Хөгжлийн шатанд ирснийг тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн шатанд ирснийг тодорхойлов

“Дисковер Монголиа”-гийн хоёр дахь өдрийн хуралдааны хамгийн сонирхолтой илтгэл Голомт банкны гүйцэтгэх захирал Жон Финиганых байлаа. Тэрбээр Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын өнөөгийн байдал болоод ирээдүйн таамгаа дотоод гадаадын зочдод танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ 2016 он гэхэд уул уурхайн салбарт эргэлт гарсан байна гэсэн юм. Хэдийгээр 2016 он хаяанд мэт бодогдовч боломжоо зөв ашиглаж чадвал Монголын эдийн засагт эргэлт хийж болох цаг хугацаа гэж ноён Жон Финиган онцолсон. Түүний тооцоолж буйгаар 2016 он гэхэд зэс олборлолтын хэмжээ жилд 36 мянган тоннд хүрэх бөгөөд үүнийг 2005 онтой харьцуулахад үлэмж хэмжээний өсөлт ажээ. Түүнчлэн тэр үед Монгол Улсын ДНБ 27 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох хэмжээ урьд байгаагүйгээр тогтоогдоно гэсэн өөдрөг төсөөллийг дэвшүүлэв. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох ДНБ есөн мянган ам.долларт дөхөх бололтой. Ийм потенциаль бий гэнэ. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт энэ мэт ахиц дэвшил бүртгэгдсээр байгаа аж. Бруней улсын ДНБ 1970 онд 179 ам.доллар байсан бол энэ онд 10 тэрбум ам.долларт хүрч 40 жилийн дотор 60 дахин нэмэгдсэн байна. Мөн Арабын Нэгдсэн Эмирт улсын ДНБ 2,8 тэрбум ам.доллараас 230 тэрбум ам.доллар буюу 82 дахин өссөн байх жишээтэй. Катар улс ДНБ-нийхээ хэмжээг 15 жилийн дотор 12 дахин нэмсэн амжилтаараа дэлхий нийтийг шагшрааж амжжээ. Тус улсын ДНБ  1995 онд долоон тэрбум ам.доллар байсан бол энэ жил  84 тэрбумд хүрч байгаа аж.  Жил тутмын эдийн засгийн өсөлтөөрөө рекорд тогтоосон орон бол Азербайджан. Тус улсын эдийн засаг ганцхан жилд 21,2 хувиар өсөхөд нефть олборлолт нь онцгой нөлөөлжээ. Катар улс 17,4 хувийн өсөлтөөр  Азербайджаны араас жагсчээ. Тэгвэл Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлт таван хувь байгаа. Үүнийг хоёр оронтой тоонд хүргэх, цаашлаад 20 хувийн босго алхуулах эсэх нь улстөрийн манлайлал хийгээд уул уурхайг дэмжсэн бодлогоос ихээхэн хамааралтай гэдгийг эрхэм банкир сануулсан. Түүний тодотгосончлон Монгол Улс шинэ гарцан дээр ирээд байна. Тамирчин хүн гараанд гарах хүртлээ асар их бэлтгэл сургуулилт хийдэг. Түүнтэй нэг адил манай улс ч олон жилийн турш бэлтгэл хангасаар ирсэн. Харин одоо гараанд гарах л үлдээд байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тэгэхээр гарааны шугаман дээр ч тактик боловсруулж л байхаас аргагүй. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсын бодлого боловсруулах цаг хугацаа дэндүү урт байгаагийн дээр тактикаа олон дахин өөрчлөх хандлагатай байдгийг шүүмжилж байлаа.

Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн илтгэл тавьсан “Монголиан стар мелшерс” ХХК-ийн захирал Лоренц Мелшерсийн хэлсэн  “Монгол Улс бол хөрөнгө оруулахад таатай орон. Түрүүлж буусан шувуу илүү хүртдэг гэдгийг биеэрээ мэдэрсний хувьд та бүхнийг  Монголд хөрөнгө оруулахыг уриалж байна. Өнөөдөр Монголын уул уурхайн хангамжийн бүхий л салбарт хөрөнгө оруулах орон зай эзнээ хүлээсээр байна. Ханган нийлүүлэгчгүйгээр, хангамжийн албагүйгээр уул уурхайг төсөөлшгүй. Монголд чанарын шаардлага хангасан агуулах цөөн байна. Байгаа цөөн агуулах нь хэдийнэ дүүрсний дээр агаарын карго гэдэг нэг төрлийн үйлчилгээг ч хөгжүүлж болж байна” гэсэн үг бага хуралд оролцогчдод нэг бодол төрүүлсэн байх гэж найдна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдийн 30 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. Тэдний тал хувь нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ илүү урд хөршөөс худалдан авалт хийх сонирхол давамгай байж болох талтай. Гэвч нэгэнт баялгаас нь ашиг орлого олж байгаагийн хувьд тухайн улс орны эрх ашгийг дээгүүрт тавихаас аргагүй гэдгийг ч ноён Лоренц илтгэлдээ онцолсон. Тиймээс “Монголиан стар мелшерс”-ийнхэн химийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж эхэлжээ. Гэвч олборлосон болгоноо эцсийн бүтээгдэхүүн болгох боломж хомс нь мэдээж. Монгол оронд 80 гаруй төрлийн ашигт малтмал бий. Бүгдийг боловсруулаад үйлдвэрлээд байх боломж үгүйгээс эн тэргүүнд нүүрс, зэс, хар төмөрлөг, уран гэх мэт баялгийг боловсруулан гаргах бодлогыг баримталж байгаа гэдгийг “Засгийн газрын цаг”-ийн мэдээлэлд онцолсон.

Гадаадын хөрөнгө оруулагч нарт тулгардаг олон бэрхшээлийн нэг нь нутгийн иргэдийн дургүйцэл юм. Төрж өссөн газар нутгаа хамгаалах, унаган төрхийг нь хадгалан үлдэх хүсэл хэн бүхнээс илүүтэй монголчуудад л байдаг. Энэ нь эх нутагтайгаа амь нэг явдаг нүүдэлчдийн араншин. Энэ араншин гадны хөрөнгө оруулагч нарт бол аранга мэт санагддаг ажээ. Ганцхан жишээ дурдахад дэлхий нийтийн хэмжээнд 40 орчим мянган төрийн бус байгууллага байдгийн долоон мянга нь Монголынх гэнэ. Хэдхэн жилийн дотор л ТББ-ын тоо 5000-гаас 7000 болон үржиж орхисон бөгөөд эдгээрийн олонх нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж хатагтай Рина Гуэндуэз хэлсэн юм. Ийнхүү иргэдийн тэмцэл хүчтэй байхын хэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан маргаан мэтгэлцээний тоо ч өсчээ. Захиргааны хэргийн шүүх манай улсад 2004 онд үүсэн бий болсон. Түүнээс хойш уул уурхайн салбартай холбоотой гомдол маргаан жил тутам нэмэгджээ. Шүүх байгуулагдсан жил уул уурхайн салбарын зургаан маргаан шийдэгдэж байсан бол удаах жил нь 14 болон нэмэгдэж. Харин 2006 онд 28, 2007 онд 44, 2008 онд 61 хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэнгээр уул уурхайн салбарынхан зовлон, жаргалаа ярилцаж, санал бодлоо солилцлоо. Чуулга уулзалтад оролцогсод өнөөдөр “Өмнийн говийн элс” компанийн нүүрсний уурхайтай танилцах юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж