Дөнгөж 20 гаруйхан насандаа ханьтайгаа гэр бүлийн бизнесээ эхлүүлж өдгөө “ӨВӨГ ҮР хийц”, "URUHAN" зэрэг гар урлалын дэлгүүр, "URUHAN coffee shop", "Douce cafe" зэрэг үйлчилгээний газрыг нээж өргөжин тэлсэн Нүүдэлчний соёл ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Даваажаргалтай ярилцлаа.
-Хамгийн анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бэ?
–Анх 20 гаруй жилийн өмнөөс ханьтайгаа нийлээд гэр бүлийн бизнесээ эхлүүлж байлаа. Манай хүн уран дархан Г.Мягмарсүрэн гэж хүн бий. Бид хорь гаруй жилийн өмнө хийж эхэлсэн гэр бүлийн бизнесээ өргөжүүлж 2017 онд ӨВӨГ ҮР хийц брэндийг үүсгэн байгуулсан. Манай хүний хувьд мөнгөн аяган дээр үнэт эдлэлээр сийлбэр сийлж, шигтгэж гараар урлал хийдэг. Тэр ч утгаараа бидний үүсгэн байгуулсан, хөгжүүлээд явж буй брэндүүд маань өв соёлоо шингээсэн, сэтгэл зүрх цаг заваа зориулсан, үнэтэй үйлдвэрлэл гэж хэлж болно. Үндсэндээ, манай хүн энэ ӨВӨГ ҮР хийц брэндийг үүсгэн байгуулахын тулд 10 гаруй жилийг зориулж, өнөөдрийн энэ үнэ цэнийг бүтээж дараагийн түвшинд гаргахын тулд уйгагүй ажилласан. Тухайлбал, нэг шинэ санаа, арга технологи гаргаж амьдрал дээр хэрэгжүүлж хэрэглэгчийн гарт хүргэх хүртэл маш их цаг хугацаа зарцуулдаг. Жишээлбэл, нэг багц гурван аяга хийлээ гэж бодоход түүн дээр ямар хээ хуар, үнэт эдлэл байх вэ, юу сийлэх вэ, утга агуулга нь ямар байх юм гээд бараг хоёр жилийн хугацаа зарцуулж эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчийн гарт хүргэдэг. Мөн URUHAN мэдлэгтэй аяга гээд брэнд, Uruhan кофе шоп гэх мэт брэндийг хөгжүүлж хэрэглэгчдэд үйлчилж байна.
-Анх бизнесээ эхлүүлэхэд тухайн үед нөхцөл байдал ямар байсан, одоо бизнес эрхлээд цаашид хөгжүүлээд явахад орчин нөхцөл хэр байна гэж та харж байна вэ?
-Бидний хувьд бол багагүй хугацааг зарцуулж, жаргал, зовлонг нь туулж тууштай байж өнөөдрийн энэ бүхнийг бий болгосон. Анх бизнесээ эхлүүлж байхдаа тухайн үед 20 хэдхэн насандаа ёстой л нөгөө өөрсдийн хүсэл сонирхлоо дагаад бүхнийг тэгээс эхлүүлж байлаа. Тэр үед бизнесийн алсын хараа, эрхэм зорилго гэж мэдэхгүй, тодорхойлоогүй, бизнес хийх мэдлэггүй байлаа шүү дээ. Одоогийнх шиг зааж зөвлөөд өгөх хүн байхгүй байсан.
Энэ бүхэндээ бүхий л амьдралаа зориулаад саад бэрхшээлийг туулж, өөрсдийн гараар бизнесээ босгож өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүнээ ч тэр өөрсдийгөө ч тэр илүү сайжруулсаар байгаад илүү их туршлага хуримтлуулсан. Товчхондоо, амьдралынхаа туршлагаас үүдсэн зөв замаа, загвараа гаргасан гэж би боддог. Энэ ч утгаараа хойч үедээ өв соёлоо таниулж, хүлээлгэн өгөх ёстой юм байна гэж боддог, тэгж ч чадсан. Одоо бол залуучууддаа зөвлөхүйц болоод байна. Анх 1990-ээд онд бизнес хийж эхэлж байхад өөрөө захирлаа ч хийнэ, үйлчлэгчээ ч хийдэг гээд өөрсдөө л хамаг юмаа хийдэг байсан бол өдгөө манай компани 20 гаруй ажилтантай болж өргөжин тэлсэн байна.
-Сүүлийн жилүүдэд Монголд бизнес эрхлэхэд хэцүү болсныг хүн болгон хэлж байна. Дээрээс нь хөлөө олсон хэдэн аж ахуй нэгжээ татвараар дарамталж өдөрт өчнөөн компани үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Монголд бизнес хийх орчин нөхцөл хэр байна гэж та харж байна?
–Миний хувьд бол өөрсдөө дуртай зүйлээ хийгээд, хөгжүүлээд явж байгаа болохоор хэн нэгэнд ялархаж, гомддоггүй. Хэрвээ алдаа, оноо байж үүнээс илүү байж чадаагүй бол бид хоёрт буруу байж магадгүй. Анх бид бизнесээ эхлүүлэхдээ ямар байлгая гэж зорьсон юм. Тэр хэмжээндээ очиж чадсан бол тэр бидний хөдөлмөрийн үр дүн. Харин тэр зорилгодоо хүрч чадаагүй бол мөн л бидний хөдөлмөрийн үр дүн гэж боддог. Хүн дуртай юмаа хийе гээд зоривол ямар ч нөхцөлд боломж бол байдаг.
Одоо бол юм хийе гэсэн залуус өөрсдөөсөө шалтгаалахгүй нийгмийн асуудлуудаас, төр засгаас болоод хохирогчийн дүртэй болоод байгаа нь маш харамсалтай санагдаж байгаа. Бидний үед бол хэн нэгэн бидэнд тусална гэдэг ч юмуу, ямар нэг хүлээлт байгаагүй дээрээс нь хэн нэгэн буруутай байсан ч буруутгадаггүй байсан.
Гэтэл өнөөдрийн төр засаг хувийн бизнес гэхээр л шуналтай, зөвхөн мөнгө хөөдөг, бараа бүтээгдэхүүнээ хэд нугалж зардаг хүмүүс гэсэн ойлголт төрүүлээд байна.
Өмнө хэлсэнчлэн энэ бүгдийг бий болгохын тулд маш их цаг хугацаа хөдөлмөр зарцуулж брэнд гэж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ирж байгаа. Ер нь бол хүний амьдралын хоёр гурван үеийг туулсан брэндүүд л дэлхийд танигдаж байна шүү дээ. Тэр хэмжээний цаг хугацаа зарцуулж, тэвчээртэй, тууштай байж үнэ цэнийг бүтээж байна гэсэн үг.

Хэдхэн жилийн өмнө гаднаас жуулчид ирлээ гэхэд Монголыг сурталчлах, таниулах бүтээгдэхүүн хомс байсан. Арьсан, эсгий эдлэл зэрэг гар урчуудын бүтээл байсан. Тиймдээ ч манай компани URUHAN гэж брэндээ үүсгэн байгуулсан. Ингээд сав баглаа боодол, утга агуулгыг сайжруулсан. Манай бүтээгдэхүүнийг бол хүмүүс “мэдлэгтэй аяга” гээд маш сайн мэддэг болсон. Бид өөрсдөө зураачтайгаа хамтарч, аяган дээрээ нэн ховордож байгаа амьтдыг зурж, мэдээллийг нь бичдэг. Үүнээс гадна олон төрлийн бүтээгдэхүүн бий. Бүтээгдэхүүн болгон өөр өөрсдийн өнгө төрх, өв соёлыг шингээсэн, эрүүл мэндийн ач тустай гээд онцлогтой. Мөн үйлчилгээний салбар руу орж эхэллээ. Энэ бүгдийг эхлүүлэхдээ зээл аваад л эхлүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд Covid-19 цар тахлын дараа буюу эдийн засгийн ид хямралын үед Douce café гээд үйлчилгээний газраа нээсэн байна. Энэ бүхнийг бий болгохын тулд хамаг байдгаараа хичээж ажилладаг.
"ҮНЭХЭЭР ӨГӨХ ЮМГҮЙ БОЛОХООРОО ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООДОГ"
–Covid-19 цар тахлын дараа улсаараа эдийн засгийн хямралд орсон. Одоо л эдийн засаг жаахан сэргэж эхэллээ. Энэ үеийг та бүхэн хэрхэн туулсан бэ. Хямралын дараа ч шинэ газраа байгуулсан байна. Тэгэхээр юу гэж асуух гээд байна вэ гэхээр, бизнесээ удаан хугацаанд тогтвортой байлгах тал дээр хэрхэн анхаардаг вэ, туршлагаа хуваалцаач.
-Үнэнийг хэлэхэд хүн өглөө сэрэхдээ эх орноо хөгжүүлье гэж сэрдэггүй шүү дээ. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж, түүндээ сэтгэл ханамжтай байж өөрийнхөө амьдралыг илүү сайжруулъя гэж боддог.
Бизнес гэдэг бол өгөх, авахын зарчим дээр оршин тогтнодог. Түүнээс биш нэг нь алдаад эсвэл нэг нь хождог зүйл ерөөсөө биш.
Тодруулбал, бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ хэрэглэгчид хүчээр хямдхан өгөөд байвал нөгөө талд ашиггүй болно. Ашиггүй байвал бизнес үргэлжлэхгүй. Нөгөө талд хэт өндөр үнэтэй мөнгө гэж хараад байвал хэрэглэгчгүй болно. Хэрэглэгч байхгүй бол мөн л бизнес явахгүй. Тэгэхээр аливаа бизнес Win-win зарчмаар буюу харилцаанд хоёр тал хоёулаа ашиг хүртэх ёстой. Тийм учраас ямар мэдлэг, ур чадвараа хэнд яаж зориулж, буцаагаад хэрхэн үнэлж авах юм бэ гэдэг чөлөөт зах зээлийн зарчим дээр тулгуурлах хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн ямар нэг дэмжлэг үзүүлэхийг, харж үзэхийг горьдож суух хэрэггүй. Хэрвээ зөв бизнесээ эхлүүлж чадаад, урт хугацаандаа тууштай, шантрахгүй байж чадвал амжилтад хүрнэ.
Хамгийн гол нь төрөөс бид юу хүсээд байна вэ гэхээр, аливаа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүддээ, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүстээ саад болохгүй, чөдөр тушаа болохгүй байгаач ээ гэж хэлмээр байгаа юм. Тухайлбал, нэг юм хийх гээд тэгэхээр тусгай зөвшөөрөл баахан дүрэм журам. Энэ бүхэн 20 гаруй жил үргэлжиллээ шүү дээ. Энэ баахан дүрэм журам чинь амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнийг цар тахлын үед хамгийн их мэдэрсэн. Covid-19-ийн үед бид нар чинь арай гэж цалингаа тавьж, нийгмийн даатгал төлж дампуурчихгүйхэн шиг явж ирсэн. Гэтэл цар тахлын хүнд үеийн чинь үр дагавар одоо гарч ирж байна. Компаниуд орлогоо олно, тэндээсээ ажилчдаа цалинжуулна дээрээс нь хуульд заасан бүх татвараа төлөөд цаана нь ашиг буюу үлдсэн мөнгөөрөө дараагийнхаа бизнест хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой.
Гэтэл ашиг олж дараагийн бизнесээ өргөжүүлэхэд хүнд, тийм боломж байхгүй байна гэхэд хилсдэхгүй. Бид банкнаас л зээл авч, бизнесээ эхлүүлж байгаа шүү дээ. Цар тахлын дараагаас цалингаа цаг хугацаандаа төлөөд явж байгаа даа сэтгэл ханаад, тайвшраад явж байтал энэ жил байгууллагын данс хаачхаж байгаа юм. Бидэнд хуримтлуулсан ашиг гэж байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, цалин, нийгмийн даатгал, ХХОАТ, НӨАТ гээд татваруудаа төлөөд дахин зээл аваад л үлдсэн мөнгөөрөө дараагийн бизнес хөгжүүлэлт бараа бүтээгдэхүүндээ зарцуулах гэсэн системээр яваад хуримтлал үүсгэж чадахгүй байна.
-Хэд хоногийн өмнө та олон нийтийн сүлжээнд “компанийн дансанд барилт хийсэн байна. Борлуулалтын идэвхтэй үед хичээж байгаад НДШ-ээ төлж дуусгана гэсэн зорилт тавьсан юмсан” гэж бичсэн байсан. Ингэхдээ та бүхэнд ямар нэг мэдэгдэл хэлж, төлөх хугацаа өгөөгүй юу?
-Төр бол албадлага хийх ганц субъект болж байна. Төрийн нэрийн өмнөөс гээд л хааж боодог. Төрийн албан хаагчдыг буруутгахгүй, тэд ажлаа хийж байгаа. Гэхдээ хүн хоорондын харилцаа гэж байна даа. Манай дүүргийг хариуцсан байцаагч гэж нэг хүн бий дээ. Мэдээж тэр хүн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжийг хариуцаагүй шүү дээ. Тийм учраас холбогдоод танай байгууллагын дансыг хаах нь байна.
Тэдний дотор тийм дансанд хийгээд өгөөрэй гэвэл өөр. Гэтэл ямар ч хэл үггүй шууд хаачихдаг. Ингээд хуулиа унш гээд уурлаад сууж байдаг.
Эндээс нэг юм харагдаж байгаа нь зарим нэг төрийн алба хаагчид төрийн өмнөөс, бид нарын төлөө бага цалин аваад сууж байгаа юм шиг аашилдаг, би бүгдийг нь хэлээгүй шүү. Харин эсрэгээрээ хувиараа бизнес эрхлэгч гэхээр шуналтай, аймар их мөнгөтэй хүмүүс гэж харж хоорондын ялгаа гаргадаг. Төрөөс гаргаж байгаа баахан дүрэм журам чинь дунд шатандаа хэрэгждэггүй шүү. Үүний би Covid-19 цар тахлын үед маш их мэдэрсэн. Баахан юм болж болж зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд, буцаагаад нураалгаж байсан. Тэгээд зөвшөөрлийн бичиг зэргээ үзүүлээд нулимсаа цийлгэнүүлээд зогсож байхад тэр чинь хамаагүй гээд зогсож байсан. Бодит амьдралаа мэдэхгүй, хүмүүсийг хоёр талцуулж хэр удаан явах бол гэдэг дээр эмзэглэж явдаг.
-Баялаг бүтээж, татвар бүрдүүлж байгаа хэдээ улам ноолоод байна уу гэж харагдаад байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ. Татварын асуудал та бүхэнд хэрхэн нөлөөлж байна.
-Үндсэндээ хариуцлагатай байгаа хүмүүсээ шийтгэдэг хуультай байна. Татвар үнэхээр өндөр байна. Өөрөөр хэлбэл, бид нар сар бүр борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь төлж байгаа. Манайхан үйлдвэрлэгч улс биш учраас энэ татвар бол Монгол Улсад сонгодог утгаараа хэрэгждэггүй. Тухайлбал, түүхий эдээ аваад НӨАТ авъя гэхээр байхгүй гэдэг. Би авахаас өөр арга байхгүй. Ингээд эндээс олсон ашгаасаа НӨАТ төлнө. Маш олон хуультай. Энэ болгон нь амьдрал дээр хэрэгждэггүй. Сар болгон ажилтан, ажил олгогч маш өндөр татвар төлдөг.
Төр дээрэм хийж байна. Татвараа тайлагнадаггүй маш олон газар байгаа. Тайлагнаад үнэнч явдаг хэдийгээ ноолоод л байдаг.
Сүүлдээ татвараа үнэнч төлөх хүнгүй болох байх. Яагаад гэвэл эргээд ашгаа хүртэж чадахгүй байна шүү дээ. Бид нарын үед бол хүчээр төлөөд байсан байж болно. Гэтэл одоо цаг өөр болж хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Тиймээс яаралтай шинэчлэл хийж өөрчлөгдөх хэрэгтэй байна. Нэг хэсэг Татварын багц хууль гээд баахан ярьсан. Нэг л их санал авсан. Одоо тэнд нь бид нарт хэрэгтэй зүйл алга. Хоорондоо хэрэлдсээр байгаад өнгөрлөө. Сонгуулиас сонгуулийн хооронд аргацааж өнгөрөөсөн байтал асуудал чинь тулаад ирчихлээ. Энэ нь урт хугацаанд ажил, амьдралаа төлөвлөхөд саад болж байна.
Бид нар хичээж ажиллаад урт хугацааны зорилго тавиад борлуулалтаа өсгөсөн ч гэсэн үнэ цэнгүй байна. Өөрөөр хэлбэл, жилд нэг тэрбум төгрөгийн орлого оллоо гэхэд арван жилийн өмнөх 500 сая төгрөгтэй тэнцэж, мөнгө цаас болоод байна. Тэгэхээр бид нар сууринаасаа хөдлөхгүй байна. Бүтээмжгүй хэр нь маш их зарлагатай улс болчихлоо. Зарлага өсөөд байхад бүтээмжээ нэмэгдүүлэхгүй байна. Нэг бол гаднаас янз бүрийн бонд босгоод эсвэл Монголбанкаас мөнгө хэвлэчихдэг. Ингээд байхаар бидний олж байгаа мөнгө чинь цаас болчхоод байна. Уг нь хүн чинь бизнес хийгээд ашиг олохоос гадна сэтгэл ханамжтай байх ёстой, цаашлаад зорилгодоо хүрэхийн тулд хичээх ёстой биздээ. Миний хувьд бол залуучууддаа ашиггүй байсан ч тууштай байж олон жил ажиллаарай гэж хэлж чадахгүй. Бизнес ашигтай байж дараагийн түвшинд гарч сайжрах ёстой. Хэрэглэгч, ажил олгогч, ажилтан гурав харилцан ашигтай байж бизнес урт хугацаандаа үргэлжилнэ. Ажил олгогч тал ашиггүй, алдагдалтай байвал ажилтан тухайн байгууллагаас гарна. Гэтэл ажил олгогч “заза ашиг олохгүй юм байна” гээд шууд хаалгаа барьчихдаггүй байхгүй юу. Эцсийн мөч хүртэл шүдээ зуугаад тэсэж тэсэж аргаа бараад хаалгаа барьдаг.
Төр албадлагаа нэг, хоёр удаа хэрэгжүүлж авдаг юмаа авна. Улмаар гурав дахь удаа үнэхээр өгөх юмгүй болохоороо үйл ажиллагаагаа зогсоодог.
Чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн гэдэг юм байхгүй болчихлоо. Хүн ямар нэг танил тал байхгүй бол өөрийнхөө чадлаар явахад үнэхээр хэцүү болж. Өмнө нь миний хувьд энэ олон жил бизнес хийхдээ чадаагүй бол миний буруу л гэж бодож ирсэн. Хэн нэг танил талаар зулгуйдаж байгаагүй. Биднээс хамаагүй юмны төлөө буруу хайгаад бухимдаад сууж байгаа маань шударга биш байна.
-Төр бидний татварын мөнгийг зөв зарцуулж чадаж байна уу?
–Сонгосон сонголтынхоо өмнө бүх хүн хариуцлагатай байх ёстой. Бид нар хариуцлагаа үүрээд татвар юмаа төлж байхад төр ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг. Бий болгосон төсвийн мөнгөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Одоо бол үнэхээр эрэмбэлэхгүй, хэрэггүй, ашиггүй зүйлд төсвийн мөнгийг зарцуулж байна. Ингээд эргээд хариуцлага хүлээдэггүй.
-Шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?
-Миний хувьд, өнөөдрийн өндөрлөгөөс харахад гээд хүнд сургамжлах дургүй. Яагаад гэвэл энэ миний сонгосон зам байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл туулж ирсэн туршлагаас харахад хүн тууштай, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн дуртай зүйлтэй түүнийгээ олсон байхад амжилт, үр дүнд заавал хүрдэг. Манайд дандаа залуучууд ажилладаг. Залуучуудаас маш их юм сурч, урам зориг эрч хүч авч байна. Залуучуудад маш их ур чадвар байдаг. Харилцан туршлага солилцож, хамтарч ажиллаж байна даа. Манай хүн бид хоёр компаниа байгуулахдаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээг бэлгэдэж ирсэн. Бид өнгөрснөөсөө суралцаж, одоо үетэйгээ ирээдүй цагаа бүтээж явах ёстой. Түүнээс бие биеэ үгүйсгээд байж болохгүй. Баян компани олон болж байж түүнийг дагаад ажилтан, хэрэглэгч хождог. Тиймээс баян компаниуд олон болоосой гэж бодож байна. Үүний төлөө зорьж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-12-24 202.126.89.4
1990 оноос хойш 30 гаран жил өнгөрлөө. Монголд салбар бүрийн Хөгжил нь Эхлэл төдий л бна доо
Нэргүй 2025-12-24 172.58.244.210
Төрийн тэргүүн нь "Чөлөөт эдийн засаг гэж юм бхгүй шүү" гэж хадуурдаг улс оронд баялаг бүтээнэ, бизнес хийнэ нтр гэхээ болихоос өөр арга алга даа !
2027, 2028 оны сонгуулиар МАН-ыг гусч хаяхгүй бол Монгол Улс маань алга болох нь бна шүү !!!
иргэн 2025-12-24 202.21.124.253
Үнэн үнэн.Аудит татвар нд-ын шалгалт хүнд суртлыг болиулах хэрэгтэй.Нэг л үнэмлэх үзүүлсэн хүмүүс.Шууд байгууллагад мэдэгдэхгүй ирж шалгадаг.Энэ зөв үү.Хэрвээ гомдол гаргавал бүр ухаад хэдэн сар жилээр шалгуулах зүйл болно. Ингэж дарамтлаад сурсан байцаагч нар байна.Хуучин арга барил хуучирсан журмаасаа салаачээ хяналтынхан.Үүнд ЗГ сайн хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй байна.Чадварлаг цомхон хяналтын хүмүүс ажилуулаад хиймэл оюун ухаанаар хяналтын ажлыг хийлгэдэг болгох нь шударга.
Uiliin ur shudraga yos 2025-12-24 203.91.115.45
Khurelsukh dargaa davarsan baychuudiig tseverle ta 2017 ond helsen shuu Tatvar tutul ni huliin chudurluu
Uneen haha 2025-12-24 203.91.115.45
Ta nar shig bayan avgaichuudiig mungunduuu ashigladag yum Ba avarga haha
Karma 2025-12-24 203.91.115.45
Turuus ochnoon zeel avdag bj niigemdee uguuch
зочин 2025-12-24 66.181.160.94
Чүхэндээд байхад л сонгоод байхаар чинь чүхэндээд байхаас биш яахав …
буяа 2025-12-24 66.181.188.243
Нөтийн босгийг 400,0 сая болгох гэдэг нь нөт төлдөг дэлгүүрүүдэд дарамттай болно тэд нарт хасагдах нөт олдохгүй болно иймээс жижиг талх нарийн б**в хэрчсэн гурил мантуу зэргийг үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг зарах дэлгүүр олдохгүй
Нэргүй 2025-12-24 59.153.115.197
Та нарын төлсөн татварыг чинь хүүк аваад хэдэн МАНгарууд авгай хүүхдээ аваад дэлхийгээр нэг айлчлал нэрийн доор хэсч байна МАНгасуудад газар үзүүлэх гэж татвар төлж байгаа гээд ойлгочих
Нэргүй 2025-12-24 103.57.93.243
АНусд хэлэмгий ац сурамгай гэсэн хэлц яг таарчихдаг.Цаашид дээш гаргаваас улсын дансыг улайтал луйвардаж олон жилийн өрөнд унагадаг
Нэргүй 2025-12-24 188.162.254.106
сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой ядаргаатай зохицуулчихна.
Нэргүй 2025-12-24 66.181.189.14
Шивээхэн ялаануудад бүү сандар, тэд зөвхөн дуу гаргаж чадна. Харин бид удахгүй 'салхи оруулагч' явуулж, агаарыг цэвэрлэчихнэ.
Зочин 2025-12-24 150.228.177.147
Тер дээрэмчин, ажлын саад, авлигын уур болсон бутэц!!! Эрс цомхотгож, чадваржуулах хучтэй нам, удирдлага алга!
Нэргүй 2025-12-24 103.168.34.29
Tatvariin orshool ntr gej bsnaas NUAT-n bosgiig 400say yaraltai bolgoochee, tegeed jijig business hiih ni hiigeed shudargaar tatvaraa tolood yavbal zugeer bna shd