
Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн илтгэл тавьсан “Монголиан стар мелшерс” ХХК-ийн захирал Лоренц Мелшерсийн хэлсэн “Монгол Улс бол хөрөнгө оруулахад таатай орон. Түрүүлж буусан шувуу илүү хүртдэг гэдгийг биеэрээ мэдэрсний хувьд та бүхнийг Монголд хөрөнгө оруулахыг уриалж байна. Өнөөдөр Монголын уул уурхайн хангамжийн бүхий л салбарт хөрөнгө оруулах орон зай эзнээ хүлээсээр байна. Ханган нийлүүлэгчгүйгээр, хангамжийн албагүйгээр уул уурхайг төсөөлшгүй. Монголд чанарын шаардлага хангасан агуулах цөөн байна. Байгаа цөөн агуулах нь хэдийнэ дүүрсний дээр агаарын карго гэдэг нэг төрлийн үйлчилгээг ч хөгжүүлж болж байна” гэсэн үг бага хуралд оролцогчдод нэг бодол төрүүлсэн байх гэж найдна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдийн 30 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. Тэдний тал хувь нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ илүү урд хөршөөс худалдан авалт хийх сонирхол давамгай байж болох талтай. Гэвч нэгэнт баялгаас нь ашиг орлого олж байгаагийн хувьд тухайн улс орны эрх ашгийг дээгүүрт тавихаас аргагүй гэдгийг ч ноён Лоренц илтгэлдээ онцолсон. Тиймээс “Монголиан стар мелшерс”-ийнхэн химийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж эхэлжээ. Гэвч олборлосон болгоноо эцсийн бүтээгдэхүүн болгох боломж хомс нь мэдээж. Монгол оронд 80 гаруй төрлийн ашигт малтмал бий. Бүгдийг боловсруулаад үйлдвэрлээд байх боломж үгүйгээс эн тэргүүнд нүүрс, зэс, хар төмөрлөг, уран гэх мэт баялгийг боловсруулан гаргах бодлогыг баримталж байгаа гэдгийг “Засгийн газрын цаг”-ийн мэдээлэлд онцолсон.
Гадаадын хөрөнгө оруулагч нарт тулгардаг олон бэрхшээлийн нэг нь нутгийн иргэдийн дургүйцэл юм. Төрж өссөн газар нутгаа хамгаалах, унаган төрхийг нь хадгалан үлдэх хүсэл хэн бүхнээс илүүтэй монголчуудад л байдаг. Энэ нь эх нутагтайгаа амь нэг явдаг нүүдэлчдийн араншин. Энэ араншин гадны хөрөнгө оруулагч нарт бол аранга мэт санагддаг ажээ. Ганцхан жишээ дурдахад дэлхий нийтийн хэмжээнд 40 орчим мянган төрийн бус байгууллага байдгийн долоон мянга нь Монголынх гэнэ. Хэдхэн жилийн дотор л ТББ-ын тоо 5000-гаас 7000 болон үржиж орхисон бөгөөд эдгээрийн олонх нь байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж хатагтай Рина Гуэндуэз хэлсэн юм. Ийнхүү иргэдийн тэмцэл хүчтэй байхын хэрээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан маргаан мэтгэлцээний тоо ч өсчээ. Захиргааны хэргийн шүүх манай улсад 2004 онд үүсэн бий болсон. Түүнээс хойш уул уурхайн салбартай холбоотой гомдол маргаан жил тутам нэмэгджээ. Шүүх байгуулагдсан жил уул уурхайн салбарын зургаан маргаан шийдэгдэж байсан бол удаах жил нь 14 болон нэмэгдэж. Харин 2006 онд 28, 2007 онд 44, 2008 онд 61 хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Энэ мэтчилэнгээр уул уурхайн салбарынхан зовлон, жаргалаа ярилцаж, санал бодлоо солилцлоо. Чуулга уулзалтад оролцогсод өнөөдөр “Өмнийн говийн элс” компанийн нүүрсний уурхайтай танилцах юм.
Д.Цээпил