Сурагчдын амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд ахуйн осол, гэмтэлд өртөх нь нэмэгдэж байгааг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Тэр дундаа чарганаас унаж бэртэх тохиолдол нэмэгдэж байгаа гэдгийг онцолж байгаа юм. Сүүлийн жилүүдэд стандартын шаардлага хангахгүй хуванцар чаргаар гулгаснаас үүдэж хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол нэмэгдэж байгааг албаныхан мэдээлдэг. Гэвч эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас үүдэлтэйгээр чарганаас унаж гэмтэх хүүхдүүдийн тоо энэ үед буурахгүй байгаа аж. Тодруулбал, 2026 он гарснаас хойш ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт өдөртөө 500 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авч байгаа гэнэ. Эдгээр тусламж үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь чарганаас унаж, бэртсэн хүүхдүүд байгаа юм. Тухайлбал, чаргатайгаа онхолдох, автомашины доогуур орох, хуванцар чарга цоорч улмаар гуя, өгзөг рүү зоогдох, чаргаараа бусдыг дайрах гэх мэт тохиолдлууд их бүртгэгдэж байгаа ажээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвөөс өдөрт 70-80 хүүхэд тусламж үйлчилгээ авч байгаагаас 20-30 хүүхэд нь чарганаас унаж бэртсэн хүүхдүүд байна.
Улмаар мөчдийн хугаралтай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь нэмэгдсэн байна. 2019-2023 оны хооронд 8919 иргэн цана, чарганаас унаж гэмтэж, ГССҮТ-д ирж, эмчлүүлжээ.
Хүүхдээ чарга дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь хамгийн аюултай үйлдэл болохыг эмч нар сануулж байгаа юм.
Уг асуудлыг мэргэжлийн эмч нар жил бүр ярьж сануулдаг ч осол гэмтлийн тоо буурахгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хэнэггүй зантай холбоотой гэж хэлэхэд хилсдэхгүй.
Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарт гарахад хотоос зайдуу уулын энгэрээр чаргаар гулгаж байгаа хүүхдүүд дүүрэн. Ингэхдээ эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь битгий хэл чарган дээр хоёр, гурваар нь суулгаад машинаар чирж тоглуулж байгаа нь анзаарагдсан. Өвлийн улиралд цана, чаргаар гулгах нь хүүхдүүдийн хувьд хамгийн их хүлээдэг, хөгжилтэй тоглоомуудын нэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү энгийн мэт харагдах зугаа цэнгэл хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Гэтэл ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ хяналтгүй орхих, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр өндөр, огцом налуу газарт гулгуулах, автомашины зам, мөстэй уулын энгэр, бартаатай орчинд чаргаар гулгуулах зэргээр анхаарал болгоомжгүй үйлдэл гаргаж байна. Үүний улмаас гар, хөл хугарах, толгой тархинд цохилт өгөх, нуруу, нугас гэмтэх, цаашлаад амь насанд аюул учрах ноцтой ослууд гарсаар байна. Гэмтэл авсан хүүхдүүдийн ихэнх нь хамгаалалтын дуулга, өвдгөвч, тохойн хамгаалалтгүй байсан нь ослыг улам хүндрүүлдэг аж. Цана, чаргаар гулгах нь буруу биш. Харин аюулгүй байдлын дүрэм, эцэг эхийн хариуцлага хамгийн чухал юм. Хүүхдийг нас, чадварт нь тохирсон газар гулгуулах, заавал том хүний хараа хяналтад байлгах, хамгаалалтын хэрэгслийг тогтмол хэрэглэх нь гэмтлээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн атлаа үр дүнтэй арга юм. “Зугаа” нэрийн дор гарч буй хайхрамжгүй байдлаас үүсч буй осол гэмтэл нь хүүхдийн насан туршийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ чаргаар гулгуулахдаа зам талбайг нь сайтар шалгаж, хамгаалах хувцас хэрэгслийг иж бүрэн өмсүүлж, зориулалтын чаргаар гулгуулахыг зөвлөж байна.
Монгол Улс 1982 оноос хойш хуванцар материал болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний стандартыг тогтоож, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж байгаа. Гэсэн ч уг стандартад хүйтний улиралд наймаа нь цэцэглэдэг хуванцар чарганы стандартыг тогтоож өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнөөс хуванцар чарганд стандартын шаардлага тогтоож, импорт, нийлүүлэлтэд хязгаарлалт тавина гэж яригдаж байсан ч өнөөг хүртэл биеллээ олоогүй байгаа. Тиймдээ ч хотын захаас баруун, зүүн тийш жаахан явахад өнгө өнгийн хуванцар чаргануудыг эгнүүлэн өрж 40-120 мянгын үнэтэй зарж буй. Улмаар эцэг, эхчүүд түүнийг худалдан авч хүүхдүүдээ агаар, салхинд гаргаж гулгуулснаар бэртээж, гэмтээсээр байгаа юм. Стандартын шаардлага хангахгүй чарганаас гадна манай эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдал ч үүнд нөлөөлж буй!
3,548.92






















































Нэргүй 2026-01-05 66.181.183.188
цэвэр цусны Оркууд л ингэдэг
Монгол Улсын иргэн 2026-01-05 202.9.47.71
тэнэг монголчуудад аюулгүй байдлын сэрэмж, ухаан гэж ТҮЙ ч байхгүй. ямар ухаантайдаа хүүхдээ чарганд суулгаад машинаар чирч явах вэ дээ. үнэхээр аймаар. тэр хүнийг хүүхдээ санаатайгаар а**х, гэмтээх гэсэн зүйл ангиар шийтгэвэл зохино
Зочин 2026-01-05 202.126.91.46
тэнэг хүний оюуны чадавх гэж мөн ч аюулын харанга юмдаа
Иргэн 2026-01-05 202.126.88.204
та нар буудсан нохойгоо хоолойгоор нь чирдэг ш дээ
Нэргүй 2026-01-05 66.181.189.16
т1 хүмүүс цөөрч л байвал болоошд