Чуулган: Ирэх 7 хоногт ач холбогдолтой хуулиудаа хэлэлцүүлэхээр оруулж ир

LiveЧуулган: Ирэх 7 хоногт ач холбогдолтой хуулиудаа хэлэлцүүлэхээр оруулж ир

Чуулган: Ирэх 7 хоногт ач холбогдолтой хуулиудаа хэлэлцүүлэхээр оруулж ир

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.11/ 10.00 цагт эхэллээ.


 

10 : 27
2025-12-12

Газрын тос импортлогч ААН-үүдийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.11/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Мөн газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгө, бүтээгдэхүүн нөөцлөх байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах хөрөнгө, нөөц бүрдүүлэлтэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээл олгох зорилготой Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Манай улсад өнөөдрийн байдлаар бүх төрлийн шатах тослох бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 151, бөөний худалдаа эрхлэх 173, жижиглэнгийн худалдаа эрхлэх 181 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаа.
Энэ сард багтааж 83.600 тонн АИ92, 134.240 тонн дизель түлш, 1560 тонн АИ95 шатахуун импортлохоор болжээ.
"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлтийг Ажлын хэсэг ТББХ-д танилцуулжээ. ТББХ-оос Төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүллээ.
12 : 47
2025-12-11

"ЕЭЗХ-ны гишүүн орнуудад ажиллаж байгаа Элчин сайдууд яамтайгаа маш ойр ажиллая"

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Тэргүүн шадар сайд болон Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуулийн төслийн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулав. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-Дэлхийн таван улсын парламент энэ хэлэлцээрийг хэлэлцэж байна. УИХ-аар батлагдсаны дараа түр хэлэлцээрийг албан ёсоор байгуулна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Бид зарчмын хувьд дэмжээд явах ёстой. Боломжийг ашиглаж чадвал их том боломж олдоно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй бол хохирно. Төрөөс хариуцах ажлыг үүрэгжүүлж, дэс дараатай асуудлыг шийдэх ёстой. Цаашдаа ямар бодлого барьж ажиллах вэ сайдуудаа. Гадаад худалдааны хууль нь яам яам дамжаад яваад байдаг. Дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаа хэрхэн дэмжих вэ?

ЕЭЗХ-ны гишүүн орнуудад ажиллаж байгаа Монголын Элчин сайдууд Эдийн засгийн хөгжлийн яамтайгаа маш ойр ажилламаар байна. Өөрөөр хэлбэл, Элчин сайдуудын ажлыг тус улсын зах зээлд амжилттай гарч, дэмжлэг үзүүлснээр нь үнэлдэг болмоор байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй. Элчин сайдууд энэ чиглэл рүү анхаармаар байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Нийт есөн бүлэг, 60 заалт бүхий хуулийн төслийг бэлдээд олон нийтээс санал авах ажлыг хийх болно. ЕЭЗХ гэдэг бол сэрүүн бүсийн таван орон буюу 200 сая хүн амтай, том зах зээл. Бидний тохиролцсон 367 барааны экспортын 97 хувь нь  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн бараа байгаа. Бидэнд өргөн зах зээл нээгдэнэ. Эдгээр орнууд 10 тэрбум ам.долларын импорт хийдэг. Бид энд удаан бэлдсэн бөгөөд "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Атрын-4 дүгээр аян гээд олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Бид 3.5 сая хүн амын зах зээлээс 200 сая хүн амтай зах зээлд хөл тавихад сорилт тулгарах нь тодорхой. Гурван жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд эдийн засгаа тэлэх боломжтой. 

МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

-Евразийн хэлэлцээртэй холбоотой хэлэлцүүлэг танхим дээр долоон удаа болсон. Өнгөрсөн 2024 онд гэхэд дөрвөн удаа болж, тухайн үедээ 700 гаруй бүтээгдэхүүн гэж орж ирж байсан. Нийтдээ 400 гаруй аж ахуйн нэгж оролцож, 367 бараа бүтээгдэхүүн гэж тогтсон. Монгол Улсын өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр квот тогтоох асуудлыг хоёр тал тохиролцсон. Өмнөх Засгийн газраас энэ ажлыг базаж хийсэн. 

Ж.Энхбаяр сайд ажлын хэсгийг ахалж байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд энэ гэрээг хамгийн сайн ашиглаж байгаа улс орнуудаас туршлага судлах ажлыг хийж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Элчин сайдуудын ажлыг эдийн засгийн үр өгөөж агуулга талаас нь анхаардаг байгаасай. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-Гол нь түр хэлэлцээр батлагдсаны дараа танхимын нэмэлт хэлэлцээрүүдийг байгуулж ажиллана. 

МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

-Социалист нийгмийн үед Элчин сайдуудын дэргэд эдийн засгийн төлөөлөгчийг МХАҮТ-аас томилдог байсан. Одоо ийм төлөөлөгч томилох асуудлыг оруулбал дэмжинэ. Одоо Арилжааны тухай хуулийн хэлэлцүүлэг хүлээгдэж байгаа. Энэ хуулийн төсөлд ерөнхий агуулгаараа тусгасан учраас дэмжиж өгөхийг хүсье.  Манай хэд хэдэн удаагийн уулзалтаар ОХУ-ын хойд талын муж нутгуудтай танхим маш сайхан харилцаатай байдаг. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Монгол Улсын хувьд 2024 онд ОХУ-тай 2.9 тэрбум ам.долларын харилцаа үүссэн байна. Худалдааны тэнцэл -97 хувь. ОХУ биднээс 100 сая ам.долларын бараа худалдан авсан бол бид ОХУ-аас 2.8 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. ОХУ биднээс тун бага худалдан авалт хийж, маш ашиггүй харилцаа. Монгол Улсын Засгийн газраас "Биднээс юм худалдаж аваач ээ. Татварын орчноо эргэж хараач" гэж олон жил гуйсан. Тэгээд 2020 онд ажлын  хэсэг байгуулаад, 2025 оны дөрөвдүгээр сард энэ хэлэлцээрийг хэлэлцэж, Н.Учрал дарга сайд байхдаа гэрээг үзгэлсэн байдаг. Одоо бол соёрхон батлах эцсийн үе шат явж байгаа. Бид одоо энэ хэлэлцээрийг соёрхон батлах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Худалдааг хөнгөвчлөх, худалдааг чөлөөлөх гэдэг бол зарчмын хувьд зөв зүйтэй асуудал. Евразийн хэлэлцээр дээр анхаарах хэдэн зүйлс байна. Яг одоогийн нөхцөл байдлыг харахад, ОХУ-Монголын худалдааны харилцаа 25:1 байна. Манайхаас жонш моншхон болсон 100 сая ам.долларын худалдаа байна. Яг энэ хэлэлцээрийн дараа гурван жилийн дараа энэ харьцааг яаж төсөөлж байна вэ Ж.Энхбаяр сайдаа. Цаг хугацааг оновчтой гэж бодож байна уу. Үнэхээр таны хэлж байгаа экспортод бэлтгэлтэй байгаа юу. Таныг сайд хийж байхдаа энэ хэлэлцээрийг дэмжихгүй байгаа гэж ойлгосон. Гэтэл өөр албанд очихоор дэмжихээр болчихдог. Өөр салбар хариуцахаар буруу болчихдог. Өнөөдөр дотоодын нийт аж ахуйн нэгжийн 70 хувь нь экспорт гаргах чадалтай байна уу. Ихэнх нь татварын өрөнд орчихсон, үйл ажиллагаа нь доголдчихсон байна. Өндөр төлбөртэй хичээл сургалт болчих юм биш биз дээ. Миний хувьд аль болох өрсөлдөөн нэмэхийг зөв гэж боддог. Одоо цаг хугацааны хувьд хэр зөв бэ гэдэг дээр хариулт өгөөч?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-ЕЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээрийн явцад ХХААХҮ-ийн салбар 23 төрлийн бараан дээр маргаан үүсгэсэн. Яагаад гэвэл томоохон үндэсний хөтөлбөрийн хүрээнд бодлогоор дэмжиж байгаа салбаруудтай холбоотой асуудал байсан. Үүний үр дүн гарч, найман барааг хасуулж, 11 бараанд буулт хийлгэж, дөрвөн төрлийн бараанд тарифын хамгаалалтаа авч чадаагүй. Гэхдээ өндөг, улаанбуудай, архи, пивоны асуудлаа хамгаалж чадсан. Цаг хугацаа нь яг одоо ирж байна. Өнгөрсөн жилийн олон хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг 3.5 сая хүн амын зах зээлд ханаж эхэлж байна. 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-Манай экспорт 24.2 хувиар жилд өснө гэж тооцоолбол өнгөрсөн 2024 оны суурь түвшинтэй харьцуулахад 215 сая ам.доллараар худалдааны алдагдлын зөрүү багасна. Импортын 2.8 тэрбум ам.долларын 2.2 нь бензин дизель түлш гээд шатах тослох материал байгаа. Энэ нь салбарын өсөлтийг дагаад хэрэглээ нэмэгддэг бүтээгдэхүүн. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж, дотоодынхоо 50 хувийг хангаж эхэлбэл энэ харьцаа дахин сайжирна. 

ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун:

-Монголоос импортлох 367 бүтээгдэхүүнээс 71 нь арьс ширэн бүтээгдэхүүн байх юм. Нийт бүтээгдэхүүний 19.32 хувийг эзэлнэ. Дарханы арьс ширний цогцолборыг хувийн хэвшил байгуулж байгаа. Салбарын яамны оролцоо байхгүй. Дэмжин ажиллаж байсан бөгөөд сүүлдээ тухайн компани Хөгжлийн банкин дээр асуудал үүсч, одоогоор үйл ажиллагаа нь зогссон. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Мах махан бүтээгдэхүүний татвар 15-50 хувийн хөнгөлөлттэй байсан бол тэглэж байгаа. Экспорт 125-140 хувь нэмэгдэнэ. Ноос ноолуур, арьс ширний тариф 10-18 хувь байсныг тэглэнэ. Арьс ширний 27 үйлдвэрийн 24 нь хотод, хоёр нь Дарханд, нэг нь Өвөрхангайд байна. УИХ-аас барьж байгаа бодлогын хүрээнд Ховд аймаг арьс ширний цогцолборыг бариад 2026 онд дуусна. Нийслэл хотод Эмээлт аж үйлдвэрийн парк ашиглалтад орно. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-Өнөөдөр УИХ-ын тогтоол үүрэг өгч, Засгийн газар асуудлыг хамтад нь шийдээд явъя. Ирэх долоо хоногт тэтгэвэртэй холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийг оруулж ирье. Монголбанк арилжааны банкны төлөөлөлтэй уулзалт хийсэн. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн хувийг 100 хувь болгон бууруулж, эргэн төлөлтийн хугацааг 36 сар болгосон. Ингэснээр ахмадуудад сард ирэх ачаалал нь бууж, заавал байлгах нөөцийг тэтгэврийн зээлээс хассан шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргасан байна. Энэ бүх асуудлыг шийдэх хэлбэр биш. Гэхдээ ахмадуудад шинэ оны босгон дээр сар шинэ болох гэж байгаа энэ цаг үед сар болгон ирэх ачаалал буурна. Энэ цаг үед тэтгэврийн шинэчлэл хийх хуулийн төслүүдээ хэлэлцэж эхэлье. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг баталъя. Тийм учраас ирэх долоо хоногт энэ хуулиа оруулж ирэхийг Засгийн газарт даалгаж байна. 

Чуулганы хуралдаан түр завсарлаж, 14.00 цагаас дахин үргэлжилнэ. 

12 : 15
2025-12-11

"Баруун аймгийн 5 боомтоор импортын татваргүй малын тэжээл, гурил оруулж ирнэ"

Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хороо болон Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан хамтарсан хуралдааны танилцуулгыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ямар ч байсан зуншлага муу байсан аймгуудыг тодорхой дэмжих, эргээд өмнөх жилүүдэд болсон зуднаар 8 их наяд бүхий үнэлгээтэй мал сүргээ алдсан. Эдийн засаг болон өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг мэдэж байгаа. Үүнээс цаг алдалгүй урьдчилан сэргийлмээр байна. Санаачилж оруулж ирсэн Х.Жангабыл гишүүн баярлалаа. Ерөнхийдөө баруун таван аймгийн боомтуудаар өвс тэжээл, гурил хорголжин тэжээл оруулж ирэх боломж бүрдэж байна. Ямар боломжуудыг аж ахуйн нэгж, иргэдэд гаргаж өгч байгаа талаар ажлын хэсэг мэдээлэл өгөөч?

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн:

-УИХ-ын 1999 оны тогтоолд заасны дагуу Засгийн газар тодорхой эрх өгөх зохицуулалт байгаа. Энд тодорхой боомт зааж болно. Татварыг тэг хүртэл тогтоох эрхийг түр хугацаанд Засгийн газарт өгч байгаа зохицуулалт. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд анхаарах зүйл нь баруун бүсийн таван боомтоор малын тэжээл, гурилыг импортоор оруулж ирэхэд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Салбар яамны зүгээс хэрвээ энэ тогтоол өнөөдөр батлагдвал ирэх долоо хоногийн Лхагва гаригт хоригийн хугацааг тооцож, аль болох хурдан хугацаанд Засгийн газар тогтоолын төслийг танилцуулна. Эрх авсан тохиолдолд малын тэжээлийн татварын 5 хувийг тэглэж, гурилын 15 хувийн татварыг тэглэх саналыг гаргах юм. Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана. Хугацааны хувьд 4 дүгээр сарын 15-н хүртэл гэж тооцоолсон. Өвөл, хаврын хүндрэлтэй цаг үеийг давсны дараа эргээд 5-15 хувийн татвар сэргэнэ. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

-Энэ татварын зохицуулалт эцсийнх байгаасай гэж найдаж байна. Өмнө нь найман удаа хийсэн. Дандаа баруун бүс нутагт ган зуд боллоо гэсэн. Яагаад гэвэл тэнд тэжээл, гурил үйлдвэрлэл явагдахгүй байна. Татвар тарифын хамгаалалтыг буулгахаар тэнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл явуулах сонирхол төрөхгүй байна. Атрын-4 дүгээр аяны хүрээнд 200 мянган га талбайд тэжээлийн тарьмал нэмэгдүүлэх томоохон бодлого явуулж байгаа. Аймгуудад 3-4 удаа бичиг очсон. Баруун аймгуудаас газраа тэлж, ногоо болон тэжээл ярья гэдэг санаачлага одоо хүртэл алга. Бид чинь маш их хүч хөрөнгө зарж байж дотоодоосоо 100 хувь улаанбуудайгаар хангаж, гурил үйлдвэрлэж чадсан. Тэжээлийн үйлдвэрлэл үүнийг дагаад 30 хувь нь болж байдаг. УИХ хуулийн бодлогод өөрчлөлт оруулж, газар тариалан унасан. Тэгэхэээр тогтвортой хатуу үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогыг тууштай явуулах хэрэгтэй. 

УИХ-ын дарга Н.Учрал:

-УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Төрсөн өдөр нь тохиож байгаа УИХ-ын гишүүн У.Отгонбаярт баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хурааж, 55.1 хувиар дэмжигдлээ. 

Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 49 гишүүн дэмжиж, 54.4 хувиар санал дэмжигдлээ. Тогтоолын төслийг баталлаа. 

 

10 : 55
2026-1-11

"Баярын амралтыг ажлын өдөрт шилжүүлэх нь төрийн албаныханд л чухал"

Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтээр амрах өдөр Бямба, Ням гаригтай давхацсан бол баярын амралтыг дараагийн ажлын өдөрт шилжүүлэх хуулийн төсөл хэлэлцэж эхэллээ. Хуулийн тайлбар: Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гаригт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гаригт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гаригт тус тус шилжүүлнэ.
 
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн танилцууллаа. 
 
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хууль төрийн албаныханд их чухал байх. Хувийн хэвшлийнхэн бол үйлдвэрлэлээ явуулж, баялаг бүтээж, цалингаа тавих нь маш чухал. Дээрээс нь янз бүрийн түрээс төлж, амьдралаа авч явах нь чухал. Тийм учраас эдийн засаг хүндэрсэн энэ үед энэ хуулийг хэлэлцэх нь чухал биш юм. Эдийн засаг хүндэрсэн асуудлаа эхэлж яриач ээ. Гадуур мөнгөтэй хүн алга. Аж ахуйн нэгжүүд нь татварын дарамтад орж, дансаа хаалгаж байна. Цалингаа тавьж чадахгүй байна. Төсвийн алдагдал 3 их наяд төгрөг болж байна. Би есдүгээр сард төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай болж, оны эцэс гэхэд 3 их наяд төгрөг болох нь гэдгийг хэлж байсан. 
Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1 их наяд төгрөгөөр дутаж, тасарсан. Дээрээс нь АМНАТ-ын орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Энэ бүх зүйлээ гадаадын өр зээл тавьж нөхөж байна. 
 
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Битүүний өдрийг амралтын өдөр болгох миний санаачилж буй хуулийн төслөөс өөр төсөл шүү. Хооронд нь холиод байж магадгүй. Миний санаачилсан хуулийн төсөл энэ намрын чуулганаар батлагдах байх гэж найдаж байна. Энэ хуулийн төслөөс агуулгын хувьд өөр төсөл шүү. Энэ онд гэхэд зургаан өдөр нь Бямба, Ням гаригт таарч байгаа учраас нийтээр амрах 16 өдрөөс 11 өдөрт нь амарсан байх жишээтэй. Ерөөсөө 9-11 өдөр амраад байгаа нь дэлхийн дундажаас буюу 17-18 өдөор байдгаас бага юм билээ. 
 
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Амралтын өдрүүдэд нийтээр амрах баярын өдрүүд таарвал Засгийн газар бас энэ өдрүүдийн тохируулга хийж, ажлын өдрүүдэд шилжүүлэх зүйлээр явдаг. Энийгээ жаахан тулгаж хийгээд хувийн хэвшлийнхэнд хүндрэл үүсгэж, санхүүгийн ачаалал нэмдэг тал бий. Тэгэхээр ийм зүйлүүдийг тулгаж хийгээд хүндрэл учруулдаг байсан. Тухайн жилдээ өмнөх жилийнхээ нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээ гаргавал хялбар байсан юм болов уу. 
Нэг талдаа ажил, амралтын өдрөө зөв тохируулах нь хувийн хэвшил төлөвлөгөө, хүний нөөц бүх зүйлээ уялдуулж ажиллах боломжийг бий болгож байгаа. Үүнийг дагаад санхүүгийн нөлөө аж ахуйн нэгж болон нийгэмд үзүүлдэг юм бол. Үүнийг тооцсон уу?
 
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Хэрвээ нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтан байвал нэмэгдэл хөлсийг тооцох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2 болон 109.4-д тусгасан байдаг. Тэр харилцаагаар цалин хөлсийг хоёр дахин түүнээс дээш хэмжээгээр  нэмэгдүүлж олгоно. Эсвэл салбарын сайдын 2022 оны А/49 дүгээр тушаалаар цалинг илүү төлөөд явдаг. Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа  иргэдэд тодорхой нөлөө үзүүлнэ. 
 
2022 он хүртэл нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөртэй давхцвал яах вэ гэдгийг Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. Тухайн онд Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа энэ зохицуулалтыг байхгүй болгосон. Хууль хэрэглэхгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг нь энэ хуулийн төсөл. Өнгөрсөн 2024 оны Цагаан сарын амралтын өдрүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Хуультай танилцахад энэ заалт байхгүй байсан. Тэгээд буцаагаад оруулъя гэж ярилцаад Хууль тогтоомжийн тухай хуулиараа оруулж ирж байгаа л асуудал. Эдийн засаг хүнд байхад албаар амрах тухай ярьсан зүйл байхгүй. Дарааллаараа одоо л орж, хэлэлцүүлж байгаа юм. 
 
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Нийтээр амрах баярын 16 өдөр байдаг ч бодит байдал дээр 9-11 өдөр амардаг гэлээ. Цагаан сар, Улсын баяр наадмын амралт урт болдогтой холбоотой жижиг аж ахуйн нэгжүүд түрээсийн дарамтад ордог. Ядаж энэ зүйлүүд дээр харгалзаж үздэг байвал зүгээр. 
 
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байхад Засгийн газар өдөр зөөх боломжтой байсныг тухайн үедээ хүчингүй болгож байсан. Засгийн газар хэтэрхий тулгаж, замбараагүй хэрэглэж байсан учраас болиулсан юм. Календарийн оногдсон өдөр нь баярын өдөр нь болж, хүмүүс ажлаа зохицуулж байя гэж үлдээсэн. Засгийн газар буцаад зохицуулалт хийхээр болбол тухайн жилийнхээ эхэнд нийтээр тэмдэглэх баярын төлөвлөгөөг гаргаж, хөдөлгөдөггүй байх нь зөв.
 
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Засгийн газар 2022 онд өдөр шилжүүлэх боломжтой байсныг буцаагаад тусгаж болох юм. Гэхдээ хэн нэгэн тулгаж шийдвэр гаргахгүйгээр тодорхой зохицуулалтыг тусгаж, амралтын өдөртэй давхацвал хойшоо шилжүүлдэг байхаар оруулж  ирсэн юм. Хуулийн төслийг өнгөрсөн хавар өргөн барьж, Засгийн газрын санал 2025 оны зургадугаар сарын 25-нд орж ирсэн. Нийтээр тэмдэглэх есөн баярыг уламжлалынхаа дагуу тэмдэглэдэг Цагаан сар, Улсын баяр наадмаар л давхацвал хойшоо шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналаар оруулж ирсэн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжигдээгүй. Хуулийн төслийг хэлэлцэж байхад олонхоо дагаад зөв шийдвэр гарах байх. Засгийн газрын санал зөвхөн наадам, цагаан сар гэсэн байсан.
 
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Өргөн барьсан төслөөр нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол гэсэн байна. Хоёр өөр агуулга огтолцохгүй байна. Цагаан сар, Улсын баяр наадам давхацвал гэсэн агуулгатай байна. Долоо хоног бүрийн амралтын өдөр гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргаж, байнгын хороон дээр дэмжигдсэн. 
 
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Энэ хуулийн төслийн санаа нь зөв боловч нөлөө нь бодитой хууль гэдгийг та бүхэн ойлгоорой. Бид өнөөдөр амралт, баярын өдрүүдийг шударга, зохистой болгох, иргэдийн баярын өдрөө алдахгүй байх ёстой гэдэг хуулийн төсөл хэлэлцэж байгаа боловч нөгөө талдаа шууд бизнес эрхлэгчдэд нөлөө үзүүлнэ. Хууль дээрээ харахаар нийтээр тэмдэглэх баярын өдөр нэмэгдэхгүй юм шиг боловч амралтын өдрийн нөлөөлөл буюу ажил хийхгүй өдөр жилд 2-3 өдөр нэмэгдэж байгаа. Ажлын бүтээмж буурна. Байнгын хороон дээр унасан зарчмын зөрүүтэй саналаа энд харгалзаж үзвэл нэг талдаа иргэдээ бодсон зүйл болно. 
 
Сангийн яамны мэдээллээр улсын төсөв 2.2 их наяд төгрөгөөр тасарсан байна. Бид эдийн засгаа бодсон шийдвэр гаргах ёстой шүү. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болохгүй. 
 
УИХ-ын дарга Н.Учрал:
-УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Ж.Энхбаяр сайд хариулах юм уу, Б.Жавхлан сайд хариулах юм уу. Компаниудын дансыг хаагаад байна. Та нар ажлаа хийл дээ. Би та нарт долоо хоног гэж хэлсэн. Сангийн сайд хаана байна. Гишүүд асуулт асуугаад байна шүү дээ. Ч.Номин гишүүний асуултад Б.Уянга гишүүн хариулах юм уу. Сайд нар хуралдаа орж ир. Би сайд байхдаа энд суудаг байсан. Орж ирэл дээ. Г.Дамдинням, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн сайд байна. Гурван сайд л байна. Сайд нарыг ойлгож байна. Зарим хурал дээр холбогдох албан тушаалтнуудаа суулгаад чуулгандаа сууя. Ядаж байхад дэд сайд гэж байхгүй болохоор сайд бол чуулган, ажлын хэсэг, томилолт гээд завгүй байгааг ойлгож байна. Гэхдээ УИХ-ын гишүүд асуулт асуугаад байна. Энэ асуултад хариулах хүн алга.
 
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаа. А.Ариунзаяа гишүүнтэй санал нэг байна. Засгийн газар зохицуулах ёстой. Тандан судалгааг ямар газраар хийлгэсэн бэ. Ямар ч үнэн бодитой зүйл байхгүй. Эдийн засагт ямар ч нөлөө байхгүй гэсэн судалгааг хийсэн байх юм. 
 
УИХ-ын дарга Н.Учрал:
-Зөв шаардлага тавьж байна. Ирэх долоо хоног ач холбогдолтой хуулиадыг хэлэлцүүлэхээр оруулж ирээ.Нийгмийн даатгалын найман хуулийг, Арилжааны тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмал гэх мэт хуулиудаа оруулж ир. Засгийн газарт чиглэл өгөх тухай өнөөдөр хэлэлцэж, давхардсан хяналт шалгалтаа бууруул. Тэр нийгмийн даатгалын тухай хууль хаана байна вэ. Хэдэн арван жил ярилаа. 2021 оны хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд таван жил болж байна. Одоо хэлэлцэж байгаа хуулийг дэмжээд явахаас өөр гарц байхгүй. Гэхдээ энэ бол Засгийн газрын ажил шүү. Өнөөдөр санал хураалт явагдана. Одоо зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураана. 
 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 
 
10 : 51
2025-12-11

Чуулганд 64 УИХ-ын гишүүн бүртгүүлж, ирц 50.8 хувьтай эхэллээ

Чуулганы хуралдаанд 64 УИХ-ын гишүүн бүртгүүлж, ирц 50.8 хувьтай эхэллээ. Хуралдаанаар нийт зургаан асуудлыг хэлэлцэнэ. 

10 : 19
2025-12-11

"Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, Л.Энхнасан нар хууль санаачлагчаас нэрээ татсан"

УИХ-ын дарга Н.Учрал:

-УИХ-д О.Номинчимэг нарын 78 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байгаа. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгтэй холбоотой анхаарвал зохих асуудлууд гарч байна. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслийг анх санаачилж өргөн мэдүүлсэн гишүүдээс Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Л.Энхнасан, Х.Баасанжаргал нарын дөрвөн гишүүн нэрээ татсан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Дэгийн тухай хуулиараа хууль санаачлагч өөрөө ажлын хэсэгт орох хориотой байдаг.

Энэ нь аливаа хуулийг ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэх ёстой гэдэг алтан дүрмийн нэг. Нэрээ татаж авсан хууль санаачлагч тухайн ажлын хэсэгт орж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй учраас нэрээ татсан гурван УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, Л.Энхнасан нар уг ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хуулиар нэрээ татах бичгээ ирүүлэхийг хориглоогүй. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.14-т хориглосон байдаг юм. Тиймээс цаашид хууль санаачлагч ажлын хэсэгт орохгүй байх нарийн зохицуулалтынг УИХ-ын Дэгийн тухай  хуульд оруулж, илүү боловсронгуй болгох шаардлага үүсч байна. Төрийн байгуулалтын байнгын хороо дэгд зохицуулалт тусгая.

Жар хоногийн хугацаанд хуулийн төслийн хэлэлцүүлэгт нь оролцож, өөрөө санал бодлоо тусгаад, УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь дэмжсэний дараа албан бичгээр "Би хуулийн төсөл санаачлагчаас нэрээ татаж байна" гэдэг бол ёс зүйн дүрэмд нийцэхгүй. 

УИХ-аас баталж хүчин төгөлдөр хэрэгжиж буй 378 хууль дээр зөвхөн хиймэл оюунд суурилсан хууль зүйн дүн шинжилгээ хийлгэж харлаа. Гэтэл 378 хуулийн 50 мянга гаруй заалтад 1323 заалтад хүний эрхийн зөрчил үүсч байна. Үндсэн хуульд заасан 18 эрх эрх чөлөө байдаг. Үүнийг 97 нэгж эрх болгон задалж, хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийж эхлээд байна. Тэгэхээр Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулиудын давхардал хийдлүүдийг нээлттэй дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. 

Гэр бүлийн тухай хууль дээр Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулсан гэж сонссон. Энэ хууль өргөн цар хүрээтэй. Төсвийн байнгын хорооны төлөөлөл заавал орох ёстой. Хүүхдийн тэтгэмжийн асуудал яригддаг. Эдийн засгийн  байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо бас орох ёстой. Шинэ ажлын хэсгийн УИХ-ын даргын захирамжаар байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

энгийн логиктой зүйл 2025-12-11 103.229.120.24

,,,,Хэрвээ та ажлын шаардлагаар ажилтнаа тэгэж л их ажиллуулах шаардлага тухайн бүх нийтийн амралтын өдөр байгаа бол хуулиа дагаад л цалин хөлсийг нь зохих журмаар нь бодоод өгөх хэрэгтэй. Та нар үүнийг эсэргүүцэж байгаа нь цалин хөлс илүү төлчихнө, энэ хэдэн боолыг боолчлохоод хямд байх нь гар дор, бага амраа, их зар гэдэг л бодлого барьж байна даа. Ялангуяа энэ УИХ-ын дарга залуу хүн гэхэд Их засаг сургуулиасаа давж Ард түмнийг бодсон шийдвэр гаргахдаа тааруу л хүн юм. Ичмээр юм.

Avatar

бүгд энгийниГ ойлгох зөв журамлахыг хүсэхгүй юи 2025-12-11 103.229.120.24

Энэ УИХ дарга залуу хүн юм. Сэтгэлийн хөөрлөөр үг хэлэх юм. үүнийг попрох гэж одоо цагт хэлдэг байх. хар массдаа таалагдах гэж бусдыгаа доош хийх боловсрол мэдлэгтэй хүний зан төлөв биш байх. УИХ-аар амралтын өдрийг зөв зүйтэй шилжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм гэдгийг бүгд хэлж л байсан. Гэтэл одоо энэ асуудал эрэмбээрээ чцхал биш болж. Иргэд амрах цагтаа сэтгэл тайван зохих ёсоор амрах нь аль ч улсад, тэр тусмаа ардчилсан улсад байдаг л зүйл. Амралтын өдөр ихэдлээ л гэнэ.

Avatar

Нэргүй 2025-12-11 59.153.114.177

Энэ гарчигаас үзвэл үүнээс урд дандаа "ач холбогдолгүй" хууль хэлэлцэж байсан юм байна гэдэг ЛОГИКА гаргалгаа гарч байна!!!

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-12-11 103.229.123.231

. 3/Хяналтын тогтолцоогоо тогтоно.Төрийн, ТББ-ын, иргэний г.м.Төрийн хяналтын бүтцээ тогтоно. Хуучнаараа мэргэжлийн нэгдсэн хяналт байх уу, эсвэл одоогийнх шиг салбартаа байх уу, эсвэл чиг үүрэг ойролцоо салбаруудыг нэгтгэсэн хяналт байх уу г.м. Улсын хэмжээнд удирдах байгууллага нь ЗГ-ын ХЭГ-ын дотор байна гэдэг ч юм уу. Бэлтгэл ажлаа хангахгүйгээр, дээрх байдлаар цогцоор нь асуудалд хандахгүйгээр Мэргэжлийн хяналтыг татан буулгасан нь алдаа болсон байх шүү.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Өнөөдөр чуулганаар хэлэлцсэн асуудлаар доорх саналаа хэлэв 2025-12-11 103.229.123.231

Төр удирдлагын асуудлаар шийдвэр гаргахдаа 1/Эхлээд УДИРДЛАГЫН ЧИГ ҮҮРГээр /ФУНКЦ/-ээр нь авч үзнэ. Төлөвлөлт, хэрэгжилтийг зохицуулах ба хангах, явцад хяналт тавих, үр дүнг нь үнэлэх г.м.. Зарим номонд хүний нөөцийн асуудлыг удирдлагын функцэд оруулсан байдаг.2/Дараа нь аль функцийг нь ямар субьект хэрэгжүүлэхийг тогтоно.Ж-нь, Хаяг шошго нь сайн гаргацтай байвал худалдан авагч өндөг авахдаа шалгаад авчихна.Барилгын хяналтыг иргэн хийж чадахгүй, мэргэжлийн хяналт байна г.м.

Avatar

Зочин 2025-12-11 103.212.119.117

Ер нь төрийн албан хаагчид дуртай үедээ өөрийн тааллаар амарч болно гээд хууль гаргачих нь та нарт дээр.

Avatar

Сүхээ 2025-12-11 103.212.163.210

Пүрэвдорж гишүүн маань яг үөв үнэн бодит зүйл ярьж байна. Төрийн албаныхан төсвөөс цалингаа аваад л хэдэн ч хоногоор хамаагүй амрах дуртай, харин татвар төлөгч бид нар наад цалин тавьдаг мөнгийг чинь олох гэж яаж зовдогийг Уянгаа болон Сайнзориг / hudboy/ гишүүн нар мэдэх ч үгүй мэдэхийг x хүсэхгүй дээ.

Avatar

Нэргүй 2025-12-11 59.153.114.161

Харин ч төрийн албаныхан амарч хөдөө гадаа, дэлгүүр рестоан, захаар тэнэж мөнгөө үрэх завтай болбол худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ тээвэр эрхэлж байгаа хувийнханд зүгээр биш үү?! Тэртэй тэргүй манайд тасралтгүй үйлдвэрлэл явуулах ткхнологтой үйлдвэр цахилгаан станцаас өөр байх биш

Avatar

Сүхээ 2025-12-11 103.212.163.210

Нэг хүнд оногдох ДНБ 10,000 ам.доллар давсан үед бол наад амрааж мөнгө /гар дээрхи бэлэн мөнгийг/ эргэлтэнд оруулах бодлогыг чинь хэрэгжүүлдэг юм шүү дээ. Одоо Монголд цаг нь ч биш, хийж бүтээсэн зүйл ч алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж