Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын томилгоонууд

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын томилгоонууд

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын томилгоонууд

Шинэ он гарахтай зэрэгцүүлэн албан тушаалын томилгоонууд үргэлжиллээ. Зөвхөн Засгийн газраар хязгаарлахгүй Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар ёсчилсон томилгоонууд ч хийгдлээ. Үүнээс гадна томоохон төрийн өмчит компаниудад ч халаа сэлгээ үргэлжлэв.  Хамгийн сүүлд хийсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулъя.


М.ЧИНБАТЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР УЛИРААН ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилжээ. М.Чинбат нь 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Төрийн хууль цаазын шадар зөвлөх болон,

  • 1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
  • 2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
  • 2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
  • 2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
  • 2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор,
  • 2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч. Прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Г.ЭНХТАЙВАНГ ТОМИЛЖЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрч, гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгасан байдаг.

Тэгвэл Р.Отгонжаргалын дэд даргаар ажиллаж байсан Г.Энхтайванг ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилжээ.

Г.Энхтайван нь шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж байв.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮД ТОМИЛОГДОВ

Улсын Их Хурлын 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” санал, дүгнэлтийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Чадраабалын Баянжаргал нарыг томилжээ.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ж.МӨНХСОЛОНГЫГ ТОМИЛОВ

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байсан юм. Уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тэгвэл Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийн оронд одоогоор хэн нэгнийг томилоогүй байна. Харин Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ДАВААДАЛАЙГ ТОМИЛОВ

УИХ-ын чуулганы 2025 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилсон байна. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай аж.

 САНГИЙН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.БАЯРМАГНАЙГ ТОМИЛОВ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд хэн нэгнийг томилоогүй байсан юм. Тэгвэл Ж.Ганбатын оронд Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Баярмагнайг томилсон. Энэхүү томилгоог Засгийн газрын /2025.12.31/ ээлжит хуралдаанд танилцуулан албажуулсан аж. М.Баярмагнай өмнө нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж