"FIFA"-ийн Дэлхийн аварга шалгаруулах 2026 оны тэмцээнд түрүүлсэн баг 50 сая ам.доллар хүртэх болжээ. Энэ нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр шагнал юм. Өмнө удаагийн ДАШТ-үүдтэй харьцуулахад 2022 онд 42 сая, 2018 онд 38 сая ам.долларыг түрүүлсэн багт өгч байсан. Гэхдээ энэ нь саяхан болсон Клубүүдийн дэлхийн аваргын шагналын мөнгөнөөс хавьгүй бага юм.
2026 оны ДАШТ нь АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдах бөгөөд нийт шагналын сан нь 655 сая ам.доллар. Энэ нь 2022 оны тэмцээнээс 50 хувиар илүү гэсэн үг.
Харин өргөтгөсөн Клубүүдийн дэлхийн аварга тэмцээн нийтдээ нэг тэрбум ам.долларын шагналын сантай байсан. Тус тэмцээн АНУ-д болсон бөгөөд Челси баг түрүүлсэн. Гэсэн хэдий ч эл тэмцээний үеэр үзэгч цөөн байсан, тоглогчдын ачаалал ихэссэн зэрэг шүүмжлэл дагуулсан. "FIFA"-гийн тайлбарласнаар, шагналын зөрүү нь клубүүд үндэсний шигшээ багуудаас илүү өндөр зардалтай холбоотой аж.
Шагналын мөнгөний хуваарилалт нь:
- Дэд байр: 33 сая ам.доллар
- Гуравдугаар байр: 29 сая ам.доллар
- Дөрөвдүгээр байр: 27 сая ам.доллар
- Хамгийн бага шагнал: 9 сая ам.доллар
- Оролцож буй 48 баг бүр бэлтгэлийн зардалд 1.5 сая ам.доллар авна.
Нийтдээ 727 сая ам.доллар оролцогч улс орнуудын хөлбөмбөгийн холбоодод хуваарилагдана. "FIFA"-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино энэхүү тэмцээн нь дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд томоохон санхүүгийн хувь нэмэр оруулна гэж мэдэгдэж байна.
3,576.02






















































Холбоотой мэдээ