Цагаачлалын албаны ажилтан гэмт хэрэгт буруутгагджээ

Цагаачлалын албаны ажилтан гэмт хэрэгт буруутгагджээ

Цагаачлалын албаны ажилтан гэмт хэрэгт буруутгагджээ

АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Лхагва гаригт (2026.01.07) Миннеаполис хотод 37 настай эмэгтэйг буудан хороосон хэрэг гарчээ. Улмаар олон нийтийн дургүйцлийг төрүүлж, холбооны засаг захиргаа болон орон нутгийн удирдлагуудын хооронд зөрчил үүсгээд байна. Амь үрэгдсэн эмэгтэйг Рене Николь Гүүд гэж тогтоосон. Трампын засаг захиргааны албаныхны мэдэгдсэнээр, тухайн эмэгтэй “хүчирхийлэгч, үймээн дэгдээгч” байсан.

Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтнуудыг машинаараа дайрах гэж оролдсон тул нэг ажилтан өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэжээ.

Гэвч Миннеаполис хотын удирдлагууд болон Ардчилсан намын төлөөлөгчид уг тайлбарыг эрс няцааж байна. Хотын дарга Жейкоб Фрей уг явдлыг “хүний аминд хүрсэн, эрх мэдлээ болчимгүй ашигласан үйлдэл” хэмээн тодорхойлжээ. Мөн “ICE”-ийн ажилтнуудад хандан “Манай хотоос гар” гэж мэдэгдсэн байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдэд буудлага болох агшин харагддаг. Тухайлбал, улаан хүрэн өнгийн автомашин орон сууцны гудамжийг хаасан байдалтай зогсож байх бөгөөд ойролцоо нь жагсагчид цугларсан харагдана. “ICE”-ийн ажилтнууд автомашинд ойртож, жолоочыг буухыг тушааж, нэг агент хаалгыг татсан. Машин хөдөлж эхлэх үед буун дуу гарч, улмаар автомашин ойролцоох цагаан машинтай мөргөлдсөн байна.

Энэхүү хэрэг нь Трампын засаг захиргаанаас Миннеаполис хотод явуулж буй өргөн хүрээний цагаачлалын эсрэг ажиллагааны үеэр болсон юм.

Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм  амиа алдсан Гүүдийн үйлдлийг “дотоодын терроризм” хэмээн тодорхойлж, хот дахь “ICE”-ийн ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп нэг “ICE”-ийн ажилтан автомашинд дайруулж, хүнд гэмтсэн ч амьд гарч эмнэлэгт эдгэрч байгаа гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг “радикал зүүн хүчин” байнга заналхийлж, дайрч байна хэмээн буруутгажээ.

Харин орон нутгийн удирдлагууд уг мэдэгдлийг үгүйсгэж байна. Миннеаполис хотын зөвлөл Гүүдийг “хөршүүддээ тусалж байсан энгийн иргэн” байсан гэж мэдэгдсэн. Миннесота мужийн захирагч Тим Уолз холбооны засгийн газрын мэдээллийг “суртал ухуулга” гэж шүүмжилж, шударга, ил тод мөрдөн шалгалт явуулна гэж амласан байна.

Уг хэргийг Холбооны мөрдөх товчоо (FBI) шалгаж байна.

АНУ-ын өндөр түвшний Ардчилсан намын улстөрчид мөн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, дэд ерөнхийлөгч асан Камала Харрис Трампын засаг захиргааны тайлбарыг олон нийтийг төөрөгдүүлж байна гэж буруутгасан байна. Өчигдөрхөн гарсан энэ хэргийн дараа Миннеаполис хотын хэд хэдэн хэсэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, оршин суугчид “ICE”-ийг хотыг орхихыг шаардсан. Хэрэг гарсан газрын ойролцоо лаа, цэцэг өргөсөн дурсгалын хэсэг байгуулж, уриа лоозон хашхирч, үг хэлсэн байна.

Мөн зарим жагсагч холбооны шүүхийн байрны орцыг хаасан ч удалгүй тарсан байна. Үүнээс гадна Нью-Орлеанс, Майами, Нью-Йорк зэрэг бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж