С.Батцэцэг мөнгөн медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг мөнгөн медалийн болзол хангалаа

Жүдочид өнөөдрөөс эхлэн Японы Токио хотноо эхэлсэн ДАШТ-нд өрсөлдөж байгаа бол манай чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ОХУ-д мөн дэлхийн аваргын төлөө хүч үзэж байна.

ОХУ-ын нийслэл Москва хотноо FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр  тэмцээний эмэгтэйчүүдийн 55, 59, 63 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, О.Насанбурмаа /63 кг/ нар эх орноо төлөөлөн дэлхийн аваргын дэвжээнд гарсан юм.

Дөнгөж сая тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн С.Батцэцэг мөнгөн медалийн болзол хангалаа. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Канадын бөх Тоня Линн Вербеекийг 10:5 харьцаатай ялж, улмаар  Бразилийн Жойс Соуза да Сильваг 4:0 харьцаатай буулган авсан байна. Ингээд хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин Аяако Шодаг ялснаар хэдхэн цагийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай барилдахаар болоод байна.

Түүнчлэн өнөөдөр зодоглосон манай бусад бөхчүүдийн хувьд 55 кг-д өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний барилдаандаа Украйны бөх Ирына Харивыг ялсан боловч удаахь барилдаанд ОХУ-ын бөх Мария Гуровад 7:2 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Мөн 63 кг-д хүч сорьсон О.Насанбурмаа эхний тойргийн барилдаанд Узбекистаны бөх Гавхар Мирзаеваг ялж, дараагийн барилдаанд Азербайжаны Гузел Зутоваг төвөггүй ялсан ч гуравдугаар тойргийн барилдаанд Унгарын бөх Марианна Састинд 8:2 харьцаатай ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг орхилоо.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж