Сурвалжлага: 40 жилийн түүхтэй мөсөн гулгуурын талбайд зочилсон нь

Сурвалжлага: 40 жилийн түүхтэй мөсөн гулгуурын талбайд зочилсон нь

Сурвалжлага: 40 жилийн түүхтэй мөсөн гулгуурын талбайд зочилсон нь

Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах мөсөн гулгуурын талбай 40 гаруй жилийн түүхтэй. Анх 1980-аад оны эхээр энэ байршилд сагсан бөмбөгийн шийдний талбай байрлаж, ойр орчмын хүүхэд, залуус зуны улиралд тоглон өнгөрөөдөг байв. Харин өвлийн улиралд талбай ашиглалтаас гарч, цасанд дарагдан орхигддог байжээ.

1986 онд оршин суугчдын санаачилгаар талбайн зориулалтыг өөрчилж, задгай мөсөн гулгуур байгуулан хүүхдүүдийг гулгуулах болжээ. Тухайн үед 65 дугаар байрны даргад оршин суугчид хамтран санал хүргүүлж, байрны фондын мөнгийг ашиглан тохижуулсан нь өнөөгийн мөсөн гулгуурийн суурь болсон юм. Тэр үед хороолол бүрт шахуу мөсөн гулгуурын талбай байсан ч ихэнхийг Орос иргэд байгуулсан байдаг бол монголчууд өөрсдийн хүчээр байгуулсан цөөн котокын нэг нь энэ байршил байв.

1987 онд уг талбайг албан ёсоор нээж, тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Гэвч дараагийн жилүүдэд тоног төхөөрөмж эвдэрч, эд зүйл алдагдах зэрэг хүндрэл гарснаар хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь жигд бус үргэлжилжээ. Улмаар удаа дараагийн засвар, тохижилтын үр дүнд 2004 онд албан ёсны зөвшөөрөл авч, мөсөн гулгуурын үйл ажиллагааг бүрэн сэргээсэн байна.

Мөн энэ үеэс “Ананд эрдэнэ” хоккейн клубыг байгуулж, хүүхэд, залуусыг мөсөн спортод бэлтгэж эхэлжээ. Тус клубээс улсын аварга, олон шагналт тамирчид төрсөн бөгөөд өнөөдөр ч хүүхдүүд тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна.

Мөсөн гулгуурын талбай жил бүр арваннэгдүгээр сарын дунд үеэс хаврын улирал хүртэл ажилладаг. Өглөө 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй. Үнийн хувьд нэг цагийн гулгалт 5000 төгрөг, өөрийн конькитой бол гурван цаг нь мөн 5000 төгрөг, өдрийн турш гулгах эрх 10.000 төгрөг бөгөөд гол зорилго нь ашиг олох бус, хүүхдүүдийг хөдөлгөөнд оруулж, спортод дурлуулахад чиглэдэг аж.

Мөсөн гулгуурын талбайд орж ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд тусах нь хүүхдүүд. Хүйтэн агаар хацрыг нь улайтал чимчигнүүлсэн ч тэд даарснаа анзаарах сөхөөгүй. Анх удаа тэшүүр өмссөн 7 настай хүү эхэндээ халтирч унасан ч шантралгүй дахин дахин оролдсоор, удалгүй унахаа больсон тухайгаа инээмсэглэн ярив. Түүний хажууд гулгаж байсан 9 настай А.Номин өнгөрсөн өвлөөс хойш энд тогтмол гулгаж байгаа бөгөөд одоо илүү хурдтай, өөртөө итгэлтэй гулгаж чаддаг болсноо хэлсэн юм. Том болоод хоккейчин болох мөрөөдөлтэй гэдгээ ч нуусангүй. Хүүхдүүд унах бүрдээ инээж, дахин оролдож байгаа нь зөвхөн гулгаж сурахаас гадна айдсаа давж, өөртөө итгэх итгэлээ олж буйг харуулж байлаа.

“Ананд эрдэнэ” клубын хоккейн багш, дасгалжуулагч О.Эрдэнэбат хүүхдүүд хоккейн спортоор хичээллэхэд материаллаг бааз дутмаг байдаг талаар сэтгэгдэлээ хуваалцсан юм. Коток ашиг олдог газар гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч үнэн хэрэгтээ үнэ тарифыг нэмээгүй, үйл ажиллагаагаа аль болох хүртээмжтэй байлгахыг зорьдог гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Түүний хувьд таван настайгаасаа хоккей тоглож, 25 насандаа спортын мастер цол хүртсэн бөгөөд 50 гаруй жил энэ спорттой амьдралаа холбож иржээ. Одоо тэрбээр өөрийн хуримтлуулсан туршлагаа хүүхэд, залууст өвлүүлэхэд анхаарч байна.

Цаашид зуны улиралд уг талбайг зүлэгжүүлж, хүүхэд, ахмад настнууд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой ногоон бүс болгох төлөвлөгөөтэй байгаа талаараа О.Эрдэнэбат багш онцолсон юм.

Оройн цагаар талбайн гэрэл асч, мөсөн дээр тусах өнгө хүмүүсийн хөдөлгөөнийг улам тодруулна. Тэшүүрийн ир мөсөн дээр шүргэнэ, хөгжимтэй хослон нэгэн хэмнэл үүсгэнэ. Зарим нь болгоомжтой, удаан гулгах бол зарим нь хурд, уян налархай хөдөлгөөнөөрөө бусдын анхаарлыг татна. Энд ирсэн залуусын хувьд мөсөн гулгуурын талбай бол ажлын дараах стрессээ тайлах, бодлоо цэгцлэх газар юм. Өдөржин компьютерын ард сууж, завгүй хэмнэлд автсан хүмүүс мөсөн дээр хэдхэн тойрог хийж, биеэ чөлөөлж, сэтгэлээ хөнгөлдөг.

Мөсөн гулгуурын талбай харилцааг ч өөрөөр бүтээдэг. Найз нөхөд хамтдаа гулгаж, бие биенээ дэмжиж, инээд хөөрөөр дүүрэн мөчүүдийг энд өнгөрүүлнэ. Зарим нь анхны болзооныхоо газар болгож, гар гараасаа барин болгоомжтой гулгаж, хожим дурсамж болж үлдэх мөчүүдийг бүтээнэ. Харин зарим гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх, бие биетэйгээ ойр байх боломжийг энд олдог.

Орой болох тусам гэрэл тодорч, мөсөн дээрх хөдөлгөөн улам жигдэрнэ. Дүн өвлөөр энэ талбай хүмүүсийг ойртуулж, инээд хөөр, дурсамжаар дулаацуулж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-12-17 202.9.40.104

хүннү молл гэгчид 30 минут нь 10000 төгрөг. дэндүү мөнгөний төлөө байгаа биз?!…

Avatar

Нэргүй 2025-12-17 103.229.120.180

72.р дэлгүүрийн зүүн хойно орос байрны каток дээр мөн ч их тоглосон доо.

Avatar

Нэргүй 2025-12-17 202.21.126.30

коток биш каток шүү. Орос үг л дээ. Катать гэдэг үгнээс гаралтай.

Avatar

Нэргүй 2025-12-17 66.181.176.209

бид 60-70 аад онд явган хүний зам дээр хоккей тоглоод орой 19 цагаас хойш хүн машин сийрэг ч байж 25 -30 градусын хүйтэнд ханиад томуу хүрэх ч үгүй 15 хороололд оросууд их байсан өвлийн спорт тоглоом их болно 65 -р байр хуучнаар гимнастиктай

Avatar

Зочин 2025-12-17 66.181.190.160

66 гимнастиктай байр

Avatar

зочин 2025-12-17 103.212.118.195

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Эрх чөлөөний талбай (хуучин Ленины музей дэхь талбай)-д жилийн жилд мөсөн каток хийгээд урь орохоор нөгөө мөсөн гулгуурын талбайн мөсөө цэвэрлэх гэж талбайн чулууг хагалж, зурж орхих юм. Хайран хөрөнгө гэж иргэд гаслах юм. Эрх чөлөөний талбайн чулууг очоод хар даа нил зураас, хагархай чулуунууд. Бас музейн зүүн талд газар чөлөөлсөн хэсэгт тарьсан моднууд нь зун ихэнх нь үхэж дууссан. Мандуул даргаа та очоод үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж