Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

НЭМЭЛТ: 

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.

Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.

Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.

Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах

Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:

-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.

Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлагатай байна. Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаарын талаар тусгаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаан дахь төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, төсвийн үргүй зардал багасах, түүнчлэн, Авлигын төсөөллийн индекс сайжрах нөхцөл бүрдэнэ.

"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.

Хувийн хэвшлээс Улаанбаатар арена төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ. Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ.  Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзэж байна.

Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг ч спортын ордон, заалны хүрэлцээ хангалтгүй, ихэнх нь хуучирсан тул залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж дутмаг байна.

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцууллаа.

Монголын түүхийн чухал нэгэн үе Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэгжүүлэх, Их Монгол Улсын түүх, соёлын холбоотой мэдээллийг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсад сурталчилна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,  хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн жинхэнэ алба хаагч, ял эдэлж байгаа ялтан, бусад иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 2 хувь, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан байдаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцах иргэдэд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон  ял эдэлж байгаа ялтан хамаардаг бөгөөд нийт 2.2 сая иргэний шимтгэлийг төрөөс хариуцан төлж байна.

“Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд 141 арга хэмжээ тусгажээ

“Эдийн засгийн өсөлтийг  иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 300 хоногийн төлөвлөгөөг 2025 оны 12 дугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Ажлын хэсэг өнгөрсөн тав хоногт яамдаас санал авч нэгтгэн төлөвлөгөөнд тусгажээ. Түүнчлэн Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнууд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх” 300 хоногийн ажлын төлөвлөгөөг орон нутагт танилцуулж байна.

Төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих, бизнесийн боломж, эрх чөлөөг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төрийн реформыг хэрэгжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавх, эдийн засгийн хувьсгалыг хэрэгжүүлэх 88 зорилт, 141 арга хэмжээ тусгаад байна.

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.

Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар  төлөвлөж байна.

Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм.

Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авчээ.

Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн бөгөөд энэ цаг мөчид үргэлжилж байна.

Тус хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,  Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,  Ой тэмдэглэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Их Монгол Улсын 820 жилийн ой/ , Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/, Бусад асуудал багтжээ.

Мөн  танилцуулах асуудалд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/, Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар, Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан асуудал багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-07 103.212.119.215

Зандка салхитын мөнгөний ордыг дайлаар мордож эзэлж аваад дампуурсан түүхээ давтах нь дээ

Avatar

Нэргүй 2026-01-07 59.153.112.106

Огцор огцор самарч дууслаа

Avatar

Нэргүй 2026-01-07 103.229.122.79

Ямар ч үр ашиггүй ой тэмдэглэхээ болино уу ЗГ. Бас төсвийн хүндрэлтэй үед бөөн мөнгө зарцуулан байж СОР-17 зохион байгуулахаа үнэнээ хэлээд боличихож болохгүй л юм байхдаа хэцүү үеп их наядаар нь 3 хоногт цацах төсөв байхгүй байгаа шүү. энэ төсвийн санхүүжилтийн мөнгөнүүдээ өгөөчээ татвар, цалингаа тавихан битгий хэл зээл аваад ажил хийсэн зээлээ төлж чадахгүй байна. Зандан гэж үнэн бүтэхгүй гар юмаа ам ажил алд зөрнө. Хажууд нь харин Данх ажлын мөнгө удааж үзээгүй шүү новшоо

Avatar

Нэргүй 2026-01-07 66.181.176.87

занданшатар гэж ёстой бүтэхгүй балиар хүн байншд, бүүвэй зандан гэж үнэн юм байна аа

Avatar

Больцгоо 2026-01-07 202.9.46.17

Согтуу толгойт зайл,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж