АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан Чөлөөлөх өдөр нэртэй тарифууд 2025 оны дэлхийн эдийн засагт тохиолдсон хамгийн том үйл явдал байлаа. Анх тарифын жагсаалт гарсны дараа зэх зээл тогтворгүйжиж, дөрөвдүгээр сард хэлбэлзэл үүссэн ч энэ байдал удаан үргэлжлээгүй. Мөн үнийн уналтын үед хөрөнгө оруулагчид хамгийн их ашиг хүртсэн байдаг. Тэгвэл энэ онд зах зээлд тохиолдсон томоохон үйл явдлын талаар "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Тариф нь эдийн засгийн өсөлт, дэлхийн худалдаа, компанийн ашигт үзүүлэх нөлөө бага байна гэсэн байр суурь хөрөнгийн зах зээлд олширч байна. Гэхдээ ирэх жилүүдэд үнийн далд өсөлт хэрэглэгчдэд шилжих эсэх нь тодорхойгүй байна. Бондын зах зээл инфляц болон хүүгийн түвшин буурсныг нааштайгаар хүлээн авч, 2026 онд ч энэ хандлага үргэлжилнэ гэж найдаж байна. Харин ам.долларын ханш сулрах нь түүхий эд болон хөгжиж буй зах зээлийн хувьцаануудын эрэлтийг нэмэгдүүлсэн. Гэвч алт, мөнгөний үнэ хүчтэй өссөн, мөн жилийн эцсээр криптовалютууд суларсан. Энэ нь 2026 онд ямар нэгэн эрсдэл, бэрхшээл тулгарна гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байгааг илтгэж буй. Тиймээс 2025 онд дэлхийн эдийн засагт юу, яагаад болсон зэргийг эргэцүүлэх нь 2026 онд бэлтгэлтэй байхад тусална.
АНУ-ЫН ТАРИФУУДЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ
Ерөнхийлөгч Дональд Трамп тариф хэрэгжүүлэх хугацааг наймдугаар сар хүртэл хойшлуулж, зарим оронтой худалдааны гэрээ байгуулсны дараа дэлхийн хөрөнгийн зах зээлд өсөлт ажиглагдсан. Дараа нь Латин Америкийн худалдааны түншүүдтэй хийсэн нэмэлт хэлэлцээр нь зах зээлийг улам тогтворжуулсан. Учир нь АНУ-ын хэрэглэгчид хүнсний үнийн өсөлтөд дургүйцэж байсан нь хэлэлцээ амжилттай болоход нөлөөлжээ. Гэсэн хэдий ч тариф нь түүхэн өндөр түвшинд хэвээр байна. "Yale Budget Lab"-ын тооцоолсноор, арваннэгдүгээр сар гэхэд АНУ-ын дундаж тарифын түвшин 16.8 хувь хүрч, 1935 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гарсан. Эдгээр тарифуудаас АНУ-ын засгийн газар их хэмжээний орлого олсон. Ерөнхийлөгч Трамп уг орлогыг америкчуудын татварыг бууруулахад ашиглаж болох талаар олон нийтэд ярьсан байдаг.
Гэвч Дээд шүүх Олон улсын эдийн засгийн онцгой байдлын тухай хуулийн (IEEPA) хүрээнд Трампын ногдуулсан тариф нь хууль ёсны эсэхийг шалгаж байна.
Хэрэв Дээд шүүх тарифуудыг хэвээр үлдээвэл 2026 онд худалдаа, компанийн ашиг, үнийн түвшинд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй хэвээр байна. Эдийн засагчид эдийн засгийн өсөлт удаашрах, компанийн ашгийн дарамт нэмэгдэх, эсвэл инфляц дахин өсөх эрсдэлтэйг анхааруулж байна. Тарифын хэрэгжиж эхлэх хугацаа хойшлолт болон худалдааны гэрээнүүд нь зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн ч өндөр тариф болон хууль эрх зүйн тодорхойгүй байдал нь ирэх жил эдийн засгийн эрсдэл дагуулж болзошгүйг харуулж байна.
ШИНЭЭР ГАРЧ ИРСЭН ЗАХ ЗЭЭЛ ХҮНД ДАВААТАЙ ТУЛГАРСАН
Эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй улс, орныг хөгжиж буй зах зээл гэнэ. Тэгвэл эдгээр зах зээл 2025 онд хүндхэн давааг амжилттай давлаа. Олон хөгжиж буй улс орнууд эдийн засгийн хэмжээнээсээ үл хамааран өрийн түвшин нь бага байсан. Энэ нь 1990-ээд оны өрийн хямралыг даван туулж, сургамж авсантай холбоотой. Мөн эдгээр орнууд инфляцыг хянах арга хэмжээг эрт авсан тул одоо эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хүүгийн түвшнийг бууруулах боломжтой болсон байна.
Ам.доллар сулрах нь хөгжиж буй зах зээлүүдэд ашигтай, учир нь тэдний ам.доллароор илэрхийлэгдсэн өрийн дарамт багасна.
ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ҮНЭТ ЦААСНЫ АШИГ ЭРГЭН ИРЛЭЭ
Бонд болон бусад тогтмол орлогот хөрөнгө оруулалт дахин эрэлттэй болсон. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн тодорхойгүй байдлыг харгалзан аюул багатай сонголтуудыг хайж байв. Хэрэв эдийн засаг удааширвал хувь компанийн бонд засгийн газрын бондтой харьцуулахад ашиг бага олох эрсдэлтэй юм. Тиймээс хөрөнгө оруулагчид 2026 онд хөгжингүй орны засгийн газрын өрийн түвшнийг анхааралтай ажиглах болно. Их хэмжээний өр гарвал засгийн газрын бондын эрсдэл нэмэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, бонд дахин эрэлттэй болсоор байгаа ч хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлт удаашрах болон засгийн газрын өр ихсэх эрсдэлийг анхаарах хэрэгтэй болж байна.
НЕФТИЙН ҮНЭ БУУРСАН
Энэ онд Зүүн Европ, Ойрхи Дорнод дахь дайнаас болж томоохон түлшний экспортлогч орнууд хоригт орсон. Хэдийгээр нефтийн үнэ нэмэгдэнэ гэх таамаг их байсан ч буурсан байна. "Brent crude"-ийн мэдээлснээр, нэг баррель нефтийн үнэ 80 ам.долларт хүрсэн ч аажмаар үнэ буурч байжээ. Энэ нь инфляцыг хянахад тусалсан гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид нефть, газрын тосны пүүсийн хувьцааг тийм ч ихээр худалдаж аваагүй.
Учир нь нефтийн үнэ ирээдүйд буурч, хөрөнгийн үнэ цэнэ алдагдаж болзошгүй гэж болгоомжилж байсантай холбоотой.
Энергийн салбар одоо "S&P Global 1200" индексийн зөвхөн 3.3 хувийг эзэлж байгаа нь түүхэн дундаж 7.7 хувьтай харьцуулахад бага бөгөөд 2007 оны оргил 13.8 хувьтай харьцуулахад маш доогуур байна. Хэрэв түлшний үнэ дахин өсвөл, хөрөнгө оруулагчид тухайн салбарын хувьцаанд илүү анхаарлаа хандуулах болж, инфляц өсөх боломжтой. Гэхдээ ирээдүйд түлшний үнэ өсвөл энэ байдал өөрчлөгдөж магадгүй.
АЛТ БОЛОН МӨНГӨНИЙ ҮНЭЛГЭЭ НЭМЭГДЭВ
Энэ онд алт болон мөнгөний үнэ өссөн. Энэ нь 1971 онд АНУ-д алтны үнэлгээ зах зээлээс гарснаас хойш хамгийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал сүүлийн гурван жилийн хугацаад хамгийн эрэлттэй байжээ. Хэрэв эдийн засаг тогтвортой өсч, инфляц бага, хүүгийн түвшин нам байвал алт болон мөнгөний эрэлт, зах зээлийн үнэ багасаж магадгүй. Гэвч эдийн засаг төлөвлөсөн замаар явдаггүй. Төв банкнууд 2026 инфляцыг бүрэн хянаж чадахгүй бол алт, мөнгөний үнэ илүү өсч магадгүй.
3,548.92





















































Холбоотой мэдээ