Д.Цогт: Их говийн дархан цаазат газар бол дэлхийн өв

Д.Цогт: Их говийн дархан цаазат газар бол дэлхийн өв

Д.Цогт: Их говийн дархан цаазат газар бол дэлхийн өв

Байгаль орчны тулгамдсан асуудал болон байгаль хамгааллын үр дүнгийн тухай залуу экологич МУИС-ийн экологийн хөтөлбөрийн оюутан Д.Цогттой ярилцлаа.


-Өөрийгөө товчхон танилцуулаач. Экологийн мэргэжлийг сонгоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Намайг Дорждэрэмийн Цогт гэдэг. МУИС-ийн Экологийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан. Би экологичийн мэргэжлийг сонгохдоо бага насны сонирхлоо дагасан. Учир нь сурагч байхдаа аав ээжийгээ дагаж хөдөө гадаа их явдаг байлаа. Тэр үед амьтад миний сонирхлыг их татдаг байсан. Ахлах ангид орж мэргэжлээ сонгох болоход амьтан судлаач, байгаль экологичийн мэргэжил хэр эрэлттэй, ирээдүйтэй бол гэдэгт эргэлзсэн. Тэгээд 12-р ангийн зун Н.Батсайхан судлаачтай хамт судалгаанд явж экологич мэргэжлийг заавал сонгох ёстой юм байна гэсэн шийдвэрийг гаргасан. Анх экологичийн мэргэжил нь байгаль хамгаалагчийн мэргэжилтэй адилхан гэж ойлгодог байсан боловч тус судалгааны явцад тэдний арга барил, судалгааны адал явдал зэрэг нь өөрийн эрхгүй сонирхлыг минь татсан. Мөн тухайн үед судалгаанд хамтарч судлаачдын мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа нь нөлөөлсөн юм. Магадгүй өөр хүмүүстэй явсан бол өөр нэгэн мэргэжлийг сонгох байсан байх.

-Саяхан судлаач оюутан тэмцээнд түрүүлсэн байсан. Энэ тэмцээнд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

-Судлаач оюутан  тэмцээнийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулдаг. Байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд болдог тэмцээн. Уг тэмцээнд салбарын бүх оюутан оролцох боломжтой. Би анх хоёрдугаар курсээсээ оролцож эхэлсэн. Зун хийсэн судалгааны өгөгдөл дээр тулгуурлаж мэдээллээ боловсруулаад, бусдад мэдлэг түгээж хоорондоо өрсөлддөг. Эхний жилдээ би шувууны чиглэлээр  “Чух нуурын Шувуу бүлгэмдэл” гэдэг сэдвээр оролцож, тухайн үедээ бакалавр, магистрын түвшин өрсөлдөж тусгай байр эзэлсэн. Өнгөрсөн жил загасны чиглэлээр буюу “Ховд голын ай сав газрын монгол хадран загасны шилжилт” хөдөлгөөн чиглэлээр гуравдугаар байранд орсон. Энэ жилийн хувьд жилийн хувьд амжилтаа ахиулахын төлөө олон цагийг зарцуулсны үр дүнд “Нөмрөгт голын зэвэг загасны шилжилт хөдөлгөөн” сэдвээр нэгдүгээр байрыг эзэлсэн.

-Судалгаа хийхийн хамгийн сонирхолтой, бас хамгийн хэцүү зүйл юу байдаг вэ?

-Судалгаа болгон дахин давтагдашгүй өвөрмөц онцлогтой. Мөн судалгаа бүрээс үргэлж шинэ зүйлийг сурна. Нэг үгээр судалгаа болгон аялал байдаг. Аялал бүр адал явдалтай учраас  сонирхолтой санагддаг. Зарим хүмүүст бэрхшээлтэй санагдахаар зүйл нь олон хоног хөдөө нутгаар явдаг учраас зутрах тохиолдол гарч магадгүй. Миний хувьд хоёр жилийн хугацаанд 21 аймгаар судалгаанд явсан. Огт шантрахаар зүйл байгаагүй ээ. Судалгаа хийгээд явж байх нь л маш сайхан байдаг.

-Одоо ямар сэдвээр судалгаа хийж байгаа вэ?

– Одоо миний сонирхож байгаа чиглэл бол монгол орны загасны төрөл зүйл байгаа. Манай улсад  загас судлаач цөөхөн байдаг. Харин судлах төрөл зүйлийн хувьд маш их. Тийм учраас загас судлалын чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулах цаашдын зорилготой байна.

-Байгаль орчны талаар судалгаа хийх нь Монголд ямар ач холбогдолтой вэ?

-Манай салбарын судалгаа бол ямар нэг зүйлийг цаашид хийх үйл ажиллагааны суурь болдог. Суурь мэдлэг, өгөгдөлгүйгээр цаашид аливаа зүйлийг хийх боломжгүй. Тас харанхуйгаар хийлээ гэхэд тэр ямар ч үр дүнгүй болж хувирна. Тийм учраас бид замыг нь засаж гэрлийг нь асааж өгч байгаа. Үүн дээр нэг жишээг дурдахад, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл болох усан цахилгаан станцыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжлээ гэж бодоход тухайн газрын загасны шилжилт хөдөлгөөн нүүдлийг хааж боомилохгүйгээр эко системийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэгт хариулт өгөх суурь мэдлэгийг өгдөг.

-Энэ төрлийн судалгааг байгаль дээр хийдэг үү, лабораторид түлхүү хийдэг үү?

-Экологийн чиглэлийн судалгаанууд гол төлөв байгаль дээр хийгддэг. Туршилт болон таамаглалыг батлах гэх мэт ажлыг лабораторид хийдэг. Бодит нөхцөл байдлыг шууд харж мэдэх боломжтой учраас байгаль дээр судалгаагаа хийдэг.

-Залуу экологичийн хувьд Монголын байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлыг юу гэж харж байна вэ?

-Мэдээж Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлын хувьд уур амьсгалын өөрчлөлт, бохирдол гэх мэт олон зүйл байгаа. Гэхдээ тэр дундаас биологичид болон судлаачдын ярьдаг том асуудлын нэг бол бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтлын асуудал юм.

Монголын мал аж ахуй байгаль цаг ууртайгаа хосолж зохицсон байх ёстой байтал малын тоо хэмжээ даацаас шалтгаалж эсрэгээрээ байгалийг доройтуулах, сүйтгэх үйл ажиллагаанд том нөлөө үзүүлж байна.

Мөн дараагийн том асуудал бол байгальдаа ээлгүй хүмүүсийн хандлага юм шиг санагддаг. Тэд мэдлэггүй байгаа учраас л байгалиа доройтуулдаг байх.

-Gen Z үеийнхэн экологийн салбарыг сонирхох нь багасаж, тэр хэрээр энэ салбарт ажиллах боловсон хүчин дутагдаж байна гэх нь бий. МУИС-д мэргэжлээр тань хэчнээн оюутан суралцаж байна?

-Монгол Улсын хэмжээнд 2018 оноос хойш биологийн салбарын мэргэжлийг сонгох хүүхдийн тоо 1000 хүрэхээ больсон юм билээ. Миний бодлоор уг нь хүүхдүүд багаасаа амьтан ургамлыг сонирхон судалдаг. Гэхдээ өсвөр насанд нь энэ талын мэдлэг мэдээллийг хомс өгч байгаа учраас энэ салбарт суралцаж хүүхдүүдийн тоо бага байгаа байж болох юм. Манай их сургуулийн анги найман оюутантай. Доод ангийнхан маань арван хэдүүлээ, ер нь 20 болон түүнээс дээш хүүхэдтэй анги байдаггүй. Цөөхүүлээ учраас хоорондоо маш дотно байгаад зогсохгүй дээд, доод курсийнхэн бүр цаашлаад салбарынхантайгаа ч дотно байдаг. Тийм учраас энэ салбарт ажиллавал ирээдүй байгаа гэдгийг ойлгож, дийлэнх нь  салбартаа ажиллах байх гэж бодож байна.

-Нарансэвстэй боомт нээхийг эсэргүүцэх хөдөлгөөнд оролцож байсан шүү дээ. Ямар учраас эсэргүүцэж байсан бэ?

-Өнгөрсөн жил  нэр бүхий УИХ-ын гишүүн Говь-Алтай аймагт шинэ боомт нээх санаачилга гаргасан байдаг. Нарансэвстэйн боомтыг нээснээр Говь-Алтай аймгийн хөгжил дэвшилтэд хэрэгтэй мэтээр ойлгуулсан. Үнэн хэрэгтээ Говь-Алтай аймагт Бургастайн боомт зэрэг олон боломжит хувилбар байгаа. Гэтэл тэр боомтуудаа хөгжүүлж томруулахгүйгээр шинэ боомтыг дархан цаазат газар нээнэ гэж байна. Нарансэвстэй гэх газар нь говийн их дархан цаазат газар буюу маш өвөрмөц говийн цөм бүс нутаг дэлхийн өвд бүртгэгдэхээр гайхалтай газар юм. Хамгийн чухал нь тэнд манай улсын бахархал болсон мазаалайны 50 гаруй нь амьдардаг. Мөн аргаль, хулан, хавтгай гэх олон тооны амьтад байдаг учраас биологич, судлаач, сэтгүүлч, хуульчид, оюутнууд гэх олон тооны хүмүүс хамтарч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ хөдөлгөөний үр дүнд 34 мянган хүний гарын үсгийг цуглуулж,  оюутнууд нэг сарын дотор 20 гаруй сургуулийн 800 гаруй хүүхдүүдтэй уулзаж говь, цөл гэх ойлголтын ялгааг таниулж, говийн тухай ойлголтыг өгч Нарансэвстэй боомтын асуудлыг хүмүүст мэдээлж гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд чимээгүй болсон ч энэ жил дахин сөхөгдөх гэж байх шиг байна. Хэрвээ энэ асуудал дахин хэлэлцэгдвэл бид Монгол Улсын ирээдүйн байгаль орчны төлөөх нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үүднээс дахин тэмцэхэд бэлэн байгаа.

-Иргэдийн байгаль хамгаалах тухай ойлголт ямар түвшинд байна вэ?

-Ерөнхий боловсролын сургуулиудад сургалт орж байхад хүүхдүүдийн байгаль орчны тухай  мэдлэг ойлголт бодсоноос доогуур түвшинд байх нь ажиглагдсан ч тэд маш сониуч нээлттэй байсан. Аливаа зүйлийг сонирхох нь цааш суралцахын эхлэл болдог гэж би боддог. Тийм учраас хүүхдүүдийг багаас нь сонирхлыг нь өдөөх хэрэгтэй болов уу.

-Залуу үеийн байгаль орчныг хамгаалахын тулд ямар дадлыг өөртөө  суулгах хэрэгтэй вэ?

Мэдээж НҮБ-ын зөвлөдөг усаа бага ашиглая, эрчим хүчээ хэмнэе гэсэн олон зөвлөмжүүд байгаа. Ерөнхийдөө минамалист амьдаръя гэсэн санааг илэрхийлдэг эдгээр зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй. Гэхдээ хүмүүс байгалиа хамгаалж, хайрлах тухай бодож байгаа бол эхлээд байгаль орчноо  таньж мэдэх ёстой билээ. Хүмүүсийн байгаль цаашлаад биологийн шинжлэх ухааны талаарх мэдээллийг өсгөх хэрэгтэй байх.

-Нэг хүнээс юу ч шалтгаалахгүй гэж бодох хүмүүсийн хандлагын талаар та юу хэлэх вэ?

-Үүнийг Нарансэвстэй боомтын хөдөлгөөнийг өрнүүлээд, гарын үсэг цуглуулж байх үед яг мэдэрсэн. “Миний энд гарын үсэг зурах нөлөө үзүүлэх үү” гэсэн олон хүмүүс байсан.  Гэхдээ далайд дусал нэмэр гэдэг шиг хүн бүрийн оролцоо маш чухал юм билээ. Жишээ нь, Нарансэвстэй боомтын асуудал дээр тал талаас бид оролцож байсан. Хуульч байхгүй бол үүнийг үргэлжлүүлэхэд маш хэцүү. Судлаачид байхгүй бол энэ асуудлыг чухалчилж мэдэхгүй. Оюутнууд байхгүй  бол залуу үеийнхэнд түгээхэд хүндрэлтэй байсан. Үүнээс хүн бүрийн оролцоо ямар чухал болохыг ойлгож авсан.

-Цаашид судлаачийн замналаа хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна?

-Одоо Экологийн бакалаврын хөтөлбөрт суралцаад төгсөх гэж байна. Энэ хугацаанд өөрийгөө нэлээдгүй таньж мэдлээ. Миний хувьд судалгаанд явах тун сонирхолтой санагдана. Зун болгон гэртээ ирэхгүй шахам судалгаанд явдаг. Цаашид ч мөн загас, усны чиглэлийн судалгаа хийж мэргэших бодолтой байна. Хүмүүстээ харилцаж, мэдлэг түгээхдээ би сэтгэл ханамжийг авдаг.

Тийм учраас судалгаа хийхийн хажуугаар биологийн салбараа бусдад танин мэдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Одоогоор би Од мөндөр шинжлэх ухаан, танин мэдэхүйн сувгийн амьтны нэвтрүүлгийн зохиолыг бичдэг. Удахгүй хөтлөх байх. Од мөндөрт ажиллахаасаа өмнө амьтны сонирхолтой мэдээллүүдийг хүмүүст түгээнэ дээ гэж боддог байсан. Үүнийг мэдсэн юм шиг л "Од мөндөр"-өөс холбогдож амьтны тухай нэвтрүүлгийн зохиолчоор ажиллах саналыг тавихад дуртайяа хүлээн авч, ажиллаж эхэлсэн. Хүмүүст энэ талын мэдлэгийг хүртээж байгаа минь маш сайхан санагдаж байна.

– Экологич болохыг хүсэж буй өсвөр үеийнхэнд  ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эхлээд яг сонирхож байгаа эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ үнэхээр сэтгэл чинь татагдаж байвал тухайн чиглэлээ сайтар судлан мэргэжлээ сонгох хэрэгтэй байдаг. Түүнээс  ямар ч ойлголтгүй сонгочихвол дэмий цаг үрэхээс авхуулаад олон асуудал гарна.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад юуг хэлмээр байна вэ?

 -Их сургуульд хуримтлуулсан туршлагаас үзэхэд байгаль орчны  тулгамдаж буй ямар ч асуудалд хүн бүрийн оролцоо маш чухал байдаг. Тийм учраас хүмүүс байгаль орчноо таньж, мэдэн хайрлан хамгаалаасай гэж хүсэж байна.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-25 202.9.41.112

Нарансэвстэйн боомтыг хэн гэдэг УИХ-ын гишүүд нээнэ гээд байдгийг ил тод хэлж өгөөч . Мөнгөний төлөө юу ч хийхээс буцсан тэр хүмүүсийг ард түмэн нийтээрээ жигшиж улмаар УИХ-д сонгосн тойргийн иргэдэд нь зөв хүний дэмжиж сонгож байх талаар сургалт явуулъя

Avatar

Бадамхатан 2025-12-25 203.17.23.87

Дүүд баяр хүргэе, маш сайн байна. Судалгааны өндөр амжилт хүсье

Avatar

УНШИГЧ 2025-12-25 43.242.242.141

энэ сайхан газраа өнөө маргаашийн улстөрчдийн шуналд бүү өгцгөөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж