Сурвалжлага: Шинэ жилийн уур амьсгал мэдрүүлэх “Christmas market”

Сурвалжлага: Шинэ жилийн уур амьсгал мэдрүүлэх “Christmas market”

Сурвалжлага: Шинэ жилийн уур амьсгал мэдрүүлэх “Christmas market”

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж, Сүхбаатарын талбай гоёлоо өмсөн баяртаа бэлтгэж байна. Төв талбайд зассан сүлд модны дэргэд залуус зургаа татуулах бол сийлбэрчид мөсөн хотхон урлан тун завгүй ажиллана. Урд хэсэгт тод шар гэрэл цацруулсан урт цагаан асар байрлах бөгөөд зөрөн өнгөрөх хүмүүсийн олонхи нь уг асрыг чиглэнэ. Тус асрыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хувийн аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ иргэдэд эерэг, таатай мэдрэмж төрүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулжээ. Тиймээс бид энэ удаа “Christmas market” нэртэй тус асраар зочлон уг сурвалжлагыг бэлтгэлээ.

Асрын үүдээр ороход аль нэгэн газрын шинэ жилийн хүлээн авалтад орж буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Гоёмсог улаан хөшгөөр хана, таазыг эргэн тойронгүй бүрж, олон өнгийн гэрлээр чимэглэсэн нь тун үзэмжтэй. Асрын урд хэсэгт шинэ жилийн чимэглэл тоглоомууд өнгө өнгөөрөө, гацуурууд өндөр намаараа байх агаад түүнийг иргэд ихэд сонирхоно. Худалдаа эрхлэгч М.Уранзаяа “Өглөөний цагаар үйлчлүүлэгч харьцангуй цөөн байдаг ч ажил, хичээл тарах үеэр буюу оройн цагаар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гацуурын үнэ 180 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байгаа. Өчигдрөөс борлуулалт эхэлсэн гэхэд боломжийн сайн байна” хэмээн ярив.

“Christmas market” нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Асрын нэг хэсгийг “Харри Поттер” киноны дүр, хувцас хэрэглэл, киноны хэсгээр орчныг тохижуулсан нь хүүхэд, залуусын анхаарлыг ихэд татаж байлаа. Тус хэсэгт зургаа даруулж байсан Н.Төгөлдөр, Л.Жавхлантөгс нар “Өчигдөр нээлтийн өдөр анх ирсэн. Харри Поттер кинонд дуртай болохоор тохижилт нь маш сонирхолтой, шинэлэг санагдсан. Талбай хавиар алхаж байгаад гэрэлтэй асрыг хараад орж ирэхэд дулаахан, тухтай орчныг бүрдүүлсэн байсан. Дуртай киноныхоо дүрийн хувцсыг өмсөж зургаа даруулж байгаа нь хамгийн их таалагдсан. Орой урлагийн арга хэмжээ болно. Хэрвээ боломж гарвал дуулах ч бодолтой байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Асрын урд хэсэгт халуун уух зүйл худалдаалж байв. Гадаа хүйтэн байгаа тул хүмүүс ихэвчлэн чацаргана, аарцыг түлхүү худалдан авах аж.  Ажил тарснаас хойш буюу 18:00 цагаас хойш хүмүүс нэмэгддэг гэдгийг худалдаа эрхлэгч  Т.Содбилэг хэлэв. Халуун шоколад, синнамон цай, олон жимсний жүүс, чацарганы жүүсийг 7000 төгрөгөөр, халуун дарсыг 12000 төгрөгөөр зарж байлаа.

Арга хэмжээний талаар зохион байгуулагчдын хэлснээр энэ үйл ажиллагаа нь ‘Улаанбаатар мөнгөн шөнө–2025’ арга хэмжээний хүрээнд хийж байгаа ажил гэнэ. Тус асар нь арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал ажиллана.

Гадаа талбайд есөн явуулын үйлчилгээ бүхий түргэн хоолны мухлаг ажиллаж байна. Асар дотор халуун уух зүйл, шинэ жилийн гоёл чимэглэл, ЖДҮ эрхлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүнүүд худалдаалах аж. Шингэн хүнсний бүтээгдэхүүнүүд нь дархлаа дэмжих аньс, нэрс, чацаргана зэрэг гэх. Энэ жилийн хувьд шинэ жилийн гоёл чимэглэл, гар урлалын бүтээгдэхүүнээр дамжуулан ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж буйгаараа онцлогтой.

Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг сонгохдоо шинэ жилийн холбогдолтой бараа бүтээгдэхүүн борлуулдаг иргэдийн дунд уулзалт зохион байгуулж, саналыг нь хүлээн авсан хүмүүст худалдаа эрхлэх боломж олгожээ. Тус асрыг барихад 5–6 хоног зарцуулсан бөгөөд нээлтийн эхний өдөр 500–600 хүн үйлчлүүлжээ. Арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 11:00-22:00 цагийн хооронд ажиллах уг асарт Нийслэлийн соёл, урлагийн газраас дүүргүүдийг өдрөөр хуваарилан оройн 18:00–19:00 цагийн хооронд урлагийн тоглолтуудыг зохион байгуулах аж.

“Маш дулаахан, тухтай орчин байна. Талбай дээр шинэ жил угтаж буй хүмүүс энд орж дулаацвал зүгээр юм” хэмээн иргэд хоорондоо ярилцаж байгаа нь уг арга хэмжээ нийслэлчүүдэд таатай сэтгэгдэл төрүүлж буйг илтгэнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-24 59.153.115.124

Гадааны хоолноос хордлого авна шүү.

Avatar

Нэргүй 2025-12-24 202.126.91.164

NY market gehgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж