"Татварын багц хуулийг шинэ жил далимдуулж батлуулах гэсэнгүй"

Live"Татварын багц хуулийг шинэ жил далимдуулж батлуулах гэсэнгүй"

"Татварын багц хуулийг шинэ жил далимдуулж батлуулах гэсэнгүй"

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.31/ 10.30 цагт эхэллээ.


 

13 : 01
2025-12-31

Намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийлээ.

УИХ-ын дарга Н.Учрал:

Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын гишүүд ээ,

Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа он солигдох цаг мөчид өндөрлөж байна.

УИХ улирч буй 2025 оны хааж буй намрын чуулганаа дүгнэн цэгнэж, угтан буй 2026 оны Хаврын чуулгандаа ахиц амжилтаа бататгаж, алдаа, асуудлаа засаж залруулах учиртай.  

Хаалтаа хийж буй 2025 оны намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого, шийдлийн шинэ гараа боллоо. Ирэх хаврын чуулганаар ард түмний 126 элч төлөөлөгч бид хүний эрх, хүүхдийн эрх, иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ухаан бодлог, мэдлэг чадвараа дайчлан, мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх болно.  

Их гүрнүүдийн геополитик, энерги, эрчим хүчний эх үүсвэр, худалдаа, технологийн зөрчил мөргөлдөөн хурцамдал нөхцөлд Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, Монгол Улсын иргэний эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлах нь Та бидний батлах хууль, барих бодлого, гаргах шийдэл болсон байна. 

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 75 өдөр чуулж,  14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа хуралдаж, 148 асуудал, байнгын хорооны хуралдаан 112 удаа хуралдаж, 221 асуудал, дэд хорооны хуралдаан 10 удаа хуралдаж, 18 асуудал, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдаж, 33 асуудлыг тус тус хэлэлцжээ.

2026 оны улсын төсвийн төслийг урьд өмнөхтэй харьцуулахад эрдэмтэн судлаачид, иргэд, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлсэн нь татвар төлөгчдийн хичээл зүтгэлээр бүрддэг төсвөө илүү нээлттэй, оновчтой болгох, үргүй зардлыг хэмнэх, нүсэр том төрөөс ухаалаг, цомхон бүтээмжтэй төр болох, зах зээл дэх хэт оролцоог нь хумих, иргэний эдийн засгийн эрх чөлөөг хангах, хувийн хэвшлийн орон зай нээхийн төлөө улам тууштай баримтлах  шинэ хандлага боллоо. Эмч, багш нарын цалинг ирэх онд үе шаттайгаар 76 хувь, тэтгэврийг инфляцтай уялдуулан 8,6 хувиар нэмэх улсын төсвийг хуульчлан баталлаа. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр ард иргэд, аж ахуйн нэгжийн үүрдэг ачаа дарамтыг буулгаж нурууг тэнийлгэхийн төлөө ухаан бодлоо уралдуулсан төсөв байлаа.  

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өргөн боломжийн өмнө хөндөлссөн элдэв хязгаарлалтуудыг эрс багасгалаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, төсвийн зарлагын хязгаарт багтаагүй төслүүд хэрэгжих боломжийг хуульчлан нээлээ. Түншлэлийн төсөл сонгон шалгаруулалтын хугацаа 12-18 байсныг 1-6 сар, олон биш нэг шаттай, аймаг, орон нутаг бие даан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл шийдэх эрхтэй боллоо.

Түлш шатахуунаар 100 хувь хараат, саалиа ч, саваа ч бэлдээгүй, гадаад хүчин зүйлсээс улбаатай тасалдал хомсдолд нэн эмзэг, өртөмтгий байдлыг багасгах, нөөц бүрдүүлж, урьдчилан сэргийлэх зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, босгыг нь намсгаж, болзлыг зөөллөв. Давтамж нь өссөөр буй ган зуд, гамшигт үзэгдлийн хор хохирлыг бууруулах, малчид нөхөн төлбөрөө нэг удаа урьдчилан авах боломжтой боллоо.

УИХ-ын соёрхон баталсан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр бол  “Зүрх судасны үндэсний төв”-ийг барьж босгох, тоног төхөөрөмж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэхэд зориулагдах хөрөнгө мөнгө юм. Монгол хүний элэг бүтэн амьдралыг хөнөөх хамгийн түгээмэл шалтгаан зүрх судасны өвчинтэй тэмцэхэд тус зээл зориулагдана.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталж, ногоон болон дижитал шийдэлтэй 32 шинэ сургууль, 9 шинэ цэцэрлэг үүдээ нээж, 38,000 гаруй хүүхэд дэлхийн стандартаар Монголдоо суралцана.

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулганаар бид “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг. Тавьсан зорилго, хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойлсон. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг үнэлэх, ​ахиц дэвшлийг хянах, зорилтот үр дүнд чиглүүлэх зорилгоор үр дүн тус бүрийг хэмжих нийт 512 шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшнийг тодорхойллоо.

Цаашид үндсэн чиглэлийг хэлэлцэхэд хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, УИХ-аар хэлэлцэх хуулийн зохицуулалтын зөрүүтэй байдал, хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдал, мөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэгт Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Ард түмний шийдвэрээр төрийн дээд эрх барьж буй парламентын баталсан хууль, бодлого цаасан дээр биш бодит амьдралд хэрэгжиж байх ёстой. Хууль хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих нь Улсын Их Хурлын Онцгой бүрэн эрх. Иргэн нь мэдэх эрхээ эдэлж байгаа цагт, олуулаа нүдээр харж байгаа бол, иргэдтэйгээ цуг засаглаж байгаа нөхцөлд эрүүл нийгэм бүрдэн төлөвшдөг. Төр түмэн нүдтэй гэж хэлдэг үгийн утга шим ч үүнд оршдог.

“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Түр хороо 6 сарын туршид ажиллаж, хяналт, шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэн батлууллаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байгаа цаг үетэй давхцан батлагдсан тогтоолд Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас доошгүй байхыг баталгаажууллаа. Түүнчлэн “Жавхлант”, “Шивээ толгой” ордын  ашиглахад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа. Эцэст нь дүгнэхэд, дэлхийд томд тооцогдох Оюу толгой бүлэг ордын холбоотой Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо.

Хяналт шалгалт, нээлттэй сонсголыг зохион байгуулж, тууштай, зоригтой манлайлан ажилласан УИХ-ын гишүүд, шинжээч, хянан шалгагч нарт баялгийнхээ эзэн байх бүрэн эрхтэй бүх монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь улсын хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдал билээ. Эдийн засгийн тусгаар тогтнол бол улсын тусгаар тогтнолын тулгуур баганын нэг. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын эш үндэс, эд эс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө. Улс төрийн эрх чөлөөний баталгаа дархлаа нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.

Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно.   

Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан  хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ.  “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж эхэллээ.

Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төслүүд боловсруулж хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах болно.

“Чөлөөлье” санаачилгыг амилуулж, төрийн бодлого шийдэл болгон эхний дорвитой алхам нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх энэ хуулиар зөвшөөрөл нэртэй ч хориглолт, авилгын хөрс тэжээл болж, хүний хүслийг хяссан хүнд суртлын хана хэрэм, шат дамжлага, зүс нэрээ өөрчилсөн элдэв төрлийн саад тээгийг нэгмөр хуульчлан цэвэрлэхийг зорьж байна. Хориглоогүй бол зөвшөөрөгдөж, 30 гаруй үйл ажиллагааг төрийн шийдвэрийг хүлээлгүй шууд мэдэгдээд эхлэх эрхийг хуулиар нээнэ.  

Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын болон бусад хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн хамт өргөн барилаа. Өмчлөх эрх бол хүний үндсэн эрх. Өмч хөрөнгийн халдашгүй байдал, чөлөөтэй бизнес эрхлэх, иргэн, компани, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, хуулийг ашиггүйгээр буцаан хэрэглэхгүй байх нь хөгжил дэвшлийн хөрс юм. Эдийн засгийн хүндрэл зөвхөн түүхий эдийн үнэ унаснаас бус иргэндээ үл итгэх, зааж зааварлах, хааж хясах, хийх ёсгүйгээ мэддэггүй төрийн хэт оролцооноос үүдэлтэй гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх хэрэгтэй.  Эдийн засаг, бизнесийн харилцааг ганц хуулиар зохицуулах боломжгүй. Олон улсын нөхцөл байдал, технологи, хиймэл оюунын өндөр хурдтай хөгжлийн эрин үед цаг үеэсээ хоцрохгүй байх, салбар дундын хуулиуд гарах хэрэгцээ шаардлага тухай бүрд үүсэж байна. Өдрөөс өдрийн өндөр хурдны өөрчлөлт цаг үед хууль тогтоогч Та бүхэнд бизнес эрхлэгч, баялагч бүтээгчид, эдийн засгийн эрх чөлөөний итгэлтэй хамгаалагчид болж ажиллахаас өөр гарц үгүй.

Бизнесийн эрх зүйн харилцааны чухал дэд бүтэц болох дампуурлын буюу төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг үр дүнтэй зохицуулж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хамгаалах, эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх, дахин хөрөнгөжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хүрээнд “өр төлбөрөөс” чөлөөлөх зорилгоор Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг бид хатуу баримтлах ёстой. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлж, зах зээлд оролцогчдод “тоглоомын дүрэм”-ийг тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай. Тоглоомын дүрэм тодорхойгүй бол шоглоомын дүрэмгүй дүрэм болдог. Хувийн хэвшлийн орон зайд төр бизнес хийхгүй, хуульд заасан “хуруу дарам” үндэслэлээр төрийн өмчит байгуулна. Юм бүхнийг хийдэг биш, юу хийхгүйгээ мэддэг төр эрүүл. Хөрөнгө өмч ихтэй төр биш цомхон цэвэрхэн төр илүү хүчтэй. Төр зохицуулагч  болохоос бус төр өрсөлдөгч биш. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос бус өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хэвшилтэйгээ, иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл, ашиг орлого булаагч биш. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том “чөлөөлөлт”-ийн нэг байх болно.

Цаашид бизнес эрхлэгчдийн ашгийн төлөө зорилгыг дэмжих, гэрээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үүссэн хэрэг маргааныг нь түргэн шуурхай, иргэний хэрэг маргаанаас ялгаатай, онцлог журмаар шийдвэрлэх, бизнесийн ёс зүй, хариуцлагыг төлөвшүүлэх хүрээнд Арилжааны хууль, бизнесийн гэрээ хэлцлийн хэрэгжилтийг баталгаажуулж, төлбөр төлөх уян хатан хөшүүргийг олон улсын сайн жишигт нийцүүлэн бий болгох, үр дүнтэй, шуурхай иргэний шийдвэр гүйцэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд хаврын чуулганаар хувийн эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх болно.

УИХ-ын эрхэм гишүүд, бизнес эрхлэгч, иргэн, эрдэмтэн судлаачид хэн бүхэн “Чөлөөлье” санаачлагыг амилуулж, мэдлэг оюун, мэргэжил чадвар, санал бодлоо уралдуулж, илүү сайхан амьдрах хүслийг хяслаас чөлөөлөх, эдлэх ёстой жам ёсны заяамал эрхээ эдлэхийн төлөө идэвх санаачилгатай оролцоно гэдэгт итгэл төгс байна.

Парламентын албан ёсны цахим хуудаст D-Parliament: AI Дүн шинжилгээ цэсийг нэмж, 378 хуульд AI шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Технологийн дэвшлийг хүний эрх, хүний сайн сайхны тусын тулд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслийг боловсруулахад ашиглаж эхэллээ. Өчигдөр Монгол Улсад анх удаа робот мэс засал хийж хүний амь аварсан шиг технологийн дэвшлийг хүчин төгөлдөр 378 хууль дахь хүний эрхийн зөрчлийг арилгахад ашиглана. Парламентын цахим талбарт гар утаснаасаа зочилж, өргөн барьсан ямар хууль хүний эрхийг зөрчиж, хязгаарлаж болзошгүйг өөрсдөө шалгах боломж бодитой болсон нь хууль, шийдвэрт иргэний санал бодол, идэвхтэй оролцоог технологийн дэвшлийг бодитой ашиглаж эхэлсэн алхмын нэг байлаа.

 

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудад тусгасан эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах, үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол банкинд болон Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарсан нь Монголбанкны 4–8 хувийн зорилтот интервалаас давсан бөгөөд инфляцын дарамт өргөн хүрээнд тэлэхийн хэрээр зээлийн өндөр өсөлт болон 2026 оны цалин, тэтгэврийн бодлогын нөлөө нь эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэл дагуулж, өрхийн бодит орлого буурч, хөдөлмөрийн зах зээл суларч байгаа тул эдийн засаг, инфляцын нарийн тэнцвэртэй бодлого шаардлагатай байна. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж, чуулганы завсарлах хугацаанд хэрэгжилтийг хангуулж ажиллахаар боллоо.

Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүдийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Нар, салхины хязгааргүй их нөөцтэй Монгол оронд айл өрх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, төвийн шугамд нийлүүлэхэд хүнд суртлын 10 гаруй шат дамжлагаар тээг тавьсныг энэ шийдвэрээр арилгаж байна. Нарны илч гэрлийг хүртэл хүртэл хүнд суртлаар халхалж байгаа цагт бид боломж, нөөцийг хөгжилд дэвшилдээ ашиглаж чадахгүй. “100000 нарны гэр” хөтөлбөр, орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих 100 мвт -ын тархмал эх үүсвэр, автозамын сүлжээ, экпортын боомтуудыг харгалзан 100 байршилд цахилгаан машин цэнэглэх иж бүрэн зогсоол, цогцолбор байгуулах ажлууд багтсан бөгөөд тэр дундаа 20 квт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартад нийцүүлэн түгээх сүлжээнд шууд холбож, илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж, орлогыг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө. Иргэнээ хүнд суртлаас “чөлөөлөх” бодит алхам энэ мэтээр үргэлжлэх болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Алдаа, оноо сургамж бүхэнд соргог байж, иргэд сонгогчдынхоо итгэл, найдварыг өндөрт өргөж, тангарагтаа үнэнч байж, шийдвэр гаргахын чухлыг энэ танхимд суугаа нөхдөдөө дахин сануулъя.

Миний бие УИХ-ын даргын албанд томилогдоод, сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үг уриагаар бус өдөр тутмын үйл ажиллагаагаар олон түмэнд ил тод байлгахын тулд ирц, явцыг өдөр бүр нээлттэй мэдээлж эхэлсэн, дамжуулж эхэлсэн. УИХ-ын гишүүд хурал, чуулганаа таслахгүй оролцохоос үндсэн үүргээ биелүүлэх эсэхийг хэмжих эхний шалгуур.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол иргэнээсээ давуу, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт шалгуулахгүй байх тусгай давуу эрх биш билээ.

Ард түмний 126 дарга биш ард түмний 126 элч төлөөлөгчид бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй.

Иргэн баян бол улс баян. Эрх чөлөө бол хэн нэг эрх мэдэлтэн олгодог зөвшөөрөл, бэлэг биш. Эрх чөлөө бол иргэн бүрийн хайрлан хамгаалж, нандигнан бататгадаг эрхэм нандин үнэт зүйл.

Эрх чөлөөт Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг дархлахын төлөө хамтдаа хичээн зүтгэе.

Эрх чөлөөний нар хүн бүрийг, хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай.

Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.

12 : 57
2025-12-31

Баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсов

Баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонсов. 

1. Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцов.

2. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлага 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцов.

3. Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцов

4. Чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцов.

 

 

12 : 43
2025-12-31

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад 5 хуулийг нэмж оруулж өгнө үү

 “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэв. Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх дэмжигдээгүй учраас хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд дээрх дөрвөн хууль, өчигдөр өргөн баригдсан нэг хууль гээд таван хуулийг нэрээр нь жагсаалтад оруулах шаардлагатай байна. Тодруулбал,

-Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд энэ таван хуулийн хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Би адилхан саналтай байна. Чуулган гуравдугаар сарын 15-н хүртэл гурван сар завсарлана. Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, хэлэлцэж байгаа хуулиараа хэлэлцүүлэг зохион байгуулна. Чуулгантай өдрүүдэд долоо хоногт тун завгүй байдаг учраас засварлагааны үеийг ашиглан Татварын багц хуулийг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж, яаралтай хэлэлцье. Таван ажлын хэсэг бас байгуулж, хаврын чуулганаар батлахад дөхөм болох байх. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуульд анхаарч, том бодлого явуулж, хүндрэлтэй байдлаас гарах бодлогыг баримталж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Эрүүл мэндийн салбарын нэг ч асуудал ороогүй байна. Улсын эмнэлгүүдийн өр зээлийн асуудал хэрээс хэтэрч, тусламж үйлчилгээ нь хүндэрч байна. Тусламж үйлчилгээг яаж сайжруулах вэ. Даатгалын асуудал бүр хэцүүдлээ. Хоёрт, нүүрс экспортолдог орон мөртлөө Хятадаас түлш худалдан авч байна. Тийм учраас дотооддоо түлшээ үйлдвэрлэх асуудлаа хаврын чуулганы жагсаалтад оруулж өгөөч.

Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, 59.7 хувиар дэмжиж, тогтоолын төслийг баталлаа. 

12 : 37
2025-12-31

Хаврын чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг батлав

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. 

Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, 45 гишүүн дэмжиж, 62.5 хувиар дэмжин баталлаа. Тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. 

11 : 10
2025-12-31

"Татварын багц хуулиар 2.7 их наядын татварын ачааллыг бууруулна"

Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр Засгийн газраас оруулж ирсэн бөгөөд санал хураалт явууллаа. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Арванхоёрдугаар сарын 30-нд яаралтай хэлэлцэх горимоор Татварын багц хуулийг оруулж ирсэн байна. Гэтэл яаралтай хэлэлцүүлэх гэдэг маань Үндэсний аюулгүй байдалтай холбоотой буюу үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой тохиолдолд Дэгийн тухай хуулийн 33.1-д зааснаар яаралтай хэлэлцэх боломжтой. Гэтэл өргөн барьсан төсөл дээр яагаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх учир шалтгаантай болсон бэ гэдгийг үндэслэлээр бичээгүй байна. Тийм учраас яаралтай хэлэлцэх эсэх гэдгийг хэлэлцэх асуудлаас хасуулах саналтай байна.

УИХ-ын дарга Н.Учрал:

-Бүтэн жилийн хугацаанд Татварын багц хуулиар олон нийтийн санал асуулга явуулсан. УИХ-ын гишүүд, намын бүлгүүд Засгийн газарт удаа дараа шаардсан. Иргэдэд үүсгэж байгаа татварын дарамтыг багасгаж, төсвийн хүрээгээ нэгэнт батлахдаа орлого, ДНБ-ий харьцааг 30 хувьд хүргэсэн. Энэ орон зайд өөрчлөлт хийх боломж байгаа. Тийм учраас Татварын багц хуулийг баталж байж энэ орон зайд хувийн хэвшил зах зээлд оролцох бололцоог тэлэх боломжтой. Тэгэхээр энэ хуулиар 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг энэ хуулиудаар бууруулж байгаа гэдэг ийм тооцоолол гарсан. Тийм учраас цаг алдалгүй Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, УИХ дээр ажлын хэсэг байгуулаад, чуулганы завсарлагаанаар гишүүн энэ хуулиуд дээр ажиллая гэдэг хүлээлттэйгээр энэ  чуулганы хугацаанд шаардсан. Засгийн газраас нэн яаралтайгаар өчигдөр л УИХ-д өргөн мэдүүлж байна. Тийм учраас өнөөдрийн хэлэлцэх асуудалд оруулсан байгаа. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг гишүүний саналаар санал хураалт явуулах боломжтой. УИХ-ын гишүүд нэн яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэж, үргэлжлүүлэн чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг. 

Засгийн газраас хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдаас албан бичиг ирсэн учраас хуулийн дагуу гишүүдэд танилцуулж байна. Хэрвээ яаралтай дэмжигдэхгүй бол ердийн горимоор хэлэлцэнэ. Өргөн барьснаас хойш 7 хоногийн хугацаагаа барьж, хэлэлцүүлэг болон тав хоногоор хэлэлцээд явна. Хаврын чуулганаас нааш хэлэлцэх боломжгүй болно. Хэдийгээр 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ч гэсэн гишүүд хариуцлагатай чуулгандаа сууж, ажил хэрэгчээр энэ өдрийг өнгөрүүлэх саналыг дэвшүүлж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 

-Энд нэг ойлголтын зөрүү байх шиг байна. Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүтэн жилийн хугацаанд хэлэлцүүлэг хийж, 200 мянга гаруй санал авсан. Ингээд одоо УИХ-д өргөн барьж байгаа юм. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдээд, УИХ ажлын хэсэг байгуулж, хаврын чуулган орох хүртэл ажлын хэсэг маш сайн ажиллаж, дахин хэлэлцэх боломжийг олгож байгаа. Ингээд гуравдугаар сард хэлэлцээд эхэлбэл долдугаар сардаа баталж амжина. Одоо хэлэлцэх эсэхийг шийдэхгүй бол энэ хуулиуд аравдугаар сард батлагдана. Ингэх юм бол ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж амжихгүй болно. Тийм учраас энэ хуулийг эртхэн шийдээд, хагас жилдээ багтаан баталъя гэж байгаа юм. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Дөрвөн хууль байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ жил төсвөө өргөн барихтай зэрэгцээд есдүгээр сарын 1-нд бүтнээр нь өргөн барьсан байгаа. Тэрнээс биш гэнэт өчигдөр боловсруулаад өнөөдөр өргөн барьж байгаа хууль биш. Нэг сар гараад чуулган үргэлжлэх болов уу гэж бодож байна. Өнөөдөр эдгээр хуулийн хэлэлцэх эсэхийг л шийднэ. Тэрнээс биш батлах гэсэнгүй. Өнөөдөр амжихгүй гэж байгаа бол Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай суурь хуулиа яаралтай хэлэлцэх эсэхээ хэлэлцээд, ажлын хэсэг байгуулж, хавар болтол ажилтай байя гэдэг санааг хэлэх гэсэн юм. Тийм зарчмын зөрүүтэй санал хурааж өгнө үү.

Шадар сайд Х.Ганхуяг:

-УИХ-ын гишүүд энэ хуулийн боловсруулалт, хэлэлцүүлгийн шатанд маш идэвхтэй ажилласан. УИХ-аас есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт орж, Засгийн газартай хамтран ажилласан. Өнгөрсөн хавар, намаржингаа хэлэлцүүлэг хийсэн. Бид яарахгүй байж болох ч ард түмэн яарч байна. Хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй шүү. Одоо хэлэлцэх эсэхээ хэлэлцэж батлаад, ажлын хэсгээ байгуулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Засгийн газар УИХ-ыг яаж хардаг вэ гэдэг хандлага харагдаж байна. Гурван сайд нь дэс дараагаараа үг хэллээ. Засгийн газрын хуулийн хэлтэс шиг бодож "Та нар ингэж ажиллах ёстой биз дээ" гэж тулгаж байна. Та нар өөрсдөө ажлаа сайн хийгээд эрт УИХ-д өргөн барьсан бол ийм асуудал үүсэхгүй. Яг арванхоёрдугаар сарын 30-нд өргөн барьж, 31-нд хэлэлцэх гэхээр өнөө өглөө гишүүдэд материалаа тарааж байх жишээтэй. Байнгын хороо нь хуралдаагүй. Хууль үйлчлэх хугацаа нь 2027 оны нэгдүгээр сараас гэж байна. Үнэхээр ард түмний нуруун дээрх татварын дарамт их байна гэж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн барьсан Нэмүү өртгийн татвартай холбоотой хуулийн төслийг УИХ-аар одоо хүртэл хэлэлцэхгүй байгаа юм бэ. Уг хуулийн үзэл баримтлал нь 10 хувийн татварыг 5 болгож, хоёр нь хэвээрээ байж, уул уурхайгаас бусдынх нь нурууг бага ч гэсэн тэнийлгэх хуулийн төслийг аль эрт өргөн барьсан. Гэтэл Засгийн газар одоо болтол дэмждэггүй. Яг өөрсдийнхөө пиар хийх сэдэв дээр УИХ-ыг нэг хоногийн дотор шийдвэр гаргаад өг гэж байгаа юм шиг тулгаж байна. Тамгын газраас асууя. Хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцдэг дэг байдаг юм уу. Яаралтай журмаар хуулийг бүтнээр хэлэлцдэг дэгтэй шүү дээ. Ард түмний нуруун дээрх дарамтыг багасгах гэж байна гэж гоё пиараа хийгээд. Үнэхээр ард түмний нуруун дээрх татварын дарамтыг багасгах гэж байгаа бол нэгдүгээр сард ээлжит бус чуулганаар зарла. Үнэхээр сэтгэл байгаа бол. Жаахан ажил хэрэгч санал гаргаж, бүлгүүдтэй ярилцвал ойлгож болно. Шөнө нь унтаж босч ирээд ханцуйн дотроо ярьсан зүйлээ бусдад тулгаж, ард түмний эсрэг байна гэж ойлгуулах гэсэн юм уу. Ийм гэнэн тэнэг, муйхар байж болохгүй шүү. УИХ-д байгаа ард түмний төлөөллийг хүндэтгэхгүй байгаа юм чинь гудамжинд жүжиг л тоглоно шүү дээ.

УИХ-ын дарга Н.Учрал:

-Гишүүдийн зарчмын байр суурийг хүндэтгэх хэрэгтэй. Ер нь парламент бэлэн байсан шүү. Хуулиа хүлээсээр л байсан. Хоёр жил хэлэлцүүлсэн Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд чуулганы завсарлагаанаар ажиллая гэдэг байр суурийг гишүүн болгон илэрхийлж байсан. Өнөөдөр Татварын багц хуулиа хэлэлцэх эсэхийг дэмжээд бусад хуулиа хаврын чуулган руу шилжүүлье. Шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлая.Хуралдаан даргалагч бол улс төрийн нам, эвслийн төлөөлөлд тэгш боломжийг олгох ёстой. Сангийн сайдын санал үнэнд ойртож байна шүү. Зарчмын хувьд удаан хүлээгдсэн асуудал. Энэ хуулийн шинэчлэл иргэн таны нуруун дах ачаанаас хэр хөнгөлөх вэ гэдгийг танилцуулах хэрэгтэй. Маш их цаг гаргаж ажилласан гэдгийг өөрөө Засгийн газрын гишүүн байсны хувьд ойлгож мэдэрч байна. 

Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай суурь хуулиа яаралтай хэлэлцэх эсэхээ хэлэлцээд, ажлын хэсэг байгуулах Сангийн сайд Б.Жавхлангийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, 53.5 хувь нь дэмжсэнгүй. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 43.7 хувиар дэмжигдсэнгүй

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх санал хураалт явуулж, 45.1 хувиар дэмжсэнгүй

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулж, 46.5 хувиар дэмжигдсэнгүй. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-Энэ бол нэн яаралтай хэлэлцэхийг дэмжээгүй гэсэн үг. Одоо Төсвийн байнгын хороо хуралдаж, Татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд чуулганы хуралдаанаар оруулж ирье. Тэгээд энэ хууль дээрээ хэлэлцэх эсэхээ дэмжье болж байна уу. Хууль хоорондын хэлэлцүүлгийн хугацааг л багасгаж байна гэсэн үг. Засгийн газраас саналаа хэлсэн шүү дээ. Зөвхөн Татварын ерөнхий хуулиа хэлэлцэх эсэхийг байнгын хороо болон чуулганаар хэлэлцэж, дэмжээд ажлын хэсэг байгуулья гэсэн. Болж байгаа биз. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.

10 : 48
2025-12-31

Чуулганаар 9 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга Н.Учрал:

Хоёрт, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх  хэлэлцүүлгийг явуулна. Гуравт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Дөрөвт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Тавдугаарт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Зургадугаарт,Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Долдугаарт,  “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Наймдугаарт, Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийнэ.

УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулъя. 

-БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд

ийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа, орлого, зарцуулалт, ил тод байдлын хэрэгжилтийг үнэлж, иргэд, даатгуулагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Э.Болормаа нарын 70 гишүүн өргөн мэдүүлснийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваариллаа. 

УИХ-д өргөн мэдүүлж байгаа хуулиудыг хиймэл оюун ухаанд суурилсан систем дээр дүн шинжилгээ хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад Татварын хуулиуд дээр хүний эрхийн зөрчил байна уу гэдгийг дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид хууль санаачлагчид эхлээд Д-Парламент дээр хиймэл оюун ухааны шинжилгээг хийж эхлэх хэрэгтэй. Ирэх жилээс хэрэглээнд нэвтэрч, тогтворжино. Эрдэмтэн судлаачид шинжилгээ хийх боломж бүрдсэн. УИХ-ын гишүүдийн саналын дагуу бид Засгийн газрын хэрэглэдэг нээлттэй өгөгдлийн санг УИХ-ын гишүүдэд хэрэглэх бололцоог хангасан гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа онцлов.

10 : 41
2025-12-31

Хаврын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батална

ЛХАГВА ГАРАГ /2025.12.31/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·        Бусад

09.00

“Их засаг”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·   “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·  “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хаалт

10.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yrbagchid y 2025-12-31 50.147.160.114

gadni idts

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2025-12-31 103.229.123.231

5/Дэгийн хуулийн 10.11-ийн өглөө ирцэд бүртгүүлчихээд өдөржин хуралдаанд суухгүй байх нөхцөл болоод байгаа заалтыг болих хэрэгтэй.Асуудал шийдэх хуралдааны ирцийг гүйцээх гэсэн далд агуулгатай буруу заалт байна. Тухайн өдрийн хуралдаанаар санал хураасан бүх асуудлаар татгалзсан санал өгнө гэдэг утгагүй. Хэрэв хуралдаандаа суусан бол ядаж тал хувьд нь зөвшөөрсөн санал өгнө биздээ. 1990-1995 оны үед гишүүн өөрийн биеэр санал өгснийг л тооцдог байсан. Хэзээ ийм утгагүй заалт орсон юм болоо.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2025-12-31 103.229.123.231

4/”БАЙНГЫН ХОРООНЫ ДЭМЖСЭН САНАЛЫГ ДЭМЖЬЕ” гэсэн саналаар санал хураах, “БАЙНГЫН ХОРООНЫ ДЭМЖЭЭГҮЙ САНАЛЫГ ДЭМЖЬЕ” гэсэн саналаар санал хураах гэсэн томъёоллыг сайн тунгаамаар.”БХ-НЫ ДЭМЖСЭН САНАЛ”, “БХ-НЫ ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ” гэсэн нь БХ-ны өөрийнх нь дэмжсэн, дэмжээгүй тухай гаргасан саналыг хэлээд байна уу, эсвэл хууль санаачлагчийн өргөн бариад БХ-оор хэлэлцээд дэмжигдсэн, эсвэл дэмжигдээгүй саналыг хэлээд байна уу. .

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-12-31 103.229.123.231

/3/ Уг асуудлаар санал гаргасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны САНАЛ, мөн БХ-ны САНАЛ гэж байна. Дэгийн хуулийн 108.3-ийн нэгдсэн хуралдаан БХ-ны САНАЛ-ыг сонсоод гишүүдийн олонх ОГЦРУУЛАХ САНАЛЫГ дэмжсэн бол тогтоол батлагдана гэсэн агуулгатай. ОГЦРУУЛАХ САНАЛ хэнийх нь санал вэ гэдгийг тодорхой заах хэрэгтэй биш үү. Үндсэн хуулийн 43.1-ийн гай чирсэн “УГ САНАЛЫГ” гэдгийг монголчууд мэддэг болсон.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-12-31 103.229.123.231

2/ БХ-ны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар СОНСОХ, ТАНИЛЦАХ, ХЭЛЭЛЦЭХ гэсэн 3 үйл ажиллагааны заагийг хуульчлахгүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтны ойлголтоор тайлбарлагдах явдал байна. ЕС-ыг огцруулах тухай БХ-ны санал, дүгнэлтийг Дэгийн хуулийн 101.2-т ТАНИЛЦУУЛНА, 101.3-т СОНСОЖ, санал хуурана, 101.5-д ХЭЛЭЛЦЭНЭ /асуулт асууж, үг хэлж болно/ гэжээ.Социализмын үед ийм ойлгомжгүй баримт бичиг “УНШИГДАХГҮЙ БАЙНА” гээд гологдол болдог байсан юм

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:САНАЛ 2025-12-31 103.229.123.231

Дэгийн хуулийн томилгоотой холбоотой сайжруулах санал: 1/Зохих байгууллагаас тухайн асуудал УИХ-д өргөн баригдсанаас хойшх БХ, УИХ-ын эрхлэх асуудлыг Дэгийн хуулиар бүрэн зохицуулах. Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн гишүүнийг томилох, огцруулахтай холбоотой зарим асуудлыг БХ, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж. Хэлэлцэхгүй бол яах юм.Асуудал өргөн барих хүртэл процессоо Шүүхийн тухай хуульд, түүнээс цаашхийг нь Дэгийн хуульд тусгавал хууль хэрэглэгээнд цэгцтэй ойлгогдох юм.

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.124

Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж