Тойм 2025: Монголын спортын 5 онцлох үйл явдал

Тойм 2025: Монголын спортын 5 онцлох үйл явдал

Тойм 2025: Монголын спортын 5 онцлох үйл явдал

Ньюс агентлаг өнгөрч буй 2025 оны Монголын спортын топ таван үйл явдлыг нэрлэж байна.


ПОДВАЛААС ЭХЭЛСЭН АЯЛАЛ ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ХҮРСЭН НЬ 

Арван жилийн өмнө Монголд цахим спорт гэх ойлголт нэвтрээгүй, PC тоглоомын газар байрны подвалаас дээшилдэггүй байсан үе. Гэтэл өдгөө төр засаг нь соёлын элч төлөөлөгчөө болгон ард түмэн нь цэнгэн баясдаг болжээ. 2025 он яахын аргагүй Монголын цахим спортын оргил үе байв.

Сүхбаатарын талбай дээр эзэн Чингис хааны өмнө мянга мянган залуус үүр цайлгаж, "The MongolZ"-оо уухайлан дэмжив. Цахим спорт үндэсний спортын түвшинд очиж, арван жилийн өмнөх буруу, зөрүү ойлголт өдгөө өөрчлөгджээ.

"The MongolZ" багийн 2023 онд эхлүүлсэн шуурга энэ жил Мэйжорын финалд хүрч, цахим спортын дэлхийн аваргын "таваг"-ийг эх орондоо залав. Хэдхэн жилийн өмнө Монголын "CS"-чдэд Мэйжорт оролцоно гэдэг холын мөрөөдөл байсан. Гэтэл одоо Ази, Номхон далайн тэргүүлэгч гүрэн болж, Остин Мэйжорын финалд хүрлээ.

Мэйжор гэдэг бол "CS"-ийн түүхэн дэх хамгийн өнө удаан түүхтэй, цар хүрээ, нэр хүндээрээ дэлхийн аварга гэж тооцогдох тэмцээн билээ. Энэ тэмцээний финалд өмнө нь Монголоос бүү хэл Ази, Номхон далайн бүс нутгаас баг шалгарч байсан түүх үгүй. "The MongolZ"-ийн залуус бүхий л даваа, бэрхшээлийг туулсаар тивийнхээ бахархал болсон. Дахиад оролдвол түрүүлж болох юм байна гэдгийг харуулсан юм.

Өмнө нь томчуудын эрлэг байсан бол "The MongolZ" баг одоо бол томчуудын тоонд орж, 2025 онд дэлхийн чансааг хүртэл тэргүүлж үзлээ.

Нөгөө талд "PUBG Mobile"-ийн дэлхийн аваргад монгол залуусаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Хятадын "Alpha Gaming" баг гуравдугаар байр эзэлж, "TOP" буюу А.Бүрэнбаяр тэмцээний шилдэг тоглогчоор тодров.

Монголд "CS"-ийн шуурга эхлэхээс өмнө цар тахлын үеэр "PUBG Mobile" эрчээ авч, айл өрх бүр тоглогчтой болж билээ. Харамсалтай нь сүүлийн үед тэрхүү давалгаа номхорч, "CS"-д дарагдах болсон мэт. Гэхдээ л Монголын тамирчдын авьяас чадвар, ур ухаан олон улсын багуудад үнэлэгдэж байна.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙГ ДУТУУ ҮНЭЛЭХ УЧИРГҮЙ

Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ жил 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов. Монголын холбоо нь ч үүнд ач холбогдол өгч, эртнээс бэлдсэн. Тамирчдаа сайн сойж, дасгалжуулагчийн албандаа ч хэрүүл, маргаантай өөрчлөлтийг хийж, их эрсдлийг үүрсэн гэхэд хилсдэхгүй.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн гишүүд дээд лигийн улирлаа хүртэл хаяж, зөвхөн өнгөрсөн зуны дэлхийн аваргад бэлдсэн. Харамсалтай нь хүлээлтэд хүрээгүй. Гэтэл эмэгтэйчүүдийн шигшээ баг төв талбай дээрээ, эзэн богдын өлмий дор эх орондоо эзэрхэг тоглож, мөнгөн медаль хүртэв.

Тоглолт бүрт л итгэмээргүй гайхалтай шидэлтүүдийг гүйцэтгэж, чоно үүрэндээ өлзийтэй гэх үгийг амилуулав. Тэмцээний фаворитоор нэрлэгдэж байсан дэлхийн шилдэг багуудыг ээлж дараалан буулган авч, ард түмнийхээ уухайлан түрлэгт өрсөлдөгчдөө барьц алдуулсан. Тэдний тоглолт, шидэлт бүр монголчуудыг сагсан бөмбөгт дурлуулж, нэгтгэж чадав.

Үр дүнд нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг дэлхийн аваргын мөнгөн медаль хүртээд зогсохгүй гавьяат тамирчин гэх цолыг хөлс нь хатаагүй байхад хүртсэн түүхтэй.

Ерөнхийдөө энэ жил Монголын сагсан бөмбөгийн оргил үе байлаа. Амьд домгууд болох Т.Санчир, Б.Билгүүн нар гавьяат тамирчин гэх цолыг мөн хүртэн ард түмнийг баясгав. Монголын сагсан бөмбөгт холбоо үг шиг хоршиж, хамтдаа бас өрсөлдөгчийн дүрээр суу алдраа дуурсгасан эрхмүүдийн шагнал эздээ гоёсон.

Хасын Хүлэгүүд баг ч Монголын сагсан бөмбөг бол жинхэнэ зүйл шүү гэдгийг Азид харуулж, тивийнхээ томчуудыг толгой бөхийлгөв. Тэдний аялал одоо ч үргэлжилж байна.

ИХ БОГДЫН БЭЛ, ТҮЙН ГОЛЫН ХӨВӨӨНӨӨС ТОДОРСОН ААТАЙ, АЮУМШИГТАЙ АРСЛАН

Тэртээ 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагмын Аюуш гэх хүчтэн улсын наадамд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртэж байв. Тэгвэл тэрхүү үйл явдлаас даруй 76 жилийн дараа түүний хөрш зэргэлдээ Жинст сумаас дахин арслан цолтон мэндэллээ. Энхтүвшингийн Батмагнай гэх эр бяр нь тэгширсэн, эмнэг хангал шиг аатай хүү Их Богдын бэл, Түйн голын хөвөөнөөс тодорч, төрийн наадамд ес даван түрүүлэв.

Ээ дээ Э.Батмагнайг түрүүлнэ гэж наадмын өмнө олон ч хүн ярьсан. Өөрөө ч үүндээ итгэлтэй байж, "Удахгүй төрийн наадамд түрүүлж, түмэн олноо баярлуулна" гэдгээ ил, далд, ний нуугүй хэлсээр л байв. Мэдэрчихсэн, төрчихсөн хүн нээрээ цаанаа л өөр байдгийн тод жишээ нь энэ юм уу.

Э.Батмагнайг 2001 онд төрж байхад тухайн жилийн баяр наадамд дархан аварга А.Сүхбат арав даван түрүүлж байлаа. Аваргын барилдааныг өвчсөн мэт Хонгор нутгийн хүү гар ачааг дахин алдаршуулж, алдар цолоо дуудуулан, Төв цэнгэлдэхэд Хонгор нутаг эгшиглэв.

Гуйгаад өгдөггүй арслан цолыг нь гуядаж, ачиж, дохиж нутагтаа авчирсан. "Ес давсан заан"-д өгөх ёстой цолыг нь өөртөө залав.

АВАРГУУДЫН ГЭРЭЭС АВАРГА Л ТОДРОХ УЧИРТАЙ

Манлай заан Д.Долгорсүрэн өөрийн цаг үедээ төрийн наадамд ес давах хувь заяа дутсан ч түүний үр сад эцгийнхээ, өвөөгийнхөө дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж аваргууд болцгоосон. Д.Сумъяабазар үндэсний бөхөөр арав давж, аварга цол хүртсэн бол Д.Дагвадорж Японд сүмогоор 25 башёд түрүүлж, ёкозүна болсон түүхтэй.

Тэгвэл ах нарынхаа шийрийг хатааж, Хошорюү С.Бямбасүрэн могой жил ёкозүна цол хүртэв.

1992 оны хавар Монголоос зургаан хөвүүн алс холын арлын орныг зорьж, сүмогийн ертөнцөд хөл тавьсан. Кёкүшюзан Д.Батбаяр монгол бөх дээд зиндаанд барилдаж болдгийг, Асашорюү Д.Дагвадорж түрүүлж болдгийг харуулсан. 2000-аад оны дунд үеэс эхлэн монголчуудын эзэрхийлэл эхэлсэн. Тал нутгийн хөвгүүд л хоорондоо өрсөлдөж, түрүү бөх тэднээс тодорч байлаа.

Хошорюү С.Бямбасүрэн энэ жил дээд зиндаанд нэг түрүүлж, гурав үзүүрлэж, хамгийн чухал Хацү башёд түрүүлснээрээ ёкозүна болох болзлоо хангасан. Тэр бол ёкозүна болсон Монголын зургаа дахь сүмоч. Түүний үеэл ах Д.Дагвадорж анхных нь байсан билээ.

Мөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ жил бэртэл гэмтлийн улмаас зодог тайлж, 17 жилийн дараа дохёгоо орхисон.

ЧИНГИСИЙН БААТРЫН ДҮРТЭЙ ТҮМНИЙ ХАЙРЫГ ТАТСАН ДЭЛХИЙН АВАРГА

Энэ жил монгол тамирчдыг дэлхийд таниулсан "Physical Asia" шоу үзэгчдэд хүрсэн. Үнэхээр хүлээлтийг давж, Монголын баг ч финалд хүрэв. Тус багийн тамирчдаас өөрийн дүр төрх, зан чанараараа тодорсон хүмүүсийн нэг бол Б.Энх-Оргил. Холимог тулааны тамирчин түүнийг Чингисийн баатрын дүртэй, жинхэнэ монгол эр хүний шинжийг агуулсан гэж гадаад дотоодгүй шуугисан.

Тив дэлхийд эх орноо сурталчлах ажлынхаа хажуугаар Б.Энх-Оргил дэлхийн шилдэг холимог тулааны холбоо болох "ONE FC"-ийн аваргын бүсний төлөөх тулаандаа Фабрисио Андрадег ялж, багшийнхаа амжилтыг давтсан. Түүний багш гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг 2014 онд тус холбооны аваргын бүсийг хүртэж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Źzzzzx 2025-12-28 66.181.190.119

Оюуны спортууд ой тогтоолтын аваргуудыг дурьддаггүй ээ.

Avatar

Ээээ 2025-12-28 59.153.112.44

чоно үүрэндээ өлзийтэй гэж үгийн утгыг зөв бодож жишээ татаач дээ, сэтгүүлч юм бол ❗❗

Avatar

ЦАХИМ СПОРТ 2025-12-28 66.181.178.53

КОМПЮТЕР ДЭЭР УХААНАА АЛДТАЛ ТОГЛОДОГ ХҮҮХДҮҮДИЙГ СПОРТОД АМЖИЛТ ГАРГАЛАА. ГЭЭД БДАГ. БУРУУ СУРТЧИЛГАА БУРУУ ДУУРАЙЛАЛ ӨГЧ БНА.
ХАР ТАМХИНААС ЯЛГААГҮЙ ОРДОГ ЭНЭ ТЭНЭГЛЭЛИЙГ ҮР ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ !
ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ТОГЛООМЧ Л ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ ! ӨДӨР ШӨНӨГҮЙ ТОГЛОЖ СУУДАГ ЗАВТАЙ ӨӨР АМЬДРАЛГҮЙ
МОНГОЛЧУУД Л ТҮРҮҮЛЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ !

Avatar

Зочин 2025-12-28 66.181.178.192

хэн энэ хүмүүсийг тагнуулд ажилд авна гэж худлаа залилаад байна вэ

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.161.100

Писда сүүлийн бөхийн мэдээг унших гэж зов,их юм байна гүйцэт уншсангүй лагай юм аа

Avatar

жирийн иргэн 2025-12-28 59.153.112.138

тэнэг мал вэ чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж