"Levi Strauss" компанийн гүйцэтгэх захирал Мишель Гасс өнгөрсөн оны гуравдугаар сард Сан-Францискод явж байхдаа Бейонсегийн шинэ “Cowboy Carter” цомогт багтсан “Levii’s Jeans” гэдэг дууг сонсчээ. Тухайн үед түүний нурууны шар үс босох шиг болж, Бейонсе манай брэндийн нэрийг дурдаж байна гэдэг чинь амьдралд ганц тохиох маркетингийн боломж гэж бодсон аж. "Тэр бол манай цаг үеийн хамгийн алдартай, хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг. Бид үүнээс илүү том зүйл хийж болох болов уу гэж би өөрөөсөө асуусан. Энэ бол алдаж болохгүй боломж байлаа" гэж тэр хэлжээ.
Энэ явдлаас хойш зургаан сарын дараа Бейонсе дэлхий даяарх шинэ сурталчилгааных нь нүүр царай болж байгааг "Levi Strauss" зарласан.
Ингээд 150 жилийн өмнөх түүх давтагдаж, хамаг өрсөлдөгч нь "Levi Strauss" буюу бидний мэдэх "Levi’s"-ийг яаран сандран дуурайцгааж эхлэв.
"Levi’s"-ийг дуурайсан анхдагчид нь "Gap" болон "American Eagle". Тус брэндүүд олны танил алдартнуудтай зар сурталчилгаа хийж, борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж эхлэв. Тухайлбал, "Gap" брэнд охидын "Katseye" хамтлагтай хамтран “Milkshake” нэртэй сурталчилгаа хийсэн бол "American Eagle" брэнд алдарт Сидни Суинитэй хамтарчээ. Сидни Суинитэй хамтарсан “good jeans” кампанит ажил багагүй маргаан дагуулсан билээ. Үүний дараа тэд дахин нэг алдартай хүнийг нь сонгосон нь Марта Стюарт байв.

Алдартнуудад үнэ хөлс төлж дийлэхгүй зарим жижиг брэнд арай өөр арга ашигласан. Тодруулбал, алдартнууд өөрсдийнх нь хувцсыг өмссөн зургаа цахим сүлжээндээ нийтэлсэн тохиолдол бүрийг тэд алдахгүй ашигласан байна. Кайли Женнер "True Religion"-ий жийнсийг өмссөн зургаа цахим сүлжээндээ нийтэлснээр брэндийн борлуулалт огцом өссөн аж.
Жийнсэн хувцасны телевизийн сурталчилгаа энэ жил 70 хувиар өсчээ. Мөнгөн дүнгээр хэлбэл, жинсний зах зээл дэлхийн хэмжээнд 101 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2020 оноос 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэхдээ брэнд бүр өөр өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчтэй. Тухайлбал, "American Eagle" эрэгтэй худалдан авагчдыг татахыг зорьж байсан бол "Levi’s" эмэгтэй, "Gap" залуу үеийнхэнд чиглэж байв.
Дэлхийн хэмжээнд зах зээлийн судалгаа гаргадаг "GlobalData"-ийн удирдах захирал Нил Саундерсын хэлснээр өнөөдөр жийнсний жинхэнэ дайн өрнөж байна. Брэндүүд хэрэглэгчдийн анхаарлыг татах гэж, мөнгө зарцуулах шийдвэрт нь нөлөөлөх гэж чармайж байна. Хэрэглэгчид илүү хэрсүү болж, илүү тухтай, загварлаг, боломжийн үнэтэй жийсийг сонгох сонирхолтой болсон.
Юун түрүүнд жийнс бол загварын мөчлөгтэй бүтээгдэхүүн. Хүн бүрийн шүүгээнд жийнсэн хувцас байдаг ч гэлээ зарим үед трэнд болдог, заримдаа үгүй.
Хамгийн сүүлд жийнс хүчээ авсан он цаг бол 2000-аад он. Уналтад ороод байсан жийнсний чиг хандлага Covid-19-ийн дараа эргэн сэргэсэн. Тодруулбал, хүмүүс гэртээ сууж залхсан тул гоёж гангалаад гадуур гарах дуртай болжээ. Энэ нь яг өнөөдрийн жийнсэн хувцасны давалгааг эхлүүлсэн юм.
Өрсөлдөөнийг үүсгэж буй нэг том хүчин зүйл бол үнэ. Залуу хэрэглэгчид үнийг чухалчилж, заавал аль нэг брэндээр дагнахаа больсон. Хурдан загвар, өдөр тутам нэмэгдэж буй шинэ брэндүүд, хуучин хувцасны дэлгүүрүүд ч өрсөлдөөнд нөлөөлж буй.
Иймээс томоохон компаниуд анхаарахгүй байхын аргагүй зар сурталчилгаа хийхээр хичээж байна. Хуучны брэндүүдийн хувьд борлуулалтаа өсгөх бус шинэ залуу үед өөрсдийгөө таниулах нь гол асуудал болсон.
Сурталчилгааг гайхамшигтай хийх нь үнэхээр үр дүнтэй юу? Тийм ээ, үр дүнтэй. "Levi’s" Бейонсетой хамтарснаар жирийн хувцасны сурталчилгаанаас гурав дахин илүү үр дүн үзжээ. Тус брэндэд эмэгтэй хэрэглэгчдийн оруулж буй орлого 35 хувь байсан бол Бейонсегийн сурталчилгааны дараа 38 болж өссөн байна. Мөн "YouTube" дээрх бичлэг нь 85 сая үзэлт авч, өрсөлдөгчдөө тоосон дунд хутгаж хаяжээ.
Эцэст нь дурдахад, өмнө нь жийнсэн хувцас гэхээр шулуун, өргөн, трапец гэх мэтээр аль нэг загвар л давамгай байдаг байж. Харин одоо бараг бүх загвар хүлээн зөвшөөрөгдсөн гэхэд болно. Мөн жийнсэн материалыг зөвхөн өмд гэлтгүй цамц, хүрэм, юбка гээд бусад хувцсанд ч түгээмэл ашигладаг болсон нь зах зээлийг улам тэлж байна.

3,548.92
















































Зочин 2025-12-17 202.9.46.187
Хэтэрхии хурдан цайрч өгөршдөг болсон доо.Анх цайруулах гэж их удаж янз бүрээр их оролддог баыж билээ./70 аад онд/