Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний талаар өчигдөр /2025.12.25/ хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнам улсаас зөөвөрлөгдөн, Монгол Улсад улаанбурхан өвчний халдвар дэгдсэн. Үүнийг бид наадмын өмнө дарж чадсан хэдий ч дархлаажуулалт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 65 хувь нь хамрагдсан. Улаанбурхан өвчний вакцинжуулалтад 95 хувь болон түүнээс дээш хувь хамрагдсан тохиолдолд энэ өвчин бүрэн дарагдана. Гаднын улс орон руу аялж буй иргэд улаанбурхан, гахай хавдрын вакциныг хийлгэх ёстой. Мөн эрсдэлийг тооцоолж 6-8 сартай вакцины насанд хүрээгүй нялх хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж байгаа” гэв.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13752, нийслэлд 11370, орон нутагт 2377 бүртгэгджээ.
Тухайлбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 25, биеийн байдлын хувьд дунд зэргийн долоо, хүнд хэлбэрийн дөрөв нэн хүнд нөхцөл байдалтай нэг хүн байна. Гэрээр эмчлүүлж буй 25, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5147 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3207, 5-9 насны 1785, 15-19 насны 1738 байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Өрхийн эрүүл мэндийн бүх төвүүд вакцин хийсэн. Арга хэмжээг урьдчилан аваагүй бол томуу, томуу төст өвчинтэй зэрэгцээд улаанбурхан өвчин нэмэгдэх эрсдэлтэй байгааг ойрын болон хэтийн хандлагаар тооцоолсон. Дархлаажуулалтын үр дүнд өвчнийг харьцангуй хумьж чадсан. Өдөрт маш цөөн тоогоор бүртгэгдэж байгаа. Улаанбурхан нь зөөвөрлөгдөж ирдэг онцлогтой. Мөн халдварлагдах байдал өндөртэй учраас вакцинжуулалт багасах юм бол өргөн тархах хандлагатай байдаг” гэдгийг хэлэв.
Улаанбурхан өвчин нь шинж тэмдгийн хувьд, толбот гүвдрүүт тууралт нь нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурч, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ. Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш нэгээс гурав хоногийн дараа эдгээр нь илэрнэ. Улайралтай үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ. Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнх тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрэв таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
- Илчлэг, тэжээллэг хоол өгөх
- Өдөрт 4-5 удаа заавал хооллох
- Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
- А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
- А амин дэм нь уг өвчний хүндрэлээс сэргийлэхэд нэн чухал бөгөөд тухайн эмийг өрхийн эмчийн хяналтад уух
- Гэрийн нөхцөлд А амин дэмээр баялаг сүү, бяслаг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, броклиг хоол хүнсэндээ хэрэглэх
- Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
- Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
Н.Цолмонбаатар
3,548.92






















































Зочин 2025-12-26 66.181.184.106
За тэр коведын вакцинийг чинь тариулаад бараг мажийчих гээд байна шүү.Гадахд явах болгондоо тариулуул үхэх байх даа.Хэнийх нь бас мөнгө угаалт вэ
Нэргүй 2025-12-26 66.181.189.225
Барайр