдэг үгний зөвхөн ганц “ч” үсгийг л хангах төдий байна гэвэл хатуу сонсогдож байна уу. Үзэсгэлэнгийн талбайн зай багтаамж дэндүү бага, агааржуулалтгүйгээс  бүгчим  халуун байна. Бүтэн гурван сарын өмнөөс зар тараасан хэр нь зохион байгуулалт сайнгүй байна. Үүнийг МҮХАҮТ-ын  шинэ байр ч юм уу “Мишээл” төвд зохион байгуулж болох байлаа. Хүмүүст үзүүлж буй үйлчилгээ чанартай байх ёстой гэдэг үүднээс үүнийг өгүүллээ.
 

“Өмнийн говийн элс” компанийн менежер Д.Бат-Эрдэнэ:

-“Дисковер Монголиа”-г зохион байгуулж байсан эхний жилүүдэд геологийн асуудлыг түлхүү оруулж байсан бол сүүлийн 2-3 жилд геологийн салбар орхигдож, уурхайн болоод хангамжийн асуудлыг анхаарах болсон нь харамсалтай. УИХ, Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарыг дэмжинэ гэж тунхагласаар байгаа ч гаргаж буй шийдвэр, хийж буй алхам нь бодит амьдралаас хэт тасархай байгааг хэлэх нь зүйтэй байх. Манай уурхай гадны өндөр технологийг Монголд хэрхэн нутагшуулж байгаа. Манай уурхайд гадаадын ажилчид ховор. Тиймээс монголчууд юм хийж чаддаг юм байна гэдгийг  харуулахад  манай уурхайд хийх аялал тус нэмэр болно гэж найдаж байна.

“РТТ” компанийн захирал Н.Далантай:

-“Дисковер Монголиа”-д дөрөв дэх удаагаа оролцож байна. Чуулга уулзалт Монголоо дэлхийд таниулахын дээр компаниудыг холбох гүүр болдог гэж хэлж болно. Энэ жилийн хувьд үзэсгэлэнд оролцогчдын тоо нэмэгдсэн байна. ХБНГУ-аас л гэхэд Засгийн газрых нь зохион байгуулалтаар бүтэн групп оролцож байгаа нь энэхүү бага хурлын нэр хүнд дээшилснийг харуулж байна. Үнэндээ бол энэ үзэсгэлэнд оролцохыг хүссэн компани олон байдаг ч төлбөр мөнгөний хэмжээ болоод зай талбайн хүрэлцээнээс шалтгаалаад бүгд оролцож чаддаггүй талтай. Манай компани ХБНГУ-аас бүх төрлийн дугуй засварын материал, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Мөн “Rema tip top” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.  “Rema tip top” компани нь мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд их хувь нэмэр оруулдаг онцлогтой. 1995 оноос хойш 200 гаруй инженер техникийн ажилчдыг ХБНГУ-д суралцуулсан. Эдгээр хүмүүс Шивээ овоо, өагануурын уурхай болон ТЭЦ-4, Эрдэнэт үйлдвэрт үр бүтээлтэй ажиллаж байгаа. Мөн бид сүүлийн жилүүдэд Италийн “Copra” компанийн тусгай зориулалтын гутал оруулж ирж байгаа. Цахилгаанчны гутал цахилгаан дамжуулдаггүй бол төмрийн үйлдвэрийн ажилчдын гутал +300 градусыг тэсвэрлэхийн дээр 1500 кг ачаа даадаг байх жишээтэй.

“Содон солюшн ” компанийн менежер А.Мягмар:

-Бид вэб сайт үйлдвэрлэдэг. Вэбсайт хийх нь үйлдвэрлэл мөн үү гэж хүмүүс гайхаж байж болно. Вэбсайт бол нэгэн төрлийн үйлдвэрлэл. Тэр дундаа уул уурхайн салбарынхны хувьд энэхүү шинэ үйлдвэрлэлийг илүүтэй сонирхдог. Одоогоор бид уул уурхайн 10 гаруй компанийн вэбсайтыг хийгээд байна. Мөн улсдаа нэр хүнд бүхий news.mn,  ot.mn,  baabar,mn гэхчилэн сайтуудыг бид хийсэн. Ер нь манай компани вэб, дизайны чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болно. Энэ арга хэмжээнд оролцсоноор цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон компаниудтай хамтран ажиллах эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

Германы уул уурхайн тоног төхөөрөмжийн ассоциацийн  гүйцэтгэх захирал Клаус Штейкман:

-Манай ХБНГУ-аас тусгай танхим байгуулан үзэсгэлэнд оролцож байна. Нийт 12 компани оролцож байгаа. Урьд нь 2007,2008 оны “Дисковер Монголиа”-д оролцож байсан. Гэхдээ энэ удаа Засгийн газраас анхаарал хандуулснаараа онцлог. Монголын уул уурхайн салбарт герман чанарыг таниулахыг бид зорьж байна. Манай ассоциаци Германы Франкфурт хотод байрладаг, 115 гишүүн компанитай, өнгөрсөн оны байдлаар л гэхэд 16 мянга гаруй ажилтантай, нийт 3,8 тэрбум еврогийн үйлдвэрлэл явуулсан байдаг. Ассоциацийн төлөөлөгчийн газар Бээжин, Брюсел, Москва, Токио хотод бий. Одоогоор Монголын уул уурхайн салбарт ажиллаж эхлээгүй ч хойшдоо хамтран хийх зүйл их бий гэдэгт итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж