Монголын сагсан бөмбөгийн холбооны цомын анхдугаар тэмцээний аваргууд өнөөдөр/2025.12.29/ тодорлоо. Зөвхөн монгол тамирчид, монгол дасгалжуулагчид, монгол шүүгчдээс бүрдсэн холбооны цомын анхны тэмцээнд дээд лиг, хөгжлийн лиг, оюутны лигийн шилдэг багууд өрсөлдсөн.
Энэ өдрийн оргил тоглолт Хасын Хүлэгүүд болон SG Эйпс багуудын хооронд өрнөв. Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүү өрсөлдөж байсан ч гуравдугаар үеийн төгсгөлөөс Хасын Хүлэгүүд баг ялимгүй илүүрхэж, дөрөвдүгээр үеийн эхэнд 13 онооны зөрүүг үүсгэв.
Хашир, туршлагатай Д.Мөнхтүвшин багийнхаа залуусыг тоглолтод үлдээж, барьц алдсангүй.
Ерөнхийдөө тоглолтын хэмнэл, ордоны уур амьсгал Хүлэгүүдийн талд шилжиж, арван онооны зөрүү явсаар байсан. Гэтэл Эйпсээс Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших гэсэн урд шугамын хамгаалагчид нь багийн довтолгооны хүндийг үүрэн Э.Мөнхбаярын хамтаар дараалсан холын зайн шидэлтүүдийг амжилттай болгосноор богино хугацаанд онооны зөрүүг арилгаж, тоглолтын төгсгөлд илүү гарав.
Нэгэнт сэргэсэн Эйпсийн хамгаалалт, довтолгоог Хүлэгүүд зогсоож дийлсэнгүй. Тоглолтын төгсгөлд М.Өлзий-Оршихын дараалсан шидэлтүүд байндаа тусч, эцсийн цэгийг тавилаа.
Ийнхүү Эйпс баг холбооны цомын анхны аваргаар тодорлоо. Энэ бол тус багийн түүхэн дэх анхны цом гэдгээрээ онцлог.
Эмэгтэйчүүдийн төрөлд Улаанбаатар Амазонс баг таамаг дагуу түрүүлсэн. Тэднийг зогсоох баг одоогоор Монгол Улсад алга. Мөнгөн медалийн Пайратес баг хүртэв.
3,548.92





















































Холбоотой мэдээ