Аса Москвад, Хакухо Токиод

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Аса Москвад, Хакухо Токиод

Японы сумогийн ертөнцөд ноёрхлоо тогтоож, цагийг эзэлсэн их аваргууд
гэгдэн сумогийн дэвжээнээ ана мана өрсөлдөж байсан их аварга Асашёорюү
Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал нар энэ өдрүүдэд чөлөөт болон жүдо
бөхийн дэлхийн аваргад багаа дэмжин сууна.

Хойд хөршийн нийслэл Москва хотноо даваа гаригт эхэлсэн чөлөөт, сонгомол
бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд их
аварга Асашёорюү Д.Дагвадорж урилгаар оролцож, дэлхийн аваргад Монголын
бөхчүүдээ дэмжиж яваа бол их аварга Хакухо М.Даваажаргал Японы Токио
хотноо өнөөдөр эхэлсэн жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л
Монголынхоо тамирчдыг балиашиглаж байна. Асашёорюүд FILA болон Москвагийн тэмцээнийг зохион байгуулагчид хөл
алдан Монголын их аваргыг албан болон албан бус олон уулзалтад урьж
байгаа бол Хакухо аваргад ч мөн IJF буюу Олон улсын жүдо бөхийн
холбооныхон ихэд хүндэтгэлтэй хандаж байгаа аж. Өчигдөр л гэхэд ёкозуна
Хакухо IJF буюу Олон улсын жүдогийн холбооны тэргүүн, ноён Мариус
Визертэй уулзжээ.  Энэ үеэр ноён Визер Монголын их аваргад дурсгалын
зүйлс бэлэглэсэн байна. Түүгээр зогсохгүй, IJF-ийн ерөнхийлөгч дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид албан ёсоор сугалаагаа
татсаны дараа хийсэн IJF-ын удирдах албаны хүмүүсийн хэвлэлийн бага
хуралд Хакухо М.Даваажаргалыг оролцуулжээ. Тус хуралд холбооны
ерөнхийлөгч Мариус Визерээс гадна Японы жүдогийн холбооны тэргүүн Харуки
Уемура, IJF-ын удирдах албаны гишүүд болох Владимир Барта, Хуан Карлос
Барко, Косей Иноуэ нар мөн оролцсон байна.

Ямартай ч арлын орны үндэсний спортоор дэлхийн хэмжээний од болсон
Монголын их аваргууд нутгийнхаа бөхчүүдийн дээлийн захыг хилийн чанадад
мушгиж сууна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж