"Сард 8-10 кг хасах боломжтой гэж мэргэжлийн хүн зөвлөхгүй"

"Сард 8-10 кг хасах боломжтой гэж мэргэжлийн хүн зөвлөхгүй"

"Сард 8-10 кг хасах боломжтой гэж мэргэжлийн хүн зөвлөхгүй"

Эрүүл, зөв хооллолт гэж юуг хэлэх вэ, баярын өдрүүд ойртоод ирэхээр ялангуяа эмэгтэйчүүд огцом дэглэм барьж эхэлдэг нь эргээд бие махбодид ямар сөрөг нөлөөтэй талаар Хүнс судлалын магистр, Хоол зүйч, АШУҮИС-ийн НЭМС-ийн шим тэжээл, судлалын тэнхимийн багш Д.Сайнцэцэгтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд монголчууд эрүүл, зөв хооллолт гэж их ярьдаг болсон ч амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь цөөн байгаад байх шиг байна л даа. Тэгэхээр эрүүл, зөв  хооллолтын талаар яриагаа эхэлье.

-Сүүлийн үед бараг хүн болгон эрүүл, зөв хооллолтын талаар ярих болсон энэ нь сайн. Гэхдээ эрүүл, зөв, тэнцвэртэй хооллолт гээд гурван өөр ойлголт. Эрүүл хооллолт гэж юуг хэлж байна вэ гэхээр, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнээр хооллохыг эрүүл хооллолт гэж хэлж байгаа юм.

Тэгвэл тэнцвэртэй хооллолт гэдэг нь тухайн хүний биед тохирсон шимт бодис, илчлэг, нүүрс ус, өөх тосоо тэнцвэртэй, тохирсон хэмжээгээр авч чадаж байвал тэнцвэртэй хооллож байна гэсэн үг.

Тэгвэл зөв хооллолт гэдэг маань дээр хэлсэн тэнцвэртэй хооллолтоо амьдралдаа хэвшүүлж дадал зуршил болгож чадаж байвал зөв хооллож байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хэн хэзээ, юуг ямар хэмжээтэй идэх вэ гэдгээ мэддэг байх ёстой. Монголчуудын хувьд зөв хооллохыг хичээдэг болсон ч яг зөв хооллох дадал зуршил суугаагүй. Яагаад гэвэл тэнцвэртэй хооллож чадахгүй байна. Тэнцвэртэй хооллож чадахгүй байгаа л бол зөв хооллолт биш.

-Монголчуудын дийлэнх нь өглөө гараад л орой ирдэг. Ингэхдээ өглөөний цайгаа уухгүй гардаг, өдөржин юм идэхгүй явж байгаад гэнэт их идэх тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь ямар сөрөг үр дагаврыг бий болгодог вэ?

-Ерөнхийдөө тэнцвэртэй хооллож байж тухайн хүний амьдралын чанар илүү байна л даа. Товчхондоо, урт насална, ямар нэг өвчин хууч тусах нь бага, эрүүл биетэй байхын үндэс бол хооллолтоос эхлэлтэй. Гэтэл амьдралын хэв маяг ажлын ачааллаас болж өдөрт нэг хоол идэх ингэхдээ нэг дор их иддэг. Улмаар юм идэхгүй хоосон өдөржин явэ байгаад их идэхээр хамгийн наад  зах нь таргалалтыг бий болгодог буюу таргалалтыг өдөөж өгч байдаг. Хүний биед чинь хоолыг боловсруулах нэг удаагийн хэмжээ гэж бий. Тэр хэмжээнээс хэтрүүлж идэхээр бие боловсруулж чадаагүй хоолоо өөх болгож  хуримтлуулдаг. Дээрээс нь хэт ачаалласан эд, эрхтэн ядардаг. Ядарснаас болж үйл ажиллагаанд доголдол үүсдэг буюу хоол боловсруулах дотоод эрхтэн тогтолцоо өвчлөх эрсдэлтэй. Хэрэв дотор эрхтэн өвчлөл, үрэвсэлтэй бол түүнийг даамжруулж байдаг.

-Зарим хүн зөв хооллож байгаа, орой зургаан цагаас хойш хоол идэхгүй байгаа гэж ярьдаг шүү дээ. Энэ нь хэр зөв зарчим юм бэ?

Орой 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж болно. Ингэхдээ өдрийн хооллолтоо зохицуулсан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өдөрт гурван удаа буюу өглөө, өдөр дээрээс нь оройн хоолоо эрт идчихсэн бол орой 18:00 цагаас хойш хоол идэхгүй байж болно. Харин орой 18:00 цагаас хойш хоол идээгүй тохиолдолд өглөөний цайг заавал уух ёстой. Дээрээс нь хэрвээ та хүнд нөхцөлд биеийн хүчний эсвэл тогтмол хөдөлгөөнтэй ажил хийдэг бол орой хоол идэхгүй байснаар булчингийн масс унаж маш их ядардаг. Тэгэхээр тухайн хүн маань өөрийнхөө ажил, амьдралын хэв маягтаа тохируулж уг сонголтыг хийх нь чухал. Ер нь бол мэргэжлийн хүмүүс ингэж зөвлөдөг.

Хүний бие махбодид биологийн цаг гэж бий. Тухайн биологийн цагтаа тохируулж хүн өдөрт зайлшгүй гурван удаа хооллох ёстой гэж зөвлөдөг.

Тухайлбал, өглөөний цай яагаад чухал вэ гэвэл, хүн орой унтсанаас хойш өглөө хүртэл шөнөжин хүний тархи тодорхой хэмжээгээр ажиллаж бодисын солилцоо явагдаж энерги зарцуулж байдаг. Тэгэхээр өглөө босоод цайгаа ууж хөнгөн ч болов хооллож байж өдөрт зарцуулах эрч хүчээ сэлбэж авдаг гэсэн үг. Ингээд өглөө идсэн хоол шингээд ирэхээр өдрийн хоолоо иднэ үүнийгээ орой болтол инерги болгож зарцуулж байгаад оройн хоолоо иднэ. Хэрэв ингэж хооллож чадахгүй өдөрт ганцхан удаа хоол идвэл ядарч сульддаг.

-Баярын өдрүүд, тэр дундаа шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр эмэгтэйчүүд огцом дэглэм барьж цөөн хоногт жин хасах гээд байдаг. Ер нь хүн огцом дэглэм барьж, хоолоо сойж цөөн хоногт олон килограмм хассанаар эргээд бие махбодид сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Хүмүүс, ялангуяа манай эмэгтэйчүүдийн хувьд шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр биеийн жин дээрээ анхаарч хоолоо огцом хасдаг. Хоолоо огцом хассанаар хүмүүсийн дархлаа унаж эхэлдэг. Яахав дэглэм бариад бага хугацаанд хүссэн жиндээ очиж болно, гэхдээ дархлаа унахаар дагаад өвчлөмтгий болдог. Наад зах нь ханиад хүрчихдэг. Ингээд эргээд үр дүн муутай болдог. Мөн хэдий чинээ богино хугацаанд жин хасна, төдий чинээ хурдан эргээд жин нэмдэг. Тиймээс хүмүүс тэнцвэртэй хооллож, зөв хооллолтыг амьдралдаа хэвшүүлж чадвал таргалалт үүсэхгүй, аливаа өвчлөлд өртөх нь бага байна. Хэрвээ үнэхээр богино хугацаанд жин хасах шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс /эмч, хоол зүйч/ зөвлөгөө авч, хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байна. Тухайн хүн өөрийнхөө суурь өвчнийг мэдэхгүй хэр нь огцом дэглэм барьвал тухайн өвчлөлүүд улам даамжирч хүндрэх, цаашлаад амь насаа алдах ч эрсдэлтэй. Тиймээс биеийн жингээ хасахдаа төлөвлөж урт хугацаанд хасаж түүнийгээ мөн урт хугацаанд барих нь чухал.

-Энэ дээр нэмээд асууя. Сүүлийн үед тураах бүтээгдэхүүн, тэр дундаа тураах кофе цайг маш их хэрэглэж байна шүү дээ. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

Тураах кофе их хэрэглэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бөөр нь үрэвсэж, цөсний чулуутай болж, цөс өтгөрнө шүү л гэж хэлнэ. Хүн болгоны бие организм харилцан адилгүй. Хэн нэгэнд тохирч байгаа бүтээгдэхүүн өөр хэн нэгэнд тохирохгүй. Тэгээд манайхан жин хасах хооллолт гээд ярихаар богино хугацаанд ид шидийн юм шиг 5, 10 килограмм хасчих юм шиг хүлээлттэй байдаг.

Бодит байдал дээр эрүүл хэв маягаар 20 килограмм хасъя гэвэл хамгийн багадаа нэг жилийн хугацаа зарцуулна.

Хүн нэг сард 2-3 кг хасах нь эрүүл жин хасалт гэж үздэг. Дээрээс нь үнэхээр мэргэжлийн хүн бол сард найм, 10 килограмм хасна гэж зөвлөхгүй, тийм үйлдэл хийлгэхгүй.

-Монголчуудын хооллолт цаг агаар, нүүдлийн соёлоо дагаад нэлээд өөр, өөр байсан байх. Тухайлбал, зун хөнгөн хооллож мах бага идэж цагаан идээ түлхүү хэрэглэдэг бол өвөл хүнд хооллох гэх мэт. Гэтэл суурин иргэншилтэй болсон энэ үед дээрх хооллолтоо өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсээд байна уу гэж харж байна.  

Мах илч ихтэй уургийн агууламж өндөр хүнс боловч хэтрүүлэн хэрэглэснээр бөөр, элэг, нойр булчирхай зэрэг эрхтнийг үрэвсүүлэх эрсдэлтэй. Тиймээс махаа хэрэглэхийн зэрэгцээ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү цагаан идээгээ хэрэглэх нь зүйтэй.  Бид жилийн дөрвөн улиралтай ч хотын иргэдийн хувьд гэрээс гараад машинд суудаг. Машинаас буугаад оффистоо очоод ихэнх цагийг өнгөрүүлдэг. Ингээд харахаар суурин иргэншилтэй болсноор их хүйтнийг мэдрэхгүй байгаа, ялангуяа хотод амьдардаг хүмүүс. Тэгэхээр биеийн хүчний ажил, хүнд хөдөлмөр эрхэлдэг биш бол хэт их илчлэг авах шаардлагагүй. Хөдөө амьдардаг хүмүүс бол байнгын хөдөлгөөнтэй, энерги зарцуулдаг учраас илчлэгээ тэр хэмжээгээрээ авах ёстой. Гэтэл тогтмол суугаа ажил хийдэг энерги бага зарцуулдаг хөдөлгөөний идэвх муу хүмүүс илчлэг их авах шаардлагагүй харин эсрэгээрээ илчлэг авснаар таргалалт илүү жинтэй болох эрсдэлтэй учраас зохицуулж хэрэглэх нь чухал. Энэ хүүхдүүдэд бас хамаатай. Яагаад гэвэл хотын хүүхдүүд хөдөөний хүүхдийг бодвол хөдөлгөөн бага талдаа байдаг шүү дээ. Тэгэхээр их хэмжээгээр мах, хоол өгөхгүй байх дээр анхаарах хэрэгтэй байх. Мэдээж өсөлтийн процесс явагдаж байгаа учраас тухайн хүүхдэд өсөлтөд шаардлагатай амин дэм эрдэс бодисоор баялаг хоол хүнс өгөх нь чухал. Манайханд нэг ийм зүйл ажиглагддаг. Хүйтэн байгаа учраас мах, гурил будаагаа идье гэдэг. Гэтэл хүүхдийн өсөлтөд чухал зүйлүүд бол хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байдаг. Дээрээс нь өдөрт 1-2 аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Ингэж тэнцвэртэй хооллох нь томчуудын эрүүл мэнд болоод хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мах сайн гээд дандаа мах идээд байх биш тэнцвэртэй хооллох нь чухал гэж зөвлөмөөр байна.

-Хүүхэд тэр болгон хүнсний ногоо иддэггүй. Тэгэхээр хүүхдийг хүнсний ногоонд хэрхэн дуртай болгох юм, дээрээс нь хүнсний ногоог хэрхэн зөв хэрэглэх ёстой вэ энэ тал дээр та зөвлөгөө өгөхгүй юу.

-Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс эхлээд гэр бүлийг үнэлдэг. Тодруулбал, эцэг эх өөрсдөө ногоо иддэггүй байж хүүхдэдээ ногоо идүүлэх гээд байвал хүүхэд идэхгүй. Тиймээс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй хүүхэд даган дуурайдаг. Тэгвэл гэр бүлийнхэн нь хоолондоо хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг байхад идэж чадахгүй хүүхэд байдаг. Яагаад тэгж байна вэ гэхээр магадгүй анх тухайн хүнсний ногоог идүүлэхдээ буруу аргаар эсвэл хүнсний хоорондын үл зохицлоос шалтгаалаад амт нь өөрчлөгдсөн тохиолдолд хүүхдэд амт нь таалагдаагүй учраас хүүхэд иддэггүй. Тэгэхээр хүнсний ногоог хэрхэн зөв хэрэглэх, хүнсний ногоонуудын хоорондын зохицол тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Мөн хүүхдээ бор хоолонд орж эхлэхэд нь бүх төрлийн ногоог  жижиглэж, миксердэж хоолонд бага багаар нь хийж дасгах хэрэгтэй. Эхлээд хүүхдийг ногоо идүүлж сургаад түүний дараа хүнсний ногоог зөв болгож, боловсруулж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл ногоог болгох хугацаа гэж бий. Тэр болгоныг зөв болгохгүй бол эргээд авах ёстой шим тэжээлээ авч чаддаггүй.

-Сүүлийн үед хүмүүс хүнсний ногоог намар ихээр авч хөлдөөж хадгалдаг болсон байна. Энэ нь ер нь хэр зөв арга вэ. Сөрөг үр дагавар байдаг уу?

Хүнсний ногоог хөлдөөж хадгалж болно. Гэхдээ хүнсний ногооны төрлөөсөө хамаараад хэрхэн хадгалах нь өөр, өөр байдаг. Хамгийн чухал нь агаартай урвалд оруулахгүй вакумдах нь чухал байдаг. Мөн дахин дахин гэсгээж хөдлөөхгүй байх хэрэгтэй. Тийм учраас яг нэг удаагийн хоолонд хийхээр хадгалах нь зөв. Хөлдөөж хадгалсан тохиолдолд нь гэсгээх үед шим тэжээл нь тодорхой хэмжээгээр багасна. Тиймээс аль болох их урт хугацаагаар хадгалахгүй байх хэрэгтэй.

-Хүнсний ногооны хадгалалт ярьсан дээр одоо шинэ жилийн баяр болж байна. Илүү гарсан бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалах вэ, энэ тал дээр мэдээлэл өгвөл.

-Баярын өдрүүдээр айл өрхүүд хоол, хүнсээ нэг дор их хэмжээгээр бэлддэг. Улмаар хоол тэр дундаа салат илүү гарах тохиолдол гардаг. Тиймээс зөв хадгалах нь чухал. Өөрөөр хэлбэл, илүү гарсан хоол, салатыг битүүмж сайтай тагтай саванд хийж хөргөгчинд хадгална. Хэрвээ өндөгтэй хоол, салат тасалгааны хэмд ил удаан байсан бол шууд хаях хэрэгтэй. Мөн урт хугацаанд буюу 2-оос дээш хоног хадгалж идвэл хоолны хордлого болох эрсдэлтэй. Хиам, гахайны мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг шошго дээрх хадгалах зааврын дагуу хадгалах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж