"Багшийнхаа амжилтыг ахиулж, олимп, дэлхийн аварга болно"

ШИНЭ НЭР

"Багшийнхаа амжилтыг ахиулж, олимп, дэлхийн аварга болно"

"Багшийнхаа амжилтыг ахиулж, олимп, дэлхийн аварга болно"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор "Бөртэ-Чоно" наадмын шилдэг залуу тамирчнаар тодорсон М.Цэндбазарыг онцолж байна. Тэрбээр 2025 оны жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга болсон билээ. Ингээд түүнтэй танилцъя.


МАШБАТЫН ЦЭНДБАЗАР

2008.07.31

Төгссөн сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургууль /Одоо суралцаж буй/

Мэргэжил

Сурагч, жүдо бөхийн тамирчин

Сошиал хуудас

Tsendbazar Mashbat

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Бага байхдаа хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байсан. Багаасаа л хөвгүүдтэй ноцолддог байсан даа. Би нэг жил боксоор хичээллэж байлаа. Тэгээд дараа нь жүдо бөх рүү орсон доо.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Манай байрны хажууд спортын секц ажилладаг байсан. Тэр үед л боксоор хичээллэж үзсэн. Яг нэг жилийн дараа жүдо бөхийн тамирчин болсон.

АНХНЫ АМЖИЛТ?

-Хамгийн анхны амжилтаа сайн санадаггүй. Гэхдээ дүүргийн аваргаас л медаль авч байсан байх.

ЧУХАЛ БАРИЛДААНУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Ер нь их л тайван байхыг хичээдэг. Илүү юм боддоггүй. Ялалт, ялагдлын талаар боддоггүй. Гүнзгий амьсгаа аваад барилдаандаа анхаарлаа хандуулдаг.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН?

-Одоогоор зодог тайлсан ч гэсэн Г.Отгонцэцэг багшийгаа харж, үлгэр дуурайлал авдаг. Мөн Японы ах дүү Абэг хардаг.

АНХНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ?

-Хамгийн анх 2019 онд хүүхдийн олимпод орж байсан. Тэр үед хүүхэд байсан болохоор "Яасан ч яах вэ" гэж барилдаад мөнгөн медаль авч байлаа.

ЭНЭ ЖИЛИЙН АМЖИЛТАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

-Амжилтандаа сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ Европын цуврал тэмцээнд түрүүлнэ гэж бодож байсан ч хүрэл медаль авсан. Дэлхийн аваргадаа түрүүлсэндээ баяртай байгаа.

ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН СЭТГЭГДЭЛ?

-Гурван жил дараалан өсвөрийн дэлхийн аваргад оролцлоо. Эхний жилдээ ганц ялаад л хасагдаж байсан. Харин өнгөрсөн жил хэсгийн аваргын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Т.Ариунзаяадаа ялагдаж, хүрэл медалийн төлөө Оросын бөхөд бас л хожигдож байв. Тэр тэмцээнүүдээс болж шантрах үе байсан. Тэгэхэд л багштайгаа ярилцаад аав, ээжээсээ урам зориг авч, бэлтгэлээ улам сайн хийснээр энэ амжилтыг гаргасан байх гэж бодож байна.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН?

-Дэлхийн аварга л байна даа. Маш их зүйлийг ойлгосон, сургасан тэмцээн байсан.

СУРАГЧ-ТАМИРЧНЫ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

-Ихэнх тамирчдын адил тун завгүй өнгөрдөг. Өглөө хичээлдээ явна. Өдөр гэртээ ирж, гэрийн даалгавар, бусад ажлаа хийнэ. Тэгээд хоолоо идээд бэлтгэлдээ явж ирээд унтдаг.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Хэрэв спорттой холбогдоогүй байсан бол би хөгжмийн хүн болох байсан юм болов уу. Гитар тоглох сонирхолтой. Тэгэхээр тийм л зүйл хийх байсан байх.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Гэр бүлтэйгээ өнгөрөөх сонирхолтой. Эмээ, өвөөгийндөө ч очдог.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Манайх ам бүл зургуулаа. Манай аавыг Машбат, ээжийг Доржханд гэдэг. Би айлын том бас ихэр. Манай ихрийг М.Яруу гэдэг. Бид хоёр доороо хоёр охин дүүтэй. Дунд дүүг М.Цэнд, бага дүүг М.Цэндмаа гэдэг. Ийм ам бүл байна.

ӨӨРИЙНХӨӨ БАРИЛДААНЫГ ТОДОРХОЙЛВОЛ?

-Бяртай, шийдэмгий гэж тодорхойлно.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-2026 оны насанд хүрэгчдийн улсын аваргад амжилттай оролцохыг зорьж байна.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Мэдээж олимп, дэлхийн аварга болохыг зорьж байгаа. Багшийнхаа гаргасан амжилтыг л ахиулна гэж боддог.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Спортоор сайн хичээллээрэй. Дасгал, хөдөлгөөн хийгээрэй.

М.ЦЭНДБАЗАРЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ?

-Хамгийн сайн түшиг тулгуур болдог аав, ээж хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Есөн жил намайг тасралтгүй, тууштай дэмжлээ. Мөн багш нартаа баярлалаа. Ялалт, ялагдлын минь ард надтай хамт үргэлж байдаг. Г.Отгонцэцэг багшдаа хайртай шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оргих. 2025-12-12 103.168.34.247

Ааваасаа сайн зөвлөгөө ав. Тэгээд аавтайгаа сайн ярилцаад бэлтгэлээ сайн хийгээд өрсөлдөгчдөө судлаад явахад аварга болно доо. хөөрхөн дүү минь.

Avatar

Жудогийн үнэнч хөгжөөн дэмжигч 2025-12-12 202.9.40.248

Багшийнхаа амжилтыг давтах бүрэн боломж чамд бол байна. Хичээл зүтгэл, ухаалаг судалгаатай барилдахаас чинь бүх зүйл хамаарна. Багшийнхаа бүх мэхийг өөрийн болгож аваарай. Өрсөлдөгч нараа дандаа ажиглаж ямар мэх хийвэл ялж болохоо дандаа тооцож байгаарай. Шинэ шинэ мэхийг өөрийн болгож чухал тэмцээнд ил гаргаж бусад тамирчдад сурприз барьж байгаарай. Эх орныхоо алтан соёмбот далбааг тив, дэлхий, олимпын наадамд өндөрт өргөж байгарай. Бэртлээс хол бай. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.115.124

Даанч монголчууд спорт урлаг үздэггүй, тэд гэртээ суугаад бусдыг судлахаас өөр юм хийдэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж