"Дэд сайдын томилгоогоор улс төрийн шоу хийж байна"

"Дэд сайдын томилгоогоор улс төрийн шоу хийж байна"

"Дэд сайдын томилгоогоор улс төрийн шоу хийж байна"
Төрийн ордон. Улаанбаатар 2025 оны 12 дугаар сарын 26. УИХ-ын гишүүн А. Ундраа Гэрэл зургийг О. Болорсувд

Үндэсний эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийх гэж байна. Ерөнхийдөө сайд, дарга нар албан тушаалаар шагнуулж, ард иргэд нь бүсээ чангалсан өдрүүд өнгөрлөө гэж шүүмжилж байна. Таны хувьд намрын чуулганыг хэрхэн дүгнэх вэ?

-Энэ оны хоёрдугаар хагас буюу Улсын баяр наадмаас хойш хэн аль салбарыг удирдах вэ, дэд сайд хэн болох вэ, яам, агентлагийн даргаар хэнийг томилох вэ гээд улс төрийн томилгоо ярьсаар байгаад дууслаа гэдгийг олон хүн хэлж, шүүмжилж байна. Би энэ шүүмжлэлтэй санал нэг байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлын дараалал, тов болон УИХ-ын дэгтэй холбоотой тодорхой асуудлууд илүү тодорч гарч ирлээ. Өнгөрч буй 2025 онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хамтаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачилж, батлуулсан. Ингэснээр өмнө нь Ерөнхий сайд индэр дээр суугаад өөрийнхөө сонирхсон асуултад хариулдаг байсан бол холбогдох хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайдтай нүүр нүүрээ хараад мэтгэлцэх боломжтой болсон. Энэ мэтийн ахиц дэвшил гарсан. Гэхдээ ерөнхий том зургаар нь харвал, чухал асуудлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулж, өргөн барихаар хүлээгдэж буй олон хууль байна. Миний хувьд одоогийн байдлаар хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна.

Жишээлбэл, Хүнсний тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Хүнсний тухай хууль гэдэг бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр гэхэд энэ хуулийн багцад орж явдаг. Монгол Улсын хүнсний салбарын эрх зүйн зохицуулалт нэлээн дутмаг байна.

Ард иргэд маань эрүүл зөв хооллож байж өвдөхгүй байх суурь болох юм. Бүр цаашилбал хөгжлийн чухал асуудал болно. Өөр нэг ажиллахыг хүсч байгаа хууль гэвэл Барилгын тухай хууль. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэргийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй, хүлээгдэж байна. Барилгын салбарт орон сууцны үнэ өсч, залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад босго маш өндөр болж байна. Ипотекийн зээлийн оновчтой зохицуулалт хийгдээгүйгээс болоод анх удаа байр худалдан авч байгаа иргэд гэхээсээ илүүтэй олон удаа байр худалдан авч байгаа иргэдэд давуу байдал олгодог. Мөн энэ зээлд гэр хорооллын хэдэн хувь нь хамрагдсан бэ гэхээр маш цөөн. Гэтэл энэ зээл байртай хүмүүсийг илүү том бас олон байртай болгоход чиглээгүй шүү дээ. Энэ нь барилгын салбарын үнэ хөөрөгдөлтийн нэг шалтгаан нь болж, иргэдийг орон сууцанд хамруулах угтвар нөхцөл нь болж чадахгүй, хууль эрх зүйн зохицуулалт нь дутмаг байна. Энийг яаралтай зохицуулах шаардлагатай. Салбарын бусад чухал хуулиудын тухайд Монгол Улс уул уурхайн орон. Манай эдийн засгийн хамгийн чухал хэсэг бол ашигт малтмалын экспорт. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бас л хүлээгдэж байна.

-Томилгооноос гадна томилолтын асуудал шүүмжлэл дагууллаа. Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүдийн нэг нь та. Хэдэн удаа томилолтод явсан бэ. Үнэхээр явах шаардлагатай томилолт байсан уу?

-Намайг хэвлэлээр 19 удаа гадаад томилолтоор явсан мэтээр мэдээлсэн байна лээ. Нэг томилолтоор явахад нэлээд хэд хоногоор явж таарна. Томилолтын тоо цөөн ч хоногийн тоо нь тэгж гарсан байх. Гадаад томилолтоор явах шаардлага байсан гэдгийг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Тэр дунд хамгийн чухал томилолт гэвэл, би энэ жил хоёр удаа Итали улсад айлчилсан. Эхний айлчлал нь Монгол-Италийн парламентын бүлгийн даргын хувиар буюу Монгол Улсын 126 УИХ-ын гишүүнтэй парламентын анхны бүлгийн айлчлал байсан. Энэ айлчлалд нийт долоон УИХ-ын гишүүн хамрагдаж, Монгол-Италийн харилцаанд ахиц авч ирсэн айлчлал болж чадсан. Тэрний нэг илрэл нь тодорхой хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хийх угтвар нөхцөлийн нэг болсон. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд Монгол Улсын парламентын бүлгийн даргын хувиар хамт явсан юм.

Монгол-Итали улсын харилцааны тэгш ой энэ жил тохиож байгаа бөгөөд Монгол Улс Итали улстай стратегийн түншлэлийн хэмжээнд дипломат харилцаагаа хоёр шат ахиулсан.

Анх удаа хоёр улс хооронд агаарын тээврийн шууд нислэг хийх боломж бүрдсэн. Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох ноолуурын 90 хувийг Итали улс руу гаргадаг. Энийг аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож, энэ чиглэлийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах ажлын хүрээнд ажилласан. Соёлын харилцааны хувьд Марко Поло, Плано Карпинигийн тэмдэглэлүүд гэх мэт олон зуун жилийн түүх байна. Одоо Занабазар судлалаар баяжин өргөжиж байна. Бид Итали улсаас архитектурын чиглэлээр зөв төлөвлөлтийг суралцаж, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг барьж, төлөвлөх, хүчитгэх гээд олон асуудал дээр хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ утгаараа Итали улсын айлчлал маш чухал байлаа. Монгол Улсын парламентын бүлгийн даргын хувиар айлчлалд явах нь зүй ёсны асуудал байлаа.

-Монгол Улс, Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Сүүлийн 30 орчим жил яригдсан энэ гэрээг байгуулснаар хоёр тал харилцан ашигтай хамтарч ажиллах боломж бүрдлээ гэж харж байсан. Өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн энэ гэрээ одоо юу болсон бэ?

-Монгол-Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 2010 онд байгуулсан. Монгол Улстай энэ чиглэлээрх засгийн газар хоорондын хэлэлцээрт орсон хоёр улс бий. Нэг нь ОХУ, нөгөөх нь Франц улс. Нэгдсэн үндэсний байгууллагын Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн буюу Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Франц улс юм. Монгол Улсын хувьд хоёр улстай нь цөмийн салбарын хэлэлцээртэй. Олон улсын гэрээ гэдэг утгаараа эрх зүйн хувьд маш өндөр түвшний баримт бичиг. Энийг байгуулж чадсан нь Монгол Улсын хувьд Франц улстай хийж байгаа хамтын ажиллагааны маш чухал эрх зүйн суурь болж байгаа юм.

Энэ хэлэлцээр 2010 онд байгуулагдсанаас хойш 2025 онд гэрээг байгуулж, үзэглэсэн гэхээр бүтэн 15 жилийн нүүр үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд үл ойлголцож, гацсан, удааширсан, талуудын санаатай болон санамсаргүй байдлаар олны бухимдлыг төрүүлэх асуудлууд ч үүссэн. Сүүлийн үед ураны хөрөнгө оруулалтын гэрээг Оюултолгойн гэрээтэй харьцуулж байна. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монгол Улс 34 хувийг эзэмшиж, тэр эзэмшсэн хувь дээрээ зээл авч, хүү нь өндөр, зээл нь ашигтай, ашиггүй, зээлээ төлж дууссаны дараа хэдэн жилийн дараа үр өгөөжөө хүртэнэ гээд ард иргэдийг үнэхээр бухимдуулж байгаа нь үнэн. Төр тодорхой хувь эзэмшээд, зээл авч, менежментэд олонхын дуу хоолой болж чадахгүй явах нь тийм ч зохистой биш гэдгийг харуулж байна. Үүнтэй харьцуулахад, Франц улсын “Орано майнинг” групптэй байгуулсан гэрээ бол АМНАТ-ийн хэлбэрээр үр өгөөжөө шууд хүртэж эхлэх боломжтой гэдгээрээ сайн жишиг тогтоосон. Орон нутагт хүртэх үр өгөөжийн хувьд, Дорноговь аймаг, Улаанбадрах сумын төсөв санхүүд хувь нэмэртэй гэж ойлгодог. Монгол-Франц улсын Засгийн газар хоорондын гэрээг байгуулахдаа газрын гүний ураныг уусган нэвчүүлэх аргаар олборлохоор тусгасан. Миний хувьд дараа дараагийн ураны хөрөнгө оруулалтын төслүүд дээр гэрээ байгуулахдаа газрын гүн дэх шингэний динамикийг маш сайн ойлгодог гидрогеологийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, нарийн мэргэжлийн хүмүүс хяналт тавих, тэр тооцооллыг хийдэг инженер, математикчдыг бэлдэх ёстой.

Тийм ур чадвартай мэргэжилтэн хяналтын байгууллага, судалгаа шинжилгээ хийх их дээд сургуульд ч байх ёстой. Энэ асуудлыг төрийн бодлогын хувьд хангалттай тусгаж чадахгүй байна гэж санаа зовниж явдаг. Хариуцах ёстой Боловсролын сайдын хувьд энэ чиглэлээр мэдлэг тааруу байх жишээтэй. Бид гадны хүнээс алдаа хайх бус засаглалын дутмаг байдалдаа анхаарах нь зөв.

Хууль тогтоогчийнхоо хувьд ураны хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэлтэй байхаар зорьж ажилладаг. Ямар ч байсан туслан гүйцэтгэгч компаниудаа сонгон шалгаруулах, худалдан авалтаа хийх, бизнесийн төлөвлөлтийн дагуу зөвшөөрлөө авах ажлаа хийж байна. Гэхдээ энэ хэлцэлээ ажил хэрэг болгох явцад манай зүгээс зарим тавьж байгаа шаардлагууд нь зүй ёсных, зарим нь бол нэмэлт хүнд суртал байдлаар гэрээнд тусгагдаагүй зөвшөөрлүүдийг авна гэж зүтгэх асуудлууд гарч байна гэж сонссон. Гэхдээ бид уул уурхайн төслүүдийн шууд бус үр өгөөжийг үржигдэх үр өгөөж буюу нэг ам.долларын хөрөнгө оруулахад эргээд хэдэн ам.доллар болж үржигдэх вэ гэж ярьдаг. Энэ төслийн хувьд шууд бус үр өгөөж чамгүй сайн гэж хардаг. Франц улсаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа тусламж болон хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагаа зэрэг нь олон хаалгыг нээж өгсөн. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын техник хэрэгсэл цаашлаад “Дүүжин тээвэр”-ийн төсөл гэх мэт. Миний хувьд “Дүүжин тээвэр”-ийг дэмждэггүй ч тухайн үеийн шийдвэр гаргагчид зөв зүйтэй гэж үзээд, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд болохоосоо болохгүйг нь хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байх л даа. Франц улсын зүгээс Монгол Улсад хэрэгтэй олон зүйл дээр тусалж байгаа. Энэ нь ураны хөрөнгө оруулалтын гэрээний шууд болон шууд бус үр өгөөжийн нэг хэсэг гэж харж байна.

-Монголд өнөөдрийн байдлаар ураны ашиглалтын лицензтэй найман компани байна гэдгийг та хэлж байсан шүү дээ?

-Дэлхийн маш олон улс орон эрчим хүчээ цөмийн эрчим хүчээс гаргаж авах хандлагатай байна. Тэр үүднээсээ ураны эрэлт хэрэгцээ буурахгүй байх төлөвтэй. Ураныг түлш болгож ашигладаг цөмийн реактор нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд хөнгөн цөмийн урвалыг ашигладаг реакторууд нэмэгдэхээр байна. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн “Трамп медиа” компани нь цөмийн нийлэх урвалын “ТAE” технологийн компанитай нийлж, 6 тэрбум ам.долларын хэлцлийг амжилттай хийсэн талаар ВВС агентлагаар мэдээлсэн. Тэгэхээр дэлхийн хэмжээнд маш том худалдан авалтын гүйлгээ явагдаж байна. Ураны тухайд, микро реактор дээр хэрэгцээ нэлээд нэмэгдэхээр байна. Тэр утгаараа ураны түүхий эдийн эрэлт хэрэгцээ олон улсын зах зээл дээр ойрын 100 жилдээ буурахааргүй, эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Хоёрт, манай улсад хэрэгжиж байгаа төслийн хувьд “Орано”-тай байгуулсан гэрээ аж ахуйн нэгжүүдэд ногоон гэрэл асааж өгсөн гэж харж байгаа. Бусад хэлцлүүдийг хийхдээ “Орано”-гийн гэрээг загвар болгож, ашиглах үүд хаалга нээгдсэн.

Төрийн ордон. Улаанбаатар 2025 оны 12 дугаар сарын 26. УИХ-ын гишүүн А. Ундраа Гэрэл зургийг О. Болорсувд

-Таны хувьд МАН-аас нэр дэвшиж, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болгосон шүү дээ. Тэр үеийн парламентыг одоогийнхтой харьцуулбал давуу болон сул тал нь юу байна вэ?

-Сайн тал олон байна. 126 УИХ-ын гишүүнтэй парламент маань таван улс төрийн хүчний нэгдэл учраас олон намын төлөөлөл болж чадсан. Монголчууд маань “Бүгдээрээ ярилцвал буруугүй. Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг шүү дээ. Олуулаа асуудлыг олон талаас нь харж, хэлэлцэх нь зөв. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулснаар намын жагсаалтаар гарч ирсэн УИХ-ын гишүүдийн хувьд заавал нэг тойргийн асуудал гэж явцуурахгүйгээр асуудалд өргөн хүрээтэйгээр хандаж, манлайлж түүчээлж байна.

Эмч, багш, хот төлөвлөлт, эрчим хүч, эмнэл зүйн чиглэлээр нарийн мэргэжлээр мэргэшсэн улстөрчдийн тоо нэмэгдсэн. Тухайн орон нутаг болон нэг тойргийн асуудал гэхгүйгээр нийт ард түмэнд хамаатай асуудлыг барьж авч байгаа нь сайшаалтай. Бас нэг сайн тал нь энэ парламентын 80 хэдэн УИХ-ын гишүүн анх удаа сонгогдсон.

Парламентад шинэ уур амьсгал бүрдэж, соёлд өөрчлөлт гарсан. Нэг шүүмжлэлтэй хандах зүйл нь зарим тохиолдолд парламентад анх удаа сонгогдсон, олон удаа сонгогдсон гишүүн гэдгээрээ хуваагдах нь дэмий юм болов уу. Аливаа юм ахмад, дунд, залуу үеийн хэлхээтэй. Нэг нь нөгөөхөө хэт үгүйсгэсэн байдлаар хуваагдах нь зохимжгүй. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Би өмнө нь 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхад Д.Лүндээжанцан гишүүн парламентад долоон удаа сонгогдсон, маш их туршлагатай тул нөмөр нөөлөг их байдаг байлаа.

-Засгийн газрын дэд сайд нарын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Цалин тэтгэвэр нэмэх гэхээр төсөв байхгүй гээд. Дэд сайдыг томилох болохоор төсвийн хэмнэлт гэж ярих нь хэр зөв бэ?

-Дэд сайдын орон тоо байх ёстой. Дэд сайд гэдэг хүн ажиллаж байх ёстой. Ер нь парламентад тухайн салбарынх нь асуудлыг танилцуулах үеэр салбарын сайд нь байхгүй байна гэдэг асуудал нэлээд гардаг. Тэгэхээр дэд сайдууд ажиллаж, яамны ажлаа удирдлагаар тасралтгүй хангах үүднээс дэд сайдын үүрэг роль өндөр. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны бэлтгэл ажил, салбарын сайд томилолтоор явах боломжгүй үед дэд сайд явах, тухайн асуудлууд руу сайд орж ажиллаж амжихгүй бол дэд сайд яамныхаа дуу хоолой болох гэх мэт маш өргөн хүрээтэй ажилладаг. Дэд сайдын ажил асар чухал. Зөвхөн сайдын ажлыг сайн хийлгэхэд дэд сайдын орон тоо хэрэгтэй байгаа юм биш. Яамны удирдлагын түвшинд газар хэлтсийн дарга нарыг илүү чадамжтай, хүртээмжтэй ажиллахад чухал нөлөөтэй. Төсвийн зардлыг юун дээр, хэрхэн оновчтой зарцуулах вэ гэдгээ сайтар ярилцмаар байна.

Жишээлбэл, сургуулийн сурагчдын “Үдийн хоол”-ны хүртээмжийн асуудлаар эмэгтэй УИХ-ын гишүүд ШУТИС дээр хүлээн авч, танилцууллаа. Тэгэхэд холбогдох албаныхан “Ерөнхий боловсролын сургуулийн зургаа, долдугаар ангийн сурагчид сургууль дээрээ маш их өлсөж байна” гэдгийг хэлж байна.

Хүүхдүүд ид өсч торнидог насан дээрээ өлсөж байна шүү дээ. Бид мөнгөгүй ингэж байгаа юм биш. Бид арчаагүйдээ ийм байдалтай байна. Бидний гаргаж байгаа шийдвэр сул, зарцуулж байгаа төсөв оновчгүй байгааг харуулж байна. Нийт дүнгээр нь харвал, улсын төсвийг хэдэн их наядаар нь хаа хамаагүй цацаж байгаа. Үнэхээр аль нэг алслагдмал газар онцын шаардлагагүй бүтээн байгуулалт нэрээр ямар ч чанаргүй барилга барьчихаад, дараа жил нэг галчийн орон тоо хэрэгтэй байна, халаалтын зардал хэрэгтэй байна гээд төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь урсгаж байна. Тэгчихээд урсгал зардлаа танах тухай ярихгүйгээр Боловсролын сайд нь “Хүүхдэд хоол хэрэггүй” гээд яриад сууж болохгүй. Тийм болохоор би дэд сайдуудын асуудлыг анхаарал сарниулах сэдэв л гэж харж байна. Тийм л юм бол 100 гаруй бүтээмж, хяналтын менежер томилох үеэр төсөв хэмнэх талаар ярихгүй яасан юм бэ. Адилхан л орон тоо биз дээ. Улс төрийн шоу л хийж байна.

-Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч, татварын орлого бүрдэхгүй байна. Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барихаар ажиллаж байгаагаа мэдээлсэн. Гэтэл хууль хэрэгжиж эхлэх хугацаа нь 2027 оноос наашгүй шүү дээ?

-Улсын төсвийн орлого хэд байх ёстой гэж буруу төлөвлөгөө гаргасан бол тасрахгүй яахав. Анхнаасаа зорилт нь үндэслэлгүй байсан юм чинь. Улсын төсвийг буруу төлөвлөж, салан байдлаар зарцуулсан асуудал бол Сангийн сайдтай шууд холбоотой. Сангийн сайд ажлаа хийж чадахгүй байна. Энэ хариуцлагагүй байдалтай хэдэн жил явж ирлээ. Анх удаа яригдаж байгаа асуудал биш. Энэ байдлаар сууриар нь засахаас нааш байдал дээрдэхгүй. Нөгөө талдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нуруугаа авхуулсан байна. Татвараа шударгаар төлж байгаа хэддээ улам хүнд ачаа үүрүүлээд л байдаг.

Татвар төлөх чадамжтай аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэх бодлого барьж, төрийн өмчийн компаниудыг хэсэгчлэн хувьчлах асуудлыг хөндөх хэрэгтэй. Зарчим нь зөв боловч, нөгөө гараараа орон нутгийн өмчийн такси үйлчилгээний компани байгуулах асуудлыг хөндөж байна. Ингэж болдог юм уу. Хувийн таксины компаниудтайгаа нийслэл нь өрсөлдөх хэрэг үү.

Ийм байдалтай Монголд бизнес эрхлэх улам л хэцүү болж байна. Улсын компаниуд нь дандаа давуу эрхтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачаа хөнгөрөх боломж алга. Одоогоос 140 жилийн өмнө С.Данзан мэндэлж байсан. Энэ хүний санал болгож байсан Үндсэн хуулийн төсөл дотор өмчийн эрхийн асуудлыг тусгасан байдаг. Үүнд, иргэн хүн хувийн өмчтэй байж, өмчөө хамгаалуулах эрхтэй гэж тусгасан. Тэр үед чөлөөт зах зээлийн үндсэн суурийг Үндсэн хуульдаа тусгахаар ажиллаж байсан. Өнөөдөр компаниуд дээрээ орлого сайтай, цалин өндөр байвал заавал төрд зүтгэх шаардлагагүй шүү дээ. Иргэн баян бол улс баян байх зарчим өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ 100 жилийн өмнөхөөс юу ч сайжраагүй гэж хэлбэл хатуудах байх. Гэхдээ үүнээс илүү сайжрах боломж байсан уу гэвэл байсан. Тэгэхээр бид хувь хүний өмч, хувийн хэвшлийг дэмжих, бизнес хийх боломжоор хангах асуудал дээр 2026 онд ахиц дэвшил гаргасан, төрөөс хувийн хэвшил рүү чиглэсэн дарамт, ачааллыг бууруулсан шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Тэрний төлөө хичээн ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-30 103.119.92.1

Ундраа бол Мэдлэгтэй туршлагатай манайд хэрэгтэй л толгой шүү ийм хүмүүсээ мэдэхгүй байж муулахаа болиоч, хүн муулсан нөхдүүд бодвол гадны троллууд байдаг байх,хашир ухааны Монгол хүн бол хэзээ ч ингэхгүй

Avatar

Нэргүй 2025-12-30 188.162.254.74

сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаж чадаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогтыг дарга багшаа гэж долигнож дууддаг Монголын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийлдэг

Avatar

Нэргүй 2025-12-30 49.190.200.222

Хүүхдүүд өлсөж байна гэчхээд тэдний хоолны мөнгөнөөс хумсалж Гадаадад тансаглаж худлаа матрын нулимс унагах ямар хэрэг байнаа

Avatar

Нэргүй 2025-12-30 59.153.113.206

нэг ийм ичгүүргүй авгай хүүхдүүд маш их боллоо доо.

Avatar

Нэргүй 2025-12-30 138.252.29.38

ийм тэнэглэлд нь очоод нугасаар нь савдаг байвал улс төр цэвэр байна даа. лайвчин тэр муухай отогон баатар мөнх эрдэнэ бол зүгээр л суганы үс бөгсний алчуур байдаг юм байна. аль муу бүхэнд орж бузар дэв нь нэвчсэн байдаг.

Avatar

инжертьв 2025-12-30 66.181.166.134

Залуус шударга бус, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Та Хэнтийд Харвардын сургуульд төгссөн боловсролтой хүн гэж сонгогчдод хэлсэн. Таныг сэтгүүлч, улс төр судлаач, англи орос хэлтэй гэж намтартаа бичсэнд чинь итгэхгүй байна. Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг харуулна. Дараа дараагийн нэр дэвшигчдэд намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай гэж хүсч байна. Хүнд сургуульд сурах боломж олдоогүй байж болно, гол нь ямар зам туулсан гэдгээ үнэнээр нь хэлдэг байх хэрэгтэй. Т

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.166.134

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа нэр дэвшигчид хандаж "Оюун-Эрдэнэ гишүүн ээ би танд итгэхгүй байна. Та зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол энэ таны асуудал байсан байх. Гэхдээ та өнөөдөр олон хүний өмнөөс нэр дэвшсэн тул асуудал өөрөөр яригдана. Залуус шударга бус, худлаа ярьж, худалч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж