С.Батцэцэг чөлөөтийн дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг чөлөөтийн дэлхийн аварга боллоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо үргэлжилж буй чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдөж, аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байсан Соронзонболдын Батцэцэг дөнгөж саяхан дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай аваргын төлөө барилдсан манай тамирчин илт илүүрхэн, 8:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын зургаа дахь эмэгтэй, харин аваргын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.

Түүний жинд нийт 22 тамирчин хүч сорин өрсөлдсөнөөс С.Батцэцэг эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Канадын бөх Тоня Линн Вербеекийн 10:5 ялж, улмаар дараачийн барилдаандаа Бразилийн Жойс Соуза да Сильваг 4:0 харьцаатай буулган авсан байна. Ингэснээр манай тамирчин хэсгийн аваргын төлөө Японы бөх Аяако Шодаг ялснаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин эцсийн, хариуцлагатай тулаанд манай тамирчин урамтай сайхан барилдаж, эх орондоо дэлхийн аваргын алтан медаль авчирлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж