С.Энхцэцэг: Яруу найргаар нөхөрлөнө гэдэг сайхан

С.Энхцэцэг: Яруу найргаар нөхөрлөнө гэдэг сайхан

С.Энхцэцэг: Яруу найргаар нөхөрлөнө гэдэг сайхан

Утга зохиол шимтэн уншигчдад зориулсан Усны гудамж веб сайтыг үүсгэн байгуулагчдын нэг редактор С.Энхцэцэгтэй ажил мэргэжлийнх нь тухай болон уран зохиол уншигчид юуг анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа. Утга зохиол судлаач мэргэжилтэй тэрбээр мөн номын техник редактораар ажилладаг.


-Ярилцлагаа Усны гудамж сайтын нэрийн асуултаар эхэлье. Сүүлийн үед ямар ном уншиж байна вэ?

-"Болор судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Пол Остерын “Үл үзэгдэгч” романыг уншиж байна. Шинээр гарч байгаа орчин үеийн романуудыг ч уншиж байгаа.

-Сүүлд ямар ном дээр та редактораар ажиллав?

-Одоо ажиллаж байгаа роман маань хэвлэлтэд ороогүй учраас нууцлах ёстой. Хамгийн сүүлд хэвлэгдсэн номын тухайд хүүхдийн зурагт ном байсан. Үүнд хэл найруулгын редактораар ажилласан.

-Редакторын ажил мэргэжлийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Редакторын ажлын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Редакторууд яг юу хийдэг вэ?

-Хэрвээ сайн номыг танья гэвэл эхний хуудасны редакцын бүрэлдэхүүнийг харах хэрэгтэй. Хэдэн хүн, хэдэн редактор оролцсон гэдгийг харж, чанартай бүтээл болсон эсэх, мэргэжлийн редакцаас гарсан зэргийг нь таних боломжтой. Тухайлбал орчуулагчаас гадна техник редактор, мэргэжлийн редактор, уран сайхны редактор, орчуулгын редактор ерөнхий редактор гэх мэт багаар бодоход дөрвөөс таван хүний хөдөлмөр шаарддаг. Нэг ном байлаа гэж бодоход  бүрэн хэмжээний бүтээл болгож, хэвлэлийн газраас гарах хүртэл нь тухайн номд хяналтын ажил хийж бүхэл цогц утгаараа уран бүтээл болдог. Хүмүүс хэн орчуулсан байна, яаж орчуулсан байна гэдэгт анхаарал хандуулдаг. Гэтэл тэр уран бүтээлийг гаргах явцын хамгийн чухал хүмүүс нь реакторууд байдаг.

Хамгийн наад зах нь цэг, таслал, догол мөр аваагүй тохиолдол том алдаанд тооцогддог. Тэр бүр хүмүүсийн нарийн анзаардаггүй алдааг олж харахын тулд редакторууд бүрэн төвлөрөх хэрэгтэй болдог.

Тэр бүтээл сайн бүтээл болох нь редактораас хамааралтай. Бид хоол хүнсээ чанарыг нь харгалзаж сонгодогтой адил унших номоо ч мөн адил чанартай, сайн номыг сонгон унших хэрэгтэй.

-Уншигчдын хувьд редакторуудыг туршлагатай зохиолчид байх ёстой гэх шаардлага тавих нь бий. Мэргэжлийн залуу редакторуудын хувьд энэ ойлголт ямар санагддаг вэ?

-Мэдээж хэрэг бүх мэргэжилд туршлагатай байх нь давуу тал мөн. Гэхдээ энэнд нас хамаарахгүй. Зөвхөн мэргэжлээ хэр сайн эзэмшсэн байна вэ гэдэг нь л чухал. Мөн түүнээс гадна тухайн редакторын эх хэлний мэдрэмж өндөр байх хэрэгтэй. Редактор болж бэлтгэгдэхийн тулд зохиолч болон орчуулагчийн адилаар багаасаа олон ном уншиж, хэлний мэдрэмж өндөртэй болж байж, редакторын ур чадварын суурь тавигддаг. Их сургуульд дөрвөн жил суралцаад редактор болно гэвэл учир дутагдалтай. Уран зохиолын авьяасыг уран зохиолын мэргэжилтэй адил мэт ойлгодог. Гэвч энэ нь тусдаа ойлголт. Мэргэжил, мэдрэмж хоёрыг ялгаж салгах ёстой байх.

-Редакторын нүдээр сайн ном гэж ямар номыг хэлэх вэ?

– Миний хувьд хамгийн эхлээд хэл найруулгын хувьд хэр зохимжтой байна гэдгийг хардаг. Дараа нь хүлцэж болохооргүй алдаа гаргасан байна уу гэдгийг ажиглана. Хүмүүс тэр бүхнийг сайн анзаардаггүй байх.

Гэхдээ алдаатай ном бол хуумгай хандсан байна гэдгийг илэрхийлдэг.

Орчуулгын хувьд ч эргэлзээ төрүүлэхүйц санагддаг. Мөн хамгийн гол нь мэдрэмж сэтгэгдэл үлдээж байна уу, монгол сэтгэлгээнд маань нийцэж байна уу гэдэг нь л гол шалгуур нь болох болов уу.

-Усны гудамж сайтын тухайд анх хэзээ байгуулсан, та бүхнээс хэн нь анх санаачлав?

-Усны гудамж маань албан ёсоор 2024 оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Хамгийн анх ангийн найз Ө.Сумъяа санаачилж бид хэд найзуудаараа нэгдэн нийлсэн. Уран зохиолын талаар мэдээлэл авах, залуусын бичих орон зай хэрэгтэй байна гэдгийг мэдэрсэн учраас үүсгэн байгуулаад, одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Уран зохиол бол монгол хэл, сэтгэлгээ, дархлаанд нөлөөлж байгаа гол хүчин зүйл юм. Тиймээс уран зохиолд залуус дурлаж, шимтэж байвал маш сайн хэрэг. Гэвч эх хэл дээрээ уншиж, бичиж буй залуус цөөрч байгаа. Мэдээж сонирхолтой мэдээлэл, номууд гадаад хэл дээр байгаа. Үүн дээр үүсэж буй зөрчил нь монгол хэл дээр шууд орчуулан хүргэдэг. Гэхдээ тэдгээр бүтээлийг эх хэл дээр бичихэд үнэлэх, дүгнэх, орчуулан хүргэхэд орон зай дутагдаж байсан.  Тэр орон зайг нөхөж чадахаар газар нь манай сайт байгаасай.

Усны гудамж бичээчдийн чөлөөт талбар нь байгаасай гэдгийг хүссэн. Тийм учраас бичээчийн хөгжих талбар уриатайгаар гол үйл ажиллагаа явуулж байгаа.

Усны гудамж сайтын мэйл хаяг руу бичээчид өөрийн бичсэн бичвэрийг илгээнэ. Ирүүлсэн бүтээлд бид засварын саналыг оруулдаг. Ингэснээрээ бид хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж байгаа. Засварын санал оруулаад, засвар оруулсан бүтээлийг редакцын сонголт буландаа нийтэлдэг. Нийтлэхдээ ямар нэгэн байдлаар тухайн бичээчийг үнэлэх, цалинжуулах зорилготой санаачилсан. Гэхдээ манайх олон жил болсон туршлагатай сайт биш учраас амаргүй л байна. Бүгд хайртай, дуртай учраас ямар ч цалингүйгээр нэг жил ажиллаж байгаа. Хүүхдээр төсөөлбөл дөнгөж ой гаруйтай, мөлхөөд л явж байна. Бид ирээдүйд хөл дээрээ зогсох зорилготойгоор, цаашид үйл ажиллагаа тогтворжуулж илүү өргөжүүлнэ.

 -Өнгөрсөн хугацаанд хэр олон залуус бүтээлээ илгээсэн бэ?

-Жилийн хугацаанд 60 орчим бүтээл ирүүлснээс 20 орчим бүтээлд засварын санал илгээсэн. Үүнээс 4-5 бүтээл сайтад нийтлэгдсэн. Энэ нь чамлахаар тоо биш. Гол нь бүтээлээ ирүүлэх, түүнд засварын санал илгээх, бичээчийн дасгалаар ажиллах гэдэг нь өөрөө маш том үнэ цэнтэй оролцоо юм. Жижиг жижигхэн алхам нь залуусыг уран зохиолд дурлуулах гүүр болж байна гэж бид бодож байгаа.

-Залуу зохиолчдод юу дутагдаж байгаа вэ?

-Уран зохиолын салбарт ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Залуусыг дэмжих сэтгэлгээ, тогтолцоо харьцангуй бага байдаг. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн чиг баримжаа маш сул. Хүмүүс уран зохиолын мэргэжилтнийг үл тоодог. Наад зах нь редакторын зөвлөгөөгүйгээр өөрийн бичсэн өгүүлбэрүүдийг холбож ном болгож хэвлэдэг. Ямар нэг шүүлтүүргүйгээр зах зээлд нийлүүлдэг. Гэтэл олон улсад бол аль нэг газарт тоогдохын тулд алдаагүй, сайн бичихийг чухалчилдаг.

Хүн болгон зохиол бүтээл туурвих хүсэлтэй байгаа нь сайн хэрэг ч нөгөө  талдаа мэргэжлийн байх гэдгийг гээх нь илүү хор хөнөөлтэй.

-Усны гудамж сайтад бүтээлээ илгээж байгаа залуу уран бүтээлчдийн гаргаж байгаа түгээмэл алдаа юу вэ?

-Хамгийн түгээмэл, эмзэглэм асуудал нь гэвэл өгүүлбэрийн бүтэц нь англи хэлний өгүүлбэрийн бүтэц шиг ч юм уу, ер нь монгол хэлний найруулгын алдаа их байгаа. Сайтад ирж байгаа ихэнх бичвэр найруулгын алдаатай байгааг уншихад эмзэглэх сэтгэл их төрдөг. Эдгээр алдаа нь эх хэл дээрх зохиол бүтээлүүдийг хэр их уншдаг вэ, хэдэн наснаасаа хойш уншсан бэ гэх мэтээс хамаарна. Мэдээж гадаад хэл сурах нь сайн хэрэг. Гэхдээ үүний зэрэгцээ эх хэлээ үл тоож, эх хэл дээрх зохиол бүтээл, номуудыг тоохгүй, голж байгаа нь эмзэглүүштэй.

Уг нь бол эх хэл дээр маань гайхалтай сор бүтээлүүд олон байгаа. Мөн орчин үеийн сайн бүтээлүүд ч олон. Эдгээрийг уншаасай гэж хүсдэг.

Мэдээж монгол хүн учраас монгол хэлээр л хамгийн сайн зохиол бүтээлийг бичнэ шүү дээ.

-Та анх хэзээ уран зохиолд татагдаж, шимтэж байсан бэ?

-Өсвөр наснаасаа л эхэлсэн. Хичээлээсээ гадуур уран зохиолын ном уншиж, өдрийн тэмдэглэл хөтөлж эхлээд л уран зохиолд дурлаж, татагдсан. Гэхдээ хамгийн гол нөлөөлсөн хүн бол арван жилийн дунд ангийн Байгалмаа багш минь. Багш биднийг ангиар нь ном уншуулдаг байлаа. Тэгээд л уран зохиолд хайртай болсон. Есдүгээр ангид байхдаа л утга зохиолоор сурна гэж шийдсэн. Гэхдээ энэ тухай хүмүүст хэлэхээр “Хэрэггүй, дэмий, мөнгө олохгүй” гэж хэлдэг байсан болохоор утга зохиолоор сурч байхдаа ч зарим хүмүүсээс нуудаг байсан. Ер нь энэ мэргэжлийн үнэлэмж нийгэмд бага байдаг.

-Зохиол бүтээлээ бичиж байхдаа өөрийгөө зоригжуулж хэлдэг үг байдаг уу?

-Тийм үг бол байхгүй ээ. Би нэг их зохиол бүтээл бичиж туурвиж гаргаагүй ч өдөр бүр өөртөө зориулж ямар нэгэн зүйл бичдэг. Гэхдээ ямартай ч бичих гэдэг зүйлийг миний амьдралаас салгачих юм бол би өөрөө өөртөө байхгүй болох байх. Тиймээс зүгээр л уран зохиолд дуртай, хайртай, бичихийг хүсдэг.

-Утга зохиол гэдэг зүйл танд юуг өгсөн бэ?

-Уран зохиол надад хүсэл мөрөөдөл, мөн маш сайхан хүрээлэл, хүмүүс гээд л зөндөө зүйл өгсөн. Ерөөс уран зохиол их үзэсгэлэнтэй зүйл шүү дээ. Үгээр, шүлгээр, яруу найргаар хүмүүстэй учирч, холбогдож, нөхөрлөнө гэдэг их сайхан.

-Редакторлаж байсан бүтээлүүдээс хамгийн сэтгэл хангалуун байдаг нь ямар бүтээл вэ?

-Карл Саган “Космос” ном бол миний хамгийн сэтгэл хангалуун байдаг бүтээл.

Шинжлэх ухаанаас их хол байдаг учраас анх удаа шинжлэх ухааны баримтат бүтээл дээр ажиллаж үзсэн. Хамгийн удаан ажилласан ном. Бараг жил гаруй редакторласан.

Ажиллаж байх явцад хэзээ ч харж төсөөлж байгаагүй ертөнцийг өнгөн гүнээс нь мэдэж, ертөнц гэдэг зүйл ямар үзэсгэлэнтэй болохыг таньж мэдсэн. Мөн хамтарч ажилласан хоёр орчуулагч маань эх хэлний мэдрэмж өндөртэй хүмүүс байсан. Энэ номыг л сайн ном бүтээл болсон гэж боддог учраас хүмүүст санал болгох дуртай.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Би телевизэд ажилладаг байхдаа хэл шинжлэлд их дурласан. Редактор байсан учраас хэлний олон асуудалтай тулгарч байсан болохоор хэл шинжлэл, хэлний тухай судалгаа хийсэн. Тэгээд хэл шинжлэлээр сурч, хэл шинжлэлийн судалгаа хийх мөрөөдөлтэй болсон. Судалгааны тухайд бол монгол хэлэнд зөвхөн хятад хэлний л галиг байдаг, бусад гадаад хэлний галиг байдаггүй. Тийм болохоор жишээ нь англи хэлний үгийг, эсвэл хүний нэрийг шууд монгол өгүүлбэрт оруулж бичээд байгаа. Ингэж бичих нь монгол хэлэнд орж ирж байгаа гадаад үгийн хэрэглээ ихэснэ. Үүнээс хамгаалах хэрэгсэл нь галиг болж байгаа юм. Тэгэхээр монгол хэлний галигийг боловсруулах, ядаж түүнд өөрийн хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй болсон.

-Нийгэм дэх нийт иргэд, олонхийн утга, уран зохиолыг харах өнцөг, уран зохиолын талаарх мэдлэг, мэдээлэл, ойлголт ямар санагддаг вэ?

-Мэргэжлийн байх нь ямар чухал вэ гэдгийг ойлгодоггүй, мэргэжлийн хүмүүсийн үнэ цэнийг үл ойшоодог. Мөн хүмүүсийн үзэл бодол, сэтгэлгээнд байдаг нэг ойлголтоос их айдаг. Тэр нь болохоор шүлэг, зохиол бичихийн тулд архи уудаг юм байна, уух ёстой юм байна, үсээ ургуулдаг юм байна гэх хэвшмэл ойлголт. Ерөөс шүлэг зохиол бичихэд үсээ ургуулсан байна уу, толгой холбож сайн хэлж чаддаг байна уу огт хамаагүй. Угтаа бол урлагийн мэдрэмж, эх хэлний мэдрэмж, үгийн сонголт, аливаа зүйлийг мэргэжлийн нүдээр харах, хянах чадвар, дүрслэн илэрхийлэх чадвартай байх л чухал. Энэ л урлаг, уран зохиолын нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр болж байгаа юм. Тиймээс бичих, хөгжих хүсэлтэй байгаа залуус үүнийг ойлгоосой, хэлбэр талыг битгий дагаасай гэж хүсдэг. Энэ бас л “Усны гудамж” үүсэх нэг шалтгаан, бидний зорилго болсон.

-Уран зохиолыг анхлан уншигч болон эхлэн бичигчдэд ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Уншигчид номоо сонгож чаддаг байх хэрэгтэй. Ном сонгох гэдэг нь хүн болгонд маш хэрэгтэй чадварын нэг. Энэ чадварт суралцаасай. Миний унших гэж байгаа ном хэр мэргэжлийн байна гэдгийг таньж мэддэг болоосой. Бичих гэж байгаа залуустаа ихийг уншаарай, эх хэлээ сайн эзэмшээрэй гэдгийг хэлье.

Н. Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж