Венесуэль бол батлагдсан газрын тосны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг улс. Гэвч хөрөнгө оруулалт болон мэргэжлийн ур чадвар дутмаг байдлаас үүдээд газрын тосны салбар нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэдэг. АНУ-аас Венесуэльд цохилт өгсөн нь ч энэхүү газрын тосны арвин их нөөцтэй нь холбоотой гэж зарим ажиглагч үзэж буй.
Тэгвэл АНУ-ын цохилт болон Мадурогийн баривчилгааны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хэлбэлзэж эхлэв.
“West Texas Intermediate” гэгддэг АНУ-ын түүхий газрын тосны үнэ Ням гаригийн орой 18:00 цагийн үед буурсан үзүүлэлттэй байснаа удалгүй өсч, 22:00 цагийн үеэс дахин буурчээ. Харин Брент маркын түүхий газрын тос 22:40 цагийн байдлаар зах зээл анх нээгдэх үеийнхээс арай доогуур үнээр арилжаалагдаж байв.
АНУ-ын хүчин Николас Мадурог баривчилсны дараахан Трамп мэдэгдэл хийхдээ “Бид дэлхийн хаана ч хамгийн томд тооцогддог газрын тосны компаниудаа Венесуэлийн зах зээлд оруулж, тэрбум тэрбум ам.доллар зарцуулан, дэд бүтцийг нь сайжруулах болно” гэсэн билээ.
Гэвч газрын тосны салбарынхны хувьд нөхцөл байдал эсрэг тэсрэг байна. Тодруулбал, Трампын оролцоо бүх зүйлийг илүү тогтворгүйтүүлж байна. Цэргийн мөргөлдөөн, Латин Америк дахь эрх мэдлийн хоосон орон зай зэрэг хүчин зүйлээс болоод газрын тосны үнэ өсч байна. Өөр нэг өнцгөөс нь авч үзвэл, ирээдүйд тус улс газрын тосны асар их нөөцөө олборлож, зарвал дэлхийн нийт нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах магадлалтай.
Гэхдээ Венесуэлийн эрчим хүчний салбарыг сэргээхэд олон жил, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах нь гарцаагүй юм. Ням гаригийн оройн ханшийн хэлбэлзлийг харахад энэ мөнгө хаанаас гарах, эрсдэлийг хэн үүрэх гээд тодорхойгүй зүйл олон байна.
Венесуэлийн эмзэг эдийн засаг газрын тосноос онцгой хамааралтай. Түүхий нефть болон нефть химийн бүтээгдэхүүн зэрэг холбогдох бүтээгдэхүүнүүд нь тус улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ нь хатуу хориг арга хэмжээтэй, эдийн засаг нь тусгаарлагдсан үед Венесуэлийг аварсан хамгийн том хүчин зүйл билээ.
Тус улсын батлагдсан газрын тосны нөөцийг 300 тэрбум гаруй баррель гэж тооцож байна. Гэхдээ энэ нь дэлхийн нийт газрын тосны үйлдвэрлэлийн нэг хүрэхгүй хувь юм. Үйлдвэрлэл талаасаа Венесуэль улс дэлхийд 21 дүгээр байранд орж байна.
Энэхүү уналтыг ерөнхийлөгч асан Уго Чавесын засгийн газраас эхтэй гэж үзэж болно. Уго Чавесын 1990, 2000-аад онд өрнүүлсэн хувьсгал асар их авлигын уг үндэс болж, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг улсаасаа түлхэхэд хүргэсэн юм. Угтаа бол АНУ нэгэн цагт Венесуэлийн газрын тосны салбарын гол түнш байлаа. Гэвч Чавесын хувьсгалын дараа Венесуэльд ганцхан “Chevron” компани л үлджээ.
Венесуэль газрын тосны нөөцөөрөө Саудын Араб, Иран, Ирак, Арабын нэгдсэн Эмиратаас ч илүү гардаг. Гэвч дээр дурдсанчлан хөрөнгө оруулалт дутмаг, эдийн засаг муу байгаагаас болж маш бага хэмжээгээр түүхий нефть экспортолж байна. Венесуэлийн эрчим хүчний дэд бүтцийг 1990-ээд оны түвшинд хүртэл сэргээхэд найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоолол бий.
Газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд сүүлийн жилүүдэд дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэр зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулдаг хөрөнгөө бууруулах болсон нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм. Энэ нь тэдний хувьд газрын тосны үнийн уналтад хариу үйлдэл үзүүлж буй нэг хэлбэр.
Энд нэг зүйлийг онцлууштай нь, Трампын засаг захиргаа Венесуэлийн асуудалд хөндлөнгөөс оролцохоос ч өмнө газрын тосны үнэ буурах магадлалтай байгааг шинжээчид таамаглаж байжээ. АНУ-ын түүхий нефть болон Брент маркийн түүхий нефтийн үнэ 2025 онд 2020 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн. Энэ нь газрын тосны зах зээлийн хэтийдсэн нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн уналт байсан гэж түүхий эдийн худалдааны “Trafigura” компанийн ерөнхий эдийн засагч Саад Рахим хэлжээ.
Тэгвэл АНУ яагаад Венесуэлийн газрын тосны хойноос хөөцөлдөж байна вэ?
Асуудлын гол цөм нь АНУ-ын үйлдвэрлэдэг газрын тосны төрөлд оршино. Тус улсын гол бүтээгдэхүүн нь хөнгөн түүхий нефть. Харин Венесуэлийн нөөцөд АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд шаардлагатай дэлхийн хамгийн том хүнд түүхий нефтийн нөөц багтдаг ажээ.
3,548.92






















































Нэргүй 2026-01-06 202.126.90.52
Газрын тос хямдарвал Түрэмгий оросуудын түрэмгийлэл зогсоно
Слава УКраине