"Нүүрсний үнэд хэт найдаж төсөв баталсан нь эрсдэлтэй”

"Нүүрсний үнэд хэт найдаж төсөв баталсан нь эрсдэлтэй”

"Нүүрсний үнэд хэт найдаж төсөв баталсан нь эрсдэлтэй”

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарсан гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна. Гол шалтгаан нь нүүрсний үнэ төсөөлж байсан хэмжээнээс буурсантай холбоотой. Монголын уул уурхайн салбар одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Уул уурхайн салбарын үйл ажиллагаа бүрэн зогсоогүй, олборлолт болон экспорт тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа хэдий ч эрсдэлийн түвшин нэмэгдэж, салбарын эмзэг байдал улам тод мэдрэгдэж байна. Улсын төсвийн орлогын тасалдал үүсч буйг зөвхөн нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн уналтаар тайлбарлах боломжгүй.

Нүүрсний үнэ сүүлийн үед тодорхой хэмжээнд тогтворжих, сэргэх шинж ажиглагдаж байгаа боловч өмнөх хоёр жилийн дундаж үнээс харьцангуй доогуур хэвээр байна. Үүний зэрэгцээ Монголын нүүрсний экспортын бүтцэд өөрчлөлт орж, түүхий коксжих нүүрсний эзлэх хувь 20–30 хувь хүртэл буурсан бол хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний эзлэх хувь аажмаар өсөх хандлагатай байна. Түүнчлэн нүүрсний экспортын орлого үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий хэвээр байгаа нь орлогын тогтвортой байдлыг алдагдуулж, тээвэр, логистик, боомтын хүчин чадлын хязгаарлалтууд экспортын хэмжээ, өртөгт шууд дарамт учруулсаар байна.

Сүүлийн сард зэсийн баяжмал болон нүүрсний экспортын хэмжээ огцом өсч, түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлтүүд гарсан хэдий ч улсын төсвийн орлого анх төлөвлөснөөс хэдэн их наяд төгрөгөөр дутуу байгаа нь үнийн өсөлтөд хэт найдаж ирсний эрсдэлийг бодитоор харууллаа.

Бодлогын тогтворгүй байдал, эрх зүйн орчны тодорхой бус байдал нэмэгдэж, зах зээлийн оролцогчдын итгэл сулрах, урт хугацааны хөрөнгө оруулалт, гэрээ хэлцлийн идэвх саарах нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас бодлогын шинэчлэл хийх шаардлага улам бүр тодорхой болж байгааг харуулж байна.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Олон улсын зах зээл дээр нүүрсний үнийн огцом өсөлт ойрын хугацаанд хараахан ажиглагдахгүй байгаа бөгөөд харин дунд хугацаанд тодорхой хүчин зүйлүүдийн нөлөөгөөр үнийн түвшин тогтворжих, хязгаарлагдмал хүрээнд өсөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Хятадын ган үйлдвэрлэл болон эрчим хүчний эрэлтийн сэргэлт нөлөөлөхөөр байна.

Гэсэн хэдий ч нүүрсний зах зээл урт хугацаанд өмнөх “өндөр үнэ”-ийн мөчлөгт эргэн орно гэж үзэхэд болгоомжтой хандах шаардлагатай.

Дэлхийн эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлого, санхүүжилтийн чиг хандлага зэргээс шалтгаалан нүүрсний эрэлт, үнэ дунд болон урт хугацаанд тогтвортой өндөр түвшинд хадгалагдах суурь нөхцөл сул хэвээр байна. Нүүрсэнд суурилсан төсвийн төлөвлөлт нь эрсдэл өндөртэй хэвээр байгаа бөгөөд үнэ өсч буй алт, зэсийн экспортоо нэмэгдүүлэх боломж бий.

–Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 10 гаруй жил  огцом буурсан дүр зурагтай байгааг салбарыхан хэлж, ярьдаг. Таны хувьд энэ салбарыг улстөржүүлж, улстөрчид амны зугаа хийхээ болих хэрэгтэй гэдэг байр суурийг нээлттэй сонсголын үеэр илэрхийлсэн шүү дээ?

-Хөрөнгө оруулагч нарын гол хүсч буй зүйл бол тодорхой, тогтвортой байдал. Энэ талаар бид маш олон жил ярьж байгаа ч бодлогын тогтвортой байдлыг хангах талаар дорвитой арга хэмжээ аль ч Засгийн газрын үед авч чадсангүй. Сүүлдээ парламентын гишүүн бүр хуулийг өөрөөр тайлбарлан, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх байдал газар авч, үйл ажиллагаагаа тогтвортойгоор удирдах боломжийг төсөл хэрэгжүүлэгч нарт олгохгүй байгаа нь харамсалтай.

Нээлттэй сонсголын үеэр анзаарагдсан нэг зүйл бол төрийн төлөөлөл /өмнөх шийдвэр гаргагчид одоогийн УИХ-ын гишүүдтэй/ хамт суугаад өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын өөрчлөлтөө дүгнээд, цаашид ямар сайжруулалт хийх вэ, хэлэлцээр хэрхэн үргэлжлэх вэ гэдэгт анхаарч, нэгдмэл байр суурьтайгаар хэлэлцээрт орж ажиллах ёстой байж гэж ажиглагдсан.

Гэтэл өмнөх болон одоогийн төр төлөөлж буй хүмүүс хоорондоо бие биеэ үгүйсгэсэн байдлаар сонсголд орж гэрээний нөгөө талд маш ойлгомжгүй нөхцөл байдал бий болсон. Бид цаашдаа төрийн залгамж халааг сахин хамгаалах, төрийн бодлого тодорхой, нэгдмэл байр суурьтай байхад гойд анхаарах цаг болсныг тодоор харууллаа.

2024 онд Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалтад өөрчлөлт орж, хэрэв төр 34 хувийг заавал эзэмшихгүй тохиолдолд АМНАТ-өөр орлуулах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн зохицуулалт тодорхой болж, төр хувийн хэвшлийн харилцааг гэрээний хүрээнд уян хатан шийдэх боломж бүрдсэн. Ийм нөхцөлд асуудлыг дахин улс төрийн маргааны сэдэв болгох нь салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Цаашид сонгуулийн үр дүнгээс үл хамааран уул уурхайн гэрээ, төслүүдэд хоёр талын ашиг сонирхлыг тэнцвэртэй шингээсэн, нэг мөр ойлголттой бодлого баримтлах шаардлагатай. Популизм, улстөржилт уул уурхайн салбар руу дахин дахин орж ирснээр Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүд төдийгүй цаашид хэрэгжих бүх шинэ төслийг тогтмол маргааны бай болгож, хөрөнгө оруулалтын орчныг улам дордуулж байна.

Уул уурхайн салбарын талаар ярихдаа тоо, судалгаа, баримтад тулгуурлан, мэргэжлийн түвшинд ярихгүй бол улс төрийн мэтгэлцээний хүрээнд бодлогын бус, зөрүүтэй мэдээлэл түгээх нь олон нийтийн ойлголтыг төөрөгдүүлж, салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

-Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн арваннэгдүгээр сард айлчлал хийх үеэрээ Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх санал тавьсан. Ер нь Засгийн газраас уул уурхайн салбарыг сэргээх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж, энэ хүрээнд тодорхой мега төслүүдийг хэрэгжүүлэхээ зарласан. Оюутолгой төслийн хоёр дахь шат, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хэрэгжүүлэхээр зарласан мега төслүүд нь цаашдын хөрөнгө оруулалтад бодитой, таатай боломжуудыг нээнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Түүнчлэн, уул уурхайн салбарыг сэргээх, экспортын тогтвортой байдлыг хангах чиглэлээр боомтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг арилгах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн худалдааг нэмэгдүүлэх, БНХАУ-ын зах зээлтэй урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна.

100 сая тоннд хүргэх зорилт нь дэд бүтцийн чадамжийг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр зам зэрэг томоохон төслүүдийг урагшлуулах бодлогын хүрээнд яригдаж буй бөгөөд энэ нь зөвхөн биет хэмжээний асуудал бус, зах зээлийн бодит эрэлт, үнийн нөхцөл, урт хугацааны гэрээ хэлцэлтэй нягт уялдах шаардлагатай цогц зорилт хэмээн харж байна.

-Уул уурхайн салбарын цаашдын хөгжлийг хэр харж байна вэ. Цаашид хууль эрх зүйгээ сайжруулж, хөрөнгө оруулалт татахын тулд юун дээр анхаарах шаардлагатай бол?

-Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэлүүд нь байгалийн баялгийн өгөөжийг илүү тэгш хүртээх, салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, мөн уул уурхайн өгөөжийг орон нутгийн хөгжилд бодитоор хүргэхэд чиглэж байна.

Энэ хүрээнд олон жил яригдсан Ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах бус, бодит хэрэгцээнд нийцсэн нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр сайжруулах нь зүйтэй гэж салбарын яам үзэж, тодорхой зохицуулалтуудыг хийхээр ажиллаж байна.

Тухайлбал, тусгай зөвшөөрөл олголтын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, орон нутагт үлдэх өгөөжийн хэмжээг нэмэгдүүлэх, АМНАТ-ийн зохицуулалтыг ойлгомжтой, тогтвортой болговол хөрөнгө оруулалтын итгэл сэргэж, уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу 2025-12-16 202.9.46.60

Бүү заагаад бай, чамаар заалгахгүй цавуугаар наалгахгүй, өөрсдөө мэднэ шүлсээрээ наана!

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.89.32

fb-д гэрэлтцолмон гэдэг аймшигтай шантаажчин бнөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж