Трампын дуурсах нэрээр дэнчин тавьсан ажиллагаа

Трампын дуурсах нэрээр дэнчин тавьсан ажиллагаа

Трампын дуурсах нэрээр дэнчин тавьсан ажиллагаа

АНУ-ын Венесуэльд өгсөн цохилт болон Мадурогийн баривчилгаа 2026 оныг дуулиантайхан эхлүүллээ. Энэ үйл явдал хэрхэн төгсөх нь Трампын цаашдын өв, дуурсах нэрийг тодорхойлохоос гадна АНУ-ын дэлхийн тавцан дахь байр суурийг шинээр тодорхойлно гэж шинжээчид үзэж байна.

Тэгвэл Трамп дэлхий нийтийг цочирдуулсан баривчилгааныхаа дараа шинэ улс байгуулах ажилдаа ханцуй шамлан орсон бололтой. Тэрбээр Бямба гаригт /2026.01.03/ мэдэгдэл хийхдээ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт нараас бүрдсэн баг венесуэльчүүдтэй хамтран ажиллаж, хүнд байдалд орсон улс орныг хяналтдаа авах болно гэсэн юм. Тодруулбал, "Бид аюулгүй, зохистой, бодлоготой шилжилт хийх хүртлээ улс орныг удирдах болно" гэж тэр хэлжээ.

Улс орныг удирдана гэдэг үгээрээ чухам юуг хэлсэн нь тодорхойгүй. Гэхдээ зөрчилдөөн, саад бэрхшээлээр дүүрэн огцом өөрчлөлт гэдэг нь дамжиггүй.

Трамп нэгэнтээ АНУ-ыг эцэс төгсгөлгүй дайнд татан оролцуулахгүй гэж амлаж байв. Мөн өмнөх засгийн газруудын аль нэг дэглэмийг өөрчлөх гэсэн оролдлого бүрийг шүүмжилж, "Америк нэгдүгээрт" бодлогоо л баримталдаг байлаа. Гэвч өнөөдөр тэр олон арван жилийн дарангуйлал дор эдийн засаг нь доройтож, улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүйтсэн Өмнөд Америкийн улсыг дахин бүтээн байгуулах гэснээрээ ерөнхийлөгчийн албан тушаалаа эрсдэлд оруулж байна.

Ямартай ч Трамп асуудлыг өөдрөгөөр харж байгаа бололтой. Тэрбээр "Бид ялж явсан төгс түүхтэй. Энэ удаад ч ялгаагүй" гэж хэлсэн билээ.

Өдгөө Трамп Венесуэлийн аж үйлдвэрийн салбарын доголдсон дэд бүтцийг сэргээн босгохын тулд Америкийн эрчим хүчний компаниудыг дайчлана гэж амлаад байна. Мөн сэргээн босголтын санхүүжилтыг нь шийдэж, Венесуэлийн ард түмэнд ашиг тусыг нь хүртээнэ гэж амласан.

Венесуэлийг дахин байгуулах хүчин чармайлтын хүрээнд америк цэргүүдийг тус улсад байрлуулахаас татгалзахгүй гэсэн санааг тэр илэрхийлжээ. Тэрбээр "Бид цэрэг байршуулахаас айхгүй байна. Өнгөрсөн шөнө цэрэг байршуулчихсан шүү дээ" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Иракт хийсэн АНУ-ын дайралтыг хурцаар шүүмжилдэг Трамп энэ удаад Төрийн нарийн бичгийн дарга агсан Колин Пауэллын хэлсэн "Нэгэнт хөндлөнгөөс оролцсон бол бүх зүйлд нь өөриймсөг ханд" гэсэн утга бүхий үгийг санах хэрэгтэй болов. Иракын дайны ард байсан гол албан тушаалтан Колин Пауэлл энэ үгээрээ хэрвээ та аль нэг улсад хохирол учруулсан бол үүсэх асуудлыг нь ч бас хариуцах ёстой гэсэн санааг илэрхийлжээ.

АНУ цаашдаа Венесуэлийн ирээдүйг дахин зурах нь. Сайнаар ч бай, муугаар ч бай зурах л болно.

Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхдээ энхийг сахиулагчийн дүрээр гарч ирсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэр амлалтдаа хүрсэнгүй. Эсрэгээрээ дэлхийн хаана ч байсан цэргийн хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ тувт харууллаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл тэр Сири, Нигерид агаарын цохилт өгөх тушаал буулгав. Мөн 2025 онд Ираны цөмийн байгууламжууд, Карибын тэнгис дэх хар тамхи тээвэрлэгч хөлөг онгоцнууд, Йемен дэх босогчид, Сомали дахь зэвсэгт бүлэглэлүүд, Ирак дахь исламист хүчнийг ониллоо.

Тэгвэл энэ удаагийн Венесуэлийн ажиллагаа урьд өмнөх цохилтуудаас ялгаатай байна. Тодруулбал, өмнө нь АНУ өөрсдийн цэргүүдээ хохироохгүйг хичээдэг байсан бол энэ удаад эсрэгээрээ байгаа аж.

Трамп хэвлэлийн хурлын үеэр "Венесуэлийг дахин агуу болгохыг зорьж байгаа" гэж хэлсэн билээ. "Америкийг дахин агуу болгоно" гэдэг алдарт үгээсээ эшилсэн энэ зорилго нь зарим нэгний хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйл. Тухайлбал, нэгэнтээ Трампын үнэнч дэмжигч явсан Конгрессын гишүүн Маржори Тэйлор Грин түүний "Х" дээрх нийтлэлийг буруушаажээ. Тэрбээр "Америкчууд манай засгийн газрын хэзээ ч дуусдаггүй цэргийн түрэмгийлэл, гадаадын дайны дэмжлэгт дургүйцэх нь зөв. Учир нь бид үүний төлөөсийг төлдөг. Бүгд найрамдах намынхан ч тэр, Ардчилсан намынхан ч тэр ялгаагүй л Вашингтоны дайны машиныг санхүүжүүлж, ажиллуулж яваа шүү. Энэ байдлыг дуусгахын тулд л саналаа өглөө гэж Трампын олонх дэмжигч бодсон. Бидний буруу байжээ" гэсэн юм.

Венесуэль ажиллагаа нь АНУ-ын хураагдсан газрын тосыг эргүүлэн авах, фентанилын үйлдвэрлэлийг зогсоох зорилготой гэж Трамп тайлбарласан билээ. Тэрбээр "Венесуэлийн ажиллагаа нь АНУ-ын бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, газрын тосны тогтвортой эх үүсвэрийг бий болгосон. Энэ утгаараа ‘Америк нэгдүгээрт’ бодлогыг урагшлуулсан гэсэн үг" гэсэн юм. Энэ үндэслэлийг Бүгд найрамдах намын ихэнх хууль тогтоогч дэмжсэн. Тухайлал, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон цэргийн ажиллагааг "шийдэмгий бөгөөд үндэслэлтэй" гэж тодорхойлжээ.

Венесуэльд халдсанаараа Трамп 19 дүгээр зууны эхэн үеийн АНУ-ын ерөнхийлөгч агсан Жеймс Монрогийн бодлогыг шинэчлэн сэргээж байгаагаа тунхаглаж байна.

Жеймс Монро дэлхийг Европын болон Америкийн эрх мэдлийн тогтолцоонд хуваах зарчмыг дэвшүүлж, АНУ болон Европын улс орнууд харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үзэл баримтлалыг тунхаглаж байв. Үүнийг Монрогийн сургааль гэж нэрлэж заншсан байдаг. Тэгвэл Трамп үүнийг "Донрогийн сургааль" гэж шинэчлэн тунхаглалаа. /Донро гэдэг нь Дональд гэсэн нэрийн эхлэл болно./

Өөрөөр хэлбэл, Трамп Венесуэль ажиллагаагаараа дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст АНУ-ын ноёрхолд хэн ч эргэлзэхээргүй боллоо гэсэн мессежийг хүргэв.

"АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийн зорилго нь үндэсний аюулгүй байдлын гол цөм болох худалдаа, нутаг дэвсгэр, нөөцийг хамгаалах явдал" гэж Трамп хэлжээ. Мөн тэрбээр дэлхийн бөмбөрцгийн баруун хагасыг Америкийн эх нутаг гэж нэрлэлээ.

Гэхдээ Мадурог баривчилсан нь дэлхийн томчуудын АНУ-тай харилцах харилцаанд сэв суулгах магадлалтай юм. Жишээлбэл, Хятад улс энэ баривчилгаанд цочирдож байгаагаа илэрхийлж, тусгаар тогтносон улс руу хийсэн болчимгүй халдлага гэж дүгнэв. Байдены засаг захиргааны үед ОХУ-аас Украинд халдан довтлоход АНУ үүнтэй ижил төстэй мэдэгдэл хийж байсан билээ.

Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ийнхүү өөрөөр эргэсэн тул АНУ-ын Венесуэльд халдсаныг ОХУ, Хятад улсууд өөртөө ашигтайгаар эргүүлэх вий гэж санаа зовох нэгэн ч байна.

Бүгд найрамдах намын ахмад гишүүн Дон Бэкон хэлэхдээ "Одоо энэ үеийг ашиглаад ОХУ Украины эсрэг хууль бус, харгис цэргийн ажиллагаагаа зөвтгөх вий. Эсвэл Хятад улс Тайвань руу халдах санаагаа зөвтгөх вий гэж санаа зовж байна" гэжээ.

Ардчилсан намынхан илүү шулуун шударга шүүмжлэлүүдийг хэлж байна. Тухайлбал, Сенатын Гадаад харилцааны хорооны Брайан Шатз "АНУ ямар ч шалтгаанаар бусад улс орныг удирдах ёсгүй. Америкчуудад сүйрлийн үр дагавар авчирдаг төгсгөлгүй дайн, аливаа дэглэмийг өөрчлөх даалгаварт оролцохгүй байх ёстойг бид өнөөдөр сурчихсан байх учиртай юм" гэжээ.

Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга болж магадгүй байгаа Конгрессын гишүүн Хаким Жеффрис "Мадуро гэмт хэрэгтэн, дарангуйлагч ч гэлээ Трамп хууль тогтоох байгууллагатай зөвлөлдөлгүй халдлага үйлдсэн нь буруу. Дональд Трамп АНУ-ын хуулийг дагаж мөрдөх, ардчилсан хэм хэмжээг хамгаалах үндсэн хуулийн үүрэгтэй. Америкийг нэгдүгээрт тавихын тулд үүнийг л шаардаад байгаа юм" гэжээ.

Эцэст нь дурдахад, Трамп энэ ажиллагаагаараа ерөнхийлөгчийн албан тушаалаа, өөрийн дуурсах нэрээ мөрийд тавьж байна. Олон арван жил эмх замбараагүй байдалд байсан улс орныг засч төвхнүүлэх, дэлхий дахин Трампын арга барилд эргэлзэж буй тул бүс нутгийг тайван байлгах гээд түүний багийн өмнө хийх ажил арвин байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-05 85.12.4.204

ОХУ У.Хүрэлсүх болон түүнийг гэргийг ачаад явчихвал яах уу? ОХУ-д манай 4 том удирдагч үхсэн шүү дээ

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.160.7

Тагнуул энийг устгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-05 43.242.242.59

АНУ бол дайнч улс мөн.Нефтээр баян Ирак улсыг будаа болгож ерөнхийлөгч Саддам Хусейныг баривилж цаазаар авсан. Мөн нефтээр баян Ливи улсын дотоод хэрэгт оролцож тэр улсыг сүйрүүлж ерөнхийлөгч Маумер Каддафийг баривчилж цаазаар авсан. Одоо Венесуэлыг яг энэ байдлаар ерөнхийлөгчийг нь олозолж авлаа. Одоо олон улсын дэг журмыг том гүрнүүд л тогтоодог болжээ. Удахгүй Хятад улс Тайванийг эзэлж авна. Хэн ч юу ч ярьж чадахгүй. Бид 2 хөрштэйгээ муудалцаж болохгүй, эвтэй байх минь

Avatar

Нэргүй 2026-01-05 43.242.242.57

Ирак гэж улс одоо байгаа юу? Эсвэл АНУ-ын муж болчихсон уу?

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.88.194

Манайхыг ингэж эзлээд аваач Трамп ахаа, бид АНУ-ын колонимулс болмоор байна.

Avatar

Нэргүй 2026-01-05 45.66.35.21

Христийн зомби болсон уяахуяа тролл шаахайнууд шиг "ааваа намайг ашиглаач" гэж орилолддог шиг үү!? Аааа ха ха ха 😆🤣😝😂😄

Avatar

t 2026-01-05 50.147.160.114

on & ?

Avatar

baaxan gistafdax Xto tebe Prunumaaet 2026-01-05 50.147.160.114

gyilagchduin tsybsan idts Ertunts

Avatar

aimshigtaie xarlaa yana ii 2026-01-05 50.147.160.114

– &tt ?

Avatar

Гадаад Хууль журам 2026-01-05 202.126.90.192

Энэ Хорвоо Дэлхий ч гсн Гадаад Хууль Журамтай гэж үнэн шүү. Бие биеснээсээ хамааран орших Хүн Төрлөхтөн.

Avatar

зочин 2026-01-05 66.181.160.8

Америк чаднаа …Үнс нурам болсон Европыг Азигийг босгоод л ирсэн улс шдэ .

Avatar

Нэргүй 2026-01-05 188.162.254.96

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.188.14

бүс нутгийн аюулгүй байдал үнэхээр чухал, оросын 22 онд эхлүүлсэн дайн ч ийм л шалтагтай байсан, америк агуу учраас харин ч жинхэн тусгай ажиллагаа гэж юу байдгийг дэлхий дахинд, оросуудад харуулж чадлаа.

Avatar

dam 2026-01-05 50.147.160.114

– (- save100;)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж